Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2018/02723

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

24,720,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-ын санаачлагаар ямааны мах худалдан авч экспортлохоор тохиролцож, ямааны махны мөнгийг би гаргах, ямааны мах худалдан авч, тээвэрлэн боловсруулж экспортлох ажлыг Б.Б гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн надаас ямааны мах худалдан авахад зориулан гаргасан 82,000,000 төгрөгийг махаа худалдсаны дараа буцаан өгч, үлдсэн ашгаа 60:40 харьцаатай хуваан авна гэж тохирсон. Үүний дараа миний бие 2017 оны 12 дугаар сард 35,000,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 23-нд  24,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-нд 23,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Б.Б эцэг Д.Б-ын хамт Баянхонгор аймгаас ямааны махаа бөөндөж авлаа гэж надад хэлсэн. Гэтэл махаа экспортолж чадаагүй тул хөргөгчид хадгалж байгаад үнэ орохоор зараад 82,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Үүний дараа 2018 оны 3 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр 57,700,000 төгрөгийг надад шилжүүлсэн ба үлдэх 24,000,000 төгрөгийг өгөлгүй өдий хүрлээ. Бид тохирохдоо мах аваад надад харуулна, тайлангаа тавьж байна гэсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Мах Улаанбаатарт авчрах хугацаанд надад хэлээгүй. Би хэд хэдэн удаа шаардахад Баянхошуунд контейнерт байгаа гэсэн. Очиж үзэхэд 20 тоннын контейнерийн талын тал буюу миний тооцоогоор 5 тонн байсан. Үлдэх хэсгийг нь асуухад “Хүн од” ХХК-ийн хөдөө аж ахуйн лабораторийн зооринд байгаа гэсэн. Тэнд очиход зоорь хариуцсан хүн нь танай мах энд байгаа, амралтын өдөр тул орох боломжгүй гэсэн тул би итгэсэн. Одоо бодоход надаас авсан мөнгөөрөө мах аваагүй, бидний хоорондын гэрээ хэрэгжээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Б-с миний анх гаргасан 82,000,000 төгрөгийн үлдэгдэл 24,000,000 төгрөгийг, түүнд ногдох хүү буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу тохирсон хүү буюу сарын 2 хувьд тооцон 3 сард 720,000 төгрөгийн хүү, бүгд 24,720,000 төгрөгийг Б.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ц-н 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 24,000,000 төгрөг болон түүнд ногдох хүү 720,000 төгрөгийг миний бие Б.Б-аар гаргуулах тухай нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.Б миний бие анх 2016 онд Ц ахтай танилцаж, манай компанийг Хөдөө аж ахуйн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зарлагдсан хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөхөөр хамтран ажилласан боловч уг ажил бүтэмжгүй болсон. Харин Ц ах өөрийн компани дээр 1,500,000,000 төгрөгийн зээлд авсан байсан бөгөөд надад хэлэхдээ “Энэ зээлийн дараагийн ээлж удахгүй зарлагдана. Тэр үед танай компанийг хамруулж өгье. Харин өөрийн нэр дээрээ авсан зээлийн мөнгөө эргүүлж ашиг олох хэрэгтэй байна. Би төрийн албан хаагч тул ямар нэгэн юм хийх боломжгүй болоод байна” гэж хэлсэн. Тэгээд цагаан будаа, элсэн чихэр импортоор оруулж ирэхээр гэрээ хийсэн ба энэ ажлыг хариуцаад ажиллах хүн олж өгөөч гэж Ц ах надаас хүссэн. Ингээд би өөрийн дүү Б.А-ыг санал болгож ажиллуулахаар болсон. Цагаан будаа, элсэн чихэр импортлох ажил нэлээн их цаг авч байсан учир манай дүүг өөрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд бариулж байсан өөрийнхөө үйлдвэрийн барилгад хяналт тавьж ажиллуулахаар болсон байсан. 2017 оны 12 дугаар сард Ц ах надад өөрийн бизнесүүд нь бүтэмжгүй байгаа тухай хэлээд одоо ямааны мах экспортолбол их ашиг олж байна, ахдаа мах авахад тус болооч гэж анх санал тавьсан. Мах авах санал тавихдаа хилээр гаргах асуудлыг би хариуцъя, би чөлөөт бүс болон Хятадын талтай ярьж байгаа гэж хэлсэн. Улмаар би 3 хүн хөлсөөр ажиллуулахаар болж мах авч эхэлсэн боловч тухайн үед ямааны мах олдоц муутай, үнэ өндөр байсан. Мах ачиж байх үеэр хилээр гаргах асуудлыг судалж үзтэл түүхий мах гаргахгүй байгаа тухай олж мэдээд Ц ахад хэлэхэд, “Чанаж бэлтгэдэг үйлдвэр судлаад өгөөч, гарсан ашгийг 60:40 хувиар хувааж авъя” гэж хэлсний үндсэн дээр би хэд хэдэн мах чанах үйлдвэртэй ярьсан. Ц ах ч мөн үйлдвэрүүдтэй ярьсан байсан боловч энэ үед чанаж бэлтгэх үйлдвэрүүд ачаалал ихтэй байсны дээр цагаан сараас хойш Хятадын хилээр мах их хэмжээгээр гарсан, зарагдахгүй байгаа тухай олж мэдсэн. Тэгэхэд Ц ах Вьетнам улс руу гаргаж борлуулъя, махаа байлгаж бай гэсэн. Хугацаа алдсаар байсан тул махаа яах вэ гэж Ц ахаас удаа дараа асуусан боловч шийдтэй хариу өгөлгүй нэлээн цаг алдсан. Энэ хооронд дулаан орж мах гэсэж эхэлсэн тул хөргүүрт хадгалах шаардлагатай болсон. Надад ажлынхаа хажуугаар хөргүүр олох, их хэмжээний махыг байн байн ийш тийш нь зөөхөд үнэхээр хүндрэлтэй байсан ч би махыг аюулгүй хадгалж байсан. Энэ бүхний дараа Ц махны үнэ унаад байна, хэдээр ч хамаагүй зарж мөнгөө гаргаж авъя гэсэн. Тухайн үед ямааны мах 1 кг нь 2000-2500 үнэтэй болж буурсан байсан бөгөөд би таньдаг хүнтэйгээ сайн ярьж 1 кг 2,800 төгрөгөөр буюу нийт 20 тонн махыг 57,700,000 төгрөгөөр зарж, зарсан даруйдаа мөнгийг Ц ахад шилжүүлсэн. Ц ах анх мах авахуулахаар 82,000,000 төгрөгийг өгсөн нь үнэн бөгөөд энэ мөнгөөр 20,8 тонн мах гулуузаар бэлтгэсэн. Уг зардалд ажилтны хөлс мах ачих том оврын машины тээврийн хөлс, хөргүүрийн түрээсийн хөлс зэрэг зардлууд багтсан болно. Мөн Ц ах  нэг удаа надтай утсаар ярьж 10 тонн мах яг одоо ачаад ир гэж хэлсний дагуу том оврын ачааны машин болон ачигч хөлслөөд ачиж байтал “Хэрэггүй болчихлоо, буцаагаад буулга” гэж байсан. Энэ бүхэнд зардал гарахын зэрэгцээ би хувийн ажлаа хойш тавьж цаг алдсан. Мах бэлтгэж байх хугацаанд Цэрэн ах 2 удаа ирж махыг өөрийн биеэр хараад, сайн мах байна гэж байсан. Миний бие энэхүү ажилд өөрийн зүгээс хийх бүх зүйлээ хийж махыг цаг хугацаанд нь бэлэн болгосон байсан ч Ц ах өөрийн хариуцсан ажлыг гүйцэтгэж чадаагүйгээс энэ ажил амжилтгүй болсон. Гэтэл энэхүү нэхэмжлэлээс харахад Ц ах анхнаасаа ашиг гарвал хувааж аваад, алдагдалд орвол нэхээд авчихъя гэсэн санаатай байсан нь харагдаж байна. Нэхэмжлэлд дурдсан 24,000,000 төгрөг болон 720,000 төгрөгийн хүүг нэхэмжилсэн тайлбартаа “ би зээл авч бизнес хийх гээд бүтэлгүй болсон тул” гэж бичсэн нь энэ хүнийг болоод бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг илтгэж байна. Ц ахын шилжүүлсэн 82,000,000 төгрөг бүгд мах бэлтгэх ажилд зарцуулагдсан бөгөөд үүнийг шүүхэд баримтаар гаргаж өгөх болно. Иймд миний бие Б.Цн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Б-ас 24,720,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг хариуцагчтай малын мах бэлтгэн, гадаад улс руу экспортлох хамтран ажилласан ба шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 24,000,000 төгрөг, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүд 720,000 төгрөг, нийт 24,720,000 төгрөг гаргуулна гэсэн бол хариуцагч нь шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл нь малын мах бэлтгэх, хадгалах, худалдан борлуулахад гарсан зардалд тооцсон хэмээн маргажээ.  

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Б.Ц 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, 1 дүгээр сарын 23-ны өдөр 24,000,000 төгрөг, 1 дүгээр сарын 29-ний өдөр 23,000,000 төгрөг, нийт 82,000,000 төгрөгийг “Биродом” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан хэмээн маргаагүй. /хх5-6, 45/ Мөн хариуцагч 57,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтын хувьд маргаагүй байна. 

Харин зохигчдын хооронд ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “надаас ямааны мах худалдан авахад зориулан гаргасан 82,000,000 төгрөгийг махаа худалдсаны дараа буцаан өгч, үлдсэн ашгаа 60:40 харьцаатай хуваан авна гэж тохирсон”, хариуцагч хариу тайлбарт “мах ачиж байх үеэр хилээр гаргах асуудлыг судалж үзтэл түүхий мах гаргахгүй байгаа тухай олж мэдээд Б.Ц ахад хэлэхэд, “Чанаж бэлтгэдэг үйлдвэр судлаад өгөөч, гарсан ашгийг 60:40 хувиар хувааж авъя” гэж хэлсний үндсэн дээр би хэд хэдэн мах чанах үйлдвэртэй ярьсан”, талуудын утсаар харилцсан зурваст 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б.Ц-ийн утаснаас “зээлийн буцаалт гэж утгыг нь оруулах”, 2018 оны 6 дугаар сарын 08, 6 дугаар сарын 11-ны өдөр Б.Б-н утаснаас “мөнгийг бүгдийг нь өгнө” гэх агуулгатай зурвас илгээснээс дүгнэхэд талууд нэхэмжлэгч нь малын мах худалдан авахад зориулж мөнгө шилжүүлэх, хариуцагч мөнгийг буцаан төлөх, мөнгийг зориулалтын дагуу ашиглаад гарсан ашгаас нэхэмжлэгч 60 хувь, хариуцагч 40 хувийг авахаар харилцан тохиролцсон байна.  

Талууд мөнгө шилжүүлэх, буцаан төлөх үүрэг хүлээж байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бол олсон ашгийг хуваахаар тохирсон нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар хүүгийн талаар болзол тохирсон гэж үзнэ.

Хариуцагч шилжүүлэн авсан 82,000,000 төгрөгөөс 57,700,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт болон үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байгаа, хариуцагч мөнгийг эргүүлэн өгнө гэж байгаагаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар шаардсан байна. Гэрээний тал гэрээнээс татгалзсан тул хариуцагч шилжүүлэн авсан мөнгөний үлдэгдэл буюу нэхэмжлэгчийн шаардсан 24,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.” гэж заасныг үндэслэн 24,000,000 төгрөгт ногдох тохирсон хүүг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн доод хэмжээг 2 хувь гэж үзэн, 720,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хуулийн энэхүү зохицуулалт нь талуудын хооронд үүрэг үргэлжилж байх үед үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх иргэний эрх зүйн хариуцлага тул талуудын хооронд үүргийн харилцааг дуусгавар болгосон энэ нөхцөлд хэрэглэх үндэслэлгүй. Түүнчлэн мөнгөн төлбөрийн үүрэг хэзээнээс эхлэн тоологдох, хэтэрсэн хугацаанд тохирсон хүүгийн хэмжээг тооцохдоо жишиг болгох хэмжээ нь ямар байх талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул 720,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Б-ас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгон, үлдэх 720,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-ас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгон, үлдэх 720,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 281,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.НЯМСҮРЭН