| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2022/0198/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/166 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0198/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Өнөбат
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Э-т холбогдох 2239002330323 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг Ар юмт гэх газарт иргэн нь Б.Б-тай “Чи намайг үл тоогоод байна уу хөдөө суучаад ир ав гэдэг чи хэн бэ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар өөрийн амьдардаг гэрийн дотор болон гэрийн гадна талд Б.Б-гийн нүүр болон цээж, нуруу хэсэгт цохих өшиглөх зэрэг идэвхтэй үйлдлээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун талын 5-7 хавирга хугаралт, бүсэлхийн I-IV нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Б-гийн өгсөн:.. Би Хэнтий аймгийн Биндэр сумын 1 багт Ар Юмт гэх газарт Н.Э гэх хүний малыг 2021 оны 10 сараас хөлсөөр харж байгаа сарын 800.000 төгрөг, нэг жил бүтэн хараад 50 хурга, 50 ишиг нэмж авахаар тохирсон юм. Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өглөө гадаа нь очиж үнээ саахаа очсон чинь Н.Э нь намайг ямарч үгний зөрөөгүй нүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад зуралдаад гадаа гараад би ганц хоёр удаа өшиглөсөн хаана нь гэдгээ санахгүй байна. Би түүнийг өшиглөх үед миний зүүн хөлнөөс бариад авсан. Ингээд бид хоёр зууралдаж байсан учраас би газар унасан чинь нуруу руу 3 удаа өшиглөсөн. Зүүн эгэм орчим 14 өшиглөсөн. Ийм зүйл болсон ингээд оройдоо намайг нуруу өвдөөд байна гэхээр аймгийн эмнэлэгийн хүлээн авах дээр ирж үзүүлэхэд эход хараад бөөрний чулуутай юм байна чулуу нь доргиод өвдсөн байна гэх утгатай юм ярьсан. Тэгээд бид хоёр маргааш нь буцаад Биндэр сум ороод байж байсан нь намдахгүй болохоор нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бэрх тосгон орж бариачид бариулахад нэг их юм яриагүй эмнэлэгээр явж үзүүл гэсэн. Ингээд орой нь Биндэрт очиж хоноод маргааш нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр аймагт ирж мэсийн 3 дугаар тасагт хэвтсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар орж Тома зураг авхуулахад нурууны сэртэн ясны хугарал байна бөөр биш байна гэсэн. Тэгэхээр нь буцаж ирээд аймгийнхаа эмнэлэгт хэвтсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэгт байхдаа архи ууж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гээд цагдаад дуудлага өгүүлээд маргааш нь эмнэлэгээс гарсан, одоо цагдаагийн газрын баривчлах саатуулах байранд байгаа...Өвчин намдаах эм уугаад байж байгаа, хааяа нуруугаар хасгаж өвдөж байгаа...Н.Э-ын эгч, манай эх*******хоёр байсан хориод байсан...Саатуулах байранд утас ашиглуулахгүй байгаа, шинэ хаягаа сайн мэдэхгүй байна...байхгүй...Аптансүх надаас одоо хүртэл уучлалт гуйгаагүй байгаа, эмчилгээний төлбөрөөс огт төлөөлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 459 дугаартай дүгнэлт:
Гэрч Н.Дэжидмаагийн өгсөн: ... Манай дүүгийн малчин Б.Б гэх залуу нь удаа дараа малаа хаяж архи уугаад байсан ба тухайн өдрийн өглөө би үнээгээ саачихаад гэртээ орж ирээд байж байхад Б.Б эхнэртэйгээ ирсэн. Бага зэрэг архи үнэртсэн байдалтай халамцуу байсан тэр үед Э нь чи яагаад ингээд удаа дараа малаа хаяж яваад байгаан бэ гэсэн чинь би хаяж яваагүй гээд хэрүүл болоод Э түүнийг гарынхаа араас хальт алагдсан чинь уурлаж босож ирээд Энхбаярыг нэг удаа шанаадаад өвдөг орчим руу нь өшиглөсө. Тэгээд ноцолдоод гэрээс гарцгаасан. Б.Б дүүг өшиглөх үед нь зөрүүлээд өшиглөсөн хөлийг нь барьж авах үед арагшаа унах шиг болсон. Энэ үед Э түүнийг нуруу руу нь нэг л удаа өшиглөсөн. Өөр нэг их сүртэй юм болоогүй, больцгоо гээд загнасан чинь больцгоосон. Энэ асуудлаас хойш манай дүү түүнийг Бэрх, аймгийн төв, Улаанбаатар зэрэг газраар авч явж эмчид үзүүлсэн. Эмчилгээ хийлгэсэн бүр нарийн ширийн юмыг нь бол мэдэхгүй байна...Огт тийм юм болоогүй...Түүний эх*******Анхаа байсан, харсан байх...Манай дүү архи тамхи хэрэглэдэггүй, хүнтэй эвтэй байдаг, цалин хөлсийг нь цаг хугацаанд нь болон ихэнх тохиолдолд урьдчилж өгч байсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нутаг орондоо нэртэй томоотой хүн...Б.Б байнга архи ууж эмэгтэй хүн болон эх*******хүүхдээ гичий янхан банзал гэх мэтээр элдвээр харааж зүхсэн хүн байдаг. Тэр асуудал болохын өмнө өдөр оройхон би Хурхад байна ирж ав гээд байсан ба хаана байгаагаа тодорхой хэлэхгүй согтуу байсан учраас би очиж авч чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу /
Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: ....Би мэргэжилээрээ 6 дахь жилдээ ажиллаж байна...2022.06.30-нд Хэнтий аймгийн НЭ-ийн ГТ-ийн 5355 дугаартай Б.Б-гийн хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхтэй танилцаж 459 дугаартай дүгнэлтийг гаргасан. Өвчний түүхтэй танилцахад Б.Б-гийн биед бүсэлхийн I-IV нугалмын сэртэнгийн хугарал, баруун V-VII хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Өвчний түүхтэй танилцахад Б.Б-гийн биед дээрх гэмтлүүд тогтоогдсон ба өөр гэмтэл дурьдагдаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/
Н.Э-ын яллагдагчаар өгсөн: ...Би уг тогтоолтой танилцлаа. Иргэн Б.Б нь намайг 14 удаа өшиглөсөн мэтээр мэдүүлсэн байна. Энэ нь ор үндэсгүй зүйл, харин тухайн үед болсон асуудлыг би цагдаагийн байгууллагад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэгт болсон асуудлаа ярьсан өөр нэмж ярих зүйл үгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу
Н.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 хуу/
Н.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83-85 хуу/
Б.Б-гийн гаргасан “Н.Э-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 87 хуу/
Яллагдагч Н.Энхбаярийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 88 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Э нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг Ар юмт гэх газарт хохирогч Б.Б-тай маргалдаж нүүр болон цээж, нуруу хэсэгт нь цохих өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун талын 5-7 хавирганы хугаралт, бүсэлхийн I-IV нугалмын сэртэнгийн хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Н.Дэжидмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан баруун талын 5-7 хавирга хугаралт, бүсэлхийн I-IV нугалмын сэртэнгийн хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Н.Э-ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Н.Э-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Яллагдагч Н.Э нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 88 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 89 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Н.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 98 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гамт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОДХҮҮ