| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2018/00168/И |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-12-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ү.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А
Хариуцагч Б.Ц нарыг оролцуулан нэхэмжлэгч Ү.Б нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгт холбогдох “2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, цэцэрлэгийн галчийн албан тушаалд томилуулж, 2018 оны 06, 07, 08, 09 сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Ү.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус аймгийн Галшар сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 25-ны өдөр Б/09 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн галчаар ажилд орсон бөгөөд 2016 оны мөн өдрөөс хойш 2018 оны өдийг хүртэл тасралтгүй галчаар ажилласан. Ийнхүү ажиллах хугацаанд Хөдөлмөрийн гэрээг 07 сарын xyгацаатайгаар тухайн оныхоо 05, 10 сарын 01-ний өдрүүдэд байгуулан ажилладаг байсан ба 06, 07, 08, 09 саруудад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг бичүүлэн тухайн байгууллагын үндсэн ажилтнаар ажиллаж байсан. Галчийн ажил нь улирлын чанартай тул хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. 23.2.2-т жил бүр 07 сарын хугацаатайгаар дээрх байдлаар байгуулан ажиллаж байсан бөгөөд би энэ байгууллагад 3 дахь жилээ ажиллаж байсан. Тэгтэл 2018.05.01-ний өдриин Б/05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байсныг 2018.10.01-ний өдөр албан ёсоор мэдсэн. Учир нь надад тус цэцэрлэгийн эрхлэгчээс 2018.09.05-ны өдрийн огноотой Мэдэгдэл гарсан байсныг 2018.10.01-ний өдөр олж мэдсэн бөгөөд уг мэдэгдэл ажлын байранд удаа дараа алдаа гаргасан тул галчаар ажилд авахгүй болохыг мэдэгдсэн утгатай байсан. 2018.05.01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т заасны дагуу ажил мэргэжил, ур чадвараар ажилдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухайгаа ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал ийм мэдэгдэл ирээгүй. Ажил олгогчоос ажилдаа удаа дараа алдаа зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх байтал хуулийг буруу хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, 38.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хуулийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон үндэслэл миний ажилд тухайн үед ажлаас халагдах тушаал гарах үед тогтоогдоогүй ийм нотлох баримтыг ч надад танилцуулаагүй. Мөн надад ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэдгийг ч хэлээгүй, энэ тушаалыг ч танилцуулаагүй, хэрэв ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон талаар хуульд заасан хугацааны өмнө мэдэгдсэн бол энэхүү тушаалыг гарсан өдрөөс шүүхэд эрхээ хамгаалах байтал энэхүү эрхээ эдлэх хууль зүйн боломжийг өдийг хүртэл хааж байсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гapгaх эрхтэй бөгөөд би ажлаас чөлөөлсөн гэх тушаалыг 2018.10.01-ний өдөр гарсныг нь мэдэж, гар дээрээ 2018.10.08-ны өдөр хүлээн авч харсан тул уг өдрийг хүлээн авсан өдрөөр тооцож байна. Хэрэв шүүхээс ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш гомдол гаргах ёстой гэж үзэхээр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээж, хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Мөн 2018.05.01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” гэж үзсэн үндэслэл нь тодорхой бус ямар үндэслэлээр цаашид сунгагдахгүй болсон талаар огт надад мэдэгдээгүй, энэхүү ажлын байранд одоо өөр хүнийг томилж ажиллуулж байгаа зэрэг нь ойлгомжгүй юм. Мөн 2018.09.05-ны өдрийн огноотой мэдэгдэлд "ажлын цагаар удаа дараа алдаа гаргасан" гэж байгаа нь ажлаас чөлөөлсөн тушаалтай агуулгын хувьд зөрчилдөж байгаа бөгөөд ажлын цагаар ямар алдаа зөрчил гаргасан эсэхийг тодруулаагүй, надад хэлээгүй, тийм алдаа зөрчил гаргасан баримтыг бүрдүүлээгүй зэрэг нь учир дутагдалтай байгааг анхааран үзнэ үү. Би удаа дараа алдаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаагүй байтал ийнхүү субьектив хандлагаар дүгнээд ойлгомжгүй байдлаар ажлаас халах гэсэн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо би урьд эрхэлж байсан галчийн ажилд ажиллах хүсэлтэй байгаа ба ажлын чанар, ажил мэргэжлийн алдаа зөрчил удаа дараа гаргаж байгаагүй тул ажил олгогчийн энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, миний хөдөлмөрлөх хуульд заасан эрхийг хамгаалж өгнө үү. Би удаа дараа ажлын цагаар архи ууж, зөрчил гаргаж байгаагүй. Би 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Миний ажлын байр байнгын ажлын байр мөн. Иймд “Хэнтий аймгийн Галшар сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ү.Ү.Б тус цэцэрлэгийн галчийн ажилд томилж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн 2018 оны 06, 07, 08, 09 сарын шимтгэлийг төлж, бичилтийг нөхөн бичихийг Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үдрээ овогтой Ү.Б нь манай байгууллагад 1 жил 8 cap ажилласан. Ү.Б д 2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б\05 дугаар тушаалаар ажлаас халагдсан тушаалыг нь өгсөн. Ажлаас халах тухай тушаал өгөхдөө та удаа дараа архи ууж ажлын байр эзэнгүй 2-3 удаа орхигдуулан цалингийн арга хэмжээ авахуулж байсан. Сүүлийн 2 cap ажилд гарч байхдаа ажлын байрандаа архи ууж хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажил мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараалан зөрчиж байсан тул таныг 2018 оны 10 сарын 01-нд галчийн үүрэгт ажилд авахгүй гэдгийг өөрт нь мэдэгдсэн. Тухайн үедээ ажлаас халагдсан тушаалаа аваад охин Б.А-тэй хамт орж ирсэн. Б.А манай байгууллагад бүлгийн багшаар ажилладаг. Б.Ань намар аавыг ажилд авахгүй гэсэн тушаал өгсөн байна бусад ажилчидаа бүгдийг нь халж байгаа юмуу эсвэл аав ганцаараа халагдаж байгаа юмуу гэсэн асуултын дагуу цэцэрлэгийн дотоод журам дүрмийг зөрчсөн мөн ажлын байранд удаа дараалан архидан согтуурч ажлын байраа эзэнгүй орхиж байсан талаар нь ойлгуулан хэлж нийгмийн халамжийн байцаагчид хандаж ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөж авахыг Ү.Б д зөвлөсөн. 2018 оны 09 сарын 05-нд ажилд эргүүлэн авахгүй байх талаар мэдэгдэл өгсөн. Тухайн үед Ү.Б өөрөө байхгүй эхнэр О.Х нь байсан. Миний бие нь Хэнтий аймагт 2018 оны 09 сарын 06-нд албаны ажлаар явах болсон тул нярав Т.С учир байдлыг танилцуулж Ү.Б д мэдэгдэл өгөхийг үүрэг болгосон. Т.С нь О.Х-т өгөхөд би авахгүй Ү.Б д өөрт нь өг гээд аваагүй байсан. Ажилд эргүүлэн авах боломжгүй талаар өгсөн мэдэгдлийг Ү.Б болон тэдний гэр бүлийнхэн бүгд мэдсэн боловч ажилд эргүүлэн авах боломжгүй талаар мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн аваагүй. Тухайн үедээ Ү.Б охин Б.А нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэж халаагүй бөгөөд харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дугаар заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан үнэн болно.
Ү.Б нь бүх зүйлийг мэдээгүй алдаа дутагдал гаргаагүй гэж худал
нэхэмжлэл гаргасан. Манай байгууллага нийт 15 ажилтантай. Бүгд орон тооны байнгын албан тушаал дээр ажилладаг. Галчийн 3 орон тоотой. 24 цаг ажлаад 48 цаг амардаг. Ажлын цагаар, ажлын өдрүүдэд битгий архи уугаад бай гэж олон удаа хэлж байсан. Галч нь 7 сар ажилладаг. Улирлын чанартай ажил. Ү.Б нь ажлын цагаар архи ууж алдаа зөрчил удаа дараа гаргасан. Би энэ хүний амьдралыг бодоод ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Уг нь ажлын цагаар удаа дараа архи уусан, ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах байсан. Цаашид Ү.Б ажилд авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгт холбогдох “тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, цэцэрлэгийн галчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, 2018 оны 06, 07, 08, 09 сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц нь “Ү.Б нь ажлын цагаар удаа дараа архи уудаг, ёс зүйн зөрчил удаа дараа гаргадаг, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажилд эгүүлэн авах боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, тайлбарыг гаргасан байна.
Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Ү.Б цэцэрлэгийн уурын зуухны галчаар томилон ажиллуулж байсан гэдэг нь тогтоогдож байна. /хх-ийн 08/
Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Ү.Б цэцэрлэгийн уурын зуухны галчийн албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-ийн 09, 21/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Б нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байна.
Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн “2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар “Ү.Ү.Б галчийн ажлаас чөлөөлсөн” бөгөөд уг тушаалыг Ү.Б нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр хүлээж авсан гэж, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц нь уг тушаалыг 2018 оны 05 сарын 02-ны өдөр Ү.Б д хүлээлгэн өгсөн гэж тайлбаруудыг гаргасан байна.
Хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц нь уг тушаалыг 2018 оны 05 сарын 02-ны өдөр Ү.Б д өгсөн гэж тайлбарыг гаргасан ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан байна.
Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг ажлаас халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй бөгөөд энэ талаар шийдвэрт заагаагүй, шийдвэрийг ажлаас халагдсан өдөр өгсөн гэж үзэх үндэслэлгүй, ажилтан нь энэ талаар гомдол гаргах эрх нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болоогүй байна.
Иймд шүүхээс Ү.Б ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажил олгогч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар ажилтан Ү.Б 2016 оны 09 сарын 26-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн уурын зуухны галчийн ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 05-06, 08/
Ажил олгогч нь 2018 оны 05 сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаараа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажилтан Ү.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна. / хх-ийн 10, 21/
Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараас үзэхэд уурын зуухны галчийн ажил нь батлагдсан орон тоотой, цалингийн төсөвтэй, ажлын өдөр нь хуульд зааснаар явагддаг, байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй байна. / хх-ийн 05-06/
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулна гэж заасан байна.
Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах үүрэгтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулна гэж заасан байна.
Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар, тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд байгуулж болно.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй ажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцвол байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох тухай зохицуулалт байгаа боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох юм.
Ийм нөхцөлд тухайн шаардлага, шалтгаан, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байх шаардлагатай.
Гэтэл ажил олгогч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэг нь ажилтан Ү.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ямар нэгэн тодорхой үндэслэл, шаардлагын талаар тохиролцоогүй атлаа байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчжээ.
Иймд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь иргэний хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.
Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заагаагүй, хөдөлмөрийн болон холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна.
Ү.Ү.Б “удаа дараа алдаа дутагдал гаргасан, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан” гэх зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн “2018 оны 01 сарын 25-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Ү.Б д нэг сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” болох нь тогтоогдсон ба энэ нь удаа дараа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй болно. /хх-ийн 20/
Хариуцагчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаал нь нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Ажилтныг ажлаас халах тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, эсхүл ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.
Ажил олгогчийн Б/09 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилтан Ү.Б ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл бий болж байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул Ү.Ү.Б ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ.
Тухайлбал нэхэмжлэгчийн “2018 оны 05 сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгчийн эрхлэгчийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар бөгөөд бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлэх шаардлагагүй.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж ажилтан Ү.Б Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө” гэж заасан байна.
Иймд ажил олгогч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэг нь Ү.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 2018 оны 06, 07, 08, 09 сарын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар бүр шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг зааж өгөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Б Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгийн уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэг нь Ү.Б ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар бүр шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ