Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0462

 

2021 оны 07 сарын 07 өдөр      Дугаар 128/ШШ2021/0462            Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: У.М.  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүрэг дэх Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452765 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч У.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч У.М шүүхэд ирүүлсэн гомдол болон уг гомдолтой холбоотойгоор шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие дааж нэр дэвшсэн. Ингэхдээ сонгуулийн үйл ажиллагаанд зориулж ямар нэгэн данс нээгээгүй, хандив цуглуулаагүй бөгөөд мөнгө зарцуулахгүйгээр сонгуульд идэвхтэй оролцож дуусгасан. Данс нээгээгүй, мөнгөн зарцуулалт хийгээгүй учир ямар нэгэн тайлан гаргах урьдчилсан нөхцөл бий болоогүй гэж үзсэн. Гэхдээ 2020 оны 6 дугаар сарын 23 өдөр явцын тайланг цахим хаягаар илгээсэн бөгөөд тухайн батлагдсан тайлангийн маягтад данс нээгээгүй, мөнгөн зарцуулалт хийгээгүй тохиолдлыг зохицуулсан ямар нэгэн хэлбэр байгаагүй учир тухайн маягт дээр “данс нээгээгүй” тэмдэглэл бичиж илгээсэн. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас гэнэт ирсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4-д “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах”, 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж заажээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 15.1.7-д “захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Би сонгуультай холбоотойгоор данс нээгээд захиран зарцуулалтаа тайлагнах ёстой гэж ойлгосон. Данс нээгээгүй болохоор тайлан хамаагүй гэж хандаагүй. Бөглөх ёстой маягтуудаас нь хайж, Үндэсний аудитын газрын лавлах уруу утсаар холбогдож, өөрөө ч очиж уулзсан. Үүргээ биелүүлэхийн тулд хичээсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч данс нээгээд, тухайн дансны захиран зарцуулалтын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Би анхнаасаа данс нээхгүй, зарлага гаргахгүй гэдэг бодолтой байсан. Аль ч банканд данс нээгээгүй. Өөрөө программ хангамжийн мэргэжилтэй учраас цахимаар явуулж байгаа мэдээлэл танилцуулгадаа нэг ч төгрөг зарцуулаагүй. Өдөртөө ажлын байрандаа хооллодог байсан. Үндэсний аудитын газарт хүргүүлсэн явцын тайландаа би данс нээгээгүй, зарлага гаргаагүй гэдгийг дурдсан. Данс нээгээгүй хүмүүст хамааралтай тайлангийн маягт байгаагүй. Данс нээгээгүй талаар тусгах боломжтой байсан бол бөглөх байсан. Тийм маягт байгаагүй учир байсан маягтыг бөглөөд явуулсан. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхдээ үүргээ биелүүлсэн. Захиргааны байгууллагын ойлгомжгүй зүйлээс шалтгаалаад зөрчлийн хэрэг үүссэн байна. Би өөрийнхөө зүгээс тухай бүр тайлбараа гаргахад захиргааны байгууллагууд хүлээж авлаа, шийдлээ гэсэн хариу өгдөг байсан. Гэмт хэрэг үйлдээгүй, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө 10,000 нэгжээр торгуулах нь байж болшгүй зүйл юм. Иймд Баянзүрх дүүрэг дэх Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн У.М нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэснийг зөрчсөн болох нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр тогтоогджээ. Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1452765 дугаар шийтгэлийн хуудас бичсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ө Сангийн яамнаас арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг ирсэн. Уг албан бичгийн дагуу Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ө 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж зөрчлийн хэрэг нээсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын Сангийн яаманд хүргүүлсэн зөрчил шилжүүлэн шийдвэрлэх тухай албан бичгийн хавсралтад дурдсан сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг ирүүлээгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтад У.М-гийн нэр эцсийн тайланг ирүүлээгүй гэдэг тэмдэглэгээтэй байсан. Ц.Ө нь У.М-тэй 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэлдээ “Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө миний бие нэр дэвшигч У.М 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутад 88******* утсаар холбогдоход данс нээгээгүй учир зарлагын тайлан цахимаар өгсөн. Үндэсний аудитын газартай холбогдож лавлая” гэсэн тайлбар өгөөд бидэнд тайлан өгсөн нотолгоог ирүүлээгүй. У.М******* нь би ямар нэгэн данс нээгээгүй бүгдийг өөрийн зардлаар хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч нойл тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.12, ... 6.22, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-д “нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн зохицуулсны зэрэгцээ эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

 Эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргагч У.М-гийн зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс сонгуулийн зардлын тайланг хүргүүлээгүй зөрчил гаргасан хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан маргаан бүхий захиргааны актад дүгнэлт хийж, дараах байдлаар шийдвэрлэв.

Маргааны зүйлд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл /Сонгуулийн хуулийг зөрчих/-ийн 25-д: “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн хуульчилсан бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д: “нэр дэвшигч ... сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно торгоно” хэмээн торгох нэгжийн хэмжээ болон хугацааны хувьд өөр өөрөөр зохицуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д: “... нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д: “нэр дэвшигч ...сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж хуульчилсан, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-д: “төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд 58.2.5-д: “зардлын тайлан гаргах, хүлээн авах, ... холбоотой журам, маягт батлах” гэж зааснаар, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” батлагдсан байна. Энэ журмын 16 дугаар зүйлийн 16.2-т: “нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргана”, мөн журмын 17 дугаар зүйлийн 17.1-т: “...сонгуулийн зардлын явцын тайланг ...гаргаж, Үндэсний аудитын газарт ирүүлнэ”, мөн журмын 19 дүгээр зүйлийн 19.1-т: “...сонгуулийн зардлын эцсийн тайланг ... өссөн дүнгээр эцэслэн гаргаж, ... Үндэсний аудитын газарт ирүүлнэ” гэж журамлажээ.

Үйл баримтын хувьд, хариуцагч Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452765 дугаар шийтгэлийн хуудсаар “Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигч У.М нь сонгуулийн зардлын явцын тайлан хүргүүлээгүй” гэж үзэж, гомдол гаргагч У.М-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар арван мянган нэгжээр буюу 10,0 сая төгрөгөөр торгосон бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудаст бичихдээ: “сонгуулийн зардлын явцын тайлан хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гээд “шийдвэрлэх нь” хэсэгт “сонгуулийн зардлын явцын тайлан хүргүүлээгүй” зөрчилд 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар арван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3: “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэх хуулийн заалтыг, эсхүл мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4: “нэр дэвшигч ...сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын заалтыг тус тус хэрхэн хангасан, тухайлбал, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Арга хэмжээ авч ажиллах талаар” 7/6746 албан бичигт дүгнэлт хийж зөрчлийг хэрхэн тогтоосон болох нь маргаан бүхий захиргааны актад тодорхой бус байна. Үүгээрээ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1: “захиргааны актын агуулга, ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3: “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасанд нийцээгүй байна.

Түүнчлэн нотлох баримтаар цугласан Үндэсний аудитын газрын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1275 албан бичгээс үзэхэд гомдол гаргагч нь явцын тайланг хүргүүлсэн болох нь нотлогдож байх ба энэ байдал нь маргаан бүхий шийтгэлийн хуудаст тохироогүй, өөрөөр хэлбэл, явцын тайлан хүргүүлээгүй юу, эцсийн тайлан хүргүүлээгүй юу гэдэг нь ойлгомжгүй байгаа нь хариуцагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т: “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэдгийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Шүүх, гомдол гаргагчийг холбогдох хууль зөрчсөн гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ байдлыг буюу хариуцагчийн үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй, гомдол гаргагчийг огт зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг баримтлан У.М-гийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452765 дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр /2/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1452765 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б