Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

2022.10.14                                    2022/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0195/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                         Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                   Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-д  холбогдох 2239000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.М нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тогосын гэр дотор О.А-тэй  маргалдаж нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж О.А-ийн эрүүл мэндэд үүдэн хоёр шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч О.А-ийн өгсөн:...Тухайн өдөр би өглөө 10 цагийн үед Хэнтий аймгаас Баянхутаг сум руу хүнтэй уулзах зорилгоор очсон. Тэгээд суманд очоод өөрийн танил Тогосын гэрээр ороход тэднийд М , Булгантамир, Тогос нар байсан. Тэгээд би эргэж гараад сумаас урагшаа айл руу очиж хүнтэй уулзчихаад өдөр 13 цагийн үед сумын төв дээр Тогосын гэрт иэхэд нөгөө хэд надаас архи нэхээд байхаар нь би ганц шил 0.75-н архи авч өгөөд бид нар хувааж ууцгаагаад сууж байгаад би М гөөс сандал аваад өг гэхэд М  “би яахаараа чамд сандал авч өгдөг юм бэ гээд” миний ам руу нэг удаа цохисон. Тухайн үед бол М  намайг гараараа цохисон уу хөлөөрөө цохисон уу гэдгийг би мэдэхгүй байна. Тэгтэл миний доод талын 2 үүдэн шүд унасан. Тэгээд амнаас цус гарахаар нь би тэдний гэрээс гартал араас М  гарч ирээд чамайг дугуйтай дайрч ална гэтэл миний Хэнтий аймгаас цуг ирсэн таксины эх******* нөхөр хоёр намайг М гөөс салгаж машиндаа суулгаад шууд Хэнтий аймаг руу авч ирсэн. Аймагт ирээд би шууд Нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд бичиг авч дараа нь цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн...Уржинан М  гээд залуу манай гэрт хоноод явахдаа миний орос хромон гутлыг өмсөж яваад эргэж ирээгүй юм. Тэгээд би тухайн 28-ны өдөр М д хандаж “ахын дүү уржинан манайхаас өмсөж явсан хромон гутлаа авчирч өгөөрэй үгүй бол мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн” тэгэж хэлээд л М гөөс сандал аваад өг гэхэд гэнэт уурлаж намайг цохисон. Миний 2 үүдэн шүд тэр доороо унаж амнаас цус гарсан. Өөр бид хоёрын хооронд ямар нэг асуудал байхгүй байсан...Анх удаа...Миний 2 үүдэн шүд л хугарч унасан. Өөр зовиур байхгүй ээ... 2 шүдээ л хийлгэчихвэл өөр гомдол санал байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/

Гэрч Э.Булгантамирын өгсөн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз болох Тогосын гэрт очсон. Тэгээд тэдний гэрт байж байхад 28-ны өглөө М  гээд залуу нь Тогосын нөхрийг хайгаад нэлээн согтуу орж ирээд сууж байтал удалгүй араас нь А  гээд танил залуу араас нь орж ирсэн. Тэгээд эргэж А  явчихаад өдөр буцаж Тогосын гэрт ирээд М тэй маргалдаж байсан. Тэр хооронд нь би 00 орчихоод гараад иртэл гэрийн гадаа А ийн амнаас цус гарчихсан М тэй маргалдаад зууралдаад байж байсан. Тэгээд би эргэж гэр рүү нь ороод унтчихсан байсан. Ерөнхийдөө би ч юм уучихсан согтолттой байсан. Ямар ч байсан Алтангэрлийн амнаас цус гарчихсан М тэй маргалдаад зогсож байсан. Өөр зүйл би мэдэхгүй байна... Сайн мэдэхгүй байна 00 орчихоод ирэхэд зууралдаад л байж байсан...Амнаас нь л цус гараад байсан  өөр зүйл мэдэхгүй ээ...А нэг приустэй л ирсэн харагдсан. Тэр машинаас А-ээс  өөр хүн бууж ирээгүй машиндаа л хүлээж байсан байх, зодоон цохионд өөр хүн оролцоогүй. М тэй л зууралдаад байсан. Тэгээд удалгүй А явчихсан байсан...Надад тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны   өдрийн 405  дугаартай дүгнэлт:

  1. О.А-ийн биед доод үүдэн хоёр шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид дээрх хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулна...гэх дүгнлт /хх-ийн 28-29 хуу/

 

Т.М гийн яллагдагчаар  өгсөн:.. Энэ тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл, санал хүсэлт байхгүй ээ. Зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд байж байгаад танил Тогос гээд хүүхний гэрт очсон. Тэгээд хэдэн шил юм Тогос болон Ням-Очир, Булгантамир нартай хамт уугаад байж байтал танил А гээд ах ирсэн. Тэгээд А ах надад үг хаяад машинд архи байгаа аваад ир гэхээр нь би та өөрөө явдаа би хүний машинаас яаж архи авчирхав дээ гэхэд гэнэт чи яахаараа ийм том болчихсон юм бэ? гэж элдвээр хэлээд босож ирээд минний хамар руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би уурандаа А ахыг нүүр хэсэгт нь нэг удаа цохисон нь үнэн. Тэгээд босоод ирэхдээ амнаас нь цус гарчихсан байсан...А ах өөрөө эхлэж намайг элдвээр хэлээд хараагаад босож ирснээ намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа ам хэсэг рүү нь цохичихсон юм. Тэгээд амнаас нь цус гараад шүд хугарчихлаа гэж хэлж байсан... Тиймээ. Хүн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж байсан...Би А ахтай уулзаж увуулж цувуулаад нийтдээ 200.000 гаран мянган төгрөг өгсөн байгаа...өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуу/

Т.М нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуу/

Т.М ий иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 41 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 73-74 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.М д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.М нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.А-тэй  маргалдаж нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж О.А-ийн эрүүл мэндэд үүдэн хоёр шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч О.А , гэрч Э.Булгантамир нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.М нь хохирогч О.А ийг цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.М г хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.А нь эмчилгээтэй холбоотой ямар нэгэн нотлох бөримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр  торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ