Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 221/2024/0013/З |
Дугаар | 221/ШШ2024/0025 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/ШШ2024/0025
Ц.О-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Ц.О
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, иргэдийн төлөөлөгч Г.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ц.О нь “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Гомдол гаргагч Ц.О 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “... Ц.О би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өөрийн туслахаар Б.Б-ийг ажиллуулсан. Б.Б нь Монголын Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр миний туслахаар ажилладаг байсан.
Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Б-ийн нөхрөөс өмгөөлөгч надад хаягласан захидал, ажлын хаягаар ирсэн. Тус захидалд гэр бүлийн харилцаанд нь намайг оролцож байгаа мэтээр буруутгасан, ширээ, сандал хандивласан зэрэг худал зүйл бичсэн, миний өмгөөлөгчийн баталгаанд ноцтой халдаж, намайг Б.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллах буюу зөвлөгөө өгөх аваас зүгээр байхгүй зэргээр далд хэлбэрээр дарамталж, заналхийлсэн байсан.
Ингээд би тус захидлыг хараад маш их бухимдаж өөрийн фэйсбүүк хаягт тухайн постыг оруулсан. Тус постыг оруулахдаа зөвхөн найзууд тохиргоотой оруулсан бөгөөд буцаад даруй устгасан. Тус постод Т.Д гэх хүний талаар нэг ч мэдээлэл байхгүй, түүнчлэн тухайн хүний фэйсбүүк хаяг зэргийг таг хийгээгүй, нэр төрд нь огт халдаагүй билээ. Миний хувьд Т.Д гэх хүнтэй фэйсбүүк найз биш бөгөөд огт танихгүй, манай туслахын нөхөр гэдгээр нь зүс мэднэ. Нэг удаа таарч байснаас өөрөөр харилцаж байгаагүй.
Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж “сануулах” шийтгэл ногдуулсан. Т.Д нь өөрийн эхнэрийг ажил хийлгэх дургүй бөгөөд эхнэрийг нь ажиллуулж байсанд надад өс санаж, намайг өдөөн хатгаж тус захидлыг явуулсан байсныг би Мэргэжлийн хариуцлагын хорооны хурал дээр ойлгосон. Учир нь Т.Д нь Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргахдаа болон хуралдаанд оролцохдоо намайг илт гүтгэж, доромжилж, нэр төрд минь ноцтой халдсан агуулгатай гомдол гаргасан. Түүнчлэн цэцэрлэгийн багш гэх хүнтэй үгсэн тохирч намайг гүтгэсэн, анхнаасаа бүх зүйл зохион байгуулалтай, төлөвлөгдсөн байсныг би ойлгоогүй байсан. Тус үйлдлийг нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргаад цагдаагийн байгууллага шалгаж байна.
Миний хувьд өөрийн хувийн аккаунтад өөрийн найзууд дунд үнэн бодит болсон зүйлийг бухимдаж бичсэн, өөрийн эмоцийг ил гаргасан үйлдлийг өмгөөлөгчийн үүрэгтэй зөрчилдөх, нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй, өмгөөлөгч ч гэсэн хүн бөгөөд өөрийн сэтгэл хөдлөл, эмоци, уур бухимдлыг илэрхийлэх эрхтэй. Үүнийг мушгин гуйвуулж, мэргэжлийн алдаа, өмгөөлөгчийн үйл ажиллагааны алдаа мэтээр тайлбарлаж хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд өөрийн үйлчлүүлэгч болон өөр бусад хэнээс ч ёс зүйн гомдол авч байгаагүй билээ. Мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, ажилдаа дуртай, хичээнгүй хүүхдэд тусалж, ажиллуулж, өөрийн мэддэг чаддаг бүхнийг зааж ирснийхээ хариуд хариуцлага хүлээж байгаа нь харамсалтай байна. Тус хууль зүйн үндэслэлгүй шийтгэл нь миний цаашдын карьер, мэргэжлийн үйл ажиллагаа, нэр төрд маш их саад учруулах бөгөөд миний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх болон баталгаанд ноцтой халдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2-т зааснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хариу тайлбартаа: “... Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Т.Д-аас Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.О-д холбогдуулан “... Миний бие худал хуурмаг зүйлтэй эвлэрэхгүй бөгөөд цаашид шүүх дээр худал хуурмаг баримт сэлт гаргаж миний эсрэг ашиглах, түүнд нь таны зүгээс хууль зүйн зөвлөгөө өгч миний эсрэг чиглэсэн зүйл хийвэл би өөрийн эрх ашгийг баттай хамгаалж оролцох болохоо илэрхийлж байна...” гэсэн захидлыг өмгөөлөгч Ц.О-д хаяглан илгээсэн юм. Өмгөөлөгч Ц.О нь миний илгээсэн дээрх захидлыг хүлээн авч, захидал илгээсэн миний гараар бичсэн бичигтэй шуудангийн дугтуйны зургийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 41 минутад өөрийн “O Ts” гэх фейсбүүк (facebook)-ийн цахим хаягтаа “Хаха амьдралдаа анх удаа сүрдүүлгийн шинжтэй захидал авч үзлээ... Дараагийн удаа захидал явуулахдаа өмгөөлөгч Ц.О-д гээд... 502 тоот шүү гөлөг минь” гэсэн тайлбарыг бичиж нийтэлсэн байна.
Мөн өмгөөлөгч Ц.О нь өөрийн туслахаар ажилладаг миний эхнэр Б.Б-ийн хамтаар охины цэцэрлэг дээр очиж цэцэрлэгийн багшийг хэл амаараа айлгасан болох талаар би олж мэдсэн. Тэрхүү цэцэрлэгийн багшийг миний бие шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт өгсөн байхад үүнийг мэдсээр байж түүнтэй ажил дээр нь очиж уулзаж, айлгасан байгаа нь тухайн багшийг гэрчээр шүүхэд асуулгуулахгүй байх зорилготой юм болов уу гэж би ойлгож байна. Энэхүү өмгөөлөгчийн үйлдэл нь бас л байж болохгүй, ёс зүйгүй асуудал байх” гэх 2 агуулга бүхий гомдол, нотлох баримтыг хавсарган ирүүлсэн.
Дээрх гомдлыг Маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу хянан шалгасан бөгөөд гомдолд дурдсан үйл баримт нь гомдол гаргагчаас өгсөн баримт болон өмгөөлөгч Ц.О-ын өөрийнх нь тайлбараар нотлогддог юм.
Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч Ц.О-ын дээрх үйлдэлд Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус зөрчсөн байна хэмээн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдааны МТ/2024/07 дугаартай тогтоолоор “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.О-ын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд “... Өмгөөлөгч Ц.О нь олон нийтийн сүлжээнд мэргэжлийнхээ үг хэллэгийг ашигласан. Хоёрдугаарт ёс бус үг хэрэглэсэн нь ёс зүйн алдаа гаргасан байна гэж үзэж байна. Гэхдээ өөрийнх нь 100 хувь буруу гэж бодохгүй байна. Яагаад гэхээр н.Д нь өөрийнхөө хувийн ашиг сонирхлын зүгээс энэ хүнийг өдөөн хатгаж, гомдол гаргаж асуудал үүсгэсэн байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг дэмжиж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагч Ц.О-ын гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ц.О-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.О-д “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Т.Д-ын “... би өмгөөлөгч Ц.О-д хүн ёсоор сайхан сэтгэлээр хандаж, захидал явуулсны минь хариуд нь олон нийтийн сүлжээнд намайг “гөлөг минь” гэж доромж үгээр бичиж нийтэлж байгаад гомдолтой байна, ... миний зүгээс өөрт тохиолдсон хуулийн асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдүүлэхээр шүүхэд хандаж, шүүхийн ажиллагаа явж байна. Гэтэл энэ асуудалтай холбоотойгоор өөрт давуу байдал бий болгох зорилгоор ямар нэг үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахаас гадна миний хүүхдийн цэцэрлэг дээр очиж багштай нь уулзаж хэл амаар доромжилсон, гэрчээр асуугдаж болзошгүй байгаа хүнд нөлөөлж байгаа зэрэгт миний бие маш их гомдолтой байна” гэх гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өмгөөлөгч Ц.О-ыг өөрийн цахим хаягтаа иргэн Т.Д-аас шуудангаар ирсэн захидлын зургийг дарж олон нийтийн сүлжээнд “Хаха амьдралдаа анх удаа сүрдүүлгийн шинжтэй захидал авч үзлээ ... Дараагийн удаа захидал явуулахдаа өмгөөлөгч Ц.О-д гээд ... 502 тоот шүү гөлөг минь” гэж бичиж байршуулсан нь өмгөөлөгчийн хувьд зохимжгүй үйлдэл гэж үзэж Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмгөөлөгч нь өмгөөлөгчийн мэргэжлийн үүргээс бусад үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа мэргэжлийн үүрэгтэй зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, “сануулах” арга хэмжээ авсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр гомдол гаргагчаас “...өмгөөллийн үйл ажиллагаа гэдгийг Өмгөөллийн туухай хууль дээр маш тодорхой заагаад өгчихсөн. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааг өмгөөллийн үйл ажиллагаа гэж үздэг. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар хандсан иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг үйлчлүүлэгч гэж үздэг. Гэтэл би Т.Д-тай ямар нэгэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. Өөрийн туслах Б.Б-тэй ч ямар нэгэн байдлаар гэр бүлийн маргаанд нь би өмгөөлөгчөөр оролцоогүй, хэн хэн нь надаас туслалцаа авсан тохиолдол байхгүй, би туслалцаа үзүүлсэн тохиолдолд байхгүй байхад намайг өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны материалд авагдсан гомдол гаргагчийн тайлбар, түүний хувийн “O Ts” гэх фэйсбүүк хаягтаа оруулсан “Хаха амьдралдаа анх удаа сүрдүүлгийн шинжтэй захидал авч үзлээ ... Дараагийн удаа захидал явуулахдаа өмгөөлөгч Ц.О-д гээд ... 502 тоот шүү гөлөг минь” гэх пост зэргээр түүний гаргасан зөрчил хангалттай тогтоогдож байна.
Дээр дурдсан Ц.О-ын гаргасан гэх зөрчил нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх;”, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах;”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмгөөлөгч нь өмгөөлөгчийн мэргэжлийн үүргээс бусад үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа мэргэжлийн үүрэгтэйгээ зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос залсхийнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байх ба өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчийн хувьд зөвхөн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа үйлчлүүлэгчээр хязгаарлахгүйгээр бусад этгээдтэй харилцахдаа ч хүндэтгэлтэй хандаж, ажлын цагаар болон ажлын бус цагаар ч ёс зүйтэй байж мэргэжлийнхээ нэр хүндийг гутаах аливаа үйлдэл гаргахгүй байх ёстой.
Гэтэл гомдол гаргагч Ц.О нь цахим орчинд ёс бус үг хэллэг хэрэглэсэн мэдээлэл оруулж зохисгүй үйлдэл гаргасан байх тул Ц.О-ын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Ц.О-ын Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “сануулах” хариуцлага хүлээлгэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.О-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэгэнт өмгөөлөгч Ц.О нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэж байгаа энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн “Өмгөөлөгч Ц.О нь олон нийтийн сүлжээнд мэргэжлийнхээ үг хэллэгийг ашигласан. Хоёрдугаарт ёс бус үг хэрэглэсэн нь ёс зүйн алдаа гаргасан байна гэж үзэж байна. Гэхдээ өөрийнх нь 100 хувь буруу гэж бодохгүй байна. Яагаад гэхээр н.Д нь өөрийнхөө хувийн ашиг сонирхлын зүгээс энэ хүнийг өдөөн хатгаж, гомдол гаргаж асуудал үүсгэсэн байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ц.О-ын гомдлын шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ