Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0504

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0504

Улаанбаатар хот

 

“Монгол глобал” ХХК, “Монгол эм импекс концерн” ХК”-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК-ийн өмгөөлөгч Д.Одгэрэл, нэхэмжлэгч “Монгол эм импекс концерн” ХК-ийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Монгол глобал” ХХК, “Монгол эм импекс концерн” ХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийн “Цаст Импекс” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 тоот захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч,  Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож,   Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн “Цаст импекс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ““Монгол глобал” ХХК, “Монгол эм импекс концерн” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээдүүд болох “Цаст Импекс” ХХК, “Цаст констракшн” ХХК-ийн төлөөлөгч Б.Бат-Энх болон өмгөөлөгч Д.Батсүх бид дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

ГОМДЛЫН ҮНДЭСЛЭЛ:

Нэг. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн эсэх асуудлын талаар

1.1. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 607 дугаар захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн “Цаст Импекс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хамтдаа, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийн “Цаст Импекс” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, “Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК дангаар гаргасан.

Тэд хамтран гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын аль хэсэг нь нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн, яаж зөрчиж байгааг тодорхой ялгаж, зааглаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах... ”-д оршдог.

Иймээс нэхэмжлэгч нарын хамтран гаргасан шаардлагуудаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдөж байгааг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн, яаж зөрчигдсөний улмаас тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх болсон талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

1.2. Энэхүү захиргааны хэргийн нэг нэхэмжлэгч нь “Монгол глобал” ХХК хэмээх хуулийн этгээд.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус компани “Цаст импекс” ХХК болон “Цаст констракшн” ХХК-ийн эзэмшил газрын зэргэлдээ газарт газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй. Харин “Монгол глобал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал иргэн Б.Ганбаяр бөгөөд тэрээр гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын зэргэлдээ газарт газар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар огт дурдагдаагүй ба харин иргэн Б.Ганбаярын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлуудаар дүгнэлт өгсөн байдаг. Энэ байдлын талаар шүүх дүгнэхдээ “...гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх тайлбарын тухайд: ... хэргийг өмнө нь анхан, давах, хяналтын шатны шүүх хянан хэлэлцэхэд нэхэмжлэл гаргах эрхгүй талаар огт дурдаагүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй байсан байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн “эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэх”-ийг хянан үзэх нь нээлттэй бөгөөд ийм үүрэгтэй.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 187 дугаар тогтоолд “...баригдаж байгаа барилгын газрын хэмжээ нь нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхацсан эсэх, ...607 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг шалган тодруулах шаардлагатай...” хэмээн тодорхой заасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг...” хэлнэ гэж заасан.

Иргэн Б.Ганбаяр, “Монгол глобал” ХХК нь тус, тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээдэг бие даасан эрх зүйн этгээдүүд тул “Монгол глобал” ХХК хэмээх хуулийн этгээдийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Анхан шатны шүүх иргэн Б.Ганбаяр нэхэмжлэл гаргаагүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх асуудлаар дүгнэлт хийж өөр этгээд буюу түүнийг төлөөлөх эрхгүй “Монгол глобал” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн шийдвэр гаргасан нь Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсгүүдэд нийцээгүй байна.

Хоёр. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зуйлийн 12.1-д зааснаар иргэн хуулийн этгээд нь захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нар хуульд заасан энэ хугацааг хэтрүүлсэн нь дараах байдлаар тогтоосон.

2.1.      Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.

Уг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07/239/100 дугаар албан бичгээр Нийслэлийн засаг даргын 607 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна.

Мөн Нийслэлийн барилга хот байгуулалтын төлөвлөлтийн газрын 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/309 дугаар албан бичгээр “Монгол глобал” ХХК, 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/310 дугаар албан тоотоор “Монгол эм импекс” ХК-д тус тус Нийслэлийн засаг даргын 607 дугаар захирамжийн талаар тус тус мэдэгдсэн  байна.

Иймд нэхэмжлэгч нар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийг дээрх албан тоотуудыг хүлээн авсан цаг хугацаанаас эхлэн мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.2.      Нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 93 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн үйлдлийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэн илт хууль бусад тооцуулах тухай шаардлагуудыг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус тус гаргасан.

“Монгол глобал” ХХК 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахад шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт гуравдагч этгээдийн өмгөөлөгч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 290 дүгээр тогтоолдоо “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК хэзээ мэдсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй... ” гэж заасан.

Нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтдээ ”...Бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд тус маргаан үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 93 тоот захирамж бидний газар эзэмших эрхийг зөрчсөн гэдгийг мэдсэн ...“Монгол глобал” ХХК-ийн 25093 м.кв газартай 380 м.кв хэмжээгээр давхцуулан олгосон болохыг шинжээчийн дүгнэлтээр ...тогтоосон...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай тайлбартаа давж заалдах шатны шүүхийн тогтоолд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн үндэслэл бухий тайлбар, тодруулга хийгээгүй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлдээ дурдсан тайлбараас үзэхэд “Монгол глобал” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамж өөрийнх нь эрх ашгийг хөндөж байгаа талаар 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан үеэс буюу 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 476 дугаар захирамж, 2011 оны 12 дугаар сарын 12 өдрийн 1/3489 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүгч С.Мөнхжаргал хэргийн материалд 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдөр “Цаст Ипекс” ХХК, “Цаст констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн материалаас хуулбарлаж авч хавсаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа 2012.04.03, 2012.06.25, 2015.05.08-ны өдөр тус тус танилцах үед уг тэмдэглэл болон түүний дагуу татан авсан материалтай танилцах үедээ Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 476 дугаар захирамж, 2011 оны 12 сарын 12 өдрийн 1/3489 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мэдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 тоот захирамжийн талаар уг захирамжийг анх мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан боловч уг хугацааг үндэслэлгүйгээр нэг жил таван сарын хугацаагаар хэтрүүлж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Мөн газрын кадастрын хэмжээг өөрчилсөн үйлдлийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасыг үндэслэн илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2011 он болон 2013 онуудын хийгдсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийн дагуу хасагдаж өөрчлөлт орсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2013 оны 05 дугаар сарын 28-ны 1/561 тоот шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан.

Иймд кадастрын зураглалыг үндэслэлгүйгээр өөрчилсөн хууль бус үйлдэл байна гэж үзсэн бол 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш 30 хоногийн дотор буюу 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах ёстой атал 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байдаг.

2.3. Нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргахдаа “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаартай захирамжаар 2009 оны 93 тоот захирамжийг хүчингүй болгосон болохыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын 2015 опы 4 дүгээр сарын 5/2146 тоот албан бичгээс олж мэдлээ... ” гэж тайлбарласан.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 468 дугаар захирамжаар маргаан бүхий 607 тоот захирамжийг хүчингүй болгосон бөгөөд гуравдагч этгээд “Цастимпекс” ХХК, “Цастконстракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан уг 468 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч нар тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон.

Тэр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргасан хариу тайлбартаа “...“Цаст импекс” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар 1458 м.кв газрыг ...эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн...газар эзэмшүүлэхдээ 3 дугаар хороог 5 дугаар хороо гэж алдаатай бичсэн учраас залруулга хийлгэхээр ирүүлсэн хүсэлтийн дагуу...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжаар хорооны нутаг дэвсгэрийг 3 дугаар хороо болгон засаж, зориулалт хэмжээгээр нь эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.” гэж тайлбарласан. Тухайн хэргийн гуравдагч этгээдээр оролцогч байсан одоогийн нэхэмжлэгч нар уг тайлбартай танилцсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрт энэ талаар тодорхой тусгагдсан.

Уг шийдвэрийг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Монгол глобал” ХХК-ийн өмгөөлөгчид 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гардуулсан тул нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийн талаар энэ өдөр мэдсэн гэж үзнэ.

Гомдлын энэ хэсэгт дурдсан үндэслэлүүдээр энэхүү захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Гурав. Нотлох баримт болон хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийн талаар

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны ...93 дугаар захирамжаар “Цаст Импекс” ХХК-д....1458 м.кв газрыг ... эзэмшүүлэхдээ ... 263 дугаар захирамжаар иргэн Б.Ганбаярын эзэмшиж буй 25093 м.кв газартай давхцуулан эзэмшүүлсэн ... Б.Ганбаяр нь ...эзэмшил газрынхаа хэмжээг 792.4 м.кв нэмэгдүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг...гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны ... 255 дугаар захирамжаар 25.885 м.кв газрыг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн... Б.Ганбаярын эзэмшлийн 25885 м.кв газрыг 4 хуваан Нийслэлийн Засаг даргын 877 дугаар захирамж гарахдаа “Отгонтэнгэр проперти” ХХК-ийн эзэмших хүсэлтэд дурдагдсан байгаа 9240 м.кв газрыг 9084 м.кв болгон... эргэлтийн цэг, хил хязгаарыг өөрчилсөн...Б.Ганбаярт эзэмшүүлсэн 25885 м.кв газрын эргэлтийн цэг, хил хязгаарыг өөрчилж, 580 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар “Цаст Импекс” ХХК-д эзэмшүүлсэн ...” гэх үндэслэлүүд нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад нийцэхгүй байна.

3.1.1 “Цаст импекс” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам 58-д байрлах 120 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Хүдэр Эрдэнэ” ХХКомпаниас 500.000 /таван зуун мянган/ ам.доллараар худалдан авахдаа, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-38.3-д заасан үндэслэл журмын дагуу тус компанийн эзэмшилд байсан тухайн эд хөрөнгө байрлаж байгаа болон түүний орчны 1458.3 м.кв газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 тоот захирамжаар шилжүүлэн авсан.

 “Хүдэр-Эрдэнэ” ХХК анх 1996 оноос маргаан бүхий газарт газар эзэмших эрхтэй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа.

Хуучин “Эмийн завод” /одоогийн “Монгол глобал” ХХК/ нэртэй байсан төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчилж авсан иргэн О.Дамбад нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар захирамжаар 24000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед “Хүдэр-Эрдэнэ” ХХК-иин эзэмшиж байсан газрын зарим хэсгээр давхцуулан олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын 877 дугаар захирамжаар “Вагнерази” ХХК, “Отгонтэнгэр-проперти” ХХК, “Монгол 777” ХХК, “Саруул монгол” ХХК-д иргэн Б.Ганбаярын эзэмшилд байсан газрыг хуваан олгохдоо урьд гаргасан алдааг залруулан шийдвэрлэсэн болох нь хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөгчийн “..Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн кадастрын зураглал буюу газрын бүртгэл төслийн хүрээнд хийгдсэн кадастрын зураг ашиглалтыг Нийслэлийн Газрын мэдээллийн санд хэрэгжүүлээгүй байсан тул уг давхцал мэдэгдээгүй.” гэсэн тайлбар, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/1561 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Нийслэлийн кадастарын мэдээллийн сангийн одоо байгаа зураг дээр энэ давхцал байхгүй...” гэж тодорхой тусгагдсанаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий газарт хэн анхдагч газар эзэмшигч болох, газрын давхцалын улмаас иргэн Б.Ганбаярын бус харин “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдсөн асуудлын талаарх нотлох баримтын талаар бодит байдалд нийцээгүй, илтэд ташаа дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.3 дэх хэсэгт нийцэхгүй байна.

3.1.2 Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 тоот захирамжаар “Цаст Импекс” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчин нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосон гэж маргадаг.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр “Цаст импекс” ХХК-ийн эзэмшиж буй газар нь “Монгол эм импекс концерн” ХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 463 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцаагүй болох нь тогтоогдсон.

“Монгол глобал” ХХК нь маргаан бүхий газарт ямар нэгэн газар эзэмшдэггүй тул тус компанийн газар эзэмших эрх зөрчигдөж, газрын давхцал үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

3.1.3 Нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал иргэн Б.Ганбаяр нь “Цастимпекс” ХХК, “Цастконстракшн” ХХК-ийн эзэмшил газартай хил залгаа газарт газар эзэмших эрхтэй талаар хэргийн оролцогчдын дунд ямар нэгэн маргаан байхгүй.

Иргэн Б.Ганбаяр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаараа хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаагүй хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдэд түүний эзэмшил газартай холбоотой асуудлууд дурдагдсан байдаг.

Тухайлбал:

2011 оны 1/331 тоот шинжээчийн дүгнэлтийн в-д “...иргэн Б.Ганбаярт 2006 оны 363 дугаар захирамжаар олгосон 25093 м.кв газрууд пь ...380 м.кв хэмжээгээр.... давхацсан” гэж заасан дүгнэлт нь албан ёсны кадастрын зурагт үндэслэж гараагүй зөвхөн хавтаст хэргийн 240 дүгээр хуудсанд авагдсан “баталгаат хэмжээ тогтоосон акт ”-д үндэслэсэн. Баталгаат хэмжээ тогтоосон акт нь Кадастрын зураг ба газрын кадастрын тухай хуульд заасан тодорхой, нарийвчилсан цэг тэмдэгтээр гардаггүй, кадастрын зураглалд хамааралгүй болох нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/561 тоот дүгнэлтийн “Хоёр” дахь хэсэг болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Энхтуяагийн “...Баталгаат хэмжээ тогтоосон актыг кадастрын зураглал гэж үзэхгүй... ” гэсэн тайлбараар нотлогдсон.

Түүнчлэн 2011 оны 1/311 тоот дүгнэлтийн а, б заалт, 2013 оны 1/561 тоот дүгнэлтээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байгаа кадастрын зургуудын тодорхой цэгүүдийн солбилцлыг давхцуулан гаргахад нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар “Цастимпекс” ХХК-д олгосон газар нь хөрш зэргэлдээ газруудтайгаа давхцаагүй болохыг тогтоосон.

3.1.4. Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4 дүгээр хурлаар “Цаст констракшн” ХХК-д орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 0.0594 га газарт барилга барих зөвшөөрөл олгохдоо техникийн алдаа гаргаж 0.038 га газар гэж хурлын тэмдэглэлд бичсэн болохоо хариуцагч тайлбарласан.

Газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга 2009 оны 607 тоот захирамж, гэрээ, гэрчилгээнд хэмжээг 0.0594 га буюу 594 м.кв хэмээн тодорхой бичсэн. Энэ газар нь “Цаст костракшн” ХХК-тай нэгдмэл ашиг сонирхол бүхий “Цаст импекс” ХХК-ийн эзэмшлийн 1458,3 м.кв газрын дотор байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Шүүх “Цаст констракшн” ХХК-д олгосон газрын хэмжээг газар эзэмшүүлэх шийдвэр, гэрээ, гэрчилгээнд заасан хэмжээг баримтлалгүйгээр зөвхөн хурлын тэмдэглэлд алдаатай бичигдсэн хэмжээг үндэслэн шийдвэр гаргасан нь “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалсны үндсэн дээр үнэлэх..,” тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.2 Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 тоот захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг “....Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д хэрэглэгч нь эрчим хүчээр хангагдах эрхтэй, ...33 дугаар зүйлийн 33.1-т “...шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна, хамгаалалтын зурвасын дотор гэр орон орон сууц, барилга, байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчдийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг...Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.36 дахь хэсгийг зөрчсөн…” гэж үзэн илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

Шүүхээс Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхдээ зөвхөн хэрэгт авагдсан “УБДС” ТӨХК-ийн шинжээч Д.Уранчимэгийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн байна.

Уг шинжээчийн дүгнэлт нь захиргааны хэргийн маргааны үйл баримтаас өмнөх хугацааны буюу улсын комисс 2009 онд хүлээн авч одоо, ашиглагдаж байгаа барилгад олгогдож байсан техникийн нөхцөлтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргасан байдаг.

Барилгын дулааны шугам сүлжээний хувьд техникийн шийдлийн асуудал байдаг бөгөөд үүнийг барилгыг барих явцад хийгддэг болон ашиглалтад хүлээн авах үеийн мэргэжлийн хяналтаар зохих техникийн шийдлийнх нь хувьд хүлээн зөвшөөрч болдог. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын дулаан шугам сүлжээний холболт нь эхний ээлжийн барилга болох Residens 55-1 орон сууцны шугамаас салаалж, уг шугамтай нэгэн адил технологийн шийдлээр хийгдэж байгаа. Эхний ээлжийн Residens 55-1 орон сууцыг ашиглалтад хүлээн авах үед ажилласан техникийн болон Улсын комисс дулааны шугам сүлжээний шийдлийг нь зохих норм дүрэмд нийцнэ гэж үзээд уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 6 жил гаруйн хугацаа өнгөрсөн.

Дулааны шугам сүлжээтэй холбоотой энэхүү асуудал нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндсөн, зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх Нийслэлийн 5 дугаар хорооллыг ус дулаанаар хангадаг ус дулаан дамжуулах төвийн 2-ын 200 мм голчтой дулааны шугам байрлаж байгаа, уг шугам нь гэмтсэн байна гэж зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “...Барилгын тухай хуулийн 9.1.1, 9.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, Хот тосгоны төлөвлөлт, Барилгажилтын норм дүрмийг тус тус зөрчсөн...” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл болсон гэж үзэж байна.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын шинжээчдийн гаргасан уг дүгнэлтээр хоёр үндсэн асуудлаар дүгнэлт гаргасан байдаг.

1-рт “Цастимпекс”, “Цастконстракшн” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр баригдаж буй орон сууцны барилга, “Монгол эм импекс” ХК-ийн эмийн агуулахын барилгын хоорондох зай 4,6м /хамгийн ойр хэсгээрээ/, “Монгол глобал” ХХК-ийн автомашины гражаас 2,16 метрт байгаа нь БНбД 30-01-04-ийн заавал биелүүлэх 4-р хавсралтын барилгын гал тэсвэршилтийн 1-11 зэрэгтэй барилгын, барилга хоорондын тусгаарлах хамгаалалтын зай 6 метр байна гэснийг, шатах материалаар барьсан 2 хүртэл давхар барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 20% хүртэл нэмэгдүүлэн төлөвлөнө гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн.

Урьд нь гарсан шинжээчийн дүгнэлтээр баригдаж буй орон сууцны барилга, “Монгол эм импекс” ХК-ийн эмийн агуулахын барилгын хоорондох зай хамгийн ойр хэсгээрээ 4,6 м, хамгийн хол хэсгээрээ 7.1 м болохыг хэмжилтээр тогтоосон байдаг.

Тусгаарлах хамгаалалтын зайг 20% хүртэл нэмэгдүүлэн тооцох тухай норм, дүрмийн уг заалт нь шатах материалаар барьсан 2 хүртэл давхар барилгад...” хамаарахаар тодорхой зохицуулсан байна. Тэгвэл “Цастимпекс” ХХК-ийн барьж буй барилгын хана нь шатах материалаар хийгдэхээр төлөвлөгдөөгүй. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /30-01-04/-ийн 4 дүгээр хавсралтын 8-д зааснаар “...эсрэг талын барилгын хана нь гал тэсвэршилтийн зэрэгтэй бол гал тэсвэршилтийн 1-11 зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6 м хүртэл төлөвлөх”-ийг зөвшөөрдөг.

“Монгол глобал” ХХК-ийн гэх граж нь батлагдсан зураг төсөлгүй, албан ёсны хаяг дугааргүй, барилгын талаарх мэдээлэл нь эрх бүхий байгуулагад бүртгэгдээгүй байгаа нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасан журмын дагуу хотын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Иймээс “Цаст констракшн” ХХК-ийн барьж буй барилга нь барилга хоорондын зайн талаарх норм нормативыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2-рт БНбД 30-01-04-ийн заавал биелүүлэх 4-р хавсралтын 12 заалтын “...Зам, гарцаас 10 хүртэл давхрын барилгын хана хүртэлх зайг 5 м-ээс багагүй, 10-аас дээш давхрын барилгын хана хүртэлх зай 8 м-ээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Барилгын орцгүй ханын дагуу галын автомашин зорчих 6 м-ээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө...” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт байсан.

Шинжээч томилсон захирамжид “...“Цаст констракшн” ХХК-ийн ...барьж байгаа....барилга нь ....Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот төлөвлөлт, барилгажилтын норм дүрэмд заасан стандарт, норм, журамд нийцэж байгаа эсэх, Барилгын одоогийн бодит байдал нь дээрх стандарт, норм журамтай хэрхэн нийцэж байгааг харьцуулан дүгнэж, бодит байдлыг тодорхойлсон зураглал үйлдэх...” гэсэн асуулт тавигдсан боловч шинжээч нар тавигдсан асуултуудад хамаарах норм, дүрмийг баримталж дүгнэлтээ гаргаагүй.

Шүүгчийн захирамжид заасан асуултуудад хамаарах барилга, байгууламжийг барих, ашиглах бүх шатанд галын аюулаас хамгаалах шаардлагыг Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал БНбД 21-01-02 норм ба дүрмээр зохицуулдаг.

Хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлтэд дээр дурдсан галын аюулаас хамгаалахтай холбоотой норм, дүрмийг зөрчсөн эсэхтэй холбоотой нэг ч дүгнэлт хийгдээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт зөрчил гэж үзсэн дүгнэлтээ ямар тооцоо, судалгааг үндэслэн хийсэн болохоо тайлбарлаагүй, түүнийг нь нотлох баримт байгаагүй.

Норм, дүрмийн уг заалт нь галын аюулгүй байдалтай огт хамааралгүй бөгөөд зөвхөн “Зам, гарцаас барилгын гадна хана хүртлэх” замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой төлөвлөлтийн шаардлагыг заасан зохицуулалт юм.

“Цастимпекс” ХХК-ийн барьж буй барилгын хана зам, гарцаас 8 м-ээс байгаагүй байхаар тооцож төлөвлөөгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй ба шинжээч Б.Батболд шүүх хуралдаанд дээр өгсөн тайлбартаа “...зам гарцаас барилгын хана хүртэлх зай 7.3 метр байсан нь шаардлага хангаж байсан...” гэж тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан фото зураг, хийсэн хэмжилтээр баригдаж буй барилгын орцгүй ханын дагуу 6 м-ээс ихгүй өргөнтэй зурвас байгаа болох нь нотлогдож байна.     

Анхан шатны шүүх дээр дурдсан Онцгой байдлын ерөнхий газрын ГТТГазрын шинжээчдийн гаргасан бодит байдалд нийцээгүй, бүрэн биш хийгдсэн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “...шүүх ... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2 дахь хэсгийн “...нотлох баримтыг ... үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” гэсэнд нийцэхгүй байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “...”Цаст констракшн”ХХК нь ..."Монгол эм импекс” ХК-ийн эмийн агуулахад тулган орон сууцны зориулалт бүхий барилга барьж байгаа, барилгын ажлын явцад “...нэхэмжлэгчийн эмийн агуулахын хашааг нураах, хөрсний нуралт үүсэх, агуулахын хана цуурах нөхцөлийг үүсгэсэн байдаг бөгөөд эмийн агуулахын хэвийн нөхцөлийг алдагдуулж буй нь ..., нөгөөтэйгүүр “Цаст констракшн ” ХХК нь орон сууцны барилга барихдаа талбайг бүхэлд нь барилгажуулж буй нь “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэгт байх” шаардлагыг хангаагүй болох нь... Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаар 0.038 га газар байхаас Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 0.0594 га газарт барилга баригдаж байгаагаас тогтоогдож байна....” гэсэн хэсэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

3.4.1 Маргаан бүхий газар баригдаж байгаа барилга нь “Монгол эм импекс концерн” ХК-ийн агуулахын барилгаас ойр хэсгээрээ 4.6 м, хамгийн хол хэсгээрээ 7.1 м зайтай байгаа нь болох хэргийн 2 дугаар хавтасны 186-190 дугаар талд авагдсан 2011 оны 1/331 тоот талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх “хэсгийн “...”Цаст констракиш” ХХК нь ..."Монгол эм импекс” ХК-ийн эмийн агуулахад тулган орон сууцны зориулалт бүхий барилга барьж байгаа...” гэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Монгол эм импекс концерн” ХК-ийн “эмийн агуулахын хэвийн нөхцөл”-ийг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогоогүйгээс гадна барилга баригдаж байгаагаас болоод агуулахын байрны хана цуурсан, хөрсний нуралт үүсэх аюултай байдал огт үүсээгүй бөгөөд ийм үйл баримт болсон талаарх нотлох баримт ч хэрэгт байхгүй байхад шүүх “...барилгын ажлын явцад “...нэхэмжлэгчийн эмийн агуулахын хашааг нураах, хөрсний нуралт үүсэх, агуулахын хана цуурах нөхцөлийг үүсгэсэн байдаг...” хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийн “...шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт...-д үндэслэсэн байх...” гэснийг зөрчсөн.

3.4.2 Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна гэж заасан...” Хуульд заасан шаардлагын дагуу Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас “Орон сууцны барилгад зориулан 0.0595 га газрыг олгох”-ыг мэдэгдсэн мэдэгдэл болон архитектур төлөвлөлтийн даалгаварт эзэмшилд авсан газрынхаа 10-аас доошгүй хувьд нь ногоон байгууламж хийхийг даалгасан.

“Цастимпекс” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 93 тоот захирамжаар 1458 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд энэхүү эзэмшил газрын 0.0594 га газарт “Цаст констракшн” ХХК нь барилга барих зөвшөөрөл авсан бөгөөд үлдэгдэл газрыг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулахаар төлөвлөгдсөн нь хуулийн дээрх шаардлагыг хангаж байгаа.

Дээрх хуульд заасан шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 93 тоот захирамжаар “Цаст импекс” ХХК-ийн эзэмшлийн 1458 м.кв газрын 596 м.кв талбайг барилгажих талбайн зориулалтаар “Цас констракшн” ХХК-д олгосон бөгөөд уг 596 м.кв талбайгаар барилгаа барьсныг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Газар эзэмшигч “Цаст импекс” ХХК-ийн зүгээс барилга барихаар газар хүсэхдээ хүсэлт болон зураг төслөө 0,0596 га талбайгаар тооцон хүргүүлсэн боловч дүүрэг хариуцсан архитектур уг материалын танилцуулгыг бэлтгэхдээ техникийн алдаа гарган 0.0596 га талбай гэх байсныг 0.0380 га талбай гэж бичсэнийг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн зохицуулалттай холбон үзэх үндэслэлгүй юм.

3.5. Шүүх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 тоот захирамжийг илт хууль бусад тооцохдоо “...2009 оны 93 тоот захирамжийн “Цаст Импекс” ХХК-д холбогдох хэсэг, түүний үр дагавар нь 2010 оны 476 тоот захирамжийн “Цаст Импекс” ХХК-д хэсэгтэй ижил агуулгатай гэж...” үзсэн үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 тоот захирамж нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус болох үндэслэл байхгүй тул уг захирамжийг үндэслэж гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Нөгөө талаас уг захирамжийн талаар нэхэмжлэгч нар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх энэ гомдлын 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр тус актад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болгогдох үндэслэл байгааг анхаарч үзэхийг хүсье.

ГОМДЛЫН ШААРДЛАГА

Энэхүү давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анх “Монгол глобал” ХХК болон “Монгол эм импекс концерн” ХК 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх энэ хугацаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч Б.Бат-Энх, өмгөөлөгч Д.Батсүх нараас давж заалдах гомдолдоо “Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус компани “Цаст импекс” ХХК болон “Цаст констракшн” ХХК-ийн эзэмшил газрын зэргэлдээ газарт газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй. Харин “Монгол глобал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал иргэн Б.Ганбаяр бөгөөд тэрээр гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын зэргэлдээ газарт газар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг...” хэлнэ гэж заасан.

Иргэн Б.Ганбаяраас “Монгол глобал” ХХК нь тус, тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээдэг бие даасан эрх зүйн этгээдүүд тул “Монгол глобал” ХХК хэмээх хуулийн этгээдийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Ганбаяр нь “Монгол глобал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100  хувь хувьцаа эзэмшигч, захирал болох нь түүнчлэн “Монгол эм импекс концерн” ХК-ийн 100 хувьцаа эзэмшигч болох нь тогтоогджээ. Мөн “Цаст импекс” ХХК болон “Цаст констракшн” ХХК-ийн эзэмшил газрын зэргэлдээ газарт иргэн Б.Ганбаяр газар эзэмших эрхтэй болох нь тогтоогджээ.

Давж заалдах гомдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг иш татаж байна. Тухайн зүйлд “зөрчигдсөн эрх”-ийн талаар дурдсанаас гадна “хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалахаар нэхэмжлэл гаргах боломжийг бас хуульчилсан байна.

“Монгол глобал” ХХК болон “Монгол эм импекс концерн” ХК-ийн тухайд өөрийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал ажилтай иргэн Б.Ганбаярын эзэмшил газар дээр үйл ажиллагаа явуулах “хууль ёсны ашиг сонирхол” байсан гэж үзэхээр байна. Энэхүү эрх ашгийг шүүх хууль ёсны ашиг сонирхол гэж үзсэн бөгөөд дээрх “хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж дүгнэв.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын хамтран гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 607 дугаар захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн “Цаст Импекс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагууд,  нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК дангаар гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийн “Цаст Импекс” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, “Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэв.

Давж заалдах гомдолд мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар дараах байдлаар дурджээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Уг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07/239/100 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргын 607 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч нарт, мөн Нийслэлийн барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газрын 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/309 дугаар албан бичгээр “Монгол глобал” ХХК, 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/310 дугаар албан тоотоор “Монгол эм импекс” ХК-д тус тус нийслэлийн Засаг даргын 607 дугаар захирамжийн талаар тус тус мэдэгдсэн  байна. Иймд нэхэмжлэгч нар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийг дээрх албан тоотуудыг хүлээн авсан цаг хугацаанаас эхлэн мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газрын кадастрын хэмжээг өөрчилсөн үйлдлийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэн илт хууль бусад тооцуулах тухай шаардлагуудыг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус тус гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 476 дугаар захирамж, 2011 оны 12 дугаар сарын 12 өдрийн 1/3489 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдөр “Цаст импекс” ХХК, “Цаст констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хавтаст хэргээс хуулбарлаж авч хавсаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа 2012 оны 04 дүгээр сарын 03, 2012 оны 06 дугаар сарын 25, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус танилцах үед уг тэмдэглэл болон түүний дагуу татан авсан материалтай танилцах үедээ Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 476 дугаар захирамж, 2011 оны 12 дугаар сарын 12 өдрийн 1/3489 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мэдсэн гэж үзнэ. Гомдлын энэ хэсэгт дурдсан үндэслэлүүдээр энэхүү захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэжээ.

Тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар “захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” дээд шатны байгууллага эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байна.

Энэ тохиолдолд ямар нэгэн “захиргааны акт”-ыг хүлээн авсан болох нь тогтоогдоогүй, талууд хүлээн авсан эсэх талаар маргаагүй байна. Харин “мэдсэн”-ээс хойш нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс, хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч талаас маргаж байна.

Шүүх мэдэгдэх гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор мэдэгдэхийг ойлгоно гэж үзсэн бөгөөд ямар нэгэн албан бичигт нэр нь дурдагдсан, эсхүл олон хавтас хэрэг дотор авагдсан байсныг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.

Давж заалдах гомдолд хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн талаар дурджээ. Тухайлбал  ... Хуучин “Эмийн завод” /одоогийн “Монгол глобал” ХХК/ нэртэй байсан төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчилж авсан иргэн О.Дамбад нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар захирамжаар 24000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгээр давхцуулан олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 877 дугаар захирамжаар “Вагнер ази” ХХК, “Отгонтэнгэр-проперти” ХХК, “Монгол 777” ХХК, “Саруул монгол” ХХК-д иргэн Б.Ганбаярын эзэмшилд байсан газрыг хуваан олгохдоо урьд гаргасан алдааг залруулан шийдвэрлэсэн ... гэжээ.

Давж заалдах гомдолд дурдсан энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь маргаж буй захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэж гараагүй, өөрөөр хэлбэл өмнө нь “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн газрын хэмжээг багасгаж, газрын хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн гомдлоор залруулж буй гэж үзэх боломжгүй байна. Харин нэр бүхий хуулийн этгээдэд газрыг хуваан эзэмшүүлэхдээ газрын хэмжээг нь үндэслэлгүй багасгажээ гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4 дүгээр хурлаар “Цаст констракшн” ХХК-д орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 0.038 га газарт  барилга барих зөвшөөрөл олгосон болох нь тогтоогдож байна. Үүнийг техникийн алдаа гаргаж 0.0594 гэж бичихийг 0.038 гэж бичсэн гэж дүгнэх боломжгүй. Хэрвээ ямар нэг байдлаар цэг, таслал алдаж бичсэн, эсхүл 1 цифрийн байрыг сольж бичсэн, алдаж бичсэн бол үүнийг техникийн чанартай алдаа гэж дүгнэхээр байна. Гэтэл 0.594 гэж бичихийг алдаж 0.038 гэж бичсэн гэж дүгнэх боломжгүй.

Энэ болон хэргийн бусад асуудлаар тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “...Барилгын тухай хуулийн 9.1.1, 9.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, Хот тосгоны төлөвлөлт, Барилгажилтын норм дүрмийг тус тус зөрчсөн талаарх дүгнэлт, мөн “БНбД 30-01-04-ийн заавал биелүүлэх 4 дүгээр хавсралтын 12 заалтын “...Зам, гарцаас 10 хүртэл давхрын барилгын хана хүртэлх зайг 5 метрээс багагүй, 10-аас дээш давхрын барилгын хана хүртэлх зай 8 метрээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Барилгын орцгүй ханын дагуу галын автомашин зорчих 6 метрээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө...” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн, маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 тоот захирамжийн талаар “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг “....Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т хэрэглэгч нь эрчим хүчээр хангагдах эрхтэй, ...33 дугаар зүйлийн 33.1-т “...шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна, хамгаалалтын зурвасын дотор гэр орон орон сууц, барилга, байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчдийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг...Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.36 дахь хэсгийг зөрчсөн…” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР