Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 221/2024/0005/З |
Дугаар | 221/ШШ2024/0026 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/ШШ2024/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогтой А-н Д /РД: /
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгож, зохих байгууллагад шилжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “А.Д ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилд томилохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болох 41.309.885 төгрөгийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ТЗ-9-4 зэрэглэлд дүйцэхүйц албан тушаалд томилохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгож, зохих байгууллагад шилжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” болгон өөрчилжээ.
2. Нэхэмжлэгч А.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зарлагдсан Төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэнээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар түр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдож, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл уг албан тушаалыг эрхлэн явуулсан байна.
2.1. Нэхэмжлэгч А.Д нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн Г.Э-г ажилд оруулах зорилгоор 2.500.000 төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдан улмаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаартай захирамжаар “Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дарга Т.Г нь дээрх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2021/ЦХШЗ/20 дугаар захирамжийг үндэслэн А.Д ийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Таслан сэргийлэх арга хэмжээ үйлчлэх хугацаанд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” тухай Б/83 дугаар тушаал болон Улсын ахлах байцаагчийн эрх түдгэлзүүлэх тухай Б/84 дүгээр маргаан бүхий тушаалуудыг тус тус гаргажээ.
2.2. Улмаар нэхэмжлэгч А.Д ийг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай цагаатгах тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.3. Үүний дараа нэхэмжлэгч А.Д “Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт А.Д ийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн байна.
2.4. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6740 дүгээр захирамжаар захиргааны хэргийн хариуцагчийг сольж, Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэхээр хуульд нэмсэн тул 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9407 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1008 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Иймд нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч А.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1. Миний бие Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд иргэн Г.Э-н тус газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн жинхлэгдсэн албан тушаалд томилогдохын тулд 2.500.000 төгрөгийн хахууль өгөхийг хясан богдуулах аргаар буюу мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байна, ажлаас хална, чөлөөлнө, оронд чинь өөр хүн томилно зэргээр шаардан авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан болно. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай захирамжаар яллагдагч А.Д ид Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар А.Д намайг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлж, тус өдрийн Б/84 дүгээр тушаалаар улсын ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн.
3.2. ... Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугааргай ахирамжийн “Захирамжлах” хэсгийн 2 дахь заалтад Л.Д ийг Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүулэх, мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан байгууллагад очихыг, гэрч Ч.Ц болон бусад гэрч нартай уулзахыг хориглох гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг ус тус хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж заасан хэсгийг хүчингүй болгож, өөр төрлийн таслан эргийлэх арга хэмжээ авч өгөх гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэиий хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан болно. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэхийн сацуу Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч буцасад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3.3. А.Д намайг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 дугаар цагаатгах тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн цагаатгах тогтоолоор намайг гэм буруугүй гэж үзсэн учир Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 тушаалууд нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс буюу анхнаасаа зөрчсөн шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл миний гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ хуулд нийцэх байсан боловч шүүхийн тогтоолоор намайг гэм буруугүй гэж дүгнэсэн учир намайг ажлаас болон ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрүүд хууль бус юм.
3.4. А.Д намайг өмнө эрхэлж байсан чиг үүрийн дагуу мэргэжлийн байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулах байхад ажлаас болон байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаалыг өөрчлөөгүй учир өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй, зохих байгууллагадаа шилжин ажиллаж чадахгүй байсаар байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хариу хүргүүлэх тухай ХЭГ/1565 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 89 дүгээр тушаалаар татан буулгах комиссыг байгуулж, төсвийн байгууллагын хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд дүнг танилцуулснаар комиссын үйл ажиллагаа дуусгавар болсон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолын 1-д Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасан.
3.5. ... Монгол Улсын Засгийн газар нь хууль бус тушаалыг хүчингүй болгож хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн А.Д намайг чиг үүрэг шилжсэн байгууллагад шилжүүлэх ажлыг хийх байхад тэрхүү үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байна. Миний зүгээс ямар ажлын байр гэдгийг тодорхойлон заах боломжгүй. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгож, зохих байгууллагад шилжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаар захирамжаар “А.Д ид Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан байгууллагад очихыг, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авах”-аар шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2021/ЦХШЗ/20 дугаар захирамжийг үндэслэн “Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 дугаар тушаал гаргаж, А.Д ийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргээс 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг. Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ДШМ/01 дүгээр магадлалаар дээр дурдсан Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэсгийг хасаж, бусад таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэр гарсан бол прокурор, эсхүл мөрдөгч уг шийдвэрийг яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ” гэж заасан боловч А.Д ид авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн дээрх шийдвэрийг, эсхүл холбогдох мэдээлэл, албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлээгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4836 дугаар захирамжаар А.Д ийн нэхэмжлэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа “Иргэнийг төрийн албан тушаалд томилох, төрийн албан хаагчийг чөлөөлөх эрх бүхий албан тушаалд авлигын гэмт хэрэгт холбогдох шалгагдаж байгаа этгээдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж ажиллуулах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албан хаагчийн тангараг, нийтийн албаны ёс зүйд нийцэхгүй” байгааг дурдаад “анх албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх үндэслэл болсон асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул эгүүлэн томилон ажиллуулах боломжгүй” гэсэн тайлбар өгсөн байдаг.
4.3. А.Д нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байх явцад “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоол гарч, мэргэжлийн хяналтын байгууллагыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсвийн хамт тухайн үед эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийнх нь дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлсэн. Харин дээр дурдаснаас бусад төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон байна. Тухайлбал, үүнд аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналын газар, хэлтсийн дарга нар хамрагдсан.
4.4. Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэл дэх мэргэжлийн хяналтын газар татан буугдаж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагаас санал, хүсэлт, мэдээлэл хүлээн авах талаарх зарыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өдөр тутмын сонин, мэргэжлийн хяналтын байгууллагын веб сайт, фейсбүүк хуудсаар түгээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Татан буулгах комиссоос нэхэмжлэгчийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна” гэж заасны дагуу санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авч ажилласан байна. Нэхэмжлэгч А.Д нь энэ хугацаанд Татан буулгах комисст аливаа нэхэмжлэл, санал, гомдол ирүүлээгүй байна.
4.5. Иймд иргэн А.Д ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч А.Д нь анх “2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилд томилохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 41,309,885 төгрөгийг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ТЗ-9-4 зэрэглэлд дүйцэхүйц албан тушаалд томилохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгож, зохих байгууллагад шилжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж өөрчилсөн байна.
1.1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
2. Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч А.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зарлагдсан Төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэнээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар түр томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Засгийн газрын агетлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 36 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолд заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар жинхлэнэ томилогдож, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл уг албан тушаалыг эрхлэн явуулсан байна.
2.2. Нэхэмжлэгч А.Д нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн Г.Энхгэрэлийг ажилд оруулах зорилгоор 2.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдан улмаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаартай захирамжаар “Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
2.3. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дарга Т.Г нь дээрх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2021/ЦХШЗ/20 дугаар захирамжийг үндэслэн А.Д ийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Таслан сэргийлэх арга хэмжээ үйлчлэх хугацаанд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” тухай Б/83 дугаар тушаал болон Улсын ахлах байцаагчийн эрх түдгэлзүүлэх тухай Б/84 дүгээр маргаан бүхий тушаалуудыг тус тус гаргажээ.
2.4 Нэхэмжлэгч А.Д ид авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дууссан, мөн А.Д өөрт авсан таслан сэргийлэх арга хэмжээтэйгээ холбогдуулан гомдол гаргасан бөгөөд Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалаар “... албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.5. Мөн нэхэмжлэгч А.Д ийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 дугаартай цагаатгах тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.6. Дээрх хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаартай захирамжийн үндэслэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 дүгээр тушаалууд нь хууль бус, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2.7. Өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий Б/83, Б/84 дүгээр тушаалууд нь А.Д ид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар авсан таслан сэргийлэх арга хэмжээ үйлчлэх хугацаанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байх тул хууль бус гэж үзэх боломжгүй юм.
2.8. Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох А.Д ийн 2022 оны 01 дүгээр сарын 03, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Г болон Б.Б дарга нарт “...хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх тухай” хүсэлтээ гаргаж байсан бөгөөд уг хүсэлтийг огт шийдвэрлээгүй охигдуулсан болох нь тогтоогдож байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 417 дугаар тогтоолын 2.3-т “мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж буй компьютер техник, хэрэгслийн хамт одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээ зохион байгуулах” гэж зааснаар А.Д ийг өмнө эрхэлж байсан чиг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах ёстой байтал ажлаас болон байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаалыг өөрчлөөгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажил олгогчоос ажил албан тушаалд томилохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолын 1-д “Засгийн газын тохируулагч агентлаг-мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон татан буулгасан байна.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаварыг хариуцна” гэж заасан мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжиж буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас олгохоор тус тус заасан.
3.3. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэж үзвэл Монгол Улсын Засгийн газар нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай цагаатгах тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад А.Д ийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж чиг үүрэг нь шилжсэн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
3.4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.2-д “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “төрийн албыг доор дурдсанаар ангилана” гээд 6.1.2-т “төрийн захиргааны алба”, 6.2-т “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-д заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ” мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана” гээд 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан.
3.5. Нэхэмжлэгч А.Д ийн эрхэлж байсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал нь ТЗ-9-4 ангилалд хамаарах буюу Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т заасан төрийн жинхэнэ албанд хамаарч байх ба дээрх хуулийн хэм хэмжээнүүдээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь гагцхүү хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөх, чөлөөлөх, халахаар зохицуулж, төрийн албан хаагч нийгмийн баталгаагаар хангагдан ажиллахаар байна.
3.6. Уг хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай цагаатгах тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Д ийг цагаатгаж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг зохих байгууллагад шилжүүлэх талаар арга хэмжээ аваагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... А.Д татан буулгах, комиссод нэхэмжлэл гомдол ирүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
3.7. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож А.Д ийг зохих байгууллагад шилжүүлэхийг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн шийдвэр гарсан өдөр хүртэл зохих журмын дагуу тооцож олгохыг, мөн хугацаагаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгаж, үлдэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 дүгээр тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Д.О нь “... гадаад улсад суралцахаар явах тул шүүх хуралдааныг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг баримтлан хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Д оос Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч А.Д ийг өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, мөн ажилгүй байсан хугацааны цалинг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаагаар зохих журмын дагуу тооцож олгохыг, мөн хугацаагаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгаж, үлдэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83, Б/84 тушаалууд хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА