Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я ХХК-д холбогдох  

 

Гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх

Хариуцагчийн төлөөлөгч: Ё.Ганхуяг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Цолмонбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Г ХХК-г төлөөлж захирал. Б.Цэнджав би Я ХХК-ийн захирал Ё.Ганхуягтай тохиролцож /SW-M20 MORTAR PUMP-цемент зуурагч, шахагч/ тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлэх №14/3 тоот гэрээг байгуулсан. Я ХХК нь гэрээний 4.2, 4.3 дах заалтуудыг зөрчсөн. Г ХХК-иас Я ХХК-гийн захирал Ё.Ганхуягт удаа дараа төлбөрийн нөхцөлийг уян хатан шийдүүлэхээр хандаж мэдэгдэж байсан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 31 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй бидний ажилд саад учруулж байна. Энэхүү гэрээний төлбөрийг төлөөгүйгээс үүдэн манай компани нь гэрээт борлуулагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй хүртлэх эрсдэл бий болсон байна. Иймээс Я ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцон гаргуулахаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 31 000 000 төгрөг, алданги 15 500 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөг гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-г байгуулан SW-M20 MORTAR PUMP маркийн цемент зуурагч, шахагч тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийг 65 000 000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээ байгуулсан өдөр 32 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 33 000 000 сая төгрөгийг 4 сарын хугацаатайгаар нэг сарын 5 хувийн хүүтэй зээлийн нөхцлөөр төлөхөөр гэрээ байгуулсан. Ингэхдээ уг зээлийн гэрээг нэг талаас иргэн Б.Цэнджав /Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн захирал/, нөгөө талаас буюу зээлдэгч талаас Ё.Ганхуяг миний эхнэр /Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө эхнэрийн нэр дээр байдаг тул гэрээнд оролцсон юм. Зээлийн гэрээг мөн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Ингээд уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч талд нийт 37 105 150 төгрөгийг төлж нийтдээ 69 105 150 төгрөгийг төлсөн. Тодруулбал тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээний дагуу 32 000 000 төгрөг, уг төлбөрийн үлдэгдэлийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснийхээ дагуу нийт 37 105 150 төгрөг төлсөн. Түүнчлэн тоног төхөөрөмжийн худалдан авах үнийн үлдэгдэл 33 000 000 төлбөрийг зээлийн гэрээний үүрэг шилжүүлснээр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон. Бидний хувьд ийнхүү сольсон зээлийн гэрээний үүргээ биелүүлчихсэн тул тус компанид төлөх ямар ч төлбөргүй болно.

Өмнө нь шүүхийн шийдвэрлүүлсэн маргаан болох тухай Б.Цэнджав /Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн захирал/ нь дээрх байдлаар Б.Байгалмаатай /Ё.Ганхуяг миний гэр бүлийн хүн/ байгуулсан “Зээлийн гэрээ”-тэй холбоотой асуудлаар өмнө нь нэхэмжлэл гаргаж уг хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн юм. Тодруулбал Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дугаартай тогтоолоор: Г ХХК /захирал Б.Цэнджав/, иргэн Ё.Ганхуяг нар хоорондын худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 33 000 000 төгрөгийг Зээлийн гэрээний журмаар төлж барагдуулахаар харилцан тохирч, Ё.Ганхуягийн гэр бүл Б.Байгалмаагийн зөвшөөрснөөр, Б.Цэнджав, Б.Байгалмаа нарын хооронд Зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзнэ, энэ тохиолдолд 236.2-т зааснаар өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болно.” гэж өнөөдрийн маргааны үндэслэл болоод буй талуудын хооронд байгуулагдсан “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон талаар маш тодорхой дүгнэж, уг асуудлыг ч шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасны дагуу нэхэмжпэгч 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг баримтлан хариуцагч Я ХХК-иас гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 450 орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо: “...2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр "Гэгээн өндөр гүмсэд" ХХК-ийг төлөөлж захирал Б.Цэнджав би Я ХХК-ийн захирал Ё.Ганхуягтай тохиролцож /SW-M20 MORTAR PUMP-цемент зуурагч, шахагч/ тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлэх №14/3 тоот гэрээг байгуулсан. Я ХХК нь гэрээний 4.2, 4.3 дахь заалтуудыг зөрчсөн. Г ХХК-иас Я ХХК-ийн захирал Ё.Ганхуягт удаа дараа төлбөрийн нөхцөлийг уян хатан шийдүүлэхээр хандаж мэдэгдэж байсан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 23 536 749 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй бидний ажилд саад учруулж байна. Энэхүү гэрээний төлбөрийг төлөөгүйгээс үүдэн манай компани нь гэрээт борлуулагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй эрсдэл бий болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Я ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь SW-M20 MORTAR PUMP маркийн цемент зуурагч, шахагч тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийг 65 000 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа төлбөр хийснээс хойш ажлын 21 хоногт барааг нийлүүлэх, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 30 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч нь 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв байна. /6-9/

 

Мөн хэрэгт 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Цэнджав, Б.Байгалмаа нарын хооронд дээрх худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 33 000 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, сард 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дугаар тогтоол тус тус авагдсан байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 20-27/

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дугаар тогтоолоор Б.Цэнджав, Б.Байгалмаа нар зээлийн гэрээ байгуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг сольсон гэж тодорхойлсон байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Я ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН