Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 118

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Ч.Мөнхзул,

Иргэдийн төлөөлөгч Н.Дуламсүрэн,

Шинжээч Т.Номинцэцэг /онлайнаар/

Хохирогч Б.Болд-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Галтогтох,

Өмгөөлөгч З.Нямсүрэн, Ө.Батболд, М.Энхтуяа,

Шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарыг оролцуулан,

Гэрч Р.Алтанцэцэгийг байлцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Сумъяагийн Бүрэнжаргал, Хатагин овогт Ганбаатарын Батгэрэл, Хатагин овогт Энхболдын Батдэлгэр нарт холбогдох эрүүгийн 21107257 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 1-14 тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө "Дорнод НАА" ХХК-д дуудлагын засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЮ85011513 регистрийн дугаартай, Бичээч овогт Сумьяагийн Бүрэнжаргал.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 25-3 тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө "Дорнод НАА" ХХК-д усны тоолуурын засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЯ88082074 регистрийн дугаартай, Хатагин овогт Ганбаатарын Батгэрэл.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-11 тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө "Дорнод НАА" ХХК-д засварчин ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 151 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, биеэр 2 сар 17 хоногийн ялыг эдлэн тус шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 13 хоногийн хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын /сонсгол/ 50 хувийн групптэй, ЖЮ85022012 регистрийн дугаартай, Хатагин овогт Энхбатын Батдэлгэр.

Шүүгдэгч С.Бүрэнжаргал нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан,

     Шүүгдэгч Г.Батгэрэл нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно С.Бүрэнжаргал, Э.Батдэлгэр нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч  Э.Батдэлгэр нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод  аймгийн  Хэрлэн  сумын  9 дүгээр  баг  "Хэрлэн" голын хойно   С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл  нартай  бүлэглэн, танхайн  сэдэлтээр  хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын

яллах дүгнэлтээр/

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Бүрэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2011 оны 5 сарын 02-ны өдөр Батгэрэлтэй хамт 13 цагийн үед ажил дээрээс гарч яваад ажлынхаа хүнтэй нийлж 1 шил архи хувааж уусан. Дараа нь дахин нэг шил архи уусан. Ингээд эмнэлгийн хойно явж байгаад Батдэлгэртэй таарч дэлгүүрээс 10 шил пиво аваад гол дээр очсон. Пиво дуусахаар нь дахин дэлгүүр явж 10-аад пиво авч уусан. Тэр үед харуй бүрий болж байсан. Гол дээр Болд-Эрдэнэ хоёр найзын хамт мөн эхнэртэйгээ нэлээд хол сууж байсан. Тухайн үед бид нар их согтсон байсан. Нэг мэдэхэд нэги хүнтэй маргалдаж муудалцаж байсан. Би нэг удаа шанаанд нь цохисон. Тэр хүн газарт унаад босч ирээд Батдэлгэртэй зууралдаад байсан. Би нөгөө хоёр хүн рүү нь очиход надаас зугтаасан. Гадаа харанхуй болж байсан тул нөгөө хоёр хүнийг нь алдсан. Намайг эргээд ирэхэд Батгэрэл хохирогчтой хамт байж байсан. Болд-Эрдэнийг газраас босгож ирэхэд хохирогчийн эхнэр нь намайг барьж аваад "Би чамайг таньж байна шүү" гэж хэлж байсан. Батгэрэл намайг эхнэрээс нь салгаж аваад бид нар хойшоо гүйсэн. Хохирогчид эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Г.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 сарын 02-ны өдөр манай авгай төрөх гээд ЭХО-д харуулахад хүү гэж байна гэсэн. Тэгэхээр нь баярлаад Бүрэнжаргалтай уулзаж архи уусан. Ингээд эмнэлгийн хойно явж байгаад Батдэлгэртэй таарсан. Бид гурав гол дээр нийт 20 гаруй шил пиво уусан. Пиво ууж дуусах үед гадаа бүрэнхий болж байсан. Бид нараас  жаахан зайдуухан хохирогч Болд-Эрдэнэ ууж байхыг харсан. Болд-Эрдэнийг тамхи татаад явж байхаар нь би очиж тамхи гуйсан. Тэгэхэд "Мөдхөн хошуу гуйх нь дээ муу банди нар" гэхээр нь би нэг удаа цохисон. Тэр үед хохирогч миний хөлнөөс зуураад тавихгүй байсан. Би хөлөө тавиулахын тулд өшиглөсөн. Надад өшиглүүлсний улмаас хавирга нь хугарсан байж магадгүй гэж бодож байна. Бүрэнжаргал бид хоёр хохирогчид эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Э.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон хэргийн талаар сайн санахгүй байна. Намайг унтаад сэрэхэд зодоон болж байсан. Би бүгдийг нь салгах гэж оролдсон. Өөр зүйл санахгүй байна гэв.

Хохирогч Б.Болд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2 найз маань маргааш шүүх хуралтай гэхээр нь гол дээр очиж архи уусан. Эдний нэг нь надаас тамхи гуйсныг мэдэж байна. Бусдыг нь мэдэхгүй байна. Миний хөмсөг уруул шалбарч, хавирга хугарсан. Миний эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг өгсөн гэж байсан. Би үүнийг мэдэхгүй байна. 2016 оны 10 сард дундаасаа 500000 төгрөг өгсөн гэв.

Гэрч Р.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэртээ байхад Болд-Эрдэнэ "Гол дээр согтуу байна ирээд ав" гэж хэлсэн. Тэгээд би гол дээр очоод буцаад явж байхад хүрэн өнгийн цамцтай хүн гүйж ирээд Болд-Эрдэнийг цохисон. Эд нар Болд-Эрдэнийг зодоод байсан. Нэг нь гүйж ирээд өшиглөхөд нь ойчсон. Намайг цүнхний оосроор ороолгохоор нь бариад авахад багаж байсан. Тэгэхээр нь би слесарь гэж таньсан. Бүрэнжаргал их олон удаа цохисон гэв.

Шинжээч эмч Т.Номинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа: 2011 оны 05 сарын 11-ний өдөр хохирогч Б.Болд-Эрдэнийн биед үзлэг хийж 324 тоот дүгнэлт гаргасан. Тухайн үед эмнэлэгт хэвтэж байх үеийн өвчний түүхэн дээр бүхий л баримтыг оруулсан байсан. Мөн зураг хавсаргагдаж ирсэн. Хохирогчийн биед учирсан цээжний хөндийд шингэн хурсан гэмтэл нь 2011 оны 5 сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Хавирга хугарсан үед л цээжний хөндийд шингэн хурна. Шинжээчийн дүгнэлт дахин гаргасан ч анхны гаргасан дүгнэлт хэвээр гарна гэж бодож байна гэв.

-    Хохирогч Б.Болд-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 8-11, 96/

-    Гэрч Р.Алтанцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 12-14, 69-70, 174-175/

-    Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-52/

-    Сэжигтнээр С.Бүрэнжаргалыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 30/

-    Яллагдагчаар С.Бүрэнжаргалыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 77,124/

-    Сэжигтнээр Г.Батгэрэлийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 34/

-    Яллагдагчаар Г.Батгэрэлийг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 122/

-    Шинжээчийн 324 тоот дүгнэлт /хх-ийн 19-20/

-    Р.Алтанцэцэгийн тайлбар /хх-ийн 3-4/

-    Б.Болд-Эрдэнийн тайлбар /хх-ийн 5/

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50,151-152/

-    Хувийн байдлын талаарх гэрч нарын мэдүүлэг /хх-ийн 102-111/

-    Рентген зургийн уншсан тухай эмчийн бичилт /хх-ийн 187/

-    Рентген зураг /Задгай баримт/

-  Шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хавтас 19-20/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Бүрэнжаргал,  Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно бүлэглэн, хохирогчийн "мөд хошуу гуйх нь" гэсэн үг буюу үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

    Үүнд: Хохирогч Б.Болд-Эрдэнэ, гэрч Р.Алтанцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 324 тоот актын "Б.Болд-Эрдэнийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун 6-р хавирганы далд хугарал, баруун уушги унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх баруун уушги унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл нь амь биед аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэг, 6-р хавирганы далд хугарал болон баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруул дахь шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /1-р хавтас 1-20/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

    Шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тэднийг танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.Батдэлгэр нь энэ тогтоол гарахаас өмнө Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 151 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх ба биеэр 2 сар 17 хоногийн ялыг эдэлж, тус шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар  2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамрагдаж өршөөгдсөн  байна.

Мөн шүүгдэгч Э.Батдэлгэрт энэ тогтоолоор оногдуулсан ялд Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна. Учир нь: Шүүгдэгч Э.Батдэлгэрийн 2011 оны үйлдсэн гэмт хэрэг нь 2015 онд шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул  нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэнд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх заалтыг баримталж ял оногдуулах үндэстэй байна. 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан

хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

    Мөн шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн тэдний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нар нь 2011 оны 05 сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуульд хамаарагдаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт тус бүрт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.

Өмгөөлөгч З.Нямсүрэн Шүүгдэгч С.Бүрэнжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэх боломжтой байсан. Шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирогч Б.Болд-Эрдэнийн сүүлд авахуулсан рентгэн зурагт хавирганы хугарал гэмтэл байхгүй гэж гарсан байгаа. Иймд үүнийг нотлох баримтаар үнэлж шийдэж өгнө үү. Гэрч Алтанцэцэг нь бичиг үсэг мэдэхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлгийг нь уншиж өгөөгүй гарын үсэг зуруулсан байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж,  өмгөөлөгч Ө.Батболд "1 дүгээр хавтасны 186 дугаар хуудсанд бичсэн эмчийн бичилтээс үзэхэд 2 янзын зүйл бичсэн байна. Сүүлд авахуулсан рентгэн зурагт хавирганы хугарал байхгүй гэж гарсан. Иймд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай байна. Гэрч Алтанцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн уншиж бичиж чадахгүй хүнд мэдүүлгийг нь уншиж өгөөгүй, хэргийн зүйлчлэлийг 181 дүгээр зүйл болгон өөрчлөх үндэслэлтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү" гэж тус тус мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бүрэнжаргал "…Хохирогчийн нүүрэнд 1 удаа цохисон" гэж, шүүгдэгч Г.Батгэрэл "Би хөлөө тавиулахын тулд хохирогчийг өшиглөсөн. Тэр үед гэмтэл авсан байж магадгүй…." гэж, шүүгдэгч Э.Батдэлгэр "…Би согтоод унтчихсан байсан. Нэг мэдэхэд зодоон болж байсан…" гэж тус тус мэдүүлж байх боловч хохирогч Б.Болд-Эрдэнийн биед тухайн цаг хугацаанд хүнд зэргийн гэмтэл учирсан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ. Тухайлбал: шүүгдэгч С.Бүрэнжаргал яллагдагчаар байцаагдахдаа …Хохирогч Б.Болд-Эрдэнэ өөрөөс гадна хоёр  эрэгтэй, нэг эмэгтэйтэй хамт бидэн дээр хүрч ирэхээр нь Батгэрэл, Батдэлгэр хоёрын нэг нь  "ах аа галаа өгөөч" гэхэд "бацаан нар архи  уудаг юу вэ?, та нар надаас мөд хошуу гуйх нь дээ" гэхээр нь бид гурав босож очоод Болд-Эрдэнийг цохисон. Хэн нь түрүүлж цохисныг мэдэхгүй байна. Тэгээд газар унангуут нь гурвуулаа л өшиглөсөн. … гэж, гэрч Р.Алтанцэцэг "…Болд-Эрдэнийг эхлээд Бүрэнжаргал цохиод газар унахаар нь 3-лаа өшиглөсөн. …" гэж, хохирогч Б.Болд-Эрдэнэ "…Тэгээд би газар унахад тэд намайг өшиглөж зодсон. Би урд өмнө нь биедээ гэмтэл авч байгаагүй…" /1-р хавтас 96/ гэж тус тус мэдүүлжээ.

Мөн хохирогч Б.Болд-Эрдэнийн 2011 оны 05 сарын 02-ноос 2011 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл эмчлүүлсэн өвчний /1-р хавтас 179-188/ түүхэд "баруун уушги унасан, баруун плеврын хөндийд хий их хэмжээгээр хурсан, баруун VI хавирга суганы урд шугамаар хугарсан" оношийг үндэслэн эмчилгээ хийсэн талаар эмчийн бичилтүүд, "хохирогчийн хавирга хугараагүй тохиолдолд уушги унаж хий шингэн хурах боломжгүй" талаар шинжээч эмч Т.Номинэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс үзэхэд хохирогч нь 2011 оны 05 сарын 02-ны орой тухайн цаг хугацаанд шүүгдэгч нарт зодуулж улмаар хүнд зэргийн гэмтэл авсан болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Алтанцэцэгээс байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 45 дугаар зүйлийн 45.7-г зөрчиж мэдүүлэг авсан гэж байгаа боловч гэрч Р.Алтанцэцэг мөрдөн байцаалтад 5 удаа тогтвортой  мэдүүлэг өгснөөс 2011 оны 06 сарын 03, 2011 оны 07 сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх үндэстэй байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалт нь Р.Алтанцэцэгийг гэрчийн мэдүүлэг өгөхөд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Мөн өмгөөлөгч М.Энхтуяа "Шүүгдэгч Э.Батдэлгэр хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар өөрөөр хэлбэл гэм буруугүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Э.Батдэлгэр нь С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нартай бүлэглэн хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд: С.Бүрэнжаргалын яллагдагчаар байцаагдахдаа мэдүүлсэн …Хохирогч Б.Болд-Эрдэнэ өөрөөс гадна хоёр  эрэгтэй, нэг эмэгтэйтэй хамт бидэн дээр хүрч ирэхээр нь Батгэрэл, Батдэлгэр хоёрын нэг нь  "ах аа галаа өгөөч" гэхэд "бацаан нар архи  уудаг юу вэ?, та нар надаас мөд хошуу гуйх нь дээ" гэхээр нь бид гурав босож очоод Болд-Эрдэнийг цохисон. Хэн нь түрүүлж цохисныг мэдэхгүй байна. Тэгээд газар унангуут нь гурвуулаа л өшиглөсөн. … мэдүүлэг гэрч Р.Алтанцэцэгийн 2011 оны 06 сарын 03, 2011 оны 07 сарын 01-ний өдрүүдэд "…Бүрэнжаргал хүрч ирээд Болд-Эрдэнийн хамар руу нь гараараа цохитол хамарнаас нь цус гараад Болд-Эрдэнэ доошоо суугаад хамт явсан хоёр залуу нь хүрээд ирэхээр нь нэгнийх нь хөлнөөс зуураад хэвттэл гурвуулаа нийлээд дээрээс нь өшиглөж зодсон…" /1-р хавтас 12-13/ гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг болно. Иймд шүүгдэгч Э.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.  

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан шүүгдэгч нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах талаар гаргасан саналыг тус тус хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч тал шүүхэд хохирогч Б.Болд-Эрдэнийн 2016 оны 10 сарын 16-ны өдөр авахуулсан рентгэн зураг, эмчийн бичсэн тодорхойлолт зэргийг баримт сэлтээр гаргаж өгчээ. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д нотлох баримтыг хуульд заасан байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах замаар цуглуулна гэж заасан бөгөөд энэ хэргийг шалгах явцад шүүгдэгч талаас хохирогчийн биед учирсан гэмтлийг дахин шалгуулах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүх, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн дараа авахуулсан хохирогч Б.Болд-Эрдэнийн /шүүгдэгч талын хүсэлтээр/ рентгэн зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.       

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч Э.Батдэлгэрийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нар нь шүүхийн шатанд хохирогч Б.Болд-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /эмчилгээний зардал/-д 500000 төгрөг төлсөн,  одоо төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн рентгэн зургийг хэрэгт хавсаргав.

Шүгдэгч нар нь төлөх төлбөргүй тул С.Бүрэнжаргалын эзэмшлээс 80000 төгрөгийн үнэлгээ бүхий LG маркийн " FL-100" гар утсыг, Г.Батгэрэлийн эзэмшлээс 100000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung  NOTE 1" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 12-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болговол зохино.

Хэрэгт   баримт   бичгээр   хураагдан   ирсэн  С.Бүрэнжаргалын  ЖЮ85011513

регистрийн дугаартай, Г.Батгэрэлийн ЖЯ88082074 регистрийн дугаартай, шүүгдэгч Э.Батдэлгэрийн ЖЮ85022012 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан  хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Бичээч овогт Сумьяагийн Бүрэнжаргал, Хатагин овогт Ганбаатарын Батгэрэл, Хатагин овогт Энхболдын Батдэлгэр нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар шүүгдэгч С.Бүрэнжаргалыг 4 /дөрөв/ жил 09 /ес/ сар, Г.Батгэрэлийг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар, Э.Батдэлгэрийг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл Э.Батдэлгэр нарт тус бүрт оногдуулсан 4 жил 9 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг тус бүр 2 /хоёр/ жил 9 /ес/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлан ялтан Э.Батдэлгэрийн 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 151 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын биеэр эдэлсэн 2 сар 17 хоногийн ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялд багтаасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар ялтан С.Бүрэнжаргал Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт оногдуулсан тус бүрийн 2 жил 09 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан С.Бүрэнжаргалын 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс 10 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялтан Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, ялтан Э.Батдэлгэрийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, ялтан С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нар нь шүүхийн шатанд хохирогч Б.Болд-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /эмчилгээний зардал/-д 500000 төгрөг төлсөн,  хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн рентгэн зургийг хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан С.Бүрэнжаргалын эзэмшлээс 80000 төгрөгийн үнэлгээ бүхий LG маркийн " FL-100" гар утас, ялтан Г.Батгэрэлийн эзэмшлээс 100000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung  NOTE 1" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 12-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгосугай.

9. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан С.Бүрэнжаргалын ЖЮ85011513 регистрийн дугаартай, ялтан Г.Батгэрэлийн ЖЯ88082074 регистрийн дугаартай, ялтан Э.Батдэлгэрийн ЖЮ85022012 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан  хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                                  Ү.ОДГЭРЭЛ

                                                   Б.ЭНХБААТАР