Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183

 

“Гэрэлт шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0206 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Гэрэлт шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн “Гэрэлт шинэчлэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компаниас гаргасан Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0206 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гэрэлт шинэчлэл” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн “Гэрэлт шинэчлэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тус компаниас Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Гэрэлт шинэчлэл” ХХК-ийн захирал С.Эрдэнэчуулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3-т заасан шаардлагуудыг хангаагүй гэж дүгнэхдээ Цөмийн энергийн тухай хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Цөмийн энергийн хуулийн 19 дүгээр зүйлийн зохицуулалт нь зөвхөн өргөдөл хүлээн авахтай холбоотой зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2011 онд анх өргөдөл гаргахдаа дээрх 19 дүгээр зүйлд заасан баримт бичгүүдийг зохих журмын дагуу гаргаж өгсөн. Мөн хуулийн 19.1.7-д дотоод хяналтын алба байгуулсан эсхүл хариуцсан ажилтныг томилсон тухай баримтыг гаргахаар хуульчилсны дагуу Цацрагийн хамгааллын мэргэжилтнээр Ц.Эрхэмбаярыг, эрлийн геологичоор Б.Ганзориг, Б.Анар нарыг томилсон шийдвэрийг хавсарган өгсөн.

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт "үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх" гэсэн заалтыг хэрэглэхдээ тус хуулийн 19 дэх хэсгийг үндэслэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж 2011 онд хүлээн авсан байдаг. Нөгөөтэйгүүр Цөмийн энергийн хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдэд анх өргөдөл гаргаснаас хойш хугацаанд буюу 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад түүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс ямар баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна. Тус зүйлд заасан туршлага гэдэг нь цаг хугацаагаар хэмжигдэх ойлголт бөгөөд 2011 онд гаргаж өгсөн баримтаар 2016 онд энэ шаардлагыг үнэлсэн нь буруу юм.

Мөн нэхэмжлэгчийг Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д заасан шаардлага хангаагүй гэж дүгнэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдэд дүгнэлт хийсэн Цөмийн энергийн тухай хуультай хэрхэн уялдаж байгаа тодорхойгүй байна. Учир нь Цөмийн энергийн хуулийн дагуу дээрх шаардлагыг нарийвчлан тодорхойлсон дүрэм, журам гаргаагүй байхад дээрх бодлогын баримт бичгүүд нь хуулийн агуулгыг нарийвчлан тодорхойлсон мэтээр дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

2. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд Тагнуулын байгууллагын саналын тухайд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/735 тоот албан бичигт өргөдөл болон түүнд хавсаргасан материал нь цаг хугацааны хувьд оройтсон гэсэн нь 2011 оны материалаар 2016 онд дүгнэлт хийх боломжгүй гэсэн агуулгаар татгалзсан байдаг. Мөн хуульд 2015 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр Тагнуулын байгууллагаас гадна Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын газраас санал авахаар тусгасны дагуу дээрх байгууллагууд болон Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцүүлсэн байдаг. Дээрх байдлаас үзэхэд Тагнуулын байгууллагын татгалзсан саналын үндэслэл цаг хугацааны хувьд оройтсон гэсэнд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч 1-3 сарын дотор шийдвэрлээгүй тохиолдолд санал хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс өргөдлийг шийдвэрлүүлэх талаар удаа дараа Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газарт хандаж байсан ба энэ хооронд хуульд өөрчлөлт орсон, захиргааны байгууллага татан буугдаж чиг үүрэг шилжсэн, холбогдох байгууллагаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргээр ажиллагаа хийгдэж байсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэх шаардлагын тухайд нэгэнт захиргааны байгууллагын үйл ажиллагаатай цаг хугацаа алдаж 2011 онд нэхэмжлэгчийн гаргасан баримтаар 2016 онд шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Гэрэлт шинэчлэл” ХХК нь Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 325 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээхийг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий шийдвэрээр “хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3 дахь хэсэгт зааснаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч нь мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх, ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх, хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх нөхцөлийг хангасан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн тухайд дээрх шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал, Б.Анар, Б.Ганзориг, Ц.Эрхэмбаяр нарын мэргэжлийн байдал, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй, мэргэжлийн сургалтад тогтмол хамрагдсан гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасныг хамгийн сайн хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгох буюу захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд, мэргэжлийн үүднээс хянаж, “хамгийн сайн” гэж үнэлэх эрх нь мэргэжлийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад хадгалагдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх болохоос захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг хянах чиг үүрэггүй юм.

Нэхэмжлэгчийн “2011 онд гаргаж өгсөн баримтаар 2016 онд шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэх гомдлын тухайд:

“Гэрэлт шинэчлэл” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх бөгөөд “өргөдөл шаардлага хангаагүй, нөөцөд авсан талбайтай давхцалтай” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариу өгсөн болох нь Цөмийн энергийн газрын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/1365 дугаар албан бичиг, явуулсан бичгийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн тухайд энэхүү албан бичгийг хүлээж авсан болох нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гомдол гаргах тухай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд захиргааны байгууллагын гомдлыг хуулийн хугацаанд шийдээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн буруу юм.

Иймээс нэхэмжлэгчийн “өргөдлийг шийдүүлэхээр удаа дараа Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газарт хандаж байсан ба энэ хооронд хуульд өөрчлөлт орсон, захиргааны байгууллага татан буугдаж, чиг үүрэг шилжсэн, холбогдох байгууллагаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргээр ажиллагаа хийгдэж байсан” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, захиргааны байгууллагад удаа дараа өргөдөл гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрын чиг үүрэг өөрчлөгдсөн буюу 2014 оноос өмнөх хугацааг захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбох шалтгаант холбоо байхгүй, улмаар 2011 оны өргөдлийг “2016 онд шийдвэрлэсэн” гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан боловч ямар баримт хавсаргасан болох нь тодорхойгүй, энэхүү өргөдөлд “баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй тухай хариу өгсөн болох нь Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1/495 дугаар албан бичгээр тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс “захиргааны байгууллагаас нарийвчлан дүрэм журам гаргаагүй атлаа хийсвэрлэн дүгнэлт өгсөн, өргөдлийг шийдэлгүй 4 жилийн хугацаа өнгөрсөн” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн “2015 онд хууль шинэчлэгдсэний дагуу нэхэмжлэгчийг буруутгах шаардлагагүй” гэх гомдлын тухайд: 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Цөмийн энергийн тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө хуулийн дээрх шаардлага хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг байх, мэргэжлийн боловсон хүчинтэй байх зэрэг нөхцөл нэгэн адил шаардагдаж байсан, захиргааны байгууллагын цацраг идэвхт ашигт малтмалын аюулгүй байдалд мэргэжлийн хяналт тавих чиг үүрэг хэвээр байсан буюу “шинэ хуулийн дагуу хянасан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0206 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ