Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00124

 

Д.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Убд холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уб ын даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б-1-147 тоот тушаалаар Убын дуу бүжгийн чуулгын захирлаар томилогдон 2 жил гаруй хугацаанд ажиллаж, Төмөр замын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Аялал жуулчлалын товчооны Соёлын ордон болгох, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулах Б-1-26 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр уг ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажлаа 1 жил гаруй хугацаанд гүйцэтгэж байтал Хүний нөөцийн албаны дарга Б.Оюунчимэг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн.

Убын Соёлын ордны даргаар ажиллаж байсны хувьд Д.Жигжиднямаа даргатай биечлэн уулзах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч уулзаагүй. Би Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ажиллаж байсан. Аялал жуулчлалын төвийн Соёлын ордныг Барилга үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордон гэж өөрчлөн даргын орон тоог хасагдсан гэх боловч миний орон тоонд Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд Т.Аминаг томилон ажиллуулах болсон. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн даргын Б-1-376 тоот тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан.

Иймд Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. МОХНН УБТЗ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалын 1 дүгээр заалтаар Аялал жуулчлалын товчоог татан буулгасан бөгөөд 3 дугаар заалтаар Соёлын ордны ажилтнуудыг Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор нь тус тус шилжүүлж орон тооны давхцалд зохицуулалт хийхийг үүрэг болгосны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёлын ордны даргын ажлын байр өөрчлөгдсөн байна.

Дээрх А-226 тоот тушаалыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-376 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарсан ба А-226 тоот тушаалыг гарахад нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй байна. МОХНН УБТЗ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт бөгөөд нэхэмжлэгчийг салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын тэтгэмж олгосон гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Быг Убын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Убаас 84 536 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Манай байгууллагын даргын А-226 тоот тушаалаар Аялал жуулчлалын товчоог татан буулгаж, өөр салбар нэгжийг байгуулсан нь тухайн салбар нэгжид ажиллаж байсан ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон бөгөөд нэгэнт шинээр байгуулагдсан салбар нэгжийг удирдах чадвартай ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Шүүх хариуцагчаас гаргасан нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрээ гаргасан байна. Нэхэмжлэгч Д.Бын ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолт, одоо Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байрны зорилт, зорилго, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг өөрчлөгдсөн байхад шүүх дүгнэлт хийсэнгүй.

Аялал жуулчлалын товчооны Соёлын ордны дарга, төмөр замчдад соёл урлагийн олон талт үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх, соёлын үнэт зүйлийг өвлүүлэх, төмөр замчдын уран сайхны боловсрол, нийтийн соёлыг дээшлүүлэх зорилготой байхад, Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн Соёлын ордны эрхлэгч нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан соёл урлагийн талаарх зорилт, Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, төмөр замчдын хэмжээнд   соёл   урлагийг  хөгжүүлэх  төлөвлөгөө   гаргаж  биелэлтийг тайлагнах зорилготой зэрэг байдлаар ялгаатай байна.

Мөн ажлын байранд тавигдах шаардлага зөрүүтэй байгаад шүүх дүгнэлт хийлгүй шийдвэрээ гаргасан байна. Ийнхүү нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх шаардлагатай байна. 

            Нэхэмжлэгч Д.Б “Уб Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т холбогдуулан тус нийгэмлэгийн харьяа Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Убын даргын  2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-376 дугаар тушаалаар Д.Быг Аялал жуулчлалын товчооны Соёлын ордны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Уб нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, Уб нийгэмлэг, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Убын 2017 оны А-226 тоот тушаалыг үндэслэжээ.

Убын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Зохион байгуулалт бүтцийг боловсронгуй болгох тухай” А-226 тоот тушаалаар Аялал жуулчлалын товчоог 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс шинээр Аялал жуулчлалын төвийг  байгуулж, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан татан буугдсан Соёлын ордны ажилтнуудыг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тушаалын агуулгыг хэрэгт авагдсан бичгийн баримттай харьцуулан үзвэл  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй, харин хариуцагч байгууллагын салбар нэгж өөрчлөн байгуулагдсан гэж үзэхээр байх тул дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-226 дугаар тушаалаар Соёлын ордны 27 ажилтанг барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор нь шилжүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Убын даргын хууль зөрчсөн тушаалын улмаас  нэхэмжлэгч Д.Бын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн байх тул ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй бөгөөд шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

            Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй талаар дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 349 124 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгосон заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болгон нэмэлт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03128 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бт хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Убаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 349 124 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Убд даалгасугай” гэсэн заалт нэмж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарын “2 гэснийг 3”, “3 гэснийг 4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус төлсөн 84 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ