Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/649

 






 

 

   2022           08            22                                          2022/ШЦТ/649


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн, 

улсын яллагч А.Ариунаа /тээврийн прокурор/,

шүүгдэгч А.Б, 

хохирогч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э овогт Аы Бд холбогдох 2203000500083 дугаартай эрүүгийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, эхийн хамт ....  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

Боржигин овогт Аы Б, /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь “2021оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд “Тоёота акуа” маркийн 

... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б нь “2021оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд “Тоёота акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн 2203000500083 дугаартай хэргээс

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Эын 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хохирогчоор өгсөн “...би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Барс захын хойд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд зам гарч байсан. Эхний зүүнээс баруун тийш явах эгнээг гарах үед машин байгаагүй бөгөөд тусгаарлах хайс өнгөрөөд урагшаа гарч байтал зам бүрэн гарч дуусаж байтал баруун талаас цайвар өнгийн автомашин ирж өргөөд би газарт унасан. Би мөргүүлсэн бөгөөд Б мөргүүлээгүй. Тэгээд машин зогсоод жолооч нь бууж ирээд намайг сугадаад машиндаа оруулаад гэмтэл хүргэж өгсөн. Гэмтэл дээр очиход зүүн хөл хугарсан гээд эмнэлэгт хэвтээд 18 хоносон. Хагалгаанд орсон. Манай охин цагдаад өргөдөл гаргасан байсан. Осол гарах үед би он гарах гэж байсан учир гэртээ 1 шил 0.33 литрийн Хараа нэртэй архийг гурвуулаа уусан байсан. Б уугаагүй. Би хоёулаа явж байсан. жолооч ганцаараа явж байсан. Жолооч архи архи хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад үнэртсэн зүйл байхгүй. Би эмчилгээндээ өөрөөсөө мөнгө гараагүй байна. Жолооч мөнгийг нь төлсөн. Төлбөрийн баримтыг бүрэн гаргаж өгнө. Жолооч хэдэн төгрөг төлсөн эсэхийг би мэдэхгүй байна. Надад одоогоор баримт байхгүй байна. Гарцаар гарч байсан. надад эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлт байна. Одоогоор тооцоо гараагүй байна. Дараа бүгдийг нь гаргаж өгнө. Гомдолтой байна. Би ажлаа хийгээд 450.000-500.000 төгрөгийн цалин авдаг байсан. миний нийгмийн даатгал төлдөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Эын 2022 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр дахин хохирогчоор өгсөн “...би нэгдүгээр хагалгаанд орсон боловч хөлд суулгасан төмөр ялтас гэдэг зүйлээс болоод идээлсэн учир 01 дүгээр сарын 27-нд 02 дугаар сарын 08-нд 2 удаа хагалгаанд орж төмрөө авхуулан цэвэрлэгээ хийлгэсэн. Жолоочид маш их гомдолтой байна. Би цаашид удаан хугацаанд хэвтэрт байх бөгөөд 3 жил орчим болох учир 3 жилийн цалин болох 15.000.000 төгрөг болон эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогоор зардлын тооцоо бүрэн гараагүй байна. Шүүхийн шатанд бүгдийг гаргаж өгнө. Гэхдээ жолоочтой хоорондоо ярилцаж байгаад шийдвэрлэж болно гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Тухайн орой буюу 2021.12.31-ний орой 20 цаг өнгөрч байхад манай хүргэн А.Б гарчхаад ирье гэж хэлээд миний эзэмшлийн ... улсын дугаартай Aqua маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд гарсныхаа дараагаар буюу 22 цагийн үед над руу залгаад Барс захын харалдаа явж байгаад явган хүн мөргөчихлөө. Тэгээд Гэмтлийн эмнэлэг руу аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Бд хандан “би очих уу, чи цагдаад дуудлага өгсөн юм уу" гэсэн чинь та ирээд хэрэггүй, би мөргүүлсэн хүнтэйгээ зохицчихлоо гэж хэлсэн. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ  ирэхээр нь дахиж асуухад “мөргүүлсэн хүн бид хоёр хоорондоо зохицчихсон, дараа нь янз бүрийн юм ярихгүй гэсэн” гэж хэлсэн. Тухайн үед мөргүүлсэн хүн нь  манай хүргэнээс 440.000 төгрөг авсан гэсэн. Надад ослын талаар өөр нарийн тодорхой мэдэх зүйл байхгүй. Хүргэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хариуцагчаар өгсөн “... Манай хүргэн А.Б нь миний машиныг хааяа унаж гадуур дотуур ажил хөөцөлддөг байсан юм. Тухайн өдөр гадагшаа гарчхаад ирье гэж хэлээд аваад гарсан юм. Тэр үед Б ганцаараа явж байсан гэсэн. Эмнэлэгт хэвтсэнээс хойш авчир гэсэн юмыг нь бүгдийг нь л аваачиж өгсөн гэсэн. Яг хэдэн төгрөгийн зардал гарчхаад байгааг одоогоор хэлж мэдэхгүй байна. А.Бд бүх баримтууд нь байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Бын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчим харуулаасаа бууж ганцаараа яармагийн 1-р буудал дээр түцэнд орж хоёр ширхэг хуушуур болон 200 граммын хараа нэртэй архи уучхаад дүүгийндээ очихоор автобусанд сууж 25 дугаар  эмийн сангийн хажуу талын байранд ирсэн. Тэр үед дүүгийн гэрт нь хүн байгаагүй. Тэгээд би Барс захын хойд талд байрлах ... байранд найз Эын очдоr ах болох З ахын гэрт нь очихоор гэрийнх нь гадна нь очтол манай дүү ах та над руу залгасан уу гэж ярьсан. Тэгээд би дүүтэйгээ утсаар ярьж Эын найз ах З ахын гэрт оролгүй гаднаас нь шууд буцаж дүүгийндээ буюу 25-р эмийн сангийн хажууд байдаг гэрт нь ирсэн. Би дүүгийндээ ирж усанд орж хоол идэж дахин ганцаараа “330” граммын Өргөө нэртэй архины талыг уучхаад “Барс” захын хойд талд байрлах ... байр буюу Эын очдог айл болох З ахын гэрт очихоор орой 20 цагийн орчим дүүгийнхээ гэрээс гарч явсан. Тэгээд шууд “Барс” захын хойд талд байрлах ...-р байранд очиж Э болон З ахтай уулзаж Э бид хоёр "500" граммын хараа нэртэй архи хувааж уусан. Тэр үед З ахын эмэгтэй дүү ирж Э бид хоёрыг хөөсөн. Тэгээд бид хоёр гадагш харихаар гарах үед хоёулаа нэлээд согтсон байсан. Би ослын талаар юу ч санахгүй байгаа. Тухайн үед би ...-р байрны 3-р орцны 9-н давхарт буюу З ахын орцонд орж унтсан байсан. Шөнө дунд намайг З ах сэрээсэн. Тэгээд би 25-р эмийн санд дүүгийнхээ гэрт ирж хоносон. Би жолоочоос нэг төгрөг ч аваагүй. Би юу ч санахгүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Бий 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед би хадам ээж Цэдэнбалын Оийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Барс захаас хүнсний зүйл цуглуулж аваад явж байсан юм. Би тухайн үед баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан бөгөөд замын 1 дүгээр эгнээнд явж байсан юм. Тэгтэл 2 дугаар эгнээнд миний яг урдхан талд явж байсан нэг цагаан өнгийн приус 20 маркийн машин явж байснаа явган хүний гарц дөхөх үед огцом тоормослохоор нь би тэр машиныг хараад мөн тоормос гишгэхэд зогсоож амжилгүй, гарцаар гарч явсан 2 хүний согтуу нэгийг нь машиныхаа зүүн хэсгээр мөргөчихсөн. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас бууж зүгээр үү гэж асуухад нэлээн согтолттой байсан учир юм ярихгүй байхаар нь өргөөд хамт явж байсан хүнтэй нь хамт гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд гэмтэл дээр очоод эмчид нь үзүүлээд рентген зургийг нь харуулахад дунд чөмгийн дээгүүр бүдүүн яс нь хугарсан байна гэж хэлээд тэр хүнийг хэвтүүлэхээр болсон. Би тухайн үед буюу  рентген зургийг нь угаалгахаасаа өмнө гадаа гараад тамхи татаад байж байтал хамт явж байсан залуу нь надад хандан "ахын дүү ахдаа 500.000 төгрөг өгчих, би  энэ дайруулсан хүний ах нь байгаа юм, цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохироод салъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад хандан надад байгаа нь л 440.000 төгрөг байна гээд тэр ахад бэлнээр өгсөн. Тэгээд би дайруулсан хүнээ эмнэлэгт нь хэвтүүлж, татлага хийлгэж хөлийг нь сойлгочхоод эмчтэй нь уулзчихаад буцаж гараад иртэл надаас мөнгө авсан хүн нь гадаа байхгүй явчихсан байсан. Миний машинд дайруулсан Даваасүрэнгийн Э гэх хүн нь  гэмтэл дээр очоод үзүүлж байхдаа цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохироод салъя, ар гэрийнхэнд маань машинд дайруулсан гэж хэлээд хэрэггүй, манай ар гэрийнхэн буяны ажилтай байгаа болохоор санаа нь зовчихно, чи намайг шатнаас унаад хөлөө гэмтээсэн гээд хэлчих гэхээр нь би Э ахаас эхнэрийнх нь утсыг аваад эхнэртэй нь холбоо барьж Э ахын хэлснээр шатнаас унаж хөлөө гэмтээгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд мөн нөгөө хүн нь ч гэсэн гадаа байхдаа намайг мөнгөө өгчихвөл асуудалгүй гээд байсан болохоор нь би энэ хоёр хүнийг хоорондоо яриад тохирчихсон юм байна даа гэж бодоод л мөнгөө өгчихсөн юм. Тиймээс би цагдаад дуудлага өгөөгүй юм. Тэгээд би өнөөдөр гэртээ байж байсан чинь Э гэх хүний охин байна чи өчигдөр орой манай ээжид аавыг маань шатнаас унасан гэж худлаа хэлсэн байна. Чиний машинд мөргүүлсэн юм байна ш дээ. Чи гэмтэл дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд гэмтэл дээр очиж уулзахад 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан бөгөөд намайг машинд нь суунгуут цагдаа сэргийлэх гээд яах вэ 8.000.000 төгрөг өгчих гэхээр нь би өгөөгүй, тэгээд надад өргөдөл өгсөн. Одоогоор хохирогчид 800.000 төгрөг эмчилгээнд нь өгсөн. Баримтууд нь байгаа, Мөн өдөр боолт хийлгэхэд нь ч авч явж үзүүлсэн. Тухайн үед би 40 орчим километр цагийн хурдтай явсан. Би машиндаа ганцаараа, суудлын бүсээ зүүсэн байсан. Цаашид эмчилгээний зардлыг төлнө. Би буруугаа ойлгож байгаа, осол гарсанд маш их харамсаж байна. Энэ машин манай хадам ээж Оийн нэр дээр байдаг машин байгаа юм. Одоо ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/, 

  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1332 дугаартай “...Д.Эын биед зүүн дунд чөмгийн доод 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 43-45 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7131785 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-56 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Бий яллагдагчаар өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 31-ны Барс худалдааны төв орж юм аваад гэртээ харих зорилгоор Т.Акуа маркийн ... дугаарын автомашиныг жолоодон Барс захын хойд замаар баруунаас зүүн тийш чиглэлд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. Миний хойд талд буюу 2 дугаар эгнээгээр миний арай өмнө Т.Приус маркийн автомашин явж байсан бөгөөд гэнэт хурдаа хасаад огцом зогсох үед урдуур нь зорчих хэсгийн хойд талаас явган хүний гарцаар 2 эрэгтэй хүн гуйваад алхаад ороод ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан учир урд талд нь явж байсан хүнийг мөргөөд цааш яваад зогссон. Би машинаа зогсоогоод бууж очоод хамт явсан хүнтэй нь буюу Б гэх хүнтэй өргөөд машиндаа суулгаад гэмтэл рүү аваад явсан. Гэмтэл зургийг нь авхуулахад дунд чөмөг нь хугарсан байсан. Татлага хийлгээд тархины бичлэг хийлгээд эмнэлэгт хэвтүүлсэн. Би зургийг нь авхуулаад байх үед эмнэлгийн гадна Бтай уулзахад "Би төрсөн ах нь юм, надад 500.000 төгрөг өгчих би цагдаад хэлэхгүй" тэгээд тохиръё гэхээр нь би өөртөө байсан 440.000 төгрөг өгсөн. Би тухайн үед хохирогчид ор хөнжлийн давуу авч өгсөн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд дотор нэлээн байгаад гараад иртэл Б нь явчихсан байсан. Тухайн үед эхнэр лүү залга гэхээр нь би юу гэж хэлэх вэ гэхэд шатнаас унасан гэж хэл гэхээр нь би эхнэрт нь шатнаас унасан гэж хэлсэн боловч тэр өдөр ирээгүй. Маргааш нь би дахиад гэмтэл дээр очоод охинтой нь уулзахад 8.000.000 төгрөг өг гэж хэлж байсан. Би өгөөгүй тул надад өргөдөл өгсөн. Түүнээс хойш хохирогч Эын эмчилгээний 800.000 төгрөг зарцуулаад байна. Баримтууд нь байгаа. Мөн өдөр бүр боолт хийлгэхэд нь авч явж үзүүлж байсан. 40 км цагийн хурдтай явж байсан. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ажлаа тараад явж байсан. би тэр үед ганцаараа явж байсан. манай хадам ээж Оийн нэр дээр байдаг бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сард орсон бөгөөд ослын өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, техникийн хувьд бүрэн бүтэн байсан. явган зорчигч гарч ирэхдээ алхаж гарч ирсэн. Гэхдээ нэлээн согтуу байсан. би тулж ирээд харсан учраас тоормос гишгээд халтираад мөргөсөн. Одоогоор 800.000 төгрөг эмчилгээнд нь зарцуулаад байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаатай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаа ойлгож байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Санамсаргүй ийм осол гаргасандаа харамсаж байна. Нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн “...Д.Эын биед зүүн чөмөг ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн дунд чөмөг ясны хугарлыг зассан мэс ажилбар /2022.01.11, 2022.02.20/, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул Хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдоно. Д.Эын зүүн хөлийн тойг ясанд гэтэл тогтоогдсонгүй. Д.Э нь зүүн дунд чөмөг ясны хугарлыг засах гэж ажилбарт 2 удаа орсон байх ба ясны эдгэрэлтийн байдлаас шалтгаалж хугарлыг дахин зассан байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн магадалгаа /хх-ийн 57 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бий хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 61 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 64 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 67 тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалын лавлагаа /хх-ийн 67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Бд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч А.Б нь “2021оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд “Тоёота акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч А.Бий мэдүүлгүүд, хохирогч Д.Эын мэдүүлгүүд, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны 570 дугаартай дүгнэлт /хх-ийн 173-176 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7131785 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-56 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч А.Б нь “2021оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд “Тоёота акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны 570 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Б болон  иргэний хариуцагч Ц.О нар нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 213 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогч Д.Эад нийт 1.788.733 /нэг сая долоон зуун наян найман мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Хохирогч Д.Э нь ажилгүй байсан хугацааны мөнгө болон цаашид эмчилгээ хийлгэх төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй хавтаст хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй. Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн ба нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх нь тогтоогдохгүй байна.

 

 Иймд хохирогч Д.Э нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Б нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч А.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.200/ нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.00/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Аы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 1200/ нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Д.Эад эмчилгээний зардалд нийт 1.788.733 /нэг сая долоон зуун наян найман мянга долоон зуун гучин гурав/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Ц.О нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч,  түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ