Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/03029

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.С,С.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,320,000 төгрөг тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.С, С.Б нарт 2015 оноос эхлэн мөнгө зээлж авалцаж байсан. Өмнө нь авсан мөнгөө найдвартай төлдөг байсан. Хүүхдэд машин авч өгье гээд надаас мөнгө асуухаар нь 2015 оны 3 дугаар сард 7,000,000 төгрөгийг зээлсэн. Дараа нь 2015 оны 7 дугаар сард хьюндай портер маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдсан. Бичгээр гэрээ байгуулаагүй, машины шууд өгч явуулсан. Өмнө зээлсэн 7,000,000 төгрөг, хьюндай портер машины 5,000,000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийж 11,272,000 төгрөг зээлсэн тухай гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Хьюндай портер машиныг худалдахдаа баталгаа болгож, сэлбэг хэрэгслийг нь эвдэрсэн тохиолдолд хариуцагч нарын мицубиши кантер маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан тул машинаа очиж авъя гэсэн. Машинаа яасан бэ гэтэл хулгайд алдсан Сэлэнгэд байгаа гэсэн. Би өөрийн бүх зардлаар уг машиныг очиж ачиж ирэхэд машины мотор бүтнээрээ байхгүй, 4 дугуй хагархай хуучин, 1 хаалга унасан, аккумуляторгүй, гадна дотор сэвтэй, айлын гаднаас ачиж ирсэн. Машинаа авчрахад манай нөхөр уурлаж “энэ машин яачихсан юм тэр эздийг нь дууд иртэл нь машинаа үлдээ” гээд мицубиши кантерыг авч хоцорсон. Мицубиши кантераа ав гэж удаа дараа залгасан боловч машинаа аваагүй. С.С руу машинаа янзалж өг гэж ярихаар ирэхгүй зугтаагаад нөхөр шоронд орсон, хүүхдийн бие тааруу гэж зовлон тоочоод сүүлдээ утсаа хаасан. Тэгээд хьюндай портер машинаа дүүгийнхээ өрөнд 5,000,000 төгрөгт тооцон өгсөн, харин мицубиши кантер машины амбаарыг хүнээр авахуулж шинээр тэвш хийлгэж урд талыг нь шинээр янзалж эвдэрхий бүхнийг янзалж будаад 2 жилийн дараа 3,000,000 төгрөгөөр худалдсан. Иймд зээлүүлсэн 7,000,000 төгрөг, хохиролд буюу автомашиныг тээвэрлэн авчрахад 320,000 төгрөг нийт 7,320,000 төгрөг гаргуулмаар байна гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч бол хүнд мөнгө хүүтэй зээлүүлдэг хүн юм. Талуудын хооронд ганц, хоёр сая төгрөгийн зээлийн харилцаа үүсэж байсан. 2015 оны 3 дугаар сард байгуулсан зээлийн гэрээний хувьд 2,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүн дээр хьюндай портерийн үнийг оролцуулан 7,000,000 төгрөг авсан гээд бичиг хийж өгсөн юм байна лээ. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийсэн боловч гэрээний дагуу 11,272,000 төгрөг шилжүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч худалдсан гэх хьюндай портер машинаа буцаан авсан, мөн хариуцагч нарын мицубиши кантер маркийн машиныг авсан. Иймд хариуцагч нарын зүгээс төлөх өр байхгүй.  Анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний дагуу 11,270,000 төгрөг гаргуулна гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 7,000,000 төгрөг, дээр нь 320,000 төгрөгийн тээврийн зардал, бусад сэлбэг хэрэгслийн зардал гэж байна. Эндээс харахад худлаа ярьж мөнгө нэхэж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-т гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан байдаг. Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний байгуулагдсан байгаа. 2015 оны 9 дүгээр сарын 04-ний шаардах эрх үүссэн байдаг. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг. Мөн машин ачсан төлбөрт 320,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сүүлд 11,272,000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж хийсэн гэж тайлбарладаг. Энэ гэрээний дагуу үүргийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр биелүүлэхээр тохиролцсон гэж харагдаж байгаа. Энэ хугацаанаас шаардах эрх үүссэн гэж үзвэл мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч С.С, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 680,000 төгрөгөөр багасган 7,320,000 төгрөг шаарджээ. Нэхэмжлэлийн үндэслэлийг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу автомашиныг тээвэрлэсний төлбөр 320,000 төгрөг, нийт 7,320,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нар шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнчлэн хариуцагч нар 2,000,000 төгрөгийн зээлийн төлбөр, хьюндай портер маркийн автомашины үнэ 5,000,000 төгрөгийн үүрэгт 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч хьюндай портер маркийн автомашиныг буцаан авч дээр нь мицубиши кантер маркийн автомашиныг өгсөн тул нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэг байхгүй хэмээжээ. 

Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Ц.У нь хариуцагч С.С, С.Б нарт 7,000,000 төгрөгийг  4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч нар төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 04-ний дотор буцаан төлөх үүрэг хүлээжээ. /хх-35/ Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байна. 

Мөн нэхэмжлэгч Ц.У, хариуцагч Д.С нар 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг байгуулж,  Ц.У 11,272,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-8/ Нэхэмжлэгч уг гэрээний дагуу хариуцагчид мөнгө шилжүүлээгүй, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний үүргийг дахин баталгаажуулахаар байгуулсан гэх үйл баримтад талууд маргаагүй.  

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна.

Талуудын хооронд байгуулсан харилцаанаас үзэхэд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний шаардах эрх 2015 оны 9 дүгээр сарын 05-ний өдрөөс үүссэн буюу эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна. /хх-35, 8/

Мөн хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тохиолдол үүсээгүй, хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч С.С, С.Б нарт зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.