Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2022/0199/Э |
Дугаар | 2022/ШЦТ/167 |
Огноо | 2022-10-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0199/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Д-д холбогдох 2239002270338 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хос аялгуу караокены гадна мөрөллөө гэх шалтгааны улмаас хохирогч М.Атой маргалдаж улмаар толгойн уруул хэсэгт нь толгойгоороо мөргөн зодож түүний эрүүл мэндэд баруун уруулын салстад сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч М.А-ыг өгсөн:.. Би 2022 оны 06 дугаар сарын 04-ний орой найзуудтайгаа зааланд тоглохоор Хэрлэн сумын 1-р багт байрлах Хос аялгуу караоке, баарны хажуугаар заал руу найз нарынхаа хамт явж байх замд миний хойноос үл таних нэг залуу намайг хөөе гэж дуудахаар нь би надаас юм асуух гэж байгаа юм байлгүй гэж бодоод тэр залуу руу дөхөж очсон. Гэтэл тэр залуу надаас чи намайг нэгдүгээр сургуульд сурч байхыг мэдэх үү? гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн намайг нэг удаа толгойгоороо миний баруун талын уруулын орчимд мөргөсөн. Тэгээд би мөргүүлээд доошоо болж суусан гэтэл надтай хамт миний урд түрүүлж явж байсан найзуудаас Отгонболд над руу түрүүлж ирээд надаас юу болсон талаар нь асуугаад зогсож байтал удалгүй цагдаа нар ирсэн. Ийм л асуудал болсон юм...Би тэр хүнийг урьд нь ЮНИТЕЛ ХХК-д ажиллаж байхад нь зүс л харж байсан тэрнээс биш огтхон ч танихгүй...Би мөргүүлсний дараа миний уруулын дээд хэсэг хавдаж хөхөрсөн. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй....надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 414 дугаартай дүгнэлт:
1.2. М.А-ын биед уруулын салстад сорви гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ..гэх дүгнэлт /хх-ий 45-46 хуу/
Г.Д-ийн яллагдагчаар өгсөн:... надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би 2022 оны 06 дугаар сарын 04-ний орой Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хос Аялгуу” караокед найзуудынхаа хамт орж үйлчлүүлээд орой 22 цагийн үед тус караокены гадна тамхи татаад зогсож байх үед хажуугаар хэдэн залуучууд өнгөрч явахдаа намайг мөрлөөд өнгөрөхөд нь би намайг мөрлөөд өнгөрсөн залууг дуудсан чинь над руу дөхөж ирсэн. Тэгэхээр нь би түүнийг толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь биед нь гэмтэл учруулчихсан байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас намайг мөрлөж өнгөрсөн залууд ууралсан болохоор намайг дуудхад ирсэн залууг андуурсан учраас л мөргөчихсөн байсан. Гэтэл удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/
Г.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/
Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 72-73 хуу/
Насанд хүрээгүй хохирогч М.А , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ариунжаргал нарын гаргасан “Г.Д-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 70 хуу/
Яллагдагч Г.Д-ийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Дашхүүд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хос аялгуу караокены гадна хохирогч М.Атой маргалдаж нүүрэнд нь толгойгоороо мөргөн түүний эрүүл мэндэд дээд уруулын салстад сорви бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч М.А-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Д-ийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.А-ын биед учирсан дээд уруулын салстын сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Г.Д-ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Д-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Яллагдагч Г.Д нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 71 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 75 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.Д хүлээн зөвшөөрч /хх-ийн 82 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Г.Дашхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Дашхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОДХҮҮ