Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 830

 

Н.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Н.С,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сарантуяа,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлоор Н.Сд холбогдох эрүүгийн 1808033251089А дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 1959 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хангай 19-85 тоотод оршин суух бүртгэлтэй, /................../,

Төв аймаг дахь Сум дундын 25 дугаар шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Н.С нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 6 дугаар гудамжны 25 тоот хашааны урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Баярсайхантай үл ялих зүйлээр шалтаглан гараараа түлхэж унагаан, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Сд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Н.Сыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Н.Сд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Сын баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Соос 1.675.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сарантуяад олгож, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч С.Галцацрах гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд, хэргийн материалд цогцос болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд амь хохирогчийн баруун талын дагз хуйхны шарх, зулайн хуйхан доорхи цус хуралт гэх зэрэг гэмтлүүд /1хх 22-25, 2хх 45-47/ мөн амь хохирогчийн өмсөж явсан   цамцны баруун мөр хэсэг газрын цус нэвчсэн /1хх 22-25/, хавтас хэрэгт хэргийн газрын үзлэгээр эхэлж хаана унасан, унасан газар болон амь тавьсан гэх газрын дүрс зураг, цэгүүд тодорхойгүй, харин тодорхой зайнд ул мөр үүсгэж чирсэн гэх нөхцөл байдлыг бэхжүүлэн авсан байдаг. Гэрч Д.Ариунболдын “...хүмүүсийн хамтаар ах дээрээ очтол ах ухаангүй байсан бөгөөд сэрээх гэтэл сэрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх 38/, гэрч Ч.Янжиндуламын “...Хорлоо өвгөн амь хохирогчийг хүчтэй түлхэж унагаагаад амь хохирогч ахиж босож ирээгүй, Ариунболд чирээд 5 орчим метр газар аваачсан...” гэх мэдүүлэг /1хх 40-42/, гэрч Уртнасангийн “...амь хохирогч газраас толгойгоо бариад босоод цемент нь гадаргуутай газар сууж байсан, тэгэхээр нь зүгээр юм байх гэж бодоод би орхиод явсан...” гэх мэдүүлэг /1хх 42/, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбатын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тогтоол, гэрчүүдийн согтолтын зэргийг тогтоогоогүй. Амь хохирогчийг гараараа хүчтэй цохисон тохиолдолд биед цусан хураа, хөхрөлт, няцрал үүсэх боломжтой байхад цогцост хийсэн үзлэгээр тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувцас, эд зүйлд хийсэн үзлэгээр ул мөр тогтоогдсон зүйл байдаггүй. Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар гэрч Янжиндулам, Уртнасан нарын мэдүүлэг зөрүүтэй, амь хохирогчийг ямар шалтгааны улмаас тодорхой зайнд чирч гулдарсан, ямар шалтгааны улмаас чирч гулдарсан талаар тодруулж лавлаагүй, хэдэн цагт, ямар үйлчлэлийн улмаас нас барсан, ам хохирогчийн өмсөж явсан цамцны баруун мөрөнд тогтсон цус газарт тунарч үлдсэн эсэх, хэрэв унаад босож ирээд суусан бол толгойн хэсгээс цус гарч байх нь харагдсан эсэх зэрэг нотлогдвол зохих, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 15.2 дахь хэсэгт зааснаар Н.Сд ашигтайгаар шийдвэрлэн гэм буруугүйд тооцон цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүн алаагүй гэдгээ шүүх хуралдаанд хэлж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокурор тухайн гэмт хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилсэн байсныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хүнийг болгоомжгүйгээр алсан гэж дүгнэж ял шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Холимог хэлбэртэй гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.С нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 6 дугаар гудамжны 25 тоот хашааны урд талд иргэн Д.Баярсайханыг өөрөөс холдуулахаар гараараа түлхэж, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

                                                 

гэрч А.Уртнасангийн “...саарал дээлтэй Хоролоо амь хохирогч Д.Баярсайханыг юм ярьж зогсож байгаад түлхсэн. ...Баярсайхан хойшоо толгойгоороо гэдрэгээ саваад унасан ба толгойгоо бариад босоод цементэн гадаргуутай газар сууж байсан. ...Янжаа бид хоёр амь хохирогч Баярсайханы хажууд очиход толгой нь хагараагүй болохоор зүгээр юм байх гэж бодсон. ...Баярсайхан анх байшингийн хана налаад сууж байснаа боссон юм. Тэгээд хөл дээрээ босч чадахгүй шахуу босч ирээд Сайнхорол өвгөн ёврох шиг болсон чинь арагшаа саваад унаснаа босч ирээд цементэн шатан дээр суусан. ...минийхээр зөөлөн түлхэх ч юм уу тийм хэлбэрийг ёврох гэж ойлгоод байна. ...” /1хх 42-43, 2хх 225-226/,

 

гэрч Ч.Янжиндуламын “...Хоролоо өвгөн нь амь хохирогч Баярсайханы бие хэсэг рүү гараараа түлхсэн. ...Баярсайхан газар дээрээ гэдрэгээ толгойгоороо унасан. ...” /1хх 40-42/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-16/, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-21/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1561 дугаартай дүгнэлт /1хх 70-72/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 288 дугаартай дүгнэлт /2хх 45-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Н.Сыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Н.Сыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч С.Галцацрах “...хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар гэрч Янжиндулам, Уртнасан нарын мэдүүлэг зөрүүтэй, амь хохирогчийг ямар шалтгааны улмаас тодорхой зайнд чирч гулдарсан, ямар шалтгааны улмаас чирч гулдарсан талаар тодруулж лавлаагүй, хэдэн цагт, ямар үйлчлэлийн улмаас нас барсан, ам хохирогчийн өмсөж явсан цамцны баруун мөрөнд тогтсон цус газарт тунарч үлдсэн эсэх, хэрэв унаад босож ирээд суусан бол толгойн хэсгээс цус гарч байх нь харагдсан эсэх зэрэг нотлогдвол зохих, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 15.2 дахь хэсэгт зааснаар Н.Сд ашигтайгаар шийдвэрлэн гэм буруугүйд тооцон цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч А.Уртнасангийн “...Баярсайхан анх байшингийн хана налаад сууж байснаа боссон юм. Тэгээд хөл дээрээ босч чадахгүй шахуу босч ирээд Сайнхорол өвгөн ёврох шиг болсон чинь арагшаа саваад унаснаа босч ирээд цементэн шатан дээр суусан. ...минийхээр зөөлөн түлхэх ч юм уу тийм хэлбэрийг ёврох гэж ойлгоод байна. ...” /2хх 225-226/,

гэрч Ч.Янжиндуламын “...Хоролоо өвгөн нь амь хохирогч Баярсайханы бие хэсэг рүү гараараа түлхсэн. ...Баярсайхан газар дээрээ гэдрэгээ толгойгоороо унасан.” /1хх 40-42/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1561 дугаартай “...Гавлын тархины битүү гэмтэл. Зулайн ясны хугарал. Тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорхи болон дээрхи гавлын чамархай хэсгийн тархины эдийн няцрал, дагз хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт. Тархины дарагдалт. ...Д.Баярсайхан нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж үхэлд хүрсэн байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.6% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.” /1хх 70-72/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 288 дугаартай “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1561 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Баярсайханы цогцост учирсан дээрх гэмтэл нь толгойн баруун чамархай хэсгээр хатуу гадаргуун дээр 1 удаа унах үед үүсэх боломжтой. Д.Баярсайхан нь хатуу гадаргуун дээр толгойн баруун чамархаин хэсгээр унах үед чамархайн ар дээд захаас духны баруун хэсэг хүрсэн 12 см хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, гавлын баруун урд, дунд, арын хонхорын цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, дагз хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, дагзны хуйхны шарх, зулайн хуйхан доорхи цус хуралт зэрэг гэмтлүүд үүсгэгджээ.” /2хх 45-47 гэх дүгнэлтүүд зэргээс үзэхэд хохирогч Д.Баярсайханг өөрөөс холдуулахаар гараараа түлхсэн үйлдлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ