Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

 

2022 оны 10 сарын 13-ны өдөр                     2022/ШЦТ/169                       Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 180/2022/0196/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                             Ж.Батбаатар

Хохирогч                                     П.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Ганхуяг

Шүүгдэгч                                       Л.Б нарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-нд холбогдох 2239000000274 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Бумбат гэх газарт бэлчиж байсан тус сумын малчин П.Ө-ийн эзэмшлийн хонин сүргээс 15 тооны хургатай хонь, 13 төлөг нийт 43 толгой мал буюу олон тооны малыг хулгайлж, П.Ө-т 4.860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны үед хохирогч П.Ө-ийн өгсөн: “Э.Алтансүхийн хониноос 9 хургатай хонь 3 төлөг авсан...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...21 тооны хонь алдсан 9 хургатай хонь 3 төлөг алдсан, анх цагдаад гомдол гаргахдаа хонио буруу тоолсноос болоод алдсан хониныхоо тоог 28 гэж нэмэгдүүлж бичсэн байна. 21 толгой хонь буюу 9 хургатай хонь, 3 төлөг алдсан. Үүнээс илүү мал алдаагүй. Л.Б-наас нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Шүүгдэгч Л.Б-ны өгсөн ”Би айлуудын хуц, ухна, өөрийн мал нийлсэн 500 орчим мал малладаг. Манай мал тухайн өдөр хургатай хонь, төлөг нийлсэн байсныг нь хамтад нь нийлүүлж 14 хоног орчим маллаж байгаад хүн сурж ирэхгүй байхаар нь У.Лувсанпүрэвт зарсан, би мал хулгайлаагүй ээ. Харин манай малд нийлсэн байсан малын зарсан” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч П.Ө-ийн өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн малаа буюу бог малаа тоолж үзэхэд манай хониноос 28 тооны толгой мал дутсан ингээд би өөрийн малаа ойр орчмоор хэд хоног хайгаад олоогүй. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр малдаа явж байгаад баруун айл болох Алтансүх гэх айлын малын захаар гарсан чинь миний алдсан 28 тооны хониноос зүсээрээ хэд хэдэн хонь харагдсан. Харин миний хонинуудын имийг бүгдийг нь өөр имтэй болгосон байсан. Өмнө нь би Аптансүхийн гэрээр очиж өөрийн алдсан малаа асуухад байхгүй гэж хэлж байсан тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд би эргээд Аптансүх дээр очиж уулзахад манай хүргэн Уртнасангийн Лувсанпүрэв нь хонь, ямаа цуглуулаад манай гэрт авчирч тавьсан гэж хэлсэн. Тэгээд би Уртнасангийн Лувсанпүрэв гэх хүнтэй уулзаад өөрийн хонио ялгаж авахад манай 9 хургатай хонь 3 төлөг гарч ирсэн. Тэгээд би У.Лувсанпүрэвээс чи манай имтэй хонинуудыг хэнээс авсан талаар асуухад Мөрөн сумын 2 дугаар багийн иргэн Лхамсүрэнгийн Б  гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт Б  ирээд ахаа  та өргөдлөө авчих би танай хонь гэж мэдээгүй авсан. Танай хонь Бумбат гэх газарт байхаар нь би тууж авчраад хониндоо нийлүүлээд хэд хоног байлгаж байгаад У.Лувсанпүрэвт өгсөн гэж хэлж байсан. У.Лувсанпүрэвээс хонь өгнө гэж хэлээд хэдэн төгрөг Б  авсан юм байна лээ түүнийхээ оронд өгсөн гэж байсан. Мөн Б  одоо байгаа 9 хургатай хонь 3 төлөгийг чинь өгөөд үлдэгдэл 6 хургатай хонь 10 төлгийг  нь би бүгдийг нь төлж өгье гээд манай гэрээр эх*******тэй 2-3 удаа ирж гуйсан. Ер нь бол  Б  манай хонинуудын имийг бол сайн мэдэж байгаа учир нь бид хоёр биенээ багаасаа мэднэ.... Би өөрийн хулгайд алдсан 28 хониноос 12 тооны хонийг У.Лувсанпүрэвээс олж авсан. Одоо байхгүй хонь 16 тооны бүдүүн хонь байна. Үүнээс хургатай хонь 6, төлөг 10 байгаа байх. Манайх малаа тоолохдоо хурга ишгээ оруулахгүй тоолдог...Манайх болон Б-ын  малын бэлчээр ойролцоо байдаг... Манай мал хойшоо явах бэлчих харин Б-ын  мал урагшаа бэлчих юм бол тэдний малтай нийлэх боломжтой юм...Би зах зээлийн ханшаар үнэлнэ...Би өөрийн алдсан үлдэгдэл хонь ямаагаа олж авмаар байна. Өөр надад санал хүсэлт гомдол байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Гэрч У.Лувсанпүрэвийн өгсөн:...Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр малчин айлаар мөнгө тараагаад 06 дугаар сарын 05-наас хойш мөнгө өгсөн айлуудаасаа малаа цуглуулж эхэлсэн. Ингээд би өөрийн худалдаж авсан малаа цуглуулаад өөрийн эх*******ийн дүү Аптансүх гэх хүний мал дээр бөөгнүүлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 16 орчим манай нутгийн найз Ө  нь над руу утасдаад чиний авсан хонинд миний хулгайд алдсан хониноос байна. Чамд хүн зарсан байна гэхээр нь тэгвэл би одоо удахгүй авсан хонио ялгана тэгэхээр нь чи ирж өөрийн хонио шүүж үзээрээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай хонь байгаа айл болох Алтансүхийн гэрт Ө , Алтансүх бид гурав байж байгаад Ө-ийн  хонийг ялгахад миний худалдаж авсан хониноос 9 тооны хургатай хонь 3 төлөг гарсан. Тэгээд Ө-ийн  хонинуудыг хул шар өнгийн будгаар тэмдэглээд үлдээсэн. Дээрх авчирсан 9 хургатай хонь 3 төлөгийг надад Мөрөн сумын иргэн Лхамсүрэнгийн Б  гэх хүн зарсан. Учир нь би Л.Б д мал авсан гээд 2.580,000 төгрөгийг данс руу нь хийж өгсөн байсан. Тэгээд би мөнгөнийхөө оронд авсан хонь. Яагаад энэ хонинуудыг Л.Б-наас авсан гэдгээ мэдэж байна вэ? гэвэл би Б аас авсан хонинуудыг бүгдийг нь авчирсан өдрөө шинээр им хийсэн байсан. Тэгээд би Ө т саяны хэдэн хургатай хонинуудыг Б аас авсан гэж хэлсэн... Тухайн үед бол би мэдээгүй сүүлд нь Ө  нь миний хонь танай хонинд байна гэхээр нь л мэдсэн. Тэгээд би энэ талаар Б д чи яагаад надад хулгайн хонь өгсөн юм бэ гэж хэлсэн чинь манай хонинд нийлээд удсан байсан тэгэхээр нь би танд зарсан юм гэж хэлсэн...Тиймээ тэр хоёрын мал нийлхээр зайтай байдаг. Тухайн үед айл амьтан бүгд уул руу гарсан байсан. Зөвхөн Ө-ийн  мал голын хойд талд байсан болж таараад байгаа юм... Би өөрөө Б-ын  гэрээс 2022 оны 06 дугаар сарын 06, 07-ны үед өөрийн машинтай очиж гэрээс нь 12 хургатай хонь 4 төлөг авсан...Тухайн өдөр Б-ын хаас авсан мал болон өөр айлаас авсан хонинуудыг буюу нэг өдөр авсан хонинуудыг өөрийн гэсэн имтэй болгох гээд имнэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

У.Лувсанпүрэвийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:...Би Л.Б д хонь авах гээд шилжүүлсэн 2.580.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуу/

 

Гэрч Э.Алтансүхийн өгсөн: ... Манай хүргэн У.Лувсанпүрэв нь 2022 оны 05 дугаар сарын 20-оос хойш малтай болох гээд мал цуглуулсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 04-нөөс хойш худалдаж авсан мал буюу дандаа бог малаа манай хоньтой нийлүүлэн тавьсан. Харин манай хоньтой нийлүүлэн тавихдаа бүх хонио хул шар будгаар будаад нийлүүлж байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 12,13-ны үеэр Ө  нь манай гэрт ирээд манай хонь дутаад байна танай хоньтой нийлсэн үү гэж асуусан тэгэхээр нь би манай хонь танай хоньтой нийлээгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Лувсанпүрэв нь манай гэрт ирээд 1 морь аваад явахдаа Ө  миний худалдан авсан хонин дунд манай алдсан хонь байна гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Лувсанпүрэв, Ө  нар манай гэрт ирээд хонио ялгасан. Тэгэхэд Лувсанпүрэвийн худалдаж авсан хонин дундаас Ө-ийн  имтэй зүстэй эм хонь 8, төлөг 4, хурга 5 байсан. Тэр хонинуудыг яг авчирсан өдөр нь Лувсанпүрэв өөрөө машинаас буулгаад л имнэсэн тийм болохоор тэр хонинуудыг хэний хотноос авчирсан нь тодорхой байсан. Тэр хонинуудыг Б-ын  гэрээс очиж авчирсан гэж Лувсанпүрэв хэлсэн. Тэгээд тэр хоёр хонио ялгаж дуусаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Гэрч М.Алтайхүүгийн өгсөн:...Би сумын төвөөс адуугаа алдчихаад 2022 оны 05 дугаар сарын 20-дын үеэр сураад Б-ын  нутагладаг “Дундат” гэх газраар очоод Б-ын  гэрээр орсон юм...Би тухайн өдөр сумын төвөөс өөрийн 2 тооны адуугаа алдчихаад хайж Б-ын хаар сураад орсон юм. Тэгсэн Б  манай хонинд 5 хургатай хонь 4 төлөг ирээд нийлчихсэн байна. Таниас энэ хонинуудыг сурсан хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би тийм хонь сурсан хүн таарсангүй ойр хавийн хонь нийлээ биздээ гэж хэлчихээд гарсан...Би тухайн хонинуудыг хараагүй. Б  надад хэлэхдээ 5 хургатай хонь 4 төлөг нийлсэн нэг чих нь цуулбар имтэй юм байна лээ гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

 

            Гэрч Э.Гантуяагийн өгсөн:...Б  нь 1979 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд Лхамсүрэнгийн бага хүү болон мэндэлсэн. Бага насаа гэрээр эмээ өвөө дээрээ хүмүүжиж байгаад 1987 онд Мөрөн сумын 8 жилд элсэн суралцаж 4 дүгээр анги төгссөн. Тэгээд өвөө эмээ дээрээ мал маллаж байгаад 1997 онд цэрэгт явж 1 жил болоод халагдаж ирсэн. 2003 онд эх******* Энхцэцэгтэй танилцаж гэр бүл зохиож 2004 онд хүү Энхбат, 2005 онд хүү Хаш-Эрдэнэ, 2015 онд охин Хэрлэн-Ундрах, 2018 хүү Энх-Түшиг нар нь мэндлээд одоо 4 хүүхэдтэй болон амьдарч байна...Б  нь хүмүүстэй зөв боловсон харьцдаг, гэр бүлийн харилцаа сайн байдаг, тусархуу нийтэч зантай хүн. Б  нь архи бага зэрэг баяр ёслолын үеэр тохируулаад хэрэглэчихдэг, багаасаа тамхи татдаг байсан юм өөр ямар нэгэн хорт зуршилгүй. Архаг хууч өвчин байхгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

 

            Хохирогч П.Ө-ийн хургатай хонины үнэлгээг 220000 төгрөг, төлөгийг 120000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШД-17 дугаартай дүгнэлт / хх-ийн 49-51 хуу/

            Л.Б-ны яллагдагчаар өгсөн:...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна....Манай хуц ухна, ишигтэй ямаанууд Бумбат гэх газар бэлчдэг юм. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед хонио харах гээд очиход манай хоньтой айлын 4 төлөг, 5 хургатай хонь нийлсэн байсан. Тэгээд би манайхтай ойрхон 4 км зайд бэлчдэг Төв аймгийн Гангаа гэх айлийн хүү Сэргэлэнбаатартай таараад танайхаас 4 төлөг, 5 хургатай хонь манайхтай нийлсэн үү? гэж асуухад үгүй гэсэн. Тэгээд тухайн өдрийн оройхон Аптайхүү гэх ах адуугаа хайгаад манайд ирэхэд нь би 5 хургатай хонь, 4 төлгийг харуулаад ийм хонинууд манай хоньтой ирээд нийлчихжээ та хүн амьтнаас сураг сонсоорой гэж хэлсэн юм. Тэгээд хүн хайж ирэхгүй 15, 16 хоносон тэгэхээр нь би 2022 оны 06 дугаар сарын 06-нд өөрийнхөө 7 хургатай хоньтой нийлүүлээд 5 хургатай хонь 4 төлгийг Лувсанпүрэв гэх хүнд 1 хургатай хонийг 160.000 төгрөгөөр төлгийг 100.000 төгрөгөөр тооцож зарсан юм. Тэгээд хэд хоногийн дараа надаас хонь авдаг Лувсанпүрэв залгаад чиний зарсан хонин дундаас Ө-ийн  хонь гарч ирээд байна энэ юу болоод байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би хавар 5 хургатай хонь 4 төлөг ирээд нийлчихсэн юм аа Ө-ийн  хонь гэж мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд би Лувсанпүрэвийн залгаж хэлсэн өдөр Ө-ийн  гэрт очиж уулзаад би танай хонь гэж мэдээгүй хүн сурж ирэхгүй болохоор нь зарчихсан юм танайх гэж мэдсэн бол өгөх байсан шүү дээ би юу гэж хулгай хийж байхав дээ гэхэд ууг нь ч тийм баймаар юм гэж хэлсэн. Тэгээд надад цагдаад өргөдөл өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өргөдлөө буцаагаад авчих аа би чиний хоныг буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгэхэд Ө  за гээд өөрийнхөө хонийг аваад дээрээс нь миний 4 хургатай хонийг аваад явсан юм...Би сар болгон малчны зээл төлдөг юм. Тэгээд зээл төлөх хугацаа маань болчихоод мөнгөгүй байсан учраас зарчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

Л.Б-ны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 хуу/

Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 63  хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 129-130 хуу/

 

Хохирогч П.Ө-ийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “Л.Б-наас 21 тооны хонио буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт.../хх-ийн 150 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 20-дын үеэр Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Бумбат гэх газарт өөрийн хонинд нийлсэн 9 хургатай хонь, 3 төлөг нийт 21 толгой хонийг 2022 оны 06 дугаар сарын 06-07 өдрийн үед У.Лувсанпүрэвт зарж, хохирогч П.Ө-т 2.340.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Харин Л.Б нь дээр дурьдсан 21 толгой хониноос илүү тооны хонь завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, хохирогч нь шүүх хуралдааны үед 21 тооны хонь алдсан гэж мэдүүлэг өгсөн байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 22 тооны хонь завшсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.

Мөн Л.Б-ын г мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн боловч Л.Б нь тухайн хонийг хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй, Л.Б-ны өгсөн “уг 21 хонь өөрийн малд нийлсэн байсан” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Л.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэстэй гэж үзлээ.  

Хохирогч П.Ө-ийн шүүх хуралдааны үед “хохирлоо бүрэн барагдуулж авсан нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогч П.Ө-т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.Б нь иргэний нэхэмжлэгч У.Лувсанпүрэвийн нэхэмжилж буй мөнгийг бүрэн төлсөн гэж мэдүүлэг өгсөн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Иргэний нэхэмжлэгч У.Лувсанпүрэв нь шүүгдэгчээс 13 хургатай хонь, 5 төлөг худалдаж авахаар 2.580.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд Л.Б-наас 12 хургатай хонь, 4 төлөг авсан байна. Үүнээс 9 хургатай хонь, 3 төлөгийг хохирогч П.Ө  буцааж авсан байх тул нэхэмжилж буй 2.580.000 төгрөгнөөс У.Лувсанпүрэвт үлдсэн 3 хургатай хонь, 1 төлөгний үнэ болох нийт 780.000 төгрөгийг хасч тооцон 1.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.     

Иймд шүүгдэгч Л.Б-ын г алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

 Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,  шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид торгох ял оногдуулах дүгнэлт тус тус гаргасан.

           

Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дох заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Мөрөн сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б-ыг  Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Л.Б д холбогдох 43 тооны алдуул мал завшсан гэх хэргээс 22 тооны алдуул мал завшсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Л.Б-ыг  алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын г 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Мөрөн сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

 

 6. Шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Б-наас 1.800.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Лувсанпүрэвт олгосугай.

 

8. Шүүгдэгч Л.Б д цагдан хоригдоогүй, хохирогч П.Ө-т төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ