| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2022/0194/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/171 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/171
2022 оны 10 сарын 14 өдөр 2022/ШЦТ/171 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0194/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Б-т холбогдох 2239001630301 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчим ганцаараа Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх 3 дугаар багийн нутаг “Зүүн бэрхийн адаг” гэх газрын ойгоос нарс төрлийн 9 ширхэг /тайрснаар 20 ширхэг/ 4.9 метр куб модыг хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр гинжит хөрөө, сүх ашиглан бэлтгэж, улмаар пад буюу бага оврын тракторт уруу газар өнхрүүлэн ачиж, тээвэрлэж ойн экологи эдийн засагт 1.293.373 /нэг сая хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун далан гурван/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн:..Миний бие Батширээт сумын Засаг даргын Тамгын газарт Онон багийг хариуцсан байгаль хамгаалагчаар 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Батширээт сумын Онон багийн хэсгийн байгаль хамгаалагч боловч одоогоор хүний нөөцийн асуудлаас болоод бусад багуудаа ч бас хариуцаж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын эхээр иргэнээс нойтон нарс унагаасан юм шиг байна шалгаж өгнө үү гэх мэдээллийн дагуу 04 сарын 10-ны өдөр хэсгийн төлөөлөгч Р.Болор-Эрдэнэтэй хамт тухайн мод бэлтгэсэн талбай дээр очсон. Тухайн талбай дээр очиход 9 ширхэг нойтон нарс модны хожуул байсан. Тэгээд төлөөлөгч бид хоёр хэргийн газрын үзлэг хийгээд ойр орчмын айлуудаас асуухад уг мод бэлтгэгдсэн газар нь Зүүн бэрхийн адаг гэх газарт чулууны өвөрт байсан. Тэгээд тухайн ойр хавын айлуудаас энд нойтон нарс мод бэлтгэгдсэн байна ямар хүн тухайн газраас мод бэлтгэсэн талаар сураглахад Мужаан Батаа буюу Б гэх хүн бэлтгэсэн гэж байсан би өөр ямар юм болсон талаар сайн мэдэхгүй...Би яг нарийн сайн бол мэдэхгүй ерөнхий нийтлэг нэрээрээ өглөгчийн гол Бэрх гэх газар байдаг нутгийн хүмүүсийн ярианаас сонсоход Дашийн гозгор гэх газар нь мод бэлтгэгдсэн талбайгаас чанх урагшаа чигтэй голын цаанаа нэг гозгор уул байдаг тухайн газрыг тэгэж хэлдэг гэсэн...Миний хувьд Батширээт сумын сум дундын ойн ангиас гаргах ойн экологи- эдийн засгийн үнэлгээгээр гарсан нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үед албан ёсоор гомдолгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Г.Гантуяагийн өгсөн: ... Би Батширээт сум дундын ойн ангид ойн инженер ажил хийдэг. Тухайн С.Б гэх хүн нь 2021 оны 06 сарын 18-ны өдөр уламжлалт бүтээгдэхүүн бэлтгэх зорилгоор эрхийн бичиг авсан байсан. Тэгээд 2022 оны 04 сарын 14-ний өдөр тухайн мод бэлтгэгдсэн газарт хэмжилт хийх болон координат цэгийг авах зорилгоор очсон. Тухайн үед очиход манай ангиас зааж өгсөн газар болох ойн сангийн 744 дүгээр хэсэглэлийн 8 дугаар ялгарал Дашгийн гозгор гэх газар биш тухайн газраас зүүн урагш зүгт ойролцоогоор 2 орчим км-ийн зайд ойн сангийн 744 дүгээр хэсэглэлийн 34 дүгээр ялгаралд байх Зүүн бэрхийн адаг гэх газар хадны энгэрт 9 ширхэг нойтон нарс модны хожуул байсан... Уламжлалт бүтээгдэхүүн бэлтгэх гэдэг нь заасан газраас.заасан хугацаанд байгаль хамгаалагч юм уу ойн ангийн хяналт доор босоо мод унагахаар бол мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх эсхүл унанга мод бэлтгэхээр бол өөрсдөө байгаль хамгаалагчийн хяналтан доор бэлтгэх ёстой ажиллагаа байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Ч.Ундармаагийн өгсөн: ...2021 оны 06 сарын 18-ны өдөр Хурх багийн дарга Насанжаргал над руу залгаад манай багийн хуваарьт уламжлалт бүтээгдэхүүн авах эрхийг С.Б гэх хүн авна шүү гэж хэлэхэд нь би С.Б гэх хүнд Рашаан хад гэх нөхөрлөлийн талбайд 449-р хэсэглэлийн 1-р ялгарал болох Дашийн гозгор гэх нэршилтэй газарт 5 куб хэрэглээний модны бэлтгэх эрхийн бичиг олгосон...Уламжлалт бүтээгдэхүүн бэлтгэх гэдэг нь заасан газраас байгаль хамгаалагчийн хяналтан доор босоо мод унагахаар бол мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх эсхүл унанга мод бэлтгэхээр бол өөрсдөө байгаль хамгаалагчийн хяналтан доор бэлтгэх ёстой ажиллагаа байдаг юм. Мод бэлтгэх эрхийн бичгэн дээр зөвхөн тэдэн сарын тэдний өдрөөс тэдний өдрийг хүртэл гэж байдаг тул би тухайн үед бичихдээ 2021 оны 06 сарын 18-ны өдрөөс 07 сарын 18-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай гэх утгыг илэрхийлж бичсэн. Мод бэлтгэх эрхийн бичгийн бланкан дээр 07 сарын 18-ны өдрийг хүртэл гэж бичих боломжгүй байсан учраас ингэж бичсэн юм...Мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж нь мод бэлтгэх эрхийн бичигт бичигдсэн хугацаанд модоо бэлтгээгүй бол тухайн эрхийн бичиг хүчингүйд тооцогддог...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/
Гэрч Л.Отгонбаярын өгсөн: ...Би Батширээт сумын Рашаан хад гэх нөхөрлөлийн ахлагч хийдэг юм. С.Б гэх хүн нь манай нөхөрлөлийн нэг гишүүн бөгөөд гар урлалын зүйл хийдэг хүн байдаг. 2021 оны 11 сарын сүүлээр байх манайх өвөлжөөндөө буугаад байж байтал С.Б гуай манай өвөлжөөн дээр буюу Хэцүү давааны ар гэх газарт өөрийн ногоон пад трактортой ирээд би мод бэлтгэх гэж байна гэхэд нь би та асуудалгүй юм хийж байгаа юм байгаа биздээ гоожин чинь байгаа юм уу гэж асуухад байгаа гээд нэг ягаан цаас үзүүлж байсан. Би тухайн цаасыг сайн тогтож хараагүй тэгэхэд нь ойн ангидаа хэлсэн юм уу, байгаль хамгаалагч цуг очиж бэлтгэхийг чинь хянана шүү гэж би хэлэхэд ойлгож байгаа гээд яваад өгсөн. Тэгээд орой харанхуй болсон үеэр пад трактортойгоо манай гэрийн хойд замаар явж байсан. Би очиж уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
С.Б ын бэлтгэсэн 4.9 м3 нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг 1.293.373 төгрөгөөр тогтоосон Хэнтий аймгийн Батширээт сумын сум дундын ойн анги УТҮГ-ын шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 43-45 хуу/
Улсын дугааргүй жижиг оврийн тракторын үнэлгээг 4.600.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШД213 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-55 хуу /
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон гэх газар нь Хэнтий аймгийн Батширээт сумын 3 дугаар баг, Зүүн бэрхийн адаг гэх газар бөгөөд N48.23.50,9 E110.10.37,0 гэсэн байршилд байгаа, тус газарт нийт 9 ширхэг нойтон нарс модны хожуул байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 5-8 хуу/
Эд мөрийн баримтаар 20 ширхэг 4.9 м3 нарс мод, гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл, Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 63-65 хуу/
Уг эрүүгийн хэрэгт байгаль хамгаалагч ажилтай Б.Болдыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/74 дугаартай захирамж /хх-ийн 10 хуу/
Хэнтий аймгийн Батширээт сумын сум дундын ойн ангийн 20-021795 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 72 хуу/
48.23509 110.10370 гэх координат нь Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт болон түүний орчны бүс нутагт хамаардаггүй тухай Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 63 дугаартай албан тоот /хх-ийн 74 хуу/
С.Б ын яллагдагчаар өгсөн: ...Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө гэрчээр 2 удаа мэдүүлэг өгөхдөө болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Тухайн үед би хэрэг явдлыг үйлдэхдээ ганцаараа байсан. 2012 онд худалдаж авсан ногоон өнгийн 200 мотортой, бичиг баримтгүй пад буюу бага оврын трактор болон гинжит хөрөө, сүх ашиглаж Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Дашийн Гозгор гэх газраас мод бэлтгэлээ гэж бодсон чинь тус сумын 3-р баг “Зүүн бэрхийн адаг” гэх нэртэй буруу газраас 9 ширхэг нарс мод /тайрснаар 20 ширхэг/ 4.9 метр куб модыг бэлтгэчихсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/
С.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90 хуу/
С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 99 хуу/
С.Б нь Хэнтий аймгийн Батширээт сумын хүү торгуулийн орлогын Төрийн банкин дахь 100180900988 дугаарын дансанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “торгууль С.Б ” гэсэн гүйлгээний утгаар 1.293.373 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 119 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчим ганцаараа Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх 3 дугаар багийн нутаг “Зүүн бэрхийн адаг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр нарс төрлийн 9 ширхэг 4.9 метр куб модыг гинжит хөрөө, сүх, бага оврын трактор ашиглан бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болд болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч С.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас ойн экологи эдийн засагт 1.293.373 /нэг сая хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун далан гурван/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр С.Б ын бэлтгэсэн модны хэмжээг 4.9 м3, уг модны экологи эдийн засгийн үнэлгээг 1.293.373 төгрөг гэж тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.293.373х3=3.880.119/ гурван сая найман зуун наян мянга нэг зуун арван есөн төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн хохиролд тооцож, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1.293.373 төгрөг төлсөн /хх-ийн 119 хуу/ байх тул 2.586.746 төгрөгийн төлбөртэй гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан байх тул шүүгдэгчээс 2.586.746 төгрөгийг гаргуулж тус санд олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Батширээт сумаас гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүхийг устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 4.9 метр куб нарс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гижит хөрөө, жижиг оврийн трактор зэргийг улсын орлого болгох хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар явахыг хориглох үүрэг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй жижиг оврийн трактор, эд мөрийн баримтаар хураагдсан сүх, гинжит хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 4.9 метр куб нарс мод зэргийг улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ