| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0742/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/777 |
| Огноо | 2022-10-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/777
2022 10 03 2022/ШЦТ/777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Г.Г,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Батцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000001421 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Г.Г
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, Буриад, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын програмист мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Г нь 2022 оны 07 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн задгай тоотод өөрийн эхнэр Н.Сийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зодсоны улмаас биед зүүн гайморын хөндийн гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын 7-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, дух, хамрын нуруу, зүүн хацар, шанаа эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, зүүн талын завжинд шарх, баруун болон зүүн гарын сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шуу, баруун тохойнд цус хуралт, баруун бугалга, цус хуралт, зулгаралт, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй ...би эхнэрийгээ гараараа цохиж, үсдэж, хөлөөрөө өшиглөж тухайн гэмтлүүдийг үүсгэсэн..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
- хохирогч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хэсэг хугацаанд Лтай гар утсаар ойр зуурын юм яриад байж байтал манай нөхөр Г 2 давхраас бууж ирээд миний гар утсыг булааж аваад Лтай яриад “Чи хэн бэ” гэж уурлаад Лхагважаргалтай утсаар хэрэлдэж муудалцаж байгаад Г Лд хандаж “Чи ямар шалтгаанаар манай эхнэр лүү ярьснаа хэлэхгүй бол би Сэг зодлоо шүү” гэж хэлтэл Л үг дуугарч ядаж байгаад утсаа тасалсан. Тэгээд Г намайг бусадтай хардаж, уурлаад миний үснээс зулгаагаад гэрээс чирч гаргаад, намайг газарт унагаагаад миний нүүр лүү олон удаа гараараа цохиод мөн миний зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөсөн.., ...тухайн үед бид хоёр гэртээ хоёулаа байсан, хажууд хэн ч байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 20 дугаар тал/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-13 дугаар тал/,
- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10337 дугаартай “1 .Н.Сийн биед зүүн гайморын хөндийн гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын 7-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, дух, хамрын нуруу, зүүн хацар, шанаа эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, зүүн талын завжинд шарх, баруун болон зүүн гарын сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шуу, баруун тохойнд цус хуралт, баруун бугалга, цус хуралт, зулгаралт, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, 2.Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, б.Дээрх гэмтлүүдийг өөртөө учруулах боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Н.Сийн Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Г нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жигжидийн тоотод хохирогч өөрийн эхнэр Н.Сийг хардаж, үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зодсоны улмаас биед зүүн гайморын хөндийн гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын 7-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, дух, хамрын нуруу, зүүн хацар, шанаа эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, зүүн талын завжинд шарх, баруун болон зүүн гарын сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шуу, баруун тохойнд цус хуралт, баруун бугалга, цус хуралт, зулгаралт, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч Г.Г нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн тоотод өөрийн эхнэр Н.Сийг хардаж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Г.Гт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Н.Сийн: “...хохирлоо бүрэн төлж барагдуулсан өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Г.Гийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Гт торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ