| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03727/И |
| Дугаар | 184/ШШ2018/03062 |
| Огноо | 2018-12-13 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2018/03062
2018 оны 12 сарын 13 өдөр Дугаар 184/ШШ2018/03062 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК-д холбогдох
5,090,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Б ХХК-ийн захирал Б.Г-той 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Тээвэр зохион байгуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие өөрийн эзэмшлийн 49-23 улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар 1 метр куб хайргыг 7,000 төгрөгөөр тооцож нэг удаад машины тэвш дүүрэн хайрга буюу 20 метр куб хайргыг зөөж “Б ХХК-ийн буулга гэсэн газар буюу “М ХК-ийн хашаанд буулгаж байсан. 54 удаагийн рес буюу зөөлт хийсэн. Хариуцагч нь гэрээний дагуу төлөх ёстой хөлс болох 5,063,000 төгрөгийг өгөөгүй. Мөнгө нэхэх үед “Б ХХК нь хаана байрлаж байгаа нь олдохгүй гэрээ байгуулах үед ажиллаж байсан хайрганы карьер дээрээ машин техник болон хүн ч байхгүй хөдөө ажиллаж байгаа сураг гарсан. “Б ХХК-ийн захирал олдохгүй, гэрээнд бичсэн хаяг дээрээ байхгүй байраа зарсан байсан. Ингээд хариуцагчийг буюу компанийг эрэн сурвалжилж хаягийг олж авсан. Иймд 1 метр куб хайргыг 7,000 төгрөгөөр тохирсон. Нэг тэвш шороо нь 20 куб метр гэх боловч хорогдолд 1 метр кубийг тооцон хасаж 19 метр кубээр бодоход 7,182,000 төгрөг болж байна. Үүнээс түлшний мөнгө 500,000 төгрөг, ажлын хөлсний оронд 500,000 төгрөгт тооцон шороог тус тус хассан. Нийт 6,182,000 төгрөг болсныг нэхэмжлэгч, хариуцагч нар тооцоо нийлээд 5,063,000 төгрөг гэж тохирсон. Иймд сүүлд тооцоо нийлсэн 5,063,000 төгрөг, мөн нотариатаар баримт хуулбарлуулсан 27,700 төгрөг, нийт 5,090,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Б нь 2015 онд “Б ХХК-тай “Тээвэр зохион байгуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “М ХК-ийн хашаанд хайрга буулгасан байдаг. Уг гэрээнд хайрганы метр кубийн хэмжээ тодорхой бус байх тул тодруулах шаардлагатай байна. . . Үүнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчаас түлш авч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орох ёстой. . . Хэргийг хэлэлцэх анхны шүүх хуралдаан дээр С.Б, Б.Г нар оролцсон. Хурал дээр 4-5 машин хайрга төлбөрийн тооцоонд оруулан авсан гэдгээ хэлсэн. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “Б ХХК-д холбогдуулан 5,090,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг гардан авч, хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр гарган, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагчийн татгалзал хэмээн үзсэн болохыг тэмдэглэв. Хариуцагч тээвэрлэсэн ачааны хэмжээ зөрүүтэй, нэхэмжлэгчид түлш өгсөн, мөн төлбөрт 4-5 машин хайрга өгснийг хасаж тооцно гэх үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрчээ.
Хариуцагч “Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Тээвэр зохион байгуулах гэрээ” байгуулж, гэрээгээр тээвэрлэгч буюу С.Б 49-23 УНУ улсын дугаартай автомашинаар 1 метр куб ачааг 7000 төгрөгөөр захиалагч буюу “Б ХХК-ийн захиалгын дагуу түүний хүссэн газарт тээвэрлэхээр харилцан тохиролцсон байна. /xx-5-6/
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Тээвэрлэгч 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нэг удаагийн тээвэрлэлтээр 20 метр куб ачааг нийт 54 удаа 49-23 УНУ улсын дугаартай автомашинаар зөөж М ХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Б ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-13-66/
Нэхэмжлэгч тээвэрлэлт бүрээс 1 метр кубийг хорогдолд тооцон, хариуцагчаас авсан түлшний үнэд 500,000 төгрөг, тээвэрлэлтийн хөлсний үнэд тооцон авсан хайрганд 500,000 төгрөгийг тус тус хасаж, хариуцагчтай 5,063,000 төгрөгийг хүлээн авахаар тохирсон хэмээн нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна /19*7000*54-500,000-500,000=6,182,000/.
Нэхэмжлэгч 27,700 төгрөг шаардсан ба энэ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй ба хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохиролд гарсан зардал багтах тул үүргээ зөрчсөнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардалд 27,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаатай боловч хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3241 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-8-9/
Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б ХХК-аас тээвэрлэлтийн хөлсөнд 5,063,000 төгрөг, хохиролд 27,700 төгрөг, нийт 5,090,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгох зүйтэй.