Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 153/2016/0079/Э |
Дугаар | 75 |
Огноо | 2016-11-28 |
Зүйл хэсэг | 203.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 75
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн даргаар Э.Батцэнгэл, улсын яллагч А.Анхбаяр, өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******т холбогдох 201621000104 дугаартай, 153/2016/0079/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* 1990 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 26 настай, ПЭ ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодрхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын ******* гол багт оршин суух, урд ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Буянт сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хоолой” гэх нэртэй газраас 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр ховор ан амьтан болох нэг тооны зэгсний зэрлэг эр гахайг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10-р сарын сүүлчээр манай нутгийн нэг эгч нохойгоо уяарай мал бариад байна гэсэн.Тэгэхээр нь би нохойгоо уячихсан. Тэгээд орой нь ямар амьтан мал бариад байгаа юм бол гэж бодоод хавх тавьчихаад өглөө нь очиж үзсэн чинь нэг гахай орчихсон байсан. Хавхаа салгаж авах гэтэл над руу дайрахаар нь модоор цохиж алсан.Тэгээд махыг нь нохойдоо чанаж өгсөн.Нөхөн төлбөрөө ажил хийж төлнө гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэзаяа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул надгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү. Б.******* нь нөхөн төлбөр болох 5800000 төгрөгнөөс 400000 төгрөгийг орон нутгийн дансанд хийсэн, үлдэгдэл 5400000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Ховд аймгийн Буянт сумын ******* гол багийн нутаг “Ногоон хоолой” гэх газраас 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр тус багийн иргэн Ц.******* 1 тооны зэгсний зэрлэг эр гахай агнасан байсан. Тус багийн нутаг дэвсгэрт зөвхөн зэгсний зэрлэг гахай байдаг.Зэгсний зэрлэг эр гахайны экологи,эдийн засгийн үнэлгээ нь 2900000 төгрөг байдаг.Амьтны тухай хуульд экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу 5800000 төгрөгний бодит хохирол учирсан байгааг нэхэмжилж байна гэжээ./ хх-12-р хуудас/
Гэрч Т.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 10 дугаар сарын сүүлчээр манайх Ховд аймгийн Буянт сумын ******* гол багийн нутаг Талын дэрс гэх газар байсан. Би гэртээ ганцаараа хонож байтал шөнө чоно улиад байсан.Тэгээд өглөө эрт чоно харахаар мордсон. Ногоон хоолой гэх газар өвөлжиж байсан Ц.*******ынд ороход тогоон дээрээ мах чанаж байсан. Юу чанаж байгаа юм бэ гэж асуухад “нохойны хоол “гэхээр нь “ худлаа яриад бай, өөр юмны үнэр байна даа “ гээд тогооных нь тагийг аваад харахад гахайны хавирга, сүүж чанаж байсан.Хаанаас гахай агнасан юм бэ? гэж асуухад Ц.******* нуугаад юм хэлээгүй, сүүлд ганцаараа агнасан гэж хэлсэн.Би багадаа зэрлэг гахайн мах идэж байсан, өөх, хавирга, сүүж мах нь малын махнаас шал өөр байдаг гэжээ. /хх -90-91-р хуудас/
Гэрч М.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...би 1997 оноос хойш Ховд аймгийн Буянт сумын ******* гол багт амьдарч байна.Энд ганцхан зэгсний зэрлэг гахай байдаг,өөр бусад төрлийн гахай байддаггүй гэжээ./ хх-15-р хуудас/
Гэрч А.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...би 1998 оноос хойш Ховд аймгийн Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд байгалийн нөөцийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байна.Ховд аймгийн Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань сумын нутагт зэгсний зэрлэг гахай байдаг.Зэгсний эр зэрлэг гахайны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2900000 төгрөг байдаг.Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг байгаль орчны яамнаас олгодог гэжээ. / хх-16-17-р хуудас/
2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтанд зэгсний зэрлэг гахай / sus scrofa nigripes / эр нь 2900000 төгрөг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-т заасны дагуу Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэжээ./хх-24-25-р хуудас/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-68-71-р хуудас/
Мөнгөн шилжүүлэг / хх-78-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Буянт сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон хоолой” гэх нэртэй газраас 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр ховор ан амьтан болох нэг тооны зэгсний зэрлэг эр гахайг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч Т.*******, М.*******, А.******* нарын мэдүүлэг, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,нөхөн төлбөрийн мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь зэгсний зэрлэг гахайг зохих зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосныг урьдчилан мэдэж байсан, түүнийг агнаснаар учрах хор уршгийг ухамсарласан байсан ба санаатай шургаагаар цохиж агнасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.******* нь Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар агнуурын амьтан агнах, барихад хориглох арга хэрэгсэл буюу хавх хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг ховор ан амьтан болох 1 тооны эр зэгсний гахайг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газраас 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зэгсний зэрлэг гахайг / sus scrofa nigripes / ховор амьтны жагсаалтанд оруулж, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зааснаар ховор амьтан болох зэгсний эр зэрлэг гахайны экологи эдийн засгийн үнэлгээг 2900000 төгрөгөөр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байна.
Шүүгдэгч нэг тооны эр зэгсний гахайны нөхөн төлбөрт 400000 төгрөгийг төлсөн нь Төрийн банкны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, хохирогчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж, шүүгдэгч Ц.*******ын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нөхөн төлбөрийн 5400000 төгрөг төлөөгүй байх тул түүний хувьд ноогдох өмч болох 1 тооны морь, 2 тооны үхэр, 4 тооны хонь, 25 тооны ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгдөж дуусах хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284.1,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, ховор ан амьтан болох нэг тооны зэгсний зэрлэг эр гахайг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 03 / гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 03 сар 10 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нөхөн төлбөрийн 400000 / дөрвөн зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, Ц.*******аас 5400000 / таван сая дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ын хувьд ноогдох хөрөнгө морь-1, үхэр-2, хонь-4, ямаа-25 битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.*******ын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Ц.*******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС