Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/740

 

 

 

 

 

 

   2022         09        16                                     2022/ШЦТ/740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр

            иргэдийн төлөөлөгч Д.Буянбат,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

шинжээч эмч Б.Байгалмаа, Г.Нарантуяа,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн 2111000000923 дугаартай хэргийг 2022 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Х овогт Г.З     

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, Халх, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, ээж, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

 

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.З нь 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 28-ны шилжих шөнө 04 цагийн орчим өөрийн найз эмэгтэй Б.Мгийн төрсөн эх Ц.С, дүү Б.Н /15 нас/, охин Ж.А /3 нас/, Ж.Н /1 нас 2 сар/ нарыг алах зорилгоор Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн хашаанд байрлах монгол гэртээ унтаж байхад нь гэрийн хаалгыг гаднаас нь цоожлон, гэрийн баруун урд хаяавчинд асаагуураар гал тавьж иргэн Ц.С, Б.Н, Ж.А, Ж.Н нарыг буюу бага насны хүүхэд, хоёр, түүнээс олон хүнийг, амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6, 2.7 дахь хэсэг,

            мөн 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 28-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

            А. Шүүгдэгч Г.З нь 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 28-ны шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэнжийн тоот хашаанд байрлах монгол гэрт өөрийн найз эмэгтэй Б.Мгийн төрсөн эх Ц.С, дүү Б.Н /15 нас/, охин Ж.А /3 нас/, Ж.Н /1 нас 2 сар/ нарыг унтаж байхад нь гэрийн хаалгыг гаднаас нь цоожлон, гэрийн баруун урд хаяавчинд асаагуураар гал тавьж алахыг завдсан,  мөн монгол гэр болон дотор нь байсан эд хогшлын галдан шатааж устгасан тус тус гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Г.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... тэгээд 04 цаг өнгөрч байх үед Мг чи амарч бай би гарч тамхилчхаад ирье гэж  гарсан. Гараад шууд Мгийн дэнжийн гэр рүү нь алхсан. Гадаа нь очоод машин ордог, хаалганы талаар давж ороод гэрийн нь гадаа очоод халаасандаа хийчихсэн байсан цоожоор хаалгыг нь гаднаас цоожилсон. Дараа нь хаалганы урд хэсэгт бүрээснээс асаагуураар гал тавьчхаад бие засах газарт очоод тамхи татсан, би ер нь буруу л юм хийгээд байна даа гэж бодоод буцаад гэр рүү нь очсон чинь нэлээд их газар шатаад гал авалцаж байсан. Гараараа элс цацаад унтраах гэсэн боловч унтрахгүй байхаар нь хашаанаас гараад зугтаасан. Буудал руу буцаж ороод унтаж амарсан. ... шалтгаан гээд байх зүйл байхгүй, хийсэн зүйлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар тал/,

- шүүгдэгч Г.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр намайг гэртээ байхад манай гэрийн утас дуугарсан. Манай эгч гэрийн утсыг аваад “чамтай яръя” гэж байна гээд надад утсыг өгөхөд М байсан. Тэгээд Мтэй утсаар ярихад “би амралтаасаа ирсэн байна, хоёулаа уулзъя” гэж надад хэлсэн. Би найзтайгаа уулзаад чамтай уулзъя гэж хэлсэн. Найзынх руу явж байхад гэрт нь хүн байхгүй байсан. Утас руу нь залгаад асуусан чинь “найз нь ажил явдал гарчихлаа, дараа юмаа авъя” гэж надад хэлсэн. Тэгээд найзынхаасаа гэрээс нь гараад явж байгаад гэрийнхээ тийшээ явж Мтэй уулзсан. Тэнд Мтэй уулзчихаад модны 2-н А гэх зочид буудал орсон. Өрөөндөө орчхоод бид хоёр пиво авч хувааж уусан. М нь өмнөх өдөр нь амралтад явсан болохоор надтай уулзахаас өмнө үнэртүүлсэн байсан. Пиво аваад эхлээд Мд аягалж өгөөд үлдсэн пивыг би уусан. Миний бодлоор 1 юм уу 2 пивыг би уусан, үлдсэнийг нь М уусан байгаа. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярьж байсан, тухайн үед хэдэн цагт унтсаныг би  санахгүй байна. Пиво ууж, дуу сонсоод юм ярьсан. Тэгээд пиво ууж дуусаад би “гарч тамхилчхаад ирье” гээд гарсан. Тэгсэн М надад унтлаа гэж хэлсэн. Би гарч тамхилж байгаад нэг харахад ахуйн үйлчилгээ ч юм уу, нэг харахад Баянбүрд ч юм уу, нэг харахад гэр хороололд ч юм уу явж байсан. Тэгээд нэг харахад гэрэл гараад байсан. Ойртоод сайн харсан чинь юм шатаж байсан болохоор тэгээд гал руу нь шороо цацсан. Тэндээс би яаж буудалдаа очсоноо санахгүй байна...” гэв.

- хохирогч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар энэ хашааг түрээсэлж амьдардаг. Өнөөдөр 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 28-ныг шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь манай бага охин 05 цагийн үед Б.Н ээжээ утаа үнэртээд байна гэж хэлээд намайг сэрээж байсан. Тэгээд би босоод хартал утаа үнэртээд байсан, тэгээд хаалгаа түлхээд гарах гэтэл хаалга онгойхгүй байсан. Тэгээд би яасан юм бол гэж бодоод хаалгаа дахин сайн түлхтэл нээгдэхгүй байхаар нь гэр дотроо байсан түлээ хагалдаг том төмөр сүхээр хаалгаа дотроос нь цохиж эвдэлж онгойлгосон. Тэгээд дээд хэсгээр нь гараа гаргаад цуургаа бариад үзтэл манай гэрийн хаалгыг жижигхэн цоожоор цоожилсон байсан. Тэгээд бид нар хаалгаа эвдээд дотроосоо гадагшаа бүгдээрээ гарцгаасан. Бид нар гэртээ хүүхдүүдийнхээ хамтаар байж байсан. Манай гэрт өнөөдөр бага охин Б.Н, тэгээд том охины хүүхдүүд хоёр охин нь байж байсан. Тэдгээр нь нэг настай нөгөөх нь гурван настай жаахан хүүхдүүд байсан. Харин манай охин Б.Н 15 настай юм. Ингээд хаалгаар бүгдээрээ гараад иртэл гэрийн баруун талын хэсгээр эхэлж шатаж байсан. Тэгээд айж сандралдаж байтал гэр шатаад дууссан унтраах ямар ч боломж байгаагүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрэг 43-44 дүгээр тал/, ... гал гардаг өдөр гэрт би болон миний төрсөн охин Н.... Н шөнийн 03 цаг хүртэл хичээлээ хийсэн. Чи унтаж амраач ээ гэж хэлээд хүүхдээ оронд нь оруулсан. Би өөрөө буцаад унтаад өгсөн болохоор охиныгоо унтчихсан л гэж бодсон. Тэгсэн чинь охин маань унтаагүй утсаараа юм үзэж байсан юм билээ. Гал гарахад охин маань унтаагүй сэрүүн байсан, гал гараад нэлээн удсаны дараа мэдсэн байсан. Тэгээд намайг сэрээгээд түлэнхий үнэртээд юм шатаад байна гэж хэлсэн. Охин уг нь өөрөө босоод хаалга онгойлгох гэж үзээд онгойлгож чадаагүй юм билээ. Тэгээд намайг сэрээгээд би босоод дотор талын түгжээгээ тайлаад хаалгаа түлхсэн чинь онгойхгүй байсан. Манай хаалга бага зэрэг гажаатай, дээрээс нь дулаалга хийчихсэн болохоор зуураад байгаа юм байх гэж бодоод нэлээд хүчтэй түлхээд онгойхгүй байсан. Ингээд гараа эсгийний завсраар гаргаад хаалганы гадна талаар тэмтрээд үзсэн чинь цоожилчихсон байсан. Маш их гайхсан. Дотроосоо түгжээд унтсан байхад хэн ирээд гаднаас цоожилчихдог байнаа гэж зурвасхийж бодоод шууд гэрт байсан төмөр сүхээр хаалгаа эвдээд гарсан. Хүүхдүүдээ эхлээд гаргаж авсан. Гараад харахад хаалганы урд талаасаа, ертөнцийн зүгээр хэлбэл гэрийн зүүн урд талаас гал гарч байсан. Тэгээд гэр маш богинохон хугацаанд шатчихдаг юм билээ. Сандралдаад нааш цааш гүйж байх хооронд гэрийн ихэнх хэсэг нь шатчихсан. Тэгээд холдсон чинь оч үсрээд бид нар дээр ирж буугаад хүүхдүүд түлчих гээд байхаар нь хашаанаасаа бүр гарсан чинь манай хажуу талын айлын хүн гарч ирж жаахан хүүхэдтэй юм байна шүү дээ гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад орсон.   2021.09.27-ны өглөө 10 цагийн орчим З манайд ирсэн. М амралтаас ирж амжихгүй юм шиг байна, хоёр хүүхдийг очоод хараадхаач гэж хэллээ гэхээр нь эгч нь ажлаасаа чөлөө авчихсан, чи явбал явж бай гэж хэлсэн чинь охин Нгийн гар утсыг ах нь фейсбүүк рүүгээ ороодохъё утсаа түр өгч байгаач гэж хэлээд аваад утсаар нь оролдоод суугаад байсан. 30-40 орчим минут ингэж суусан. Тэр хооронд охин Н маань утсаа авъя гэж 2-3 удаа асуусан чинь одоохон гээд утсыг нь өгөхгүй суугаад байсан, тэр хооронд танд гадуур гарах ажил байхгүй юу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэрийгээ надаас бүр 3 удаа давтаж асуусан, би тухайн үед юм бодолгүй байхгүй л гэж хариулаад байсан. Тэгээд тэр 11 цагийн орчим гараад явсан. Дараа нь бодохоор Мгийн 2 хүүхдийг үлдээсэн бол яах байсан юм болдоо гэж бодоод айсан... /1 дүгээр хавтаст хэрэг 47 дугаар тал/

...Згийн гал тавьсан шалтгаан нь миний бодлоор, энэ бол миний л бодол гэдгийг дахин хэлмээр байна. Одоогоос нэг сар орчмын өмнө М надтай дүү Нгоос болж маргалдаад хоёр хүүхдээ аваад явсан, дүүгээ олон дахин ажилд зараад байхаар нь би уурласан юм. Тэгээд Зтой уулзаад тэд нар хамтдаа буудалд 2-3 хоносон юм билээ. Тэр үед Згийн ээж гэх хүн над руу залгаад Згийн ээж нь байна, хүүхдүүдийн талаар уулзаад ярилцах уу гэхээр нь юуг нь ярилцах юм бэ гэсэн чинь З Мг хоёр хүүхэдтэй гэдгийг нь мэдэхгүй үерхсэн юм билээ, одоо цаашид яах вэ, би ажил дээр чинь яваад очъё гээд байхаар нь ажлын цагаар уулзах боломжгүй гэж хэлсэн чинь за за та ингэж байгаа юм уу тиймээ за за гэж хэлснээ утсаа тасалчихсан. Тэгээд надад төрсөн бодол гэвэл З Мтэй суухад бид нар саад болоод байсан юм шиг байна лээ, З бол Мд их сайн байдаг юм, тэгээд суугаад хамт амьдрах гэхээр саад болж байгаа хүмүүсийг нь шатаая гэж бодсон байх. Өөр бид нарыг гаднаас цоожилж шатаах ямар ч шалтгаан гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрэг 47 дугаар тал/,

- гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ны 11 цагийн үед гэрээсээ гараад “Valkyrei фейсбүүк” групп чатын найз нартайгаа Тэрэлж рүү очиж амралтын газар 3 хоноод өчигдөр өдөр хотод ирсэн. Уг групп нь найз нөхөд болох зорилготой групп байгаа юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед байх хотод орж ирээд салцгаасан ба манай найз залуу З намайг уулзъя гээд бид хоёр нэгдүгээр хороололд уулзсан ба З буудалд оръё гэхээр нь зөвшөөрөөд модны 2-т байрлах “Аморе” нэртэй зочид буудалд орсон. Буудлын тооцоог З төлсөн юм. Бид хоёр 22 цагийн орчим уг буудалд ороод өрөөний хөргөгчөөс пиво авч уугаад шөнө 03 цаг хүртэл ярьж сууж байгаад би унтахаар хэвтсэн. Өглөө сэрэхэд З хажууд унтаж байсан.

Би 2021 оны 02 сарын дундуур Зтой анх танилцаж байсан. Түүнээс хойш уулздаг эр эмийн харилцаатай болсон. Манай ээж, дүү болон 2 охин Зг мэддэг. Гэрт ирсэн үедээ манай дүү, 2 охинтой тоглож байгаад явдаг. Манай ээж Зг сайн мэдэхгүй. З өмнө нь газрын албанд ажиллаж байгаад нүдний хагалгаанд орох гээд ажлаасаа гарсан гэж ярьдаг юм. Одоогоор эрхэлсэн ажилгүй байх. Би Згийн ээжтэй гэрт нь 2, 3 удаа уулзаж тааралдаж байсан.  З эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг юм байна лээ. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед шиг санаж байна Згийн ээж манай ээж рүү яриад хүүхэдтэй гэдгийг нь саяхан мэдлээ, та нар юу гэж бодож байна гэж асуусан гэсэн. Манай гэрийнхэн болон Згийн гэр бүлийн зүгээс бид хоёрыг уулзахыг хориглодог хүн байдаггүй. Бид хоёрыг ямар харилцаатай гэдгийг бүгд мэддэг. Өнөөдөр өглөө цагдаагаас надруу яриад хаана байна гэхээр нь байгаа буудлаа зааж өгсөн. Тэгээд гэр шатсан гэдгээ цагдаа нараас мэдсэн /1 дүгээр хавтаст хэрэг 68 дугаар тал/,

... З бид хоёр урьд нь хэд хэдэн удаа хамт ууж байсан, архи дарс уусны дараа ямар нэгэн гаж үйлдэл, зан авир огт гаргаж байгаагүй. Энгийн үедээ ямархуу байдаг билээ яг тэр хэвээрээ л байдаг.” гэх мэдүүлэг  /3 дугаар хавтаст хэрэг 57 дугаар тал/,

- гэрч В.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 36,6 тоотод амьдардаг. Өнгөрсөн шөнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 05 цагийн орчимд унтаж байсан чинь шарвасны үнэр үнэртэхээр нь сэрсэн чинь гадаа манай хажуу талын 39-5 тоотын хашааны дотор талд гал гарч гэр шатаж байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гадаа гарсан чинь эмэгтэй гадаа гурван хүүхдийн хамт хөл нүцгэн зогсож байсан. Тэгээд би тэр хохирогч эмэгтэйгээс юу болсон талаар асуусан чинь “охин маань сэрүүн байсан ба гаднаас утаа үнэртэж байна гэж намайг сэрээсэн, хаалга онгойлгох гэхээр хаалга онгойхгүй байсан, тэгээд хаалгыг сүхээр цохиж онгойлгосон, хаалгыг гаднаас жижиг цоожоор цоожилсон байсан, гал хаалганы баруун талаас эхлээд шатаж байсан” гэж хэлсэн. Тэгээд шатсан айлын хүмүүсийг гэртээ орж суулгасан. Тэгээд онцгой байдал ирээд галыг унтраасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрэг 73 дугаар тал/,

- гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Яг хэдэн цагийн үе гэдгийг санахгүй байна, яг цас орохоос өмнө шөнийн 4 цагийн үе байхаа  би зочид буудлын гадаа орох хаалганы хэсэгт тамхи татчихаад яг орох гэж байхад нөгөө ах ганцаараа зөрж гараад замын эсрэг талруу чиглээд алхаж явсан ба би зочид буудал руу орсон. Буцаагаад тэр ах хэдэн цагийн үед орж ирснийг огт санахгүй, жаахан нойрмоглоод сууж байсан болохоор зарим анзаараагүй. Гэхдээ манай зочид буудлын хяналтын камерыг шүүвэл тэр ах хэдэн цагт ороод эргээд хэдэн цагт гарсан нь харж болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрэг 76 дугаар тал/,

- насанд хүрээгүй гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би ээж С, төрсөн эгч М, эгчийн хоёр хүүхэд А, Н нарын хамт амьдардаг. Манайх Чингэлтэй дүүрэг цагаан байрны орчим айлын хашаанд түрээсээр амьдардаг байсан. Би одоо Сүхбаатар дүүргийн ангийн сурагч. Болсон асуудал гэвэл би одоо өдрийг нь санахгүй байна гэрийн даалгавраа хийгээд сууж байтал үүрийн 04 цагийн орчим болсон. Ээж намайг унтаач гэхээр нь би за гэж хэлээд хэсэг хичээлээ хийж суусан. Тэр хооронд ээж буцаад унтаад өгсөн. Тэгтэл манай хашааны хаалга таг гээд дуугарах шиг болсон. Ямар ч байсан хүн орж ирж байна уу даа гэмээр чимээ гарсан. Манай хашаанд эзнийх нь байшин байдаг бөгөөд тийшээ хүн орж ирж байгаа болов уу гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгээд унтаж амаръя гэж бодоод орондоо хэвтсэн. Тэгсэн чинь хашааны гадна талаар хүн тойроод яваад байгаа юм шиг чимээ сонсогдоо байсан. Манайх гурван талаараа хашаагүй болохоор хүн их явдаг, явуулын хүн л байхдаа гэж бодоод унтах гэж байтал гаднаас утааны үнэр гараад эхэлсэн. Би босоод ээжийгээ сэрээгээд гаднаас утааны үнэр орж ирээд байна гэж хэлсэн чинь ээж босоод хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Гэрт байсан сүхийг аваад хаалгаа эвдэлж гарсан. Тэгсэн чинь хаалганы урд хэсгээс гал гараад нэлээд хэсэг нь шатаж байсан. Гадаа гарахад ойр орчим хүн байгаагүй, харанхуй байсан. Хашааны дотор тал гэрэлгүй ч гадна талын гудамжны гэрэл дотогшоо гайгүй тусдаг юм. Яагаад гал гарах  болсон эсэхийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэрэг 80 дугаар тал/

- гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангийн салааны захирагч ажилтай. Очиход гэр бүрэн шатаад нурж байсан. Уг айл руу хашааны гадна талаас шууд гал унтраах ажиллагаа явуулах боломжтой байрлалтай байсан болохоор гаднаас нь шууд усаар шүрших унтраах ажиллагаа явуулсан. Унтрааж дуусаж байтал гэрийн эзэн, гал унтраах алба руу дуудлага мэдээлэл өгсөн Ц.С гэх хүн хажуу айлаас гарч ирээд гэртээ 3 хүүхдийн хамт унтаж байтал том хүүхэд нь утаа гарч байна гэж сэрээсэн, ингээд гарах гэтэл гаднаас цоожилсон байхаар нь сүхээр эвдээд гарсан гэсэн анхны мэдээллийг өгсөн. Үүнийг би төв рүүгээ мэдэгдээд ийм учиртай гал юм байна шүү гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө  утсаараа 102 луу дуудлага өгсөн. Гэрийн эзэн нь гаднаас түгжчихсэн байдалтай гэр шатсан гэж ярьж байна, шөнө өөрсдөө унтахдаа гадна талаас цоожилсон зүйл болоогүй гэнэ, гадна талаас нь гал тавьсан байж болзошгүй байх тул дуудлага мэдээлэл өгч байна гэж хэлсэн.  Тэгээд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд би хэргийн газрыг хүлээлгэж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрэг 82 дугаар тал/,

- гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “З надад М хоёр хүүхэдтэй гэж хэлсэн, тэгээд танд хэлэхээс айгаад байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр хүүхэдтэй хүн тэгээд болж байгаа юм уу, чи өөрөө юу гэж бодож байна гэхэд юм дуугараагүй. Мгийн ээжийнх нь дугаарыг аваад залгаад ярьсан. Чамд уулзах зав байна уу, М энэ хоёрын талаар ярих гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн чинь уулзаж учирсан л биз, юуг нь уулздаг юм, хүүхдүүд өөрсдөө л мэднэ биз дээ, уулзах шаардлага байхгүй гэхээр нь за за хүн өөрөө тэгж байгаа юм чинь гэж бодоод орхисон. Дахиж залгаагүй. Миний хувьд З, М хоёрыг нэг их цааргалсан зүйл огт болоогүй. Өөрсдөө л мэд л гэсэн юм ярьсан” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэрэг 95 дугаар тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 368 дугаартай:

Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1.         Г.Згийн сэтгэцийн байдлыг тогтоосон 192-р дүгнэлтэд онош тавигдсан ба уг онош нь зөв болно.

2.         Г.З нь Ds:F07.2 Тархины доргилтын дараах хам шинж оноштой болно.

3.         Г.З нь  гэмт хэрэг үйлдэх эсхүл мөрдөн байцаалтын үед: толгой өвдөх, нойр хямрах, танин мэдэхүйн хөнгөн бууралттай байсан байх боломжтой.

4.         Г.З нь одоогоор толгой өвдөх, нойр хямрах, танин мэдэхүйн хөнгөн бууралттай байгаа ба өөртөө болон бусдад аюул учруулах байдал одоогоор ажиглагдахгүй байна.

5.         Г.З нь сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан байдалд ороогүй болно.

6.         Г.З нь сэтгэцийн  Ds:F07.2 Тархины доргилтын дараах хам шинж оноштой бөгөөд сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан байдалд ороогүй болно.

7.         Г.З нь олон удаа нүдний хагалгаанд орсон нь сэтгэцэд нөлөөлөөгүй.

8.         Г.З нь болсон үйл явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай.

9.         Г.З нь өөрийнхөө үйлдлийг ухамсарлан удирдаж, жолоодох чадвартай.

10.       Г.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

11.       а. Г.Згийн эцэг эх нь өвөрмөц сэтгэцийн байдалтай гэх баримт нотолгоо байхгүй, удамших боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй.

11б. Комиссын дарга З.Хишигсүрэн /АУ-ын доктор профессор, зөвлөх зэрэгтэй/, гишүүн Г.Ганцэцэг / АУ-ын доктор профессор, зөвлөх зэрэгтэй/, Н.Оюунчимэг /зөвлөх зэрэгтэй, клиникийн профессор АУ-ны магистр/, Д.Дэжидмаа /тэргүүлэх зэрэгтэй эмч/, З.Цэндсүрэн /тэргүүлэх зэрэгтэй эмч/, Н.Эрдэнэтуул /тэргүүлэх зэрэгтэй эмч/, Г.Нарантуяа /тэргүүлэх зэрэгтэй эмч/ нарын 7 гишүүнтэй 2022 оны 04 сарын 13-ны өдрийн “Ээж Бийн сэтгэц түр хямарсан гэх баримт байхгүй. Г.Зд нөлөөлөх боломжгүй” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэрэг 72-87 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 4432 “Эхэлсэн 2021.09.29 .... Дүгнэлт: 1.2.3.4 ирүүлсэн дээж нь спирт тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Г.З гэж хаягласан хуруу шилтэй цусанд спирт илрээгүй”. /1 дүгээр хавтаст хэрэг 171 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч, цагдаагийн ахмад А.Батбаярын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан №4927 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн нэг хос улаан алгатай бээлийнд шатах, тослох материалын агуулга илэрсэн. Нимгэн үеийн хромотографийн аргаар тодорхойлоход харьцуулсан шинжилгээ хийхэд бензин, дизель түлш илрээгүй. Өөр төрлийн харьцуулах дээж байхгүй тул ямар төрлийн шатах, тослох материалыг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэрэг 204 дүгээр тал/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЧД1-21-953 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 12.051.103₮ /арван хоёр са тавин нэгэн мянга нэг зуун гурван төгрөг/-өөр үнэлэгдэв” гэх дүгнэлт. /2 дугаар хавтаст хэрэг 17 дугаар тал/,

 

- Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт дуудлага хүлээн авсан тэмдэглэл, “манай гэр шатчихлаа” гэх 2021.09.28 05:45 /хавтаст хэрэг 1 тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “хаалганы баруун дээд хэсгээс доошоо 35 см зайд цоож цүү зэрэг шатсан байдалтай харласан хэсгийг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа, ... нийт 16 кадр зураг /1дүгээр хавтаст хэрэг 03-05 дугаар тал/,

 

- Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт зураг №12 “хаалганы хэсэгт байх цоож, цүүгийн хамт хэмжээс тавьж харуулав.”,

 

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл “... орчим газар яваад хэрэг учрал болсон айлын гадаа ирээд энэ хаалганы урд хэсгээр модон хашаагаар давж орсон” гэж хэлснийг гэрэл зургаар бэхжүүлэв. ... би хаалганы урд хэсгийн хаяавч буюу гадна талын бүрээсийг халаасанд байсан ногоон өнгийн асаагуураар асааж гал тавьсан гэх 27 фото зургийн үзүүлэлт. /1дүгээр хавтас хэрэг 27-33 дугаар тал/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. Amure зочид буудал, “2021-09-28 04:54:29 секундэд хар өнгийн үстэй, цагаан өнгийн амны хаалттай, дээгүүрээ хар өнгийн малгайтай нимгэн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай Г.Зтой төстэй этгээд шатаар бууж ирэн зочид буудлын ажилчинтай уулзаад гарч явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байлаа. Фото зураг 05:55:56 огноог заах үед дээрх этгээд нь гаднаас орж ирээд баруун гар талд байрлах цахилгаан шатанд сууж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн.”,

 

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Ш.Бямбажаргалын 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 255/1096 дугаартай:

“Хэргийн газрын үзлэг, иргэний өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан чүдэнз, галын цог, ил задгай үнс нурам болон бусад ил задгай галыг тооцно/. Ямар нэгэн багаж хэрэгслүүдийн эвдрэлээс болж гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй. Галын голомт, гэрчүүдийн мэдүүлэг, шатлагын нөхцөл байдлаас үзэхэд санаатай галдан шатаасан байх боломжтой. Галын голомт нь монгол гэрийн урд хэсгээс үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин тархсан байна. Хугацааг тодорхойлох боломжгүй. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэрэг 249-250 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Б. Шүүгдэгч Г.Згийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт: “ ... Шүүгдэгч Г.З нь гэм буруутай эсэх тал дээр ямар нэгэн байдлаар улсын яллагчтай мэтгэлцэх байр сууринаас оролцохгүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заажээ. Өмгөөлөгчийн зүгээс зарим бичгийн баримтыг нотлох баримтаас хасуулах, гэмт хэргийн зүйлчлэл ба хууль хэрэглээ, шүүгдэгчийг хэрэг хариуцах чадваргүй зэргийг хэлэлцүүлж, улсын яллагчийн байр суурийг бүхэлд нь няцаах замаар өмгөөлөх үйл ажиллагаагаа явуулна...” гэж Шүүх сэтгэц эмгэг судлалын 192 дугаартай дүгнэлтийг бодит байдалд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан Г.З нь хэрэг хариуцах чадваргүй уг дүгнэлтийг шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл болгох мөн мөрдөн шалгах ажиллагааны үед Г.Згоос гэрчээр авсан мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Шүүх сэтгэц эмгэг судлалын 368 тоот дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасах зэрэг саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болно.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 сарын 8-ны өдрийн 778 тоот дүгнэлтэд: “...Г.Зг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот дүгнэлтэд: “...Г.Зг DS:F07.2 гэмтлийн дараах тархины хам шинж, солиоролгүй хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. гэмт үйлдэл хийсэн тухайн цаг хугацаанд сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан байдалтай байсан тул болсон хэргийн талаар бүрэн гүйцэт мэдүүлэг өгөх чадваргүй байна. ...Хэрэг хариуцах чадваргүй байна...” гэсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 92-114 дүгээр тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 368 тоот дүгнэлтэд: “...Г.З нь DS:F07.2 тархины доргилтын дараах хам шинж оноштой болно, ... Г.З нь сэтгэцийн түр сарнисан байдалд ороогүй болно. Г.З нь болсон үйл явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай. Г.З нь өөрийнхөө үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай, Г.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн 7 шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 72-87 дугаар тал/.

Шинжээч С.Байгалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүх сэтгэц эмгэг судлалын №192 дугаартай дүгнэлтэд онош, оношийн үндэслэл хэсэгт яагаад F07-н 2 буюу гэмтлийн дараах тархины хам шинж, солиоролгүй гэсэн оношийг тавьсан талаар оношийн үзлэг дэлгэрэнгүй хийсэн, гаргаж өгсөн байгаа. Нэгдүгээрт, амьдралын түүхээс авсан, хуудас 82-т 3 дугаар ангид байхдаа суралцагч З нь ой тогтоолт, ойлголт удаавтар, бие дааж ажиллах чадвар дунд зэрэг байсан. 7 дугаар ангидаа ой тогтолт удаан, цаашид биеэ дайчилж улам сайн оролцох шаардлагатай. 10 дугаар ангидаа сурах идэвх оролцоо дунд зэрэг, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар тааруу. Хоёрдугаарт зан аашийн байдлыг тодруулахад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Ж.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэлээс авсан. Г нь З миний бага хүүхэд, Згийн хувийн байдлын талаар гэвэл өөрийнхөө харааны бэрхшээлтэй байдлаас болоод ч тэр үү их зожиг хүүхэд байгаа юм.  Сурагч байхдаа 1, 2 найзтай байсан. Харин их дээд сургуульд орсноос хойш ямар ч найзгүй явсаар их сургуулиа төгссөн. Хараа муутай байдлаасаа болж тэрэндээ их гутардаг юм шиг байна лээ. Бага байхдаа харааг хэзээ янзалж өгөх бэ гэж их асуудаг байсан. Заримдаа бухимдуу байдалтай байдаг. Гуравдугаарт, Өвчний түүхийн байдлыг хавтаст хэргийн материал болон амбулаторийн хяналтын карт, шинжилгээг үндэслэн өвчний түүхийг оруулсан байгаа. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Ж.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл байна. З миний бага хүүхэд байгаа юм, суралцах хугацаандаа нүдний хагалгаанд орох болоод 1 жилийн чөлөө авч байсан.  Сургуулиа төгссөнөөс хойш тодорхой ажил эрхлээгүй. Төрийн албаны шалгалтад хэд хэдэн удаа орсон боловч тэнцээгүй. З ер нь төрөлхийн хараа муутай байх, тэгээд анх хараа муудсан гэдгийг нь мэдсэн. Эмчилгээ хийлгэж явж байгаад 7 наснаасаа эхлээд нэлээн олон удаа бүрэн мэдээгүйжилтэйгээр хэд хэдэн удаа хагалгаанд орсон. Одоо 2 нүд нь хоёулаа 75 хувийн алдагдалтай гээд группт байдаг. 2018 онд хүнд зодуулаад харааны торлог бүрхүүлийн гэмтэл аваад бас хагалгаанд орсон. Згийн хувийн байдлын талаар гэвэл өөрийнхөө харааны бэрхшээлтэй байдлаас болоод тэр үү их зожиг хүүхэд байсан. Гэрч Э.Баас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд 5-6 настайдаа ах нартайгаа гулсуур дээр тоглож байгаад унасан. Унах үедээ хэсэгхэн зуур ухаан алдсан гэж хэлээд төрсөн ах Галбадрах тэвэрчихсэн орж ирж байсан. Нойрондоо муу, шөнө хааяа босоход унтаагүй л байдаг. Хэрэг гарахын өмнөх 7 хоногт төрийн албаны шалгалтад бэлтгээд, сүүлийн хэд хоног нь жаахан оройтож унтаад байсан. Заавал бүх юмыг нь зааж зөвлөхгүй л бол ер нь өөрөө бие дааж юм хийх чадвар муутай. Гэрч Баас мэдүүлэг авсан тэмдэглэлээс “би Зтой багийн найзууд, 2 дугаар ангиасаа эхлэн нэг ангид хамт сурч байсан, З ер нь их ойлгоц удаантай хүүхэд байсан, ангийн хүүхдүүд ер нь энгийн л харилцдаг гэсэн, Зтой юм ярихаар ойлгодоггүй гээд зайгаа барих байдалтай л байдаг байсан. Би бол Зтой гайгүй ойлголцдог. Гэхдээ ярьж байгаа юмыг нь нэлээд асууж тодруулж байж л гүйцэт сайн мэдээлэл авдаг юм. Юм асуухад буцаагаад  хариулж байгаа нь нэг л сонин хариулна. Г.Згийн хувьд гэмтлийн дараах тархины хам шинж юм. Олон улсын 10-р ангиллаар сэтгэцийн өвчин эмгэгүүдийг F гэдэг кодоор кодолж шифрлэдэг. Г.Згийн хувьд тавигдсан онош нь F07-н 2 гэсэн оношийн шифрт хамаарах оношоор оношлогдсон байгаа. Сэтгэцийн байдлыг тодруулахад толгой өвдөх, амархан ядарч сульдах, нойрны хямрал илрэх, ой сулрах, нуршаа сэтгэхүй илрэх гэх зэргээр уг өвчний эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч байсан. Яагаад уг оношийг тавих болсон үндэслэлээ шинжилгээнд гарсан өөрчлөлт болон амбулаторийн картаас авсан бүх материалаа уншиж танилцуулсан байгаа” гэв.

Шинжээч Г.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Г.З нь F07-2 гээд тархины доргилтын дараах хам шинж гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ онош ер нь түгээмэл онош. Тархины хөнгөн болон хүнд ямар ч гэмтлийн дараа юм мартах, толгой өвдөх шинж тэмдэг байж болно. Энэ дүгнэлтийг бид нар гаргахдаа хавтаст хэргийн материалуудыг үндэслэсэн. Дээрээс нь бид нар үзлэгээ хийсэн, шинжилгээ гаргасан. Шинжилгээ дээр имрайн өөрчлөлтүүд зэрэг ойр зуурын өөрчлөлтүүд байгаа. Эмгэг сэтгэц судлалын шинжилгээгээр ой тогтоолт ерөнхийдөө буурсан гэсэн. Энэ бүгд ерөнхийдөө нийлээд түр сарних байдалд хүргээгүй юм гэсэн дүгнэлтийг гарсан. Ийм оноштой хүн бол зөндөө байдаг. Гэхдээ энэ бол түр сарнисан байдалд хүрэх хэмжээний хүнд гэмтэл гэж үзэхгүй, хүнд онош гэж үзэхгүй байна”, ... З нь одоо ч гэсэн яг л нэг юмаа ярьдаг. З нь тамхи татаад гарах үедээ ухаан санаа нь эрүүл байсан. Тэгээд явж байх үеэ санаад байна, санахгүй байна гэдэг. Нэг харахад гандангийн тэнд явж байсан, нэг харахад өөр газар явж байсан, нэг харахад гал гарсан байсан гэдэг. Ухаан санаа түр сарнисан үед энэ бүх үйл явдлыг санаад байдаггүй. Санаад, нэг болиод, нэг ухамсарлаад л байна. Түр сарнисан үед зарим зүйлсээ санаж болдог. Ер нь ихэнхдээ бол санадаггүй. Тухайн үед хийсэн үйл хэргээ ерөөсөө мэддэггүй, тайлбарлаж чаддаггүй. Болсон үйл явдлаа ухамсарладаггүй. Згийн хувьд ухамсарлаж байсан, уйлж байсан. Бид нар хавтаст хэргээ голчилж үзнэ” гэв.

Дээрх шүүх сэтгэц эмгэг судлалын 778, 192, 368 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт 5 бүрэлдэхүүнтэй шинжээчдийн төлөөлөл С.Байгалмаа, 7 бүрэлдэхүүнтэй шинжээчийн төлөөлөл Г.Нарантуяа нарын өгсөн мэдүүлэг зэргийг шүүх харьцуулан үзэж дараах дүгнэлтийг хийсэн болно.

Шүүх улсын яллагчийн нотлох баримт болгосон 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 368 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. Учир нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот дүгнэлтэд Г.Зг хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан байдалд орсон хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт тус бүрэлдэхүүнд орсон шинжээчийн нэг С.Байгалмаа нь мэдүүлэхдээ сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан байдалд орсон хүн тухайн гэмт хэргийг үйлдсэн үеийг бүрэн санаж чаддаггүй гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Гэтэл Г.З нь тус хэрэгт  яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хэргийн тухайн үед болсон үйл явдлыг бүрэн тод санаж байснаар мэдүүлсэн байна. Мөн тусгай мэдлэг шаардлагатай 5 шинжээчийн дүгнэлтээс 7 шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хүчин чадлын хувьд илүү гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсан хэд хэдэн бичгийн нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан ба одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг хасах гэсэн зохицуулалт хуульчлагдаагүй ба тус хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх гэсэн зохицуулалт хуульчилсныг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтаас хасуулах саналтай хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас шүүх тус хэргийн үйл баримтын нотолгооны үндэслэл болгоогүй болно.

Хэрэв гэмт хэрэг үйлдэгдэх үед уг этгээдийн сэтгэхүйн хэвийн байдал нь тодорхой шалтгааны улмаас алдагдан, гэмт хэргийн улмаас учрах хор хохирол, үүсэх үр дагаврыг үл төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй байсан бол хэрэг хариуцуулж ял шийтгэхгүй. Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь уг этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ  сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах буюу бусад үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан нь Шүүх сэтгэц эмгэг судлалыг 368 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 72-87 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, мэдүүлэг, шинжээчийн тайлбар, дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Г.Зг хэрэг хариуцах чадваргүй болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 192 тоот дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. 

В.  Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нарантуяа шинжээчийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Байгалмаа шинжээч сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан илрэх хэлбэр нь гүн нойр гэж байгаа боловч унтаагүй байж байгаад Мг сэрэхийн өмнөхөн унтах, унтсан мэт хэвтэж болох эсэх талаар эргэлзэж гэм буруутай гэж үзэж байна” гэв.

Г. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтууд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхой тусгаж өгсөн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус заасан байх ба Г.Згийн хувьд гэмт хэргийн санаа сэдэлт нь олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах аргаар алах зорилготой  байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл, 17.8 дугаар зүйлийн ижил хүндрүүлэх бүрэлдэхүүнийг давхардуулан зүйчлэх шаардлагагүй гэж үзэн Г.Зг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн хэсгийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. 

Мөн шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтуудад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “2, түүнээс олон хүнийг” алсан бол гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилжээ. Г.Згийн тус үйлдлийн улмаас нэг ч хүний амь хохироогүй ба тус хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь 2, түүнээс олон хүнийг алсан хор уршигт хүргэсэн байхын шаардаж байх тул тус хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзэв. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж алсан бол гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Г.З нь тус гэмт үйлдлийг хийхдээ гэр дотор бага насны хүүхэд байгаа гэдгийг лавтай сайн мэдсэн байхыг шаардаж байна. Гэтэл Г.З нь тус гэр дотор зөвхөн бага насны хүүхэд байгаа гэдгийг лавтай сайн мэдсэн нь эргэлзээтэй, бага насны хүүхдүүд нь өөрийн асран хамгаалагч эмээ болох Ц.Стай цуг байсан, түүний ачаар амь гарч, эрүүл мэндэд нь ямар нэг хохирол учраагүй байна. Тиймээс Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Г.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх заалтад заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Д. Шүүгдэгч Г.З нь Монгол гэрт хүмүүс байгааг мэдэж байсан ба хаалгыг нь гаднаас нь цоожлон гал тавихад дотор байсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учрахыг ухамсарлаж байсан байх ба улмаар уг үйлдлээ санаатай хүсэж хийн, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй боловч эд хөрөнгийг шатааж устгасан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл хийжээ. 

Тиймээс шүүгдэгч Г.Згийн 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 28-ны шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэнжийн хашаанд байрлах монгол гэрт өөрийн найз эмэгтэй Б.Мгийн төрсөн эх Ц.С, дүү Б.Н /15 нас/, охин Ж.А /3 нас/, Ж.Н /1 нас 2 сар/ нарыг унтаж байхад нь гэрийн хаалгыг гаднаас нь цоожлон, гэрийн баруун урд хаяавчинд асаагуураар гал тавьж алахыг завдсан, мөн монгол гэр болон дотор нь байсан эд хогшлын галдан шатааж устган нийт 12.051.103 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эрүүл мэндийн байдал болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг 2 сарын хорих ялаар сольж нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар хуульчилсан байна. өөрөөр хэлбэл ял оногдуулах доод хэмжээг хуульчлаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд хорих ялын доод хэмжээг 6 сараар хуульчилжээ.

Тиймээс Г.Згийн үйлдсэн гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 2 жил байх тул Г.Згийн гэмт үйлдлийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт нь үүнд нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан болно. 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Г.З нь хохирогч Ц.Сд 47.193.800 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч Ц.С нь хохирлоо бүрэн барагдуулсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Г.Зг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн алгатай ажлын бээлий 1 хос,  хар саарал өнгийн цоож 1 ширхэг, хаалганы цүү 1 ширхэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, сиди 3 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч Г.З нь энэ хэрэгт нийт 30 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Х овогт Г.Зд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтууд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Х овогт Г.Зг олон хүнийг амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Г.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ сарын хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Зд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.Згийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Г.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн алгатай ажлын бээлий 1 хос, хар саарал өнгийн цоож 1 ширхэг, хаалганы цүү 1 ширхэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

9 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 3 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ

 

 

                        ШҮҮГЧИД                           Д.СУВД-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                        С.БАТЖАРГАЛ