Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0454

 

    Дугаар 128/ШШ2021/0598              Улаанбаатар хо 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “ХЧ” ХХК. /РД:/. Улаанбаатар хот,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын 250295891 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ХЧ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Манай компани “М г э и” ХХК-аас 92,831,818.18 төгрөгийн үнэ бүхий цэвэр бохир усны трубаг 0018312835 падаанаар худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайландаа тусгасан байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “ХЧ” ХХК-ийн 2015 оноос 2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295891 дүгээр шийтгэлийн хуудсаар үндэслэлгүй тайлбар хийж нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдож байхад нөхөн татвар,торгууль алданги нийт 13,924,772.70 төгрөгийн төлбөр ногдуулсан. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хуульд заасны дагуу гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын шийтгэлийн хуудсыг хэвээр нь баталж шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295891 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татварын байцаагч нар манайхаас бусад аж ахуй нэгжид тайланг засварлах боломж олгосон. Залруулга хийсэн аж ахуй нэгжийн жагсаалт гарсан байгаа. Манайд хугацаа олголгүй акт тавьсан. Тайландаа залруулга хий гэж хугацаа тогтоосон бичгийг манайд ирүүлээд би залруулаагүй бол буруугаа хүлээнэ. Манайд залруулга хийх тухай бичиг ирүүлээгүй. Маргаан таслах зөвлөлд бид буруу хийсэн тайландаа залруулга хийе хугацаа олгооч гэж хүсэхэд зөвшөөрөөгүй. 5 жилийн өмнөх үйл явдал. Би улсад 30 жил татвар төлж байгаа. Манай нягтлан бодогч алдаа гаргасан байна. Татварын байгууллагаас бидэнд залруулга хийх боломж олгоогүй. Залруулга хийгээд 9 сая төгрөг төлье гэхэд зөвшөөрөөгүй. Ялгавартай хандаж байна. 2015 оны худалдан авалтад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр акт тавьсан байна. Ажил явуулж байгаа тул би маргаан гаргахгүй байхыг хичээдэг. Ялгавартай хандаж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн маргаантай холбоотой болон акт тавих ёсгүй байсан эсэх, тооцоолол зөв байсан эсэх талаар маргах зүйл байхгүй зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийсэн болохоо зөвшөөрөөд залруулъя гэхээр боломж олгохгүй байна. Улс орон хүнд байдалд байхад хууль яриад байна. Хөдлөх гэхээр ямар ч эдийн засгийн хөшүүрэг алга” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д, Д.Д нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Татварын улсын байцаагчид “ХЧ” ХХК-ийн 2015-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 295891 дүгээр шийтгэлийн хуудсаар 92,831,818.20 төгрөгийн зөрчилд 9,283,181.80 төгрөгийн нөхөн татвар, 2,784,954.50 төгрөгийн торгууль, 1,856,636.40 төгрөгийн алданги нийт 13,924,772.80 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтэд “МЭ” ХХК нь бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй, бараа ажил үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд бараа борлуулсан мэтээр цахим бичилт хуурамчаар бичиж бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд  “МЭ” ХХК, “Д” ХХК-уудын захирал Р.Б татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж, бичилт хийж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон болох нь шинжээчийн дүгнэлт хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдсон гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргасан байна.

“ХЧ” ХХК нь “МЭ” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан авсан нь дээрх байдлаар тогтоогдсон тул татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь гомдол, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 295891 дүгээр шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “ХЧ” ХХК-д хяналт шалгалт хийх томилолт гарсны дагуу татварын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийх явцад “МЭ” ХХК-аас улсад төлөх татварыг бууруулах зорилгоор хий бичилттэй падаан худалдан авсан гэдэг үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0295891 тоот шийтгэлийн хуудсаар 13,924,772 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Гомдол гаргагч бид алданги, торгууль төлөхгүйгээр нөхөн төлбөрийг төлье гэдэг хүсэлт тавьсан гэж тайлбарлаж байгаагаас харахад падаан авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан таслах зөвлөлд тайланд засвар хийхийг зөвшөөрөөгүй, ялгавартай хандлаа гэж маргасан нь хий бичилттэй падаан авсныг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Маргаан таслах зөвлөлийн тогтоол зэрэг нотлох баримт хангалттай байгаа. Шинжээчийн дүгнэлтээр “МЭ” ХХК нь бараа бүтээгдэхүүн импортолж борлуулалт хийдэггүй атлаа бусдад бараа материал зарсан мэтээр падаан бичсэн үйлдэл нь тогтоогдсон. Татварын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй. Хий бичилттэй падаан худалдан авсан аж ахуй нэгжүүд нь эрүүгийн хэргийг шалгах явцад өөрсдөө сайн дураар бодитой худалдан авалт хийгээгүй, улсад төлөх татвараа бууруулах гэж хувь хүмүүсээс 2 хувийн падаан худалдан авч 8 хувийг хэмнэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч тайланд засвар хийж тухайн татвараа улсад төлсөн. Гомдол гаргагч тал өөрөө санал санаачилга гаргаагүй байна. Тухайн үед ямар шалтгаанаар алдаагаа залруулаагүй юм бэ. Гомдол гаргагч тал тухайн үед бодитой худалдан авалт хийсэн гэдэг үндэслэлээр маргаж байсан гэж бодож байна. Шалгалтын явцад хий бичилттэй падаан авсан нь тогтоогдсон л бол өөрсдөө сайн дураараа залруулж улсад төлөх татвараа төлөөд явдаг. Холбогдох хууль дүрмийн дагуу улсад төлөх татвараа бууруулсан үйлдэлд нь оногдуулсан татварын байцаагч нарын шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул захиргааны актыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Өрийн мэдээлэл нийтэд ил харагдаж байгаа талаар ярьж байна. Шийтгэл оногдуулахад хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.9-д татварын алба татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа шийдвэрийн талаарх гомдлоо түүнийг шууд захирах албан тушаалтан болон дээд шатны албан тушаалтан түүнчлэн шүүхэд гаргана. Ийнхүү гомдол гаргасан нь татвар торгууль, алдангийг нөхөн төлөхийг зогсоох үндэслэл болохгүй гэж заасан байсан. 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т яг өмнөх агуулгаараа дахин батлагдсан. Мөн 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар түүнд ногдох алданги, торгууль, актыг гардуулснаас хойш 15 хоногийн дотор өр гэж үзэхээр заасан. 2019 онд шинэчлэн батлагдсан хуулийн 50 дугаар. 50.1.3.-т нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр дотор өр гэж үзэхээр зохицуулсан. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.-т татвар, алданги, торгуулийн бүртгэлийг татварын бүртгэлд бүрэн тусгана гэж заасны дагуу бүртгэлийг татварын алба хийж байгаа. Гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай хамааралтайгаар татварын албанаас банкны данс битүүмжлэх, эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулах зэрэг татварын өр хураах ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа. Хуульд зааснаар бид маргааныг шийдвэрлэх ёстой учир хуулиар зохицуулаагүй асуудлыг сайн дураараа шийдвэрлэх боломжгүй. Захиргааны актыг хэвээр үлдээнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“ХЧ” ХХК-аас “... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын 250295891 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол /нэхэмжлэл/ гаргажээ.

Шүүх, гомдол гаргагчийн гомдол түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдол гаргагчийн гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг хянаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“ХЧ” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар хяналт шалгалт хийх томилолт болон татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамжийн дагуу хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295891 дүгээр шийтгэлийн хуудсаар 92,831,818.18 төгрөгийн зөрчил илрүүлж, 9,238,181.82 төгрөгийн нөхөн татвар, 2,784,945.55 төгрөгийн торгууль, 1,856,636.40 төгрөгийн алданги, нийт 13,924,772.7 төгрөгийн төлбөр ногдуулж, арга хэмжээ авсныг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Гомдол гаргагчийн зүгээс “ ...“МЭ” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээрээ 92,831,818.18 төгрөгийн цэвэр бохир усны труба худалдан авалт хийгээд 00118312845 тоот зарлагын падаан, төлбөр төлсөн баримт нь байхад хий бичилттэй падаанаар татварыг багасгаж төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж маргасан бол хариуцагчийн зүгээс “ ...“МЭ” ХХК болон “ХЧ” ХХК-ийн хооронд бодитойгоор хийгдсэн ажил гүйлгээ байгаагүй, үүгээрээ татвараас зайлсхийсэн зөрчилд нь хариуцлага оногдуулсан, хууль зөрчөөгүй...” хэмээн тайлбарлаж, гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.12, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, ... 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий татварын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д: “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж зааснаар нэхэмжлэгч “ХЧ” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн   18312835 дугаар падаанаар 92,831,218.00 төгрөгийн дотоодын худалдан авалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган тайлагнасан байна. Гэвч татварын хяналт шалгалтаар татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогджээ. Энэ байдал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Р.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай” 228 дугаар шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 58 дугаар прокурорын тогтоолд “... “МЭ” ХХК нь бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан мэтээр хуурамчаар хий бичилт хийж бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон, “МЭ” ХХК-ийн захирал Р.Б нь “2015-2016 онд нийтдээ 1530 аж ахуйн нэгжтэй 194,3 тэрбум төгрөгийн хуурамч гэрээ байгуулсан...” хэмээн нотлогджээ.

Үүгээрээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т: “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ... тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, мөн хууль, зүйлийн 14.4-т: “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ... борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д: “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг “ХЧ” ХХК нь зөрчсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын 00118312845 дугаар падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, уг мөнгөн дүн бүхий гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн бусад баримт болох төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны мэдээлэл байхгүй байгаа нь зөрчлийн материалд авагджээ.

“ХЧ” ХХК нь ... үнэ бүхий цэвэр бохир усны труба зэргийг худалдан авсныг үгүйсгэхгүй боловч “МЭ” ХХК-аас худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварыг оролцуулан үнийг төлсөн гэдэг нь нотлогдохгүй байхаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д: “аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д: “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах...”, 13.6-д: “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байгаа үндэслэлээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

“ХЭ” ХХК-ийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 23-нд анх нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5611 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд нь бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцааж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6033 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэснээс хойш 30 хоногийн хугацаанд дахин нэхэмжлэл гаргах эрхийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-нд ирсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 18-нд болон 2021 оны 1 дүгээр сарын 15-нд хоёр удаа тодруулж байсан, хамгийн гол нь тусгай журмаар шийдвэрлэх маргаан “гомдол”-оор үүсэх маргаан гэж удаа дараа шүүгчийн туслахаар дамжуулан тайлбарлаж ярьсан, хэргийн хугацаа тусгай журмаар шийдвэрлэгдэх маргааны зохицуулалтаар сунгагдсан, ийм учраас шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн нэхэмжлэгч бус “гомдол гаргагч” гэж бичсэн, давж заалдах хугацааг шүүх хуралдааны үед тайлбарлаж өгснийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

          1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/  74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан “ХЧ” ХХК-ийн “... татварын улсын байцаагч нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 250295891 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б