Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/778

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         10          03                                 2022/ШЦТ/778

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч О.Б,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан эрүүгийн 2211000001382 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Б овогт О.Б

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10-335 тоотод оршин суудаг, урьд 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял, 2013 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 633 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус эдэлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 08-аас 09-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” нэртэй баарны гадаа хохирогч Г.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 08-аас 09-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” нэртэй баарны гадаа хохирогч Г.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 бааранд ганцаараа ороод уг бааранд 0,5 литрийн “Экс” нэртэй архийг бааранд таарсан 3 найзынхаа хамт хувааж уусан. Тухайн үед яг юунаас болж муудалцсан талаараа бол би санахгүй манай найзууд болохоор Г гэх залуутай эмэгтэй хүнээс болж маргалдсан гэж ярьж байсан. Тэгээд уг баарны 1 давхар Гантулгын найзтай маргалдаад зогсож байхад хажуугаас Г уг нь салгах гээд орж ирэх үед нь би намайг цохих гэж байна гэж бодоод баруун гарын ард талаар хамар хэсэгт нь 1 удаа цохисон тэгсэн чинь хамраас нь цус гараад удаагүй хүмүүс ирж салгасан тэгээд цагдаагийн байгууллагын алба хаагчид ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд авчиж саатуулсан юм, ... би бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/,

- хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Буянбат, Аравсал хоёрын хамтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн “Дуулга” нэртэй диско баарнаас гарч шорлог идэж байтал нэг найзтай 3 танихгүй хүн тойрч зогсоод диско баарны гадна талд маргалдаж байсан. Би харсан даруйдаа очиж салгаж болиулж голоор нь орох үед үсээ арагш боосон 165-168 см өндөртэй, 65-70 кг орчим жинтэй, 25-30 насны, цагаан өнгийн фодволк, хар өнгийн савхин хүрэм өмссөн залуу миний нүүр буюу хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гарч миний хамар одоогоор зовуурьтай байна. Би бааранд байхдаа болон гадаа байхдаа хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

- гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би зааланд зохион байгуулах ажиллаа хийгээд явж байхад манайхаар үйлчлүүлж байсан нэг эрэгтэй хүн орж ирээд 1 давхрын коридор буюу шатан дээр 2 эрэгтэй хүн хоорондоо муудалцаад байна гээд яваад очиход Г гэгч нь хамраа дарчихсан, хамраас нь цус гоожсон байдалтай зогсож байсан ба Б гэгч нь дээгүүр нүцгэн, үсээ дээрээ боосон залуу байсан. Тухайн үед уг 2 залуутай хамт явж байсан гэх хүмүүс зодооныг салгасан байдалтай байсан. Тэгэхээр нь тухайн үед Г гэх хүнтэй хамт явж байсан гэх нэг найзыг нь очоод цагдаад хүн зодуулсан гэж хэлээд ирээ тэгэхгүй бол дахиад маргаан болох гээд байсан тэгээд байж байхад Г нь өөрөө хэрэггүй надаас уучлалт гуйлгачих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж байсан. Тэгээд манай баарны 1 давхрын коридорт зогсож байхдаа Б, Г нар нь хоорондоо эвлэрээд хамрынхаа цусыг угаасан тэгээд уг хүмүүс нь нэг мэдсэн алга болсон байсан харин би өөрөө буцаж ороод зохион байгуулагчаа хийсэн. Мөн уг хүмүүс нь тарахгүй манай баарны үүдэнд бүлэг бөөгнөрөл үүсгээд байсан тэгээд би уг хүмүүсийг тараах зорилгоор баарны үүдэнд зогсож байхад Б гэгч нь мөн Г гэгчийг нүүр хэсэг рүү цохиж харагдсан гэхдээ би яг хаашаа цохисон талаар сайн хараагүй. Тэгээд л удалгүй уг хүмүүс нь тараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9791 дугаартай “...Г.Гын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох үйлчлэлээр 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Г.Гантулгын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 08-аас 09-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” нэртэй баарны гадаа хохирогч Г.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор тохирол ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Г.Г шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  шүүгдэгч О.Быг уг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч Г.Гын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Баас гаргуулах нь үндэслэлтэй байх тул өөрийнх нь саналыг харгалзан нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б овогт О.Бт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Быг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Быг торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 161.000 /нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

 8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ