| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/130 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
хохирогч С.С,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э холбогдох 2216000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Т овогтой С-н Э.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Э-н 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “...нөхөр Р.Э-г тэтгэвэрт гаргах гэсэн 3 өмгөөлөгч авах 3 сая төгрөг хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.С-с 1,000,000 (нэг сая) төгрөг бэлнээр авсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-50 тоотод иргэн С.Б-н өмчлөлийн хашааг өөрийн хашаа гэж ойлгуулан хуурч мэхлэн хохирогч С.С-д 7,000,000(долоон сая) төгрөгөөр зарахаар тохиролцон урьдчилгаа 2,000,000(хоёр сая) төгрөгийг охин Э.Нандинчимэгийн ХААН банкны 5191047421 тоот дансаар шилжүүлэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “...нөхөр Р.Э-г тэтгэвэрт гаргах гэсэн 3 өмгөөлөгч авах шаардлагатай боллоо 3 сая төгрөг хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч...” гэж 1,000,000 (нэг сая) төгрөг бэлнээр, мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн **** тоот иргэн С.Б-н өмчлөлийн хашааг өөрийн хашаа гэж хохирогч С.С-д ойлгуулан, түүнд 7,000,000(долоон сая) төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаа 2,000,000 (хоёр сая) төгрөгийг охин Э.Нандинчимэгийн ХААН банкны *********** тоот дансаар шилжүүлэн тус тус авсан болох нь:
Хохирогч С.С-н шүүх хуралдаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 19-нд над руу утасдаад манай нөхөр тэтгэвэрт орох гэсэн юм нэрийн өөрчлөлт гарсан 3 өмгөөлөгчид тус бүр 1 сая төгрөг өгөх ёстой 3 сая төгрөг олоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хүү рүү яриад 1 сая төгрөг авсан... 02 дугаар 07-нд манайх хашаагаа зарах гэж байгаа юм та 8 саяд ав гэж хэлсэн. Манай бага хүү хөдөө байдаг учир хүүдээ хэлсэн. Тэгээд Шарга дээр очоод зээл аваад өгье гэж бодоод Шарга ороод ярихад таны боломж болж байгаа юм уу та хэдэн төгрөг хийх юм гэхээр нь 2 сая төгрөг хийе дансаа явуул гэхэд Н гэж охиныхоо дансыг явуулсан. Тэр данс руу Шарга сумын Төрийн банкнаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш хэсэг байж байгаад цагаан сар болох гэж байсан. Эгчийн дүү 200.000 төгрөг задлаад очоорой, бас ойр зуурын юм авъя гэж хэлсэн. Тэгэхэд ирээгүй, нөхөр нь манай нөхрийн хамаатан байсан. Би хашаатай болж байна гэж бодсон... Эхлээд 160.000 төгрөг өгсөн, 160.000 төгрөг дахиад өгсөн... Тэгээд цагаан сар болох гэж байхад “...телевизороо зарах гэж байна та авах уу, 200.000 төгрөгөөр авах юм уу...” гэхээр нь 1 сая төгрөгийн хүүдээ оролцуулаад хасчхаарай гэж хэлсэн. Манайх хашаагаа 12 сая төгрөгт зарлаа ороод ир гэж хэлээд 2, 3 удаа орж ирсэн. Орж ирээд буцах гэхээр бензиний мөнгө байхгүй. Гэр бүлийн амьдралд зовлон байх юм гэхэд манай хүүхдийн мөнгө буусан дээд хашаанд очоод авчих гэж хэлсэн. Хүүтэйгээ очиж авсан. Тэрний дараа 100.000 төгрөг шилжүүлсэн. Би хотод хагалгаанд орох гэж очихдоо 800.000 төгрөг хийгээрэй гэж ярихад над руу 250.000 төгрөг ирсэн. Би тэрний 160.000 төгрөгийг өгөөд 90.000 төгрөгийг нь зардал хийгээд Говь-Алтай явлаа гэж хэлсэн. Намайг ороод ир, хүн чанараа бодохоор танайд өгмөөр байна. Өөрийнхөө өрийг бодохоор би хашаагаа 12 сая төгрөгт зарж байгаа гэж хэлсэн... Өнөөдөр 450.000 төгрөг орсон. Бензин хийх гэж 100.000 төргөг, хотод байхдаа 90.000 төгрөг, телевизор авсан... Би хөдөө байхдаа утсаар ярихаар тэдэнд ороод ирээрэй гэж хэлдэг. Манайх хашаа аваад хүүгээ байлгая гэхээр оруулахгүй байгаа...” гэх мэдүүлэг, / шүүх хуралдааны тэмдэглэлээс/
хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би энэ Э гэдэг хүнийг 2020 оноос хойш таньдаг болсон, нөхөр нь манай багийн улсын аварга малчин Х.Т-н малыг хөлсөөр малладаг юм. Тэгсэн 2021 оны 12 дугаарын 18-ны өдөр Э надтай уулзаад нөхөр Э-г тэтгэвэрт гаргах гэсэн юм. 3 өмгөөлөгч авах 3 сая төгрөг хэрэгтэй байна. Хүүтэй байсан ч хамаагүй 3 сая төгрөг олж өгөөч гэхээр нь итгээд хүү Б-с маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захын АТМ-ээс бэлэн 1 сая төгрөг авч өгсөн. Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын үед Э мөн над руу яриад “...мөнгөний хэрэг гараад байна амбаартай хашаа худалдаж авах уу...” гэхээр нь нөхөр бид хоёр нэг өдөр аймаг дээр орж ирээд зарах гэж байгаа хашааг нь очиж үзээд Э-тэй ярилцаад 7 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод сум дээр очоод 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э-н охин Н-н ********** тоот данс руу 2 сая төгрөг хийсэн. Ингээд үлдсэн 5 сая төгрөгөө хавар ноолуур гарахаар өгөхөөр болоод байж байтал Э хавар над руу яриад хүн чанараа бодохоор танайд 7 сая төгрөгөөр өгчихмөөр байна. Өөр хүн манай хашааг 12 саяар авна гээд байна гэхээр нь би наймаа буцаад өвөл авсан 2 сая төгрөгөө буцаагаад явуулчих гэсэн чинь хашаагаа зарчхаад өмнө зээлсэн 1 сая төгрөгийг хүү 500.000 мянган төгрөгийн хамт сүүлд авсан 2 сая төгрөгтэй нийлээд 3,500,000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд хэсэг хугацаа болсон. Мөнгөө авъя гэхээр хүнд зарсан орж ирээд мөнгөө ав гээд намайг энэ хавар 3 удаа аймаг оруулж буцаасан. Тэгсэн нэг өдөр Н нь та яагаад гэрээр дахин дахин ирээд байгаа юм бэ? гэхээр нь би танай ээжээс хашаа авсан юм. Тэгээд наймаа буцаад мөнгөө авах гэхээр мөнгө өгөхгүй байна. Дээр чиний данс руу 2 сая төгрөг хийсэн биз дээ гэсэн чинь тэр мөнгийг та хийсэн юм уу? манайд зарах хашаа байхгүй манай нагац эгчийн хашаа байгаа юм. Ээж юу хийгээд яваад байдаг юм бол гэсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/
гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ****** тоот хашаа нь миний нэр дээр байдаг юм. Би энэ хашааг 2016 онд зүс таних Б гэх хүнээс 14.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай эгч Э нь миний өмчийн хашаа байшинтай ямар ч холбоогүй. Харин 2017 оноос хойш С.Э-г түр хашаандаа буулгаж оршин суулгасан юм. Түүнээс өөр С.Э миний нэр дээр байх хашаа байшингийн эзэмшигч биш ... С.Э-д хашаагаа захиран зарцуулах эрх өгч шилжүүлээгүй... Тус хашааны газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр байдаг ... Би С.Э-г миний эзэмшлийн хашааг үл таних хүнд зарсныг огт мэдээгүй. Э-н зарсан мөнгөнөөс ямар ч мөнгө төгрөг аваагүй ... Бид хоёрын дунд эд хөрөнгө шилжүүлэх захиран зарцуулах талаар яриа болж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/
гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Энэ хашаа байшин манай ээжийн төрсөн дүү С.Б-н хашаа байгаа юм. Манайх 2017 онд анх буусан шиг санагдаж байна... Энэ үед манай ээж Э нь С гэдэг хүнд бид нарын одоо байгаа Баянхайрхан баг **** тоот хашааг зарна гэж тохироод урьдчилгаа болох 2 сая төгрөгийг нь миний Хаан банкны дансаар авсан. Тухайн үед би ч мэдээгүй хөдөөнөөс аймаг орж ирсэн чинь дансанд 2 сая төгрөг ороод ирэхээр нь ээжээс энэ ямар учиртай мөнгө юм бэ? гэхэд та нарт хамаагүй гэж хэлээд тэр өдрөө миний дансанд орсон мөнгийг авсан шиг санагдаж байна. Тухайн үед ээжид аль нэг банкны данс байгаагүй юм. Баянхайрхан баг *** тоот хашаа манай нагац эгч С.Б-н нэр дээр байдаг хашаа байгаа юм... Тэр үед ээж С гэдэг хүнд 7 сая төгрөгөөр хашаа зарахаар болоод сүүлд нь 5 сая төгрөгийг нь авахаар болсон гэтэл манай аав Э нөгөө С гэдэг хүнд нь үлдсэн мөнгөө битгий өгөөрэй бид нарт зарах хашаа байхгүй наад хашаа чинь хүний нэр дээр байдаг шүү гэж хэлээд наймаа буцсан. Тэгсэн нөгөө С гэдэг хүн нь өдөр болгон шахуу ирж манайхаас мөнгөө нэхдэг болсон, би ч хэлсэн манайд зарах хашаа байхгүй энэ хашаа манай эгчийн нэр дээр байдаг хашаа байгаа юм. Энэ асуудлыг Б эгч мэдээгүй байж байгаад бүүр сүүлд цагдаагаас сонслоо гээд яагаад хүний хашааг зарах гээд байгаа юм гээд ээжийг гар утсаар загнаад байх шиг байсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/
гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... С.С миний ээж байгаа юм... 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ээж надаас 1,000,000 төгрөг аваад явсан. Энэ мөнгөний 700,000 төгрөгийг нь мобайл банкаар өгсөн бөгөөд үлдсэн 300,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Хэнд өгөх гэж байгаа юунд зарцуулах гэж байгааг нь асуугаагүй... Э гэдэг хүн ээжээс хашаа зарна гэж 3 сая төгрөг авчхаад одоо хүртэл хашаагаа ч өгсөн юм байхгүй, ээжийг залилаад яваад байгаа...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 792 дугаартай иргэн С-н Б-н иргэний болон эд хөрөнгийн лавлагааг хүргүүлсэн албан бичиг, /хавтаст хэргийн 25/
2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай эд хөрөнгийн бүртгэлийн өөрчлөлтийг тусгасан лавлагаа, /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 500 дугаартай “Хуучнаар Баянхайрхан багийн *** тоот хаяг нь Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 44 дүгээр тогтоолоор Баянхайрхан багийн *** тоот болсон бөгөөд 2020 оны Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 07 дугаар тогтоолоор тус багийн Шүтээн **** тоот болж өөрчлөгдсөн нь үнэн болно. Тус хаяг дээр одоогийн байдлаар оршин суугч бүртгэлгүй болно” гэх албан бичиг, /хавтаст хэргийн 44 дүгээр тал/
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай “Тус шүүхээр 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар /2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш/ И овогт Р-н Э-н хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 53 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн “...нөхөр Р.Э-г тэтгэвэрт гаргах гэсэн 3 өмгөөлөгч авах 3 сая төгрөг хэрэгтэй...”, “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн **** тоот хашааг өөрийн хашаа гээд 7,000,000 (долоон сая) төгрөгөөр зарна...” гэсэн бодит байдал дээр байхгүй, биелэх боломжгүй хуурмаг нөхцөл байдлуудыг бий болгон бусдыг хуурч мэхлэн хохирогчоос нийт 3,000,000 (гурван сая) төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Э-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Шүүгдэгч С.Э-н хохирогч С.С-тай ойролцоо нутагладаг, бие биеэ таньдаг зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан хуурч мэхлэн буцаан өгөх зорилгогүйгээр хохирогчоос бэлнээр болон дансаар мөнгө авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр тал/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 6 ширхэг баримт /2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50,000 (тавин мянга) төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100,000 (нэг зуун мянга) төрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 40,200 (дөчин мянга хоёр зуу) төгрөг, огноо нь баларсан 80,200 (наян мянга хоёр зуу) төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 150,000 (нэг зуун тавин мянга) төрөг/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5(тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Э-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-д 3,000,000(гурван сая) төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч С.Э нь 870,000(найман зуун далан мянга) төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны 5 ширхэг орлогын мэдүүлгийн /2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 450,000(дөрвөн зуун тавин мянга) төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50,000 (тавин мянга) төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100,000(нэг зуун мянга) төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 40,200(дөчин мянга хоёр зуу) төгрөг, огноо нь баларсан 80,200(наян мянга хоёр зуу) төгрөг/, Төрийн банкны 1 ширхэг мөнгөн шилжүүлгийн /2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 150,000(нэг зуун тавин мянга) төрөг/ баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э нь 200,000(хоёр зуун мянга) төгрөгөөр бодож телевизорыг биет байдлаар, 100,000(нэг зуун мянга) төгрөгийг бэлнээр тус тус өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч С.Сарантуяа телевизор болон бэлэн мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч С.Э хохиролд нийт 1,170,000(нэг сая нэг зуун далан мянга) төгрөг төлсөн байх тул үлдсэн хохирол 1,830,000(нэг сая найман зуун гучин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 7 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогтой С-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-д оногдуулсан 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-д учирсан 3,000,000(гурван сая) төгрөгийн хохирлоос шүүгдэгч С.Э 1,170,000(нэг сая нэг зуун далан мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, 1,830,000(нэг сая найман зуун гучин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.С-д олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 7 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА