Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 177

 

                                                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар баг оршин суух Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг оршин суух Г.Ч-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Ч-тай 2008 онд гэрлэлтээ батлуулж 2009 онд хүү Ч.М, 2011 онд Ч.М төрсөн. 2014 оноос хойш Г.Ч аас тусдаа амьдарч байна. Одоо бид хоёр тус тусын амьдрал зохиосон учир гэрлэлт цуцлаж, хүү Ч.М, Ч.М нараа өөрийн асрамжиндаа авч Г.Ч аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

Шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Г.Ч тай 2007 онд танилцаад 2009 онд том хүү Ч.М, 2011 онд бага хүү Ч.М нар төрсөн. Г.Ч  хамт амьдардаг байхдаа ажил нь 3 хоногоор ээлжилж гардаг байсан. Амарч байх хугацаандаа архи уугаад их дарамталдаг байсан. Сүүлдээ архи уусан найзуудтайгаа харддаг болсон. Үүнээс болж хоёр нялх хүүхэдтэйгээ дарамтанд амьдарсан. Нэг удаа Г.Ч  эрүүлдээ миний хоолойг тогооны залгуураар боож байсан. Би 19 настайдаа хүүхдийг нь гаргаад гэртээ байдаг байсан. Ер нь найз нөхөдтэйгөө гарч ордоггүй. Г.Ч  хоёр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Манай бага хүү Ч.М цусны өвчтэй гэсэн оноштой болсноос хойш жил гаран хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийлгэсэн. Улаанбаатар хотод явж байхдаа Г.Ч тай яриад эмнэлгээр явж байна гэж хэлсэн боловч тэр ажлаасаа буугаад амралттай байсан байж хүүхэдтэйгээ ирж уулзаагүй. Би энэ хүнтэй 7 жил хамт амьдрахдаа байнгын дарамтад байсан. Тэгээд салахын тулд найз нөхөдтэйгөө ууж иддэг болж хүнтэй нэр холбогдсон нь үнэн. Манай ээж гурван хүүхэдтэй, тэгээд 4 хүүхэдтэй хүн 5 жилийн өмнө тэтгэвэрт ордог юм байна гэхээр нь Г.Ч тай ярилцаад ээжийгээ тэтгэвэрт гарахын тулд хүү Ч.М  ээж аавынхаа нэр дээр шилжүүлсэн” гэв.

Хариуцагч Г.Ч  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бид хоёр 2007 онд танилцаад 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Уулын баяжуулах үйлдвэр зогсоод түүнээс хойш хөдөө ажилласан. Намайг Баян-Өлгий аймагт ажиллаж байх үед Б.А  хүнтэй явалдсан гэж сонсогдсон. Ажлаас бууж байхад тэр хүн нь над руу согтуу утсаар ярьж байсан. Тогооны залгуураар хоолойг нь боосон нь худлаа. Бага хүү Ч.М  Б.А гийн аав ээж нь 2013 онд үрчилж авсан. Манай хүүхдийг өсгөж хүмүүжүүлж чадна гэж л өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн учраас хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Харин өөрийнхөө нэр дээр байгаа том хүүхдийнхээ тэтгэлэг төлнө” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Г.Ч т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Зохигчид 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ч.М ,  2011 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Ч.М нар төрсөн болох нь №0095277/57 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Ч.М , Б.Ч.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, одоо хүүхдүүд эрүүл энх өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

Гэр бүл цуцлах шалтгаан нөхцөл нь хариуцагч Г.Ч ын архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хэрүүл маргаан үүсгэх, нэхэмжлэгч Б.А  нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэргээс үүдэлтэй байна. 

Зохигч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч талуудын хэн аль нь хамтран амьдрагчтай болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлж тус ажиллагааг амжилтгүйгээр дуусгавар болгожээ. /хх-н 10 хуу/

Хэрэгт авагдсан үрчлэлтийн гэрчилгээгээр зохигч нь хүү Ч.М  2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Б, Д.О нарт үрчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т Тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болж, үрчлэн авсан этгээдэд дээрх үүрэг шилжих тул хариуцагч Г.Ч аас хүү М-д тэтгэлэг гаргуулах үндэслэлгүй юм.

Иймд зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүү Ч.М ыг эх Б.А гийн асрамжид үлдээж эцэг Г.Ч аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хүү Б.М-д тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон

 Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.А , Г.Ч  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.М ыг эх Б.А гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ч.М ыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Ч аар тэжээн тэтгүүлж, хүү Б.М-д тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг тайлбарласугай.

6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                        Р.БАТБАЯР