| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0229/Э |
| Дугаар | 2022/ШТ/258 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, Ц.Б
Шүүгдэгч: Г.Г, М.Г
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Àðõàíãàé àéìãèéí Пðîêóðîðûí ãàçðын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Гын Г, Хт овогт Мийн Г нарт холбогдох 2212000000205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Э сумын Хан- Өндөр багт оршин суух, урьд нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Г овогт Гын Г /РД: ***/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Архангай аймгийн Э сумын Алаг-Уул багийн Хавтгай гэх газар оршин суух, урьд нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Мийн Г /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г, М.Г нар нь насанд хүрээгүй У.Лтай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Архангай аймгийн Э сумын Өлзийт багийн нутаг дэвсгэр Хогийн хонхор гэх газраас хохирогч А.Дгийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000205 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч А.Дгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын дундуур байсан өдрийг нь сайн санахгүй байна. Хогийн хонхрын доод тохойд байсан үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Маргааш өглөө нь үхэр дээрээ очиж үзэхэд монголын хар охин бяруу, улаан нь эр бяруу байхгүй байсан. Тэгээд үхрээс салсан гэж бодоод Тээл багийн Хөөсгөл гэх газраар айлын үхрээр үзээд олохгүй байсан учраас сумын Фейсбүүкт монголын улаан бяруу, хар бяруу алдсан гэж мэдээлэл оруулсан. Тэгсэн сумын Б ламын эхнэр над руу утсаар залгаад өчигдөр манайд нэг бор залуу хоёр бяруу зарсан танайх байж магадгүй манайд ирээд үз гэхээр нь би Б ламынд очиход миний хулгайд алдсан хоёр бяруу мөн байсан. Би бяруугаа аваад үхэртээ нийлүүлсэн. Би тухайн хүнийг танихгүй. Миний хулгайд алдсан хоёр одоо үхэр дотроо байгаа. Миний хулгайд алдсан монголын хоёр хэнз гарсан жижиг биетэй учраас тус бүрийг 250.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан хоёр тооны бяруугаа олоод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,
*Гэрч Х.Л өгсөн: “...Г.Г над дээр нэг танихгүй залуутай ирээд хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн чинь хагас сайн өдөр байгаад байна та дансны дугаараа виза карттайгаа өгчих би мөнгө шилжүүлж аваад буцаагаад өгнө гээд гуйгаад байхаар нь би дансны дугаар, виза картын нууц дугаарын хамт бичиж өгөөд явуулсан. Би өдөр, цагийг санахгүй байна. Миний дансанд 400.000 мянган төгрөг “бяруу” гэсэн утгаар орлого орж ирээд 6 минутын дотор буцаагаад 400.000 мянган төгрөг миний данснаас зарлагаар гарсан. Тэр өдрөө удалгүй миний Хаан банкны виза картыг Г.Гтай хамт явж байсан залуу манайд оруулж виза картыг надад өгөөд гараад явсан. Маргааш өглөө нь Б ламын эхнэр А манайд ирээд өчигдөр хоёр залуу надад бяруу зарсан юм бярууны мөнгө шилжүүлсэн чинь таны данс байна. Та тэр хүмүүсээс авлагатай байсан юм уу гэж хэлэхээр нь би надад ямар нэгэн авлага байхгүй. Т Ггийн банди Г нэг залуутай ирээд хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм та хаан банкны дансны дугаар виза картаа өгөөч гээд гуйгаад байхаар нь би өгөөд явуулсан гэж хэлсэн. Би Г.Гтай хамт явж байсан залууг танихгүй. Манай сумын хүн биш байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
*Гэрч М.Аийн өгсөн: “...Манайх амьд мал худалдаж авахаар болж Э сумын зарын фейсбүүк хаягт мал авна гэж зар тавьсан. Тэгээд нэг эрэгтэй хүн миний утас руу мал авч байгаа юм уу хүзүүвчтэй тугал зарах гэсэн юм авах уу гэхээр нь манайх үхэр авахгүй ямаа авна гэж хэлсэн. Тэгсэн дахин хоёр хоногийн дараа залгаад байхаар нь би хэний хүүхэд юм бэ гэхэд дунд цүүрээс ярьж байна. Та хүзүүвчтэй бяруу авчаач аав, ээж заруулж байгаа мөнгөний хэрэг болоод гээд гуйгаад байхаар нь хулгайн юм биш биз асуудалгүй биз гэхэд асуудал байхгүй эгч ээ гэхээр нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй 3-4 цагийн дараа утсаар залгаад эгч ээ аваад ирсэн гэхээр нь би хашаанд оруулаад ир эр улаан, хар охин хоёр ширхэг жижиг биетэй бяруу байсан. Би хулгайн юм биш биз гэж дахин асуухад үгүй ээ эгч манай бяруу гэж хэлсэн. Би бяруу худалдан авсны дараа сумын фейсбүүкт бяруу үхрээсээ салсан харсан хүн байна уу гэж зүсийг нь бичээд мэдээлэл оруулж утасны дугаараа тавьсан болохоор нь тухайн утас руу залгаж ямар бяруу юм бэ манайх өчигдөр хүнээс хоёр бяруу авсан ирээд үз гэж хэлэхэд сургуульд ажилладаг А.Д ирээд манай бяруу мөн байна. Хогийн хонхорт байсан юм гэж хэлсэн. Тэгээд би өчигдөр хоёр хүн надад авчирч өгсөн гэж хэлэхэд Д би бяруугаа аваад явлаа чи өөрөө бяруу зарсан хүнтэйгээ учраа ол гэж хэлээд бяруугаа аваад явсан. Би тухайн үед танихгүй байсан. 20 гаран насны эрэгтэй хүн байсан. Би бярууны мөнгө шилжүүлэхэд Л гэдэг хүний нэр гарч байсан учраас сумын төвд бензин түгээх газар ажилладаг Л ах дээр очоод би өчигдөр бярууны мөнгө шилжүүлэхэд таны нэр гарч ирсэн таны данс мөн үү гэж шилжүүлсэн дансаа үзүүлэхэд миний данс мөн өө өчигдөр надаас Т Ггийн хүүхэд надаас миний дансны дугаарыг виза карттай аваад хүнээс мөнгө аваад өгье гэж хэлээд авсан юм гэж хэлсэн. Тэгж би Г Г гэдэг хүн болохыг мэдсэн. Г нэг залуутай ирсэн. Тухайн хүнийг би танихгүй. Гыг бяруу авчирч өгөхдөө ямар унаатай ирсэн болохыг мэдэхгүй байна. Хашаанаас гарч хараагүй. Гын ээжээс мөнгөө бүрэн эргүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,
*Гэрч Д.М өгсөн: “...Манай хүү М.Г нь 2022 оны 03 дугаар сард хүний мотоцикль хулгай хийх үеэр найзууд болох Г, Л гэх хүүхдүүдтэй хамт Д гэх айлын 2 ширхэг бярууг шөнө бэлчээр дээрээс хулгайлж авчраад, сумын төвд бяруу худалдан авч байсан айлд 400.000 төгрөгөөр зарсан байсан. Дараа бяруу алдсан айл нь бяруугаа хайгаад хүнд зарагдсаныг олж мэдээд бяруугаа буцаагаад авсан байсан. Тэгээд бяруу худалдаж авсан айл болох Б ламын эхнэрт Гын ээж бид тус бүр 200.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сардаа бяруу алдсаны дараахан бэлнээр аваачиж өгч хохиролгүй болгож өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, Дтай сумын төвд таарсан чинь танай хүү Гийг найзуудтайгаа нийлээд манай 2 бярууг Б ламынд аваачиж өгсөн байна лээ, тэднийхээс 2 бяруугаа олж авсан. Манайх бяруугаа алдаад фейсбүүкт зар тавьсан чинь Б ламын эхнэр нь хэлээд олж авлаа гэж хэлсэн. Б ламынх 2022 оны 03 дугаар сарын 10-ны үеэр манай хүү М.Г нь Архангай аймгийн Э сумын төвд айлд морь уяж, морьд тэжээдэг байсан юм. Тухайн үеэр морьд тэжээдэг айлын хүмүүс нь Улаанбаатар хот руу яваад ганцаараа байсан үе байна лээ. Тэр үеэр болохгүй зүйл хийж байна. Би Г.Г болон У.Л гэх хүүхдүүдийг сайн мэдэхгүй. Хэрэг холбогдсоноос хойш зүс царайг нь харсан. М.Г нь манай бага хүүхэд бөгөөд дээрээ нэг ахтай, 09 дүгээр анги хүртэл сумандаа суугаад сургуулиас гараад одоо мал маллаж байгаа, сургуулиас гараад эхнэр бид хоёрын хажууд байгаа. эхнэр аваагүй, 2021 оны 12 дугаар сараас эхлээд сумын төвд айлын морь тэжээх ажил хийж байсан юм, зан байдлын хувьд төлөв даруу зантай, архи дарс ууж хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм, цэргийн алба хаагаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/,
*Гэрч М.Сгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үеэр санагдаж байна хүү Г нь Архангай аймгийн Э сумын Ж гэх газарт гэртээ байж байсан, тухайн үед хүүгийн найз Э нь гэх хүүхэд Орхон аймгаас манайд ирчихсэн ойр зуурын ажилд туслаад байж байсан юм, тэгсэн Э нь ээж Жаргалант суманд ирчихсэн байна, би ээж дээрээ очлоо гээд Г хүргэж өгөх гээд мотоциклоор явсан. Тэгснээ маргааш нь өглөө Г, Э 2 буцаад хүрээд ирсэн. Тэгээд би юу болов, ээжтэйгээ уулзсан уу гэхэд би уулзаад явахааргүй боллоо гэсээр ирсэн. Тэгсэн 2 хоногийн дараа Б ламын эхнэр нь миний дугаар луу залгаад 2 хоногийн өмнө энэ дугаараас сургуулийн гэмээр жонгиносон дугаартай хүүхэд залгаад шөнө 2 ширхэг бяруу авчирч өгсөн юм аа, тэгсэн нөгөө 2 бярууг фейсбүүк дээр Д гэх хүн алдсан олохгүй байгаа талаар зар тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хүү Гаас юун бяруу аваачиж өгсөн талаар асуухад ээж ээ би тэр бяруунд хамааралгүй гэж хэлсэн. Тэгсэн манай худ талын хүн болох Л гэх хүний дансаар дамжуулж, 2 бярууны үнэ болох 400.000 төгрөгийг авсан байсан. Тэгсэн Г, Г, Л нар нийлүүлж айлын 2 ширхэг бярууг хулгай хийсэн асуудал гаргасан байсан. Ямар ч байсан Г, Л, Г 3 тухайн бярууг аваачиж өгсөн байна лээ. Би тэрийг мэдэхгүй байна. Эгаас асуухад би тухайн үед хамт яваагүй, танай гэрт унтаж байсан гэж хэлсэн. Э нь малын зүггүй, морь мал унаж чаддаггүй хүүхэд байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 12-ны үеэр өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна дараа сумын төвд таараад Дтай уулзахад би танихгүй хүн байна лээ, Г, Лын аав нар нь таньдаг юм байна лээ. Тэгээд Б ламын эхнэрээс тухайн алдсан бяруугаа авсан талаар хэлээд, надад гомдол саналгүй гэж хэлсэн. Би Г, Л нарын хүмүүсийг танихгүй. Э нь манай хүүхдийн ангийн хүүхэд байгаа юм. Эрдэнэт хотод нэг ангид байж байгаад танилцсан юм байна лээ. Хойд аавтай, ээж нь жаахан архи уудаг хүн гэж хэлсэн. тэгээд манайх хүүхдийг дагаад ирсэн хүүхэд байгаа юм. үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Г нь манай 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ 2 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй, ганц банди гээд жаахан эрхлүүлчихсэн, дураараа зантай хүүхэд байгаа юм. 9 дүгээр анги төгсөөд ** аймаг руу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв МСҮТ-д сурч байгаа корроно гээд гэртээ ирчихсэн байсан юм. Найз охин байхгүй, эрх танхил, ааш, ууртай хүүхэд байгаа юм. Цэргийн алба хаагаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/,
*Насанд хүрээгүй гэрч Ө.Эгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Э сумын Хан-Өндөр баг Ж гэх газраас найз Гын хамт сумын төв рүү 17 цагийн үед ороод Г, Л 2-ыг Г сумын төвийн гэртээ дуудаад тэгээд 19 цагийн үед уулзалдаад ойр зуурын юм яриад орой болгосон. Тэгээд 22 цагийн үед санагдаж байна Г, Г, Л нар нь гараад явсан. Би Гын гэрт ганцаараа үлдээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө болоход Г ганцаараа ирчихсэн байсан чинь Г ахаас 2 бяруу авсан, тэрний мөнгийг авах гэсэн юм гээд гарсан. Тэгсэн Г таньдаг хүн болох Л гэх хүн дээр очоод намайг Эрдэнэт явах гэсэн юм гэж хэлээд дансаа өгчих гээд дансны дугаарыг виза карттай нь аваад Б гэх ламтай яриад 2 бярууны мөнгө болох 400.000 төгрөг авсан. Тэгсэн сүүлдээ нөгөө 2 бяруу нь хулгайн бяруу болж таарсан. Би тухайн 2 бярууг хаанаас авсныг нь мэдэхгүй байна, Б -амын эхнэрт урд шөнө 2 цагийн үед авчирч өгсөн бяруу гэж Г хэлсэн. Мөнгийг нь юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна, ойр зуурын юманд зарцуулсан байх. Дараа 2 бярууны эзэн нь гарч ирээд бяруугаа аваад, Б ламын эхнэрт Гийн аав, ээж нь бэлнээр аваачиж өгсөн. Энэ үед би хамт байсан. Тухайн 2 бярууны Данзан гэх хүний бяруу байсан байна лээ. Данзан гэх хүний фейсбүүк дээр зар тавиад тэгээд Б ламын эхнэр нь хэлсэн гэж байсан. Би тухайн 2 бярууг хараагүй, зүс, содон шинж тэмдгийг нь мэдэхгүй. Бид нар тухайн үед эрүүл байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Г бид 2 дээр Г, Л 2 ирэхдээ морьтой ирсэн бөгөөд тэр 3 гарахдаа 3-лаа морьтой явсан. Би морь унаж чадахгүй, толгой жаахан өвдөөд тэгээд үлдлээ гэж хэлээд гэр лүү нь ороод унтаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/,
*Г.Гын яллагдагчаар өгсөн: “....Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-42 хуу/,
*М.Гийн яллагдагчаар өгсөн: “....Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирлоо бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/,
* Дамно ХХК 2022 оны 05 дугаар сарын 13-ны АЦ22-54 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 20-23 хуу/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73 хуу/,
*Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 105 хуу/,
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108-109 хуу/,
*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 118, 120 хуу/,
*Г.Г, Г.Г нарын өмнө нь ял шийтгэгдэж байсан талаарх 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-136 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 143-146 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Г, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г, Г.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Архангай аймгийн Э сумын Өлзийт багийн нутаг дэвсгэр Хогийн хонхор гэх газраас хохирогч А Дгийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212000000205 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г, М.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Архангай аймгийн Э сумын Өлзийт багийн нутаг дэвсгэр Хогийн хонхор гэх газраас хохирогч А Дгийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Дгийн: “...Хогийн хонхрын доод тохойд байсан үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Маргааш өглөө нь үхэр дээрээ очиж үзэхэд монголын хар охин бяруу, улаан нь эр бяруу байхгүй байсан. Тэгээд үхрээс салсан гэж бодоод Тээл багийн Хөөсгөл гэх газраар айлын үхрээр үзээд олохгүй байсан учраас сумын Фейсбүүкт монголын улаан бяруу, хар бяруу алдсан гэж мэдээлэл оруулсан. Тэгсэн сумын Б ламын эхнэр над руу утсаар залгаад өчигдөр манайд нэг бор залуу хоёр бяруу зарсан танайх байж магадгүй манайд ирээд үз гэхээр нь би Б ламынд очиход миний хулгайд алдсан хоёр бяруу мөн байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 ху/, гэрч Х.Л: “...Миний дансанд 400.000 мянган төгрөг “бяруу” гэсэн утгаар орлого орж ирээд 6 минутын дотор буцаагаад 400.000 мянган төгрөг миний данснаас зарлагаар гарсан. Тэр өдрөө удалгүй миний Хаан банкны виза картыг Г.Гтай хамт явж байсан залуу манайд оруулж виза картыг надад өгөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 ху/, гэрч М.Аийн: “...Та хүзүүвчтэй бяруу авчаач аав, ээж заруулж байгаа мөнгөний хэрэг болоод гээд гуйгаад байхаар нь хулгайн юм биш биз асуудалгүй биз гэхэд асуудал байхгүй эгч ээ гэхээр нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй 3-4 цагийн дараа утсаар залгаад эгч ээ аваад ирсэн гэхээр нь би хашаанд оруулаад ир эр улаан, хар охин хоёр ширхэг жижиг биетэй бяруу байсан. Би хулгайн юм биш биз гэж дахин асуухад үгүй ээ эгч манай бяруу гэж хэлсэн. Би бяруу худалдан авсны дараа сумын фейсбүүкт бяруу үхрээсээ салсан харсан хүн байна уу гэж зүсийг нь бичээд мэдээлэл оруулж утасны дугаараа тавьсан болохоор нь тухайн утас руу залгаж ямар бяруу юм бэ манайх өчигдөр хүнээс хоёр бяруу авсан ирээд үз гэж хэлэхэд сургуульд ажилладаг А.Д ирээд манай бяруу мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, гэрч Д.М: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, Дтай сумын төвд таарсан чинь танай хүү Гийг найзуудтайгаа нийлээд манай 2 бярууг Б ламынд аваачиж өгсөн байна лээ, тэднийхээс 2 бяруугаа олж авсан. Манайх бяруугаа алдаад фейсбүүкт зар тавьсан чинь Б ламын эхнэр нь хэлээд олж авлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/, гэрч М.Сгийн: “...2 хоногийн дараа Б ламын эхнэр нь миний дугаар луу залгаад 2 хоногийн өмнө энэ дугаараас сургуулийн гэмээр жонгиносон дугаартай хүүхэд залгаад шөнө 2 ширхэг бяруу авчирч өгсөн юм аа, тэгсэн нөгөө 2 бярууг фейсбүүк дээр Д гэх хүн алдсан олохгүй байгаа талаар зар тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хүү Гаас юун бяруу аваачиж өгсөн талаар асуухад ээж ээ би тэр бяруунд хамааралгүй гэж хэлсэн. Тэгсэн манай худ талын хүн болох Л гэх хүний дансаар дамжуулж, 2 бярууны үнэ болох 400.000 төгрөгийг авсан байсан. Тэгсэн Г, Г, Л нар нийлүүлж айлын 2 ширхэг бярууг хулгай хийсэн асуудал гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/, насанд хүрээгүй гэрч Ө.Эгийн:“...Г ахаас 2 бяруу авсан, тэрний мөнгийг авах гэсэн юм гээд гарсан. Тэгсэн Г таньдаг хүн болох Л гэх хүн дээр очоод намайг Эрдэнэт явах гэсэн юм гэж хэлээд дансаа өгчих гээд дансны дугаарыг виза карттай нь аваад Б гэх ламтай яриад 2 бярууны мөнгө болох 400.000 төгрөг авсан. Тэгсэн сүүлдээ нөгөө 2 бяруу нь хулгайн бяруу болж таарсан. Би тухайн 2 бярууг хаанаас авсныг нь мэдэхгүй байна, Б ахын эхнэрт урд шөнө 2 цагийн үед авчирч өгсөн бяруу гэж Г хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/ шинжээчийн Дамно ХХК 2022 оны 05 дугаар сарын 18-ны АЦ22-54 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 20-23 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас шүүгдэгч Г.Г, Г.Г нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
“Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г, М.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Архангай аймгийн Э сумын Өлзийт багийн нутаг дэвсгэр Хогийн хонхор гэх газраас хохирогч А Дгийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Г, Г.Г нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Дд 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны АЦ-22-54 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-23 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Г, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч А.Дгийн өгсөн: “...Надад гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан хоёр тооны бяруугаа олоод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, зэргээр шүүгдэгч А.Г, Г.Г нарыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Г, Г.Г нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Г, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Г.Г нарт хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Г, М.Г нарын эдлэх ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Г.Г нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г, Г.Г нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, Г.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт М Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нарт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нарын эдлэх ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, шүүгдэгч Г.Г нар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ