Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э, Ё.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02576 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э, Ё.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК, Т.Б нарт холбогдох  

 

Компанийн гүйцэтгэх захирал Т.Баас компанид учруулсан хохиролд 37 261 000 төгрөг гаргуулж, компанийг хохиролгүй болгох, хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Очирт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашиг С.Эрдэнэ-Очирт 11 841 900 төгрөг, Ё.Даваасүрэнд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгуулахыг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Мэндсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч:Р.Мэндсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны намар хариуцагч Т.Б санал тавьсны үндсэн дээр хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 1 дүгээр сард М ХХК-ийг барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Т.Б ажилласан.  Компанийг байгуулахад Т.Б, С.Э, Ё.Д нар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээ бүртгүүлсэн бөгөөд адил тэнцүү хэмжээгээр 33,3 хувийг тус бүр эзэмшихээр болсон. Компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байсны дагуу С.Эрдэнэ-Очир нь өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж олсон орлого болох 25 000 000 төгрөгийг авч Т.Бын хамт 2013 оны 3 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Эрээн хотоос 6 ширхэг дүүжин шат /люлька/, 2 ширхэг барилгын ачаа өргүүр /подъём/ худалдан авч, Улаанбаатар хотод авч ирэн Т.Бын хашаанд буулгасан. 2013 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд тоног төхөөрөмжүүдийг түрээслэж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ноос захирал Т.Б нь үл ялих зүйлээр шалтаглан компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл тайлан өгөөгүй өдийг хүрсэн.

2014 оны 1 дүгээр сарын 16-нд М ХХК-ийн хувь эзэмшигч С.Эрдэнэ-Очир хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага гаргасныг гүйцэтгэх захирал Т.Бт хүргүүлсэн боловч хурал хийгээгүй. Т.Бын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ногдол ашиг авч чадахгүй, компанийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэн таран хийснээс компани болон хувьцаа эзэмшигчид хохирч байна. Иймд Т.Бын хөрөнгөнөөс компанид учруулсан хохиролд 28 500 000,  хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг 67 463 000 төгрөг, нийт 95 963 000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 3 дугаар сарын 14-нд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган дараах байдлаар өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2.3, 85.2.4, 85.4 дэх хэсэгт зааснаар М ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг үрэгдүүлж хохирол учруулсан тул компаний эрх бүхий албан тушаалтан Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Очирт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг С.Эрдэнэ-Очирт 11 841 900 төгрөг, Ё.Даваасүрэнд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сард БНХАУ-аас 7 ширхэг барилгын дүүжинт өргүүр оруулж ирээд тухайн үедээ өндөр ашигтай ажиллаж байсан. Тэр үед дүүжинт өргүүрийн угсралтын ажилд хүн хүч дутмаг байсан учраас 15 жил үерхэж гэр бүлийн найзууд байсан С.Эрдэнэ-Очирыг гуйж туслалцуулсан. С.Эрдэнэ-очир дүүжинт өргүүрийн орлого ашгийг тооцож үзээд чиний  бизнест хөрөнгө оруулалт хийе, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд С.Э, Ё.Д нарын хамт компани байгуулахаар шийдэж материалаа бүрдүүлэн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-ийг улсын бүргтэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. Компанид С.Эрдэнэ-Очир 25 000 000 төгрөгөөр хувь нийлүүлж, харин Ё.Даваасүрэн дараа хувь нийлүүлэхээр тохиролцсон ч хөрөнгө оруулаагүй. Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир нь дүүжинт өргүүр угсрах ажлаас байнга хойш сууж миний хүч хөдөлмөрийг шулж, компанид оруулсан 25 000 000 төгрөгөөсөө бэлнээр 14 500 000 төгрөг, 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дүүжинт өргүүр, нийт 22 500 000 төгрөгийн 2013 оны 4 дүгээр сарын 23-наас  2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд буцаан авсан юм.

С.Эрдэнэ-Очирын БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдээс 1 ширхэг  ачаа өргүүр /подъём/ “Чин булаг” ХХК-ийн барилга дээр 7 хоног ажиллуулаад унагаж эвдлэн ашиглалтаас гаргасан байдаг.  Нэхэмжлэгч Ё.Даваасүрэн нь компанийн ажилд огт оролцож байгаагүй, оруулах ёстой хувь хөрөнгөө ч оруулаагүй, нэхэмжлэгч  С.Эдэнэ-Очирийн дээрэнгүй, эргэж буцсан зан авираас шалтгаалан компанийн үйл ажиллагаа доголдсон бөгөөд нэхэмжлэгч нар нь компанийн өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч хэрэгсэхгүй болсон. Компани ашигтай ажиллаж чадаагүй тул ногдол ашиг хувиарлах асуудал байхгүй, компанийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүд эвдэрч, ашиглалтын хугацаа дууссан, С.Эрдэнэ-Очир оруулсан хөрөнгөө буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 84 дүгээр зүйлийн 84.6, 84.10, 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК, гүйцэтгэх захирал Т.Б нарт холбогдуулан гаргасан М ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Очирт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг М ХХК-иас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч  С.Эрдэнэ-Очирт олгох байсан ногдол ашиг 11 841 900 төгрөг, Ё.Даваасүрэнд олгогдох байсан ногдол ашиг 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөс гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэгч С.Э, Ё.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 800 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "... компанид учирсан хохирлын хэмжээг 37 261 100 төгрөг болохыг тогтоосон "Си Эс Ай Аудит" ХХК-ийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь анхан шатны шүүх "Си Эс Ай Аудит" ХХК-ийн дүгнэлт нь чухам юуны учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн аль заалтыг хангаагүй талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээчийн дүгнэлтээс гадна хариуцагч Т.Бын өөрийнх нь зөвшөөрч гарын үсэг зурсан "Тоног төхөөрөмжийн үлдэгдэл" гэсэн /хх-92/ болон бусад нотлох баримтуудад үндэслэсэн болно.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "...Хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Очирын 25 000 000 төгрөгөөр тоног, төхөөрөмж худалдан авсан тухай талууд маргахгүй байгаа боловч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэж аваагүй, нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир нь тоног төхөөрөмжийн түрээсийн орлогоос болон оруулж ирсэн тоног төхөөрөмжөөс оруулсан хөрөнгөө буцаан авч байсан зэргээс дүгнэхэд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй юм" гэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй дүгнэлт болжээ.

Тухайлбал 2013 оны 3 дугаар сард худалдаж авсан 26 500 000 төгрөгийн үнэ, өртөг бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, компанид шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ хөрөнгийг гүйцэтгэх захирал Т.Б бусдад түрээслүүлж орлого олсон нь нотлогдсон. Компанийн хөрөнгийн бүртгэлийг зохих журмын дагуу хийх нь гүйцэтгэх захирал Т.Бын үүрэг юм.

Дээрх үнэ, өртөг бүхий хөрөнгийг компанийн эд хөрөнгөд тооцогдох бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагчийн зөвшөөрсөн (компанийн эд хөрөнгө болох үлдэгдэл тоног төхөөрөмжийн тоо ширхэг, үнийн талаарх) үйл баримтыг анхан шатны шүүх үгүйсгэсэн нь үндэслэлгүй болжээ.

"Мөнгөн ганзага трейд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Б нь "хувьцаа эзэмшигч С.Э, Ё.Д нартай цаашид хамтран ажиллах боломжгүй тул компанийн санхүүгийн болон тоног төхөөрөмжийн тооцоог бүрэн хийж, оруулсан хөрөнгөө татах буюу компаниас нэрээ татахыг удаа дараа шаардаж байсан" гэдэг нь өөрийх нь тайлбар бусад нотлох баримтаар (хх-56, 112) нотлогддог.

Энэ шаардлагыг хүлээн авах боломж бүрдсэн (хөрөнгийн хэмжээ тодорхой болсон) тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар компанийн хөрөнгө болох 37 000 000 төгрөгөөс С.Эрдэнэ-Очирт ногдох 8 127 100 төгрөг, Ё.Даваасүрэнд ногдох 14 567 000 төгрөгийг тус тус Т.Баас гаргуулж, түүнд өөрт ногдох хувьцааг шилжүүлэх (хувьцаа эзэмшигчээс нэрээ татах) шийдвэрийг гаргасан. Харин компанийг татан буулгах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болон түүнээс гарсан шийдвэрийн талаар зохигчид маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.

Мөн хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч мөн өдрийн 184/Ш32017/03634 дугаар захирамжаар "Мөнгөн ганзага трейд" ХХК-ийн 2013-2015 оны татварын дараах цэвэр ашгийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тогтоох"-ыг шинжээчид даалгасан. Гэвч шүүгчийн дээрх захирамж биелээгүй, шинжээчийн дүгнэлт гараагүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад шүүх түүнийг хүлээж авсан буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг захирамжаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Э, Ё.Д нар нь хариуцагч М ХХК, Т.Б нарт холбогдуулан Т.Бын хөрөнгөнөөс компанид учирсан хохиролд 28 500 000 төгрөг, хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг 67 463 000 төгрөг, нийт 95 963 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж М ХХК-ийн захирал Т.Баас компанид учруулсан хохиролд 37 261 100 төгрөг гаргуулах, хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Очирт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашиг С.Эрдэнэ-Очирт 11 841 900 төгрөг, Ё.Даваасүрэнд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд компанид оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, авах ашгийн тооцооллын хувьд маргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хэн хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө хэд болох, компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш хичнээн хэмжээний ашиг алдагдалтай ажилласан зэрэг үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна. Зохигчид маргаан бүхий үйл баримтыг тодруулахаар компанийн эд хөрөнгөд үзлэг хийлгэх, санхүүгийн бичиг баримтад дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох зэрэг хүсэлт гаргасан байх боловч шүүхээс холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй байна.

 

            Тодруулбал, хариуцагч М ХХК-ийн захирал Т.Б шүүхэд компанийн аж ахуйн хашаанд байгаа маргаан бүхий барилгын дүүжин шат, ачаа өргүүрт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан байх ба энэ нь нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очирын компанид оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, түүнээс авах ашгийн тооцооллыг тогтооход ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг шүүх зөрчсөн гэж үзнэ. /III-хх 15-17/

 

            Мөн хариуцагч М ХХК-ийн захирал Т.Бын гаргасан “Си Эс Ай Аудит” ХХК-ийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлтийн ач холбогдлыг дүгнэж үзэлгүй хангахгүй орхисон нь учир дутагдалтай болжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Улаанбаатар аудит корпораци” ХХК нь М ХХК-ийн 2013-2015 оны татварын дараах цэвэр ашгийг тооцон гаргахад шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан байх боловч “Си Эс Ай Аудит” ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан шинжилгээний обьект, баримт материалыг шинжээчид бүрэн хүргүүлсэн нь эргэлзээтэй байхын зэрэгцээ шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан зааснаар холбогдох баримтуудыг шаардсан боловч гаргаж авах боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл шинжээчээс дүгнэлт гаргахад зориулж холбогдох санхүүгийн баримт, материалаар хангах үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзэхээр байна.

           

            Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгч 184/ШШ/2017/02576 дугаартай захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан “анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ” гэж заасныг зөрчжээ.

 

            Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН