Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0202/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           С.Нарангэрэл

Шүүгдэгч                                           Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А-т холбогдох 2239002550339 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Д.А нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн хүнд зэргийн согтолттой байх үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс урд зүгт 6 км зайд АО-502 дугаартай төв магистрал зам дээр Петровис ШТС-ийн дэргэд 11-88 ХЭА улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: гэх заалтын а/-тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг тус тус зөрчисний улмаас замаар хөндлөн гүйсэн 6 настай Л.С-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас Л.С-ын эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 7-14 хуу/

11-88 ХЭА улсын дугаартай Аqua маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 15-18 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 19-23 хуу/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-хх-ийн 28 хуу /

Д.А-гийн  согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багаж ашиглан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 01 минутанд шалгахад Д.А-гийн амьсгал дахь спиртын агууламж 3.19 хувь, гарсаныг тэмдэглэж авсан  тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг /1-хх-ийн 29-30 хуу/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Ц-гийн өгсөн:..Талийгаач Л.С  бол миний ач хүү байгаа юм. С  2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 6 настай хүүхэд байсан. Талийгаач С-ын  аав болох Лхагвасүрэн мэдрэлээр, ээж Энхтуяа нь сэтгэцээр группд байдаг хүмүүс юмаа. С  ач хүү маань Баян-Овоо сумынхаа цэцэрлэгт хүмүүждэг байсан. Миний хүү хөнгөн хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо, архаг суурь өвчингүй хүүхэд байсан. Ач хүү С ыг 5 нас хүртэл би өргөж хүмүүжүүлсэн юм...Би гомдолтой байна. Оршуулгын зардал болох 11 сая төгрөгийг нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /1-хх-ийн 39 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч С.Олягийн өгсөн:...Би нөхөр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нисэхийн 10-09 тоотод оршин суудаг. Д.А бол миний нөхөр байгаа юм. 11-88 ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн AQUA маркийн тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээний байгууллагын гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний том хүү А.Цогт-Эрдэнэ сэтгэцийн болон унаж татдаг төрлөхийн өвчтэй байдаг бөгөөд хүүгээ эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд 11-88 ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн AQUA маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг бөгөөд машин маань маш их хэрэгтэй байна...гэх мэдүүлэг /1-хх-ийн 42-43 хуу/

 

Гэрч М.Мөнхнасангийн өгсөн:...Миний бие үеэл ах Мөнхбат, түүний эхнэрийн хамтаар Сүхбаатар аймгаас Улаанбаатар орохоор явж байсан. Тэгээд ойролцоогоор 16 цаг 40 минутын үед Хэнтий аймаг руу орох замд гүүрний урд талд Петровис бинзен колонкийн хойд талд явж байтал гэнэт үеэл ах Мөнхбат нь “хүүхэд машинд дайруулчихлаа” гэж хэлэхээр нь бид нар машинаа зогсоогоод очтол цэнхэр өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ойролцоогоор 6 орчим насны эрэгтэй хүүхдийг дайрсан байдалтай, хүүхдийг нэг эмэгтэй хүн тэврээд сэгсрээд байсан. Тухайн үед хүүхдийн хамар амнаас цус гарчихсан ухаангүй байдалтай байсан. Тэгээд бид нар эмнэлэг болон цагдаа дуудах гэтэл Хэнтий аймгийн түргэн цагдаагийн дугаарыг мэдэхгүй өөр аймгууд руу залгаад байсан байна лээ...Би яг нүдээрээ осол болохыг хараагүй утсаа оролдоод явж байтал үеэл ах хэлсэн. Тэгээд бууж очоод харахад тэр цэнхэр машины жолооч гэх 50 орчим насны ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь харагдаж байсан. Тэгээд би бодохдоо тэр цэнхэр машинтай тэр ахыг дайраад гэмтээчихсэн юм байна гэж бодсон...гэх мэдүүлэг /1-хх-ийн 47 хуу/

Гэрч Б.Энх-Амарын өгсөн: ...Би Улаанбаатар хотын БГД-н 8 дугаар хороо 6-12 тоотод нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм л даа. Би өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 22-нь өдөр нөхөр Мөнхбат болон нөхрийн үеэл Мөнхнасангийн хамтаар 01-05 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу Сүхбаатар аймгаас хөдөлсөн. Тухайн үед манай нөхөр машинаа жолоодоод би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суугаад явж байсан. Ингээд Хэнтий аймаг руу дөхөж ирэхэд буюу 16 цаг 20 минутын үед би машин дотроо утсаа оролдож байхад нөхөр маань гэнэт “Яанаа урд нэг машин хүүхэд дайрчихлаа” гэж хэлсэн. Ингээд би харахад замын хажууд нэг хүүхдийг эмэгтэй хүн тэвэрчихсэн сэгсэрээд 2 3 хүн тойрчихсон хажууд нь зогсож байсан. Ингээд би утсаараа Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нэг дугаарыг олоод залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд дахиж нэг утас олоод запгасан чинь эмнэлэг утсаа аваад дуудлага мэдээлэл ирсэн гэж хэлсэн. Ерөнхийлөө ийм л асуудал болсон...Миний хувьд хараагүй ээ. Утсаа оролдоод явж байхад л гэнэт л нөхөр маань урд нэг машин хүүхэд дайрчих шиг боллоо л гэж хэлсэн. Өөр зүйлийг бол би сайн мэдээгүй...миний хувьд машины марк мэдэхгүй учраас сайн мэдэхгүй байна цэнхэр өнгийн жижиг тэрэг байсан улсын дугааргыг нь сайн хараагүй ээ...гэх мэдүүлэг /1-хх-ийн 50-51 хуу/

Гэрч Б.Мөнхбатын өгсөн: ...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн LUXESRX400H маркийн автомашинтайгаар Сүхбаатар аймгийн Баруун Урт сумаас Улаанбаатар хот руу эх*******Энх-Амар, үеэл дүү Мөнхнасан нарын хамт замд явж байх хугацаанд 16 цаг өнгөрчихсөн байхад Хэнтий аймгийн төвөөс урд байдаг Перовис колонкоос зүүн талд 500 гаруй метрийн зайд жижигхэн цэнхэр өнгийн 11-88 ХЭА улсын дугаартай AQUA маркийн машин миний хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн юм. Тэгээд намайг гүйцэж түрүүлсэн 11-88 ХЭА улсын дугаартай AQUA маркийн машин Петровис ШТС-ын харалдаа хүүхэд мөргөчихөөд зоссон тухайн үед би араас нь явж байгаад машинаа зогсоогоод тэр хүүхэд рүү очих үед тухайн үед 11-88 ХЭА улсын дугаартай Aqua маркийн машины жолооч нь мөргүүлсэн хүүхдийн дэргэд очоод толгойгоо бариад зогсож байсан. Харин тухайн хүүхэдтэй хамт явсан хүмүүс нь хүүхдэд анхны тусламж үзүүлэхгүй хүүхдийг тэвэрч сэгсрээд яах учраа олохгүй байсан болохоор нь би туслахаар шийдэж тухайн үед хүүхдийг харгалзаж, явсан хүмүүст нь хүүхдийн доор дэвсэх зүйл авчруулж, СРR тусламж үзүүлж түргэн тусламж иртэл тэр газарт байсан. Харин эмнэлэгээс тусламж ирсэний дараа хүүхдийг хүлээлгэж өгөөд цагдаа иртэл тухайн хэрэг учрал болсон газарт би хүлээсэн...Би тухайн үед тэр машиныг дагаад араас нь явж байх үед машиных нь урдуур бараан зүйл бөмбөрч замын хойд хэсэг рүү унасан. Тэрийг нь би эхэлж бодохдоо хүүхэд мөргөсөн гэж бодоогүй. Нохой муур өөр зүйл мөргөчихлөө гэж бодсон. Харин дөхөж ирээд харсан чинь хүүхэд мөргөсөн байсан...надад ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн 54-55 хуу/

 

Гэрч М.Лхагвасүрэнгийн өгсөн: ... Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим эх*******Энхтуяа, хүү С , хадам ээж Тунгалагжаргал, болон эхнэрийн ах дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу 3 машинтай аймгийн төвөөс хөдөлсөн. Хэнтий аймгийн төвийн урд байх “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд эх*******хүү бид гурвын сууж явсан машин замаа чөлөөлөөд зогссон. Бид гурав хар хөх өнгийн Төрхүү ахын жолоодож явсан машинд сууж явсан. Төрхүү ах араас ирж яваа нөгөө машинаа хүлээх гээд зогссон. Би машинаас буугаад машины ард буюу ертөнцийн зүгээр баруун талд нь тамхи татаад зогсож байсан. Тухайн үед хүү С  миний хажууд зогсож байсан, эх*******машинаас буугаагүй байсан. Миний хажууд өөр хэн байсныг би санахгүй байна. Ямар ч байсан би хүүдээ наашаа байгаарай машин ирж байна гэж хэлж байсан. Би хүүгээ машинд мөргүүлэхийг харж амжаагүй. Пид хийсэн чимээ гарсан. Миний хүү цэнхэр өнгийн машинд мөргүүлээд баруун зүгт замын хойд талд шигдсэн байхыг харсан. Миний хүүг мөргөсөн машин нэлээн хурдтай явж байсан. Би мэдрэлээр группд байдаг бөгөөд хааяа татаж унадаг, өнгөрсөн үйл явдлын зарим зүйлийг сандаггүй юм...гэх мэдүүлэг /1-хх-ийн 59 хуу/

Гэрч Э.Одгэрэлийн өгсөн: ...Би Улаанбаатар хотоос эх*******Баярмаа, 3 хүүхэд болон найз Отгонзаяа машинтай Хэнтий аймгийн төвд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим ирээд аймгийн төвөөс шууд урагшаа гарч яваад аймгийн төвөөс урагш 6-7 км орчим зайтай байх “Петровис” шатахуун түгээх станцаас бензин авчихаад “Петровис” шатахуун түгээх станцын талбайн зүүн урд хэсэгт зогсоод аймгийн төвөөс ирж байгаа ах дүү нараа хүлээгээд зогсож байсан. Манай ах дүү нар жил болгон Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт байх “Удмын овоог” тахьдаг юм. Уг овоог тахихаар манай ах дүү нар Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу явж байсан. Миний араас хойд аав Төрхүүгийн жолоодож явсан машинтай ээж Энхцэцэг, Лхагвасүрэн, Энхтуяа, С  нар ирээд Петровис шатахуун түгээх станцийн зүүн талын гарцны зүүн үзүүрт баруун гар тийш шахаж замаа чөлөөлөөд зогссон. Хойд аав Төрхүүгийн машин дээр очиж кабен дотроос хайрцагтай хүнсний зүйл авч өөрийхөө сууж явсан машинд хийсэн. Энэ үед аавын машинаас Лхагвасүрэн ах буугаад замын далангаас бууж тамхи татсан. Энэ хооронд С  дүү сууж явсан машиныхаа араар тойроод зам хөндлөн гүйсэн энэ, би үед өөрийнхөө сууж явсан машины хажууд зогсож байсан бөгөөд С-ын  араас хүүш гэж хашгараад гүйх гэтэл зүүн зүгээр цэнхэр өнгийн AQUA маркийн машин С  хүүг мөргөөд замын голд зогссон. С  дүү баруун зүгт хол шидэгдээд замын хойд хэсгийн шороон хөвөөн дээр унасан. Цэнхэр өнгийн AQUA маркийн машины жолооч 100 орчим км цагийн хурдтай явж байсан байх, их хурдтай ирсэн. С  дүү гүйгээд цэнхэр өнгийн AQUA машины явж байсан эгнээнд ороогүй байхад уг тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгал сөрж ороод С ыг мөргөсөн. Осол болохын өмнө Сүхбаатар ах Prius 10 маркийн машинтайгаа ирээд аавын машины урд буюу ертөнцийн зүгээр зүүн талд зогссон доторх хүмүүс машинаасаа бууж амжаагүй байхад осол гарсан. Цэнхэр өнгийн AQUA маркийн тээврийн хэрэгслийг эрэгтэй хүн унаж явсан бөгөөд уг хүн осол болсоны дараа машинаасаа согтуу гуйваад бууж ирсэн. Мөн машин дотор 2 эрэгтэй хүүхэд байсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 63 хуу/

Насанд хүрээгүй гэрч А.С ын өгсөн: ... Би одоо хэдний өдөр гэдгийн санахгүй байна. 2022 оны 06 дугаар сард аав Азбилэг, ах Цогт-Эрдэнэ нарын хамт хөдөө морио барихаар ээжийн машинтай явсан. Хөдөө Очирбат гэх айлд очиход Очирбат ах архи гаргаж байхыг харсан. Аав Очирбат ах хоёр архи уусан байх. Тэгээд би унтаад өгсөн. Маргааш өдөр нь үд өнгөрөөгөөд аав Азбилэг, ах Цогт-Эрдэнэ нарын хамт Очирбат ахын гэрээс буюу хөдөөнөөс Хэнтий аймгийн төв рүү ээжийн машинтай явсан. Яг цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Хэнтий аймгийн төвийн урд Хэрлэн зоогийн хажууд явж байхад ах Цогт-Эрдэнэ татаж амнаас нь хөөс гараад би гараараа ахын толгойг хажуу тийш харуулж бариад явж байсан. Толгойг нь эгц дээш харуулахаар шүлсэндээ хахдаг юм. Миний ах Цогт-Эрдэнэ татаж унадаг өвчтэй юм. Осол болох үед би жолоочийн хажуу талын суудал дээр, ах Цогт-Эрдэнэ арын суудал дээр, аав машинаа бариад явж байсан. Хөдөөнөөс аймгийн төв рүү явахад аав архи уугаагүй. Би урд суудал дээрээс арагшаа сунаж ахын толгойг хажуу талаар нь харуулж барьж байсан болохоор машины урдуур хүүхэд гүйхийг хараагүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 70-71 хуу/

 

Гэрч Т.Энхцэцэгийн өгсөн: ... Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим нөхөр Төрхүү, Лхагвасүрэн, Энхтуяа, С-ын  хамт нөхөр Төрхүүгийн хар өнгийн 30-39 УНО улсын дугаартай авто машинтай аймгийн төвөөс гараад Хэнтий аймгийн төв Чингис хотоос урд зүгт 5-6 километрийн орчим зайтай байх Петровис шатахуун түгээх станцын зүүн талын гарцны зүүн хэсэгт, машины ар талаас хүү Одгэрэлийн машинд хайрцагтай хүнсний зүйл авч хийхээр зогссон. Манай садан төрөл ах дүү нар жил болгон Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байх “Удмын Овоог” тахьдаг бөгөөд уг овоог тахихаар явж байсан юм. Бусад ах дүү нар маань аймгийн төвөөс араас ирж байсан юм. Тухайн үед хүү Одгэрэл ирчихсэн Петровис шатахуун түгээр станцын зогсоолын талбайн зүүн талд зогсож байсан. Би өөрийн сууж явсан машины араас хайрцагтай хүнсний зүйлийг авч хүүгийн машинд хийхээр буухад машины ард сууж байсан С  хүү аав Лхагвсүрэнгийн хамт бие засна гээд бууж байсан. Би хүү Одгэрэлийн хамт Одгэрэлийн машинд хайрцагтай эд зүйл хийчихээд буцаад өөрийн сууж явсан хар өнгийн 20-39 УНО улсын дугаартай машины хажууд ирэхэд миний зүүн талаар цэнхэр өнгийн жижиг авто машин их хурдтай өнгөрсөн. Би дотроо яасан хурдтай явдаг юм гэж бодоод машины зүүн урд талын хаалгыг нээх үед ард хүмүүс шуугалдаад, пид хийсэн чимээ гарахаар нь эргээд хартал агаарт хүүхэд эргэлдэж байсан. Би эхэндээ цэнхэр жижиг машины цонхоор хүүхэд шидэгдчихлээ гэж бодсон. Цэнхэр өнгийн 11-88 ХЭА улсын дугаартай машинаас зүс таних А ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай бууж ирсэн. Цэнхэр өнгийн 11-88 ХЭА улсын дугаартай машин дотор мөн 2 хүүхэд байсан. Тухайн үед зүс таних А ах хүүхэд маань татаад би яараад явж байсан юм гэж хэлж байсан. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 22 жил ажиллаж байгаа бөгөөд Сүрьеэгийн тасагт ахлах сувилагч хийдэг Оля гэх хүнийг таньж мэддэг. Зам тээврийн осол гаргасан жолооч Оля эгчийн нөхөр А гэх хүн байсныг машинаас буухад нь таньсан. Оля эгчийн том хүүхэд нь унаж татдаг өвчтэй, Байнгын асаргаанд байдаг гэдгийг би мэддэг...гэх мэдүүлэг /1-хх-ийн 75 хуу/

Гэрч Р.Цэндсүхийн өгсөн: ... Би Доржхуягийн А гэх хүнийг танина. Ухаан орох цагаасаа хамт тоглож өссөн миний найз байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. А зургаан хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь бөгөөд аав ээж нь малчин хүмүүс байсан. А одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт эх*******3 хүүхдийн хамт амьдардаг. Эх*******Оля нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт Сүрьеэгийн тасагт сувилагч хийдэг. Миний найз А зан аашийн хувьд төлөв даруухан уур уцаар багатай, ажилсаг, хүнд тусархаг хүн. Хааяа бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Тамхи татдаг. А Баянхутаг сумын харьяат бөгөөд цөөн тооны малтай, малыг нь өөрийнх нь төрсөн дүүн малладаг. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Цэргийн алба хаасан. Том хүү нь унаж татдаг өвчтэй бөгөөд А өөрөө том хүүгээ асарч халамжилдаг...гэх мэдүүлэг /1-хх-ийн 79 хуу/

Гэрч Д.Долгоржавын өгсөн: ...Би Д.А гэх хүнийг танина. Миний төрсөн дүү байгаа юм. А 1974 онд Хэнтий аймгийн хуучнаар “Идэрмэг” суманд төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд бөгөөд 8 дугаар ангиа төгсөөд өөрөө малчин болно гээд сургуулиас гарсан. Сургуульд сурч байхдаа сурлага номондоо сайн хүүхэд байсан. Одоо эх*******3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин сууж байгаа. Том хүү Цогт-Эрдэнэ төрлөхийн унаж татдаг өвчтэй бөгөөд том хүүгээ А асарч халамжилж явдаг. Миний дүү зан аашийн хувьд төлөв даруухан дөлгөөн тайван, хүнтэй нийтэч харилцаатай хүн. Хурьдан морь уяах, нохойгоор ан хийх сонирхолтой. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Цэргийн алба нэг жилийн хугацаагаар Дорнод аймагт хаасан. Хувиараа мал аж ахуй эрхэлдэг...гэх мэдүүлэг /1-хх-ийн 83 хуу/

Гэрч Х.Очирбатын өгсөн: ...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Холбоо” гэх газар өвөлжөө сахиад ганц гэрээрэй, ганцаараа байхад 2022 оны 06 дугаар сарын 21-ний орой 17 цагийн орчим А 2 хүүгийнхээ хамт цэнхэр өнгийн өөрийнхөө машинтай ирээд манайд хоносон. Би Азбилэгт авдаранд байсан 750 граммын “Хараа” архийг гаргаж өгсөн. Архинаас би нэг л удаа хундагаар уусан бөгөөд бусад архийг А ганцаараа ууж дуусгасан. Би орой 23 цагт амрахаар хэвтэхэд А архиа уугаад үлдсэн. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө А толгой өвдөөд байна гээд хэвтээд байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим том хүү нь татсан. А 2 хүүгээ аваад аймгийн төв рүү машинаа унаад хөдөлсөн. Том хүү нь татаж унадаг өвчтэй юм. 2022 оны 06 дугаар сарын 21-ний орой унтаж амрахын өмнө Азбилэгийн том хүү нь татаж унахаар нь А бид хоёр том хүүгийнх нь гар хөлийг барьж таталтыг нь тавиулсан. Тэгээд би унтаж амарсан А архиа уугаад сэрүүн үлдсэн...Би А садан төрлийн холбоогүй. Би А төрсөнөөс ялгаагүй ах дүүсийн харилцаатай...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А бид хоёр архи уусан асуудал огт байхгүй...2022 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдөр манай гэрээр Батцэрэн ирээгүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 87 хуу/

 

Гэрч Г.Батцэрэнгийн өгсөн: ...Би Д.А ахтай садан төрлийн холбоотой. А ах бол манай аавын ах Доржхуягийн төрсөн хүү нь байгаа юм. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт хувиараа мал аж ахуй эрхэлдэг бөгөөд А ахын хонь, ямаа, адуу нийлсэн 100 гаран тооны малыг нь би хардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А ах том хүү Цогт-Эрдэнэ, бага хүү С  нарын хамт өөрийнхөө цэнхэр өнгийн жижиг машинтай манайд ирээд уях морио барьчихаад, шөлний ямаа ажиллаж махын эвдэж аваад буцлаа гээд манай гэрээс үд өнгөрөөгөөд явсан. Манайх тухайн үед Баянхутаг сумын 1 дүгээр “Холбоо” гэх газар нутаглаж байсан. Хэнтий аймгийн төвөөс 41 километр зайтай. Манайд ирэхдээ А ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Буцаж явахдаа ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй...2022 оны 06 дугаар сарын 21-нд Х.Очирбат ахынх манай гэрээс баруун зүгт 2 километр зайтай нутаглаж байсан...Би 2022 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдөр Х.Очирбатын гэрээр очоогүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 91 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар  сарын 21-ний  өдрийн 46 дугаартай дүгнэлт:

1.2. Талийгаач Л.С-ын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн дунд, арын хонхорын шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хажуугийн ховдол, тархины хатуу хальсан доорх цусан хураа, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уушги, бөөрний гадаргуу дахь цус хуралт, зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, баруун, зүүн хацар, эрүү, уруул, хэвлий, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, баруун шилбэ, шагай, өлмий, 1,4,5-р хуруу, зүүн өвдөг, шилбэ, шагай, өсгийнд зулгаралт, зүүн хацар, баруун бугалга, зүүн хөлийн 1-р хуруунд шарх, баруун бугалга, шуу, цээж хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ...гэх дүгнэлт /1-хх-ийн 100-103 хуу

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар  сарын 08-ны  өдрийн 3414 дугаартай дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.А 48н/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.А 48н/эр” гэж хаягласан цусанд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3,3 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт  /1-хх-ийн 118-119 хуу/

 

Шинжээчийн 2022 оны 07 дугаар  сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт:

  1. 1188 ХЭА улсын дугаартай Toyoto AQUA маркийн тээврийн хэрэгслийн тормосын системийн эд анги бүрэн бүтэн, тормос хэвийн ажиллагаатай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 146 хуу/

 

Шинжээчийн 2022 оны 07 дугаар  сарын 25-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт:

а. Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн: 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэх заалтыг зөрчиж согтууруулах унаа хэрэглэсэн уедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

б. Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

в. Монгол Улсын Замын хедөлгөөний дурмийн: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн дээрх заалтыг тус тус зөрчсөн нь, мөн жолооч хүний самбаачлах хугацаа 0.8 секунт байдаг ба согтуурлын зэрэг нь 3.3 промилли байна гэдэг нь самбаачлах хугацаа 2.64 секунт болж удааширч тодорхой үйлдэл хийж чадаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

 Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн: 5.5. Явган зорчигч нь 10 хуртэлх насны хуухдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна гэх заалтыг талийгаачийн эцэг, эх зөрчнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...гэх дүгнэлт /1-хх-ийн 153-154 хуу/

 

Д.А-гийн яллагдагчаар өгсөн: ...Тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим эхнэрийн 11-88 ХЭА улсын дугаартай “Акуа” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүү Цогт-Эрдэнэ, С  нарын хамт Баянхутаг сумын 1 дүгээр баг “Нярав-холбоо” гэх газар нутаглах малчин Батцэрэнгийн гэрт очиж уях морио барьсан. Энэ өдрөө Очирбат гэх айлд хонохоор 2 хүүгийнхээ хамт очсон. Очирбат ах 750 граммын “Хараа” архи гаргаад Очирбат ах бид хоёр хувааж ууж дуусгаад унтахад 00 цаг өнгөрч байсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн орчим босоход миний тархи толгой өвдөөд байхаар нь цай уучихаад эргэж хэвтээд унтсан. Тэгээд унтаж байтал том хүү Цогт-Эрдэнэ татаж ухаангүй болохоор аймгийн төв рүү 2 хүүгийн хамт явсан. Миний том хүү Цогт-Эрдэнэ татаж унадаг өвчтэй юм. Замд явж байхад Цогт-Эрдэнэ хүү таталт нь тавигдаж зүгээр болсон. “Хангарьд” шатахуун түгээх станцын урд тал явж байхад Цогт-Эрдэнэ дахин татаж ухаангүй болохоор нь сандраад аймгийн төв рүү явж байсан. Тэгсэн гэнэт миний зүүн гар талаас хүүхэд машины урдуур хүүхэд гүйж орж ирсэн би тормос гишгэсэн тэгээд хүүхдийг мөргөсөн. Тэгээд машинаа замын гол хэсэгт зогсоогоод буусан. Олон хүмүүс намайг хүүхэд мөргөчихлөө гэж байсан... Миний жолоодож явсан 11-88 ХЭА улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийн тормос хэвийн ажиллагаатай байсан...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. “В” ангилалтай...Би машины хурдны заалтаа хараагүй, багцаагаар 70 км цагийн хурдтай явж байсан байх... Би талийгаач Л.С-ыг өөрийн явж байсан эгнээд мөргөсөн...гэх мэдүүлэг /1-хх-ийн 185 хуу/

 

Д.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа   /1-хх-ийн 188 хуу/

Д.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-хх-ийн 200 хуу/

 

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2-хх-ийн 8,10 хуу/

 

Мягмарсүрэн овогт Лхагвасүрэн нь /СД85092016/ 1-4-25-2 эхний шинж тэмдгийн уналт таталт өвчний учир 4.25 заалтаар, Тунгалагжаргал овогтой Энхтуяа нь /ЛН86121906/ оюун ухааны хүндэвтэр хомсдол өвчний учир 2.14 заалтаар тус тус хөдөлмөрийн чадвар алдагдалтай нь үнэн болно гэх Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/297 дугаартай албан тоот /2-хх-ийн 33 хуу/

 

Хохирогчийн хууль ёсний төлөөлөгч Д.Ц-гийн гаргасан “ А-ээс   сэтгэл санаа болон оршуулгын зардалд нийт 11.000.000 төгрөг Хаан банкны 5940036962 тоот дансанд шилжүүлэн авсан болно. Азбилэгт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /1-хх-ийн 219 хуу/

 

Яллагдагч Д.А-гийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /2-хх-ийн 12  хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.А нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд согтуурсан  үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутагт байх засмал зам дээр 11-88 ХЭА улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-д заасан . Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас 6 настай Л.С-ыг мөргөж  амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Дээрх зам тээврийн осол нь шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-д заасан . Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөнмй улмаас гарсан, уг зам тээврийн ослын улмаас нэг хүний  амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

 Тухайн үед 11-88 ХЭА улсын дугаартай Тоёота Акуа” маркийн автомашиныг Д.А нь жолоодож явсан тухай гэрчүүд мэдүүлэг өгсөн бөгөөд  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул С.Мөнхбаясгаланг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх ба Д.А-гийн амьсгал дахь спиртийн агууламж 3.19% илэрсэн, цусан дахь спиртийн агууламж 3.3 промиль илэрсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байна гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Д.Азбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нь “ Азбилэгт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /1-хх-ийн 219 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Аймгийн Прокурорын газраас Д.А-гийн  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.       

 

Яллагдагч Д.А нь  хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /2-хх-ийн 12 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 13 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.А хүлээн зөвшөөрч /2-хх-ийн  24 хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Иймд шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.А-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Далай Ван овгийн Доржхуягийн Азбилэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн гэм буруутайд тооцсугай..

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хууулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Азбилэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.А-т  оногдуулсан 1 /нэг/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсунөй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ