Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/652

 






 

 

     2022          08           24                                          2022/ШЦТ/652


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Эрдэнэбулган  хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч/ хохирогч Я.Х,

Шүүгдэгч/ хохирогч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ягийн Х, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн О нарт холбогдох эрүүгийн 2205016981910 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

О овогт Ягийн Х, /РД:..../.

Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ... Төрийн бус байгууллагад оффис менежер ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Бийн О, /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Х, Б.О нар нь “2022 оны 4 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн төвийн доторх биллиардын клубт урьд тоглосон бооцооны мөнгөнөөс болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож Я.Хгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Оын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Я.Х, Б.О нар нь “2022 оны 4 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн төвийн доторх биллиардын клубт урьд тоглосон бооцооны мөнгөнөөс болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож Я.Хгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.О биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн “... 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр оройн 22 цагийн үед би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Наранбилэг төвийн 4 давхарт байдаг биллиардын газар ганцаараа ороход тэнд Х, Б нар биллиард тоглож байсан. тэгээд бид 3 хамт тоглохоор болж тоглосон. Тэгсэн 01 цагийн үед бид 3 тоглож дуусаад явах гэхэд Х ахиад нэг тоглоё гэхээр нь би одоо цаг орой болчихсон байна. Гэж хэлсэн. Бид нар тоглохдоо бооцоотой тоглодог, тэгээд өмнө нь Х надад хожигдоод 170.000 төгрөгийн өртэй байсан юм. Харин тэр өдөр Хд  хожигдоод 70.000 төгрөг өгөхөөр болоод би түүнд нөгөө 170.000 төгрөгөөсөө хасчих тэгээд 100.000 төгрөг үлдэж байна шүү гэж хэлтэл би чамд 170.000 биш 150.000 төгрөгийн өртэй гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь хоёулаа 20.000 төгрөгөөс болж маргалдаад яах вэ 150.000-аас 70.000 хасаад 80.000 одоо өгчих гэхэд чи муу хөгийн муу лалар гээд босоод ирсэн.би түүнд хоёулаа хэрүүл хийгээд яах вэ? Гэтэл босож ирээд миний нүүр лүү цохиход нь би бултаад буцаж түүнийг өшиглөтөл намайг зөрүүлээд зүүн шуу хэсэг руу өшиглөчихсөн. Тэгээд биллиард ажиллуулдаг залуу бид хоёрыг салгаад явуулсан. Х ... гэсэн дугаар дээр байгаа. Гэр нь Хайлаастад байдаг, хэлж мэдэхгүй байна. Б маргалдаж байх үед бол байсан ,зодоон эхлэх үед гараад явчихсан байсан. Тэр үед С гэх биллиард ажиллуулдаг эмэгтэй болон түүний нөхөр тэр хоёр байсан. би гарынхаа эмчилгээний мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,                                                                                                                                                                 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Я.Хгийн гэрчээр өгсөн “... миний биед зүүн шуу хэсэгт хөндүүртэй байна, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Миний бие хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я.Хгийн 2022 оны 5 дугар сарын 10-ны өдөр дахин гэрчээр өгсөн “... 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн 4 давхарт байрлах Снүүкер биллиардын  газарт орсон. Тэгээд тэндээ ихэнхдээ хамт тоглодог Боо гэх залуутай хамт тоглосон. Тоглоод байж байтал 14 цагийн үед О гаднаас орж ирээд бид 3 хамт тоглосон. Тэгээд тоглож дуусаад 22 цагийн үед явах гэж хэлтэл өмнө би түүнд өгөх ёстой байсан мөнгөнөөс болоод бид хоёр маргалдаж эхэлсэн. Учир нь гэвэл би түүнд 150.000 төгрөг өгөх ёстой байтал, намайг хэл амаар доромжлоод байсан болохоор босож очоод би түүнийг цохих гэж оролдоод хий цохисон. Тэгтэл О намайг зүүн гарын тохой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл тэнд байсан биллиардын текен дээр ажилладаг охины найз залуу болон түүний найз нь бид хоёрыг салгасан. Тэгээд О тооцоогоо төлчхөөд гараад явсан. Би нэлээд байж байгаад араас нь гарч гэр лүүгээ явсан. Тэгтэл маргааш нь өглөөний 12 цагийн үед над руу О залгаад чи гар хугалчихсан байна гээд гэж надад хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? Худлаа яриад бай гээд утсаа салгасан. Б текен дээр сууж байсан. харин зодолдсоныг мэдсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... Б.О 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хохирогчоор өгсөн “ 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр оройн 22 цагийн үед би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Наранбилэг төвийн 4 давхарт байдаг биллиардын газар ганцаараа ороход тэнд Х, Б нар биллиард тоглож байсан. тэгээд бид 3 хамт тоглохоор болж тоглосон. Тэгсэн 01 цагийн үед бид 3 тоглож дуусаад явах гэхэд Х ахиад нэг тоглоё гэхээр нь би одоо цаг орой болчихсон байна. Гэж хэлсэн. Бид нар тоглохдоо бооцоотой тоглодог, тэгээд өмнө нь Х надад хожигдоод170.000 төгрөгийн өртэй байсан юм. Харин тэр өдөр Хд  хожигдоод 70.000 төгрөг өгөхөөр болоод би түүнд нөгөө 170.000 төгрөгөөсөө хасчих тэгээд 100.000 төгрөг үлдэж байна шүү гэж хэлтэл би чамд 170.000 биш 150.000 төгрөгийн өртэй гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь хоёулаа 20.000 төгрөгөөс болж маргалдаад яах вэ 150.000-аас 70.000 хасаад 80.000 одоо өгчих гэхэд чи муу хөгийн муу лалар гээд босоод ирсэн.би түүнд хоёулаа хэрүүл хийгээд яах вэ? Гэтэл босож ирээд миний нүүр лүү цохиход нь би бултаад буцаж түүнийг өшиглөтөл намайг зөрүүлээд зүүн шуу хэсэг руу өшиглөчихсөн. Тэгээд биллиард ажиллуулдаг залуу бид хоёрыг салгаад явуулсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна”...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн “...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж яриа зүйл байхгүй ярьсан бүгд үнэн зөв байгаа. Би гомдолтой байна, намайг удаа дараа утсаар яриад дарамтлах гээд байсан бөгөөд мөнгөн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Миний зүгээс эмчилгээнд эмчилгээнд зарцуулсан зураг авхуулах, эм тариа авах боолт яс бэхжүүлэх кальци авсан зэрэг нийт 515.300 төгрөг болсон байгаа бөгөөд миний бие нэг гар маань хугаралтай байгаа тул ажил үүргээ хэвийн хийж чадахгүй байгаа тул өөрийн ажилд шаардлагатай жолооч хөлсөлж олгосон цалин 2 сарын хугацаанд хөдөө орон нутагт ажиллуулсан нэмэгдэл зэрэг ороод 1.600.000 төгрөг болсон байгаа ба би энэ зардал мөнгөө гэм буруутай хүнээр нь гаргуулмаар байна. Цаашид надаас шаардагдах гэмтэлтэй холбоотой зардал гарах эсэхийг сайн мэдэхгүй байна. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд дээрх гэмтэл нь миний Хг өшиглөх үед учирсан гэмтэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр ямар нэг маргаан зодоон оролцсон хүн байгаагүй. Хамт тоглож байсан Б гээд залуу маргаан болохоос өмнө гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я.Хгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 25-нд би чөлөөт цагаараа жаахан биллъярд тоглох гээд өөрийн найз Б гэх хүнтэй тогтож байхад өмнө нь тэнд ганц хоёр удаа хамт тоглож байсан залуу болох О гэх хүн ганцаараа байсан бөгөөд тухайн үед бид нар өмнө нь таарч байсан болохоороо хамт тоглоод сүүлд нь тооцоо хийхээр болсон юм. Би тоглож дуусаад 23 цагийн үед тооцоо хийхээр болоод О надаас бага зэрэг авцаатай байсан бөгөөд тэр нь нэлээд илүү мөнгө нэхээд байсан тул би тийм  хэмжээний өр байхгүй гээд маргаан эхэлсэн юм. Бид хоёр тухайн биллъярдын газар дотор байхад О хэрүүл гуйгаад янз бусын зүйл хэлээд байхаар нь би босож ирээд нэг удаа гараараа цохих гэтэл бултаад зайлсандаа намайг хөлөөрөө нэг удаа зүүн гарын шуу, тохой орчим өшиглөсөн тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа зүү гарын тохой хэсэгт өшиглөсөн юм. Тэгээд тэнд байсан хүмүүс нь бид хоёрыг хориглоод салгасан юм. Тухайн үедээ О түрүүлээд гараад явсан бөгөөд би хэсэг байж байгаад гараад явсан. Намайг маргааш нь  гэртээ байхад О над руу залгаад миний гар хугарсан байна, чи хаана байна гээд асуухаар нь би битгий худлаа яриад бай гэж хэлээд итгээгүй юм. Гэтэл дараа нь цагдаад гомдол гаргасан гээд дуудахаар ирж уулзаад би өөрт хохирол байгаа тул гомдол гаргаж өгөхөөр болоод шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг аваад явсан, тэгээд одоо дуудахаар нь ирж мэдүүлэг өгч байна. Миний биед гаргасан №6775 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд надад ямар нэг гомдол санал байхгүй, би шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг хүлээн зөвшөөрч байна. Миний бэртэл гэмтэл нь тухайн цаг хугацаанд О намайг өшиглөх үед учирсан гэмтэл, өөр хэн нэгэн надад гар хүрсэн гэмтэл бэртэл учруулсан зүйл байхгүй. Би О шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, дээрх гэмтэл миний буруугаас учирсан гэмтэл гэж бодож байна. Би О гэх хүнтэй ганц нэг удаа тоглоомоос болж ам мурийж байсан ч ямар нэг өр, авлага гээд байх зүйл өс хонзон байхгүй. Би КТГ-ийн зураг авхуулсан. Үе мөчний эмнэлэгт үзүүлсэн бөгөөд дараа нь өөр ганц нэг ширхэг эм авч ууж байгаад эдгэрсэн, багцаагаар 200.000 төгрөг болж байгаа. Би хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд О надтай таараад надаас одоо 5.000.000 төгрөг өгчих, гээд нэхээд байсан тул би барагдуулмааргүй байгаа юм. Сүүлд над руу залгаад одоо нэг сая төгрөг өгчих би хэргээ татна гэх зүйл хэлж байсан. Би түүнд учирсан бодит хохирлыг барагдуулна. Одоогоор надад санал гомдол гээд байхаар зүйл байхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэгээ хурдан хугацаанд шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, 

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Сгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн “...  Миний бие 2022 оны 03 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Наранбилэг төвийн биллиярд тоглоомын газар зөөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд байнга орж ирдэг үйлчлүүлдэг хүмүүсээ зүсээр таньж мэдэх болсон бөгөөд тухайн хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 04 сарын 25-нд манай байгууллага хэвийн ажиллагаа хийж байхад Боо гээд ах болон Х гээд ах хамт тоглож байхад нь гаднаас О гээд ах орж ирсэн тэгээд тэдгээр хүмүүс хоорондоо ярьж байгаад тоглоод байсан тэгээд манай байгууллагад ширээний мөнгө нь 70,000 төгрөг гарсан бөгөөд төлбөр төлөхөөр ярилцаж байгаад гэнэт Х ах болон О ах нар маргаан хийгээд эхэлсэн энэ үед хамт байсан Боо ах тооцоо хийгээд байж байсан чинь Х ах сууж байсан сандал дээрээсээ босоод О ах дээр яваад очсон бөгөөд шууд гараараа шанаа орчим нэг удаа цохиод тэгсэн О ах хувцсаа өмсөж байгаад шууд зөрүүлээд нэг удаа өшиглөсөн чинь Х ах зөрүүлээд нэг удаа өшиглөсөн тэгээд би хүүе юу болж байгаа юм гээд хэлсэн бөгөөд манай найз залуу нэг найзтайгаа хамт ирсэн байсан тул дундуур нь ороод салгасан харин энэ үед Боо ах гараад явсан байсан. О ах гарах гэж байсан тул над дээр ирээд өөрийнхөө уусан ус ундааны мөнгө тооцоо хийгээд гар эвгүй болгочихлоо гээд хараалын үг хэлээд гараад явсан харин Х ах эргээд сандал дээрээ суусан байсан чинь О ах эргэж орж ирээд манайхаас ширээний гэрэл авах байснаа мартаад гарсан байна гээд тэрийгээ аваад явсан юм. Харин энэ үед Х ах хажуугийн ширээн дээр байсан эд зүйлээ хураагаад надад өгөөд гараад явсан. Тэгээд хэд хонгийн О ах над руу зурвас бичээд ах нь гар гэмтээд тоглохгүй байгаа гэж хэлсэн юм. Энэ өдрөөс хойш Х ах манай байгууллага дээр ирж тоглоод явдаг хэвээрээ л байгаа. Би эдгээр хүмүүстэй ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй бөгөөд болсон явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байгаа.  Х ах бүтэн өдрийн турш хоёр шил л пиво уусан бөгөөд бусад нь огт уугаагүй. Согтоогүй байх аа зүгээр л харагдаж байсан. Тийм зүйл бол гараагүй санагдаж байна. Х ах нэг цохиод нэг өшиглөсөн харин О ах хариуд нь нэг өшиглөөд л салсан. О ах гар эвгүй болгочихлоо гээд нэлээд дургүй нь хүрсэн байдалтай. Надад ямар нэг өр авлага байхгүй, би энэ газар орсноос хойш эдгээр хүмүүсийг мэдэх болсон бөгөөд О ах байнга шахуу тоглодог харин Х ах заримдаа л  ирж тоглодог байсан. Нээх олон бол ирээгүй байнга ирдэг байсан гэхээр нь л мэдэх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6452 дугаартай “...Б.О биед зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ердийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6775 дугаартай “... Я.Хгийн биед зүүн тохойн үе, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я.Хгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн 4-н давхарт байдаг билльярдын газар очиж тоглодог болсон бөгөөд тухайн үеэс тэнд тоглож байгаад хэдэн хүн таньдаг болсон юм. Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 04 сарын 25-нд Би орой ороод тэнд өөрийн найз болох Боо гэх хүнтэй тоглохоор болсон юм. Би Боотой уулзаад тоглоод байж байхад зүс мэдэх өмнө нь тоглож байсан залуу болох О / Тулгаа/ гээд залуу орж ирсэн бөгөөд улмаар бид гурав тоглоомоо хөгжилтэй байлгах зорилгоор цагийн өнгө хэн нэгнээрээ төлүүлэх гэх мэт бооцоо тавиад тоглосон юм. Бид нар тоглож байгаад орой 23 цаг өнгөрч байхад болихоор болоод тооцоо хийх болсон юм. Энэ үед О бид хоёр мөнгөн дээрээс болж маргаан гарсан юм. Бид хоёр маргаан хийж байхад Тулгаа буюу О надад хандаад хэрүүл хийгээд байхаар нь сууж байсан сандлаасаа буугаад цохих гэтэл оноогүй бөгөөд хариуд нь намайг нэг удаа гарын шуу тохойн үе орчим хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгэхээр нь би хариуд нь нэг удаа мөн О гарын хэсэгт нэг удаа өшиглөөд авсан юм. Энэ үед хажууд байсан залуу болон текен дээр суудаг эмэгтэй найз залуу нар салгаад бид салсан бөгөөд О нээх удалгүй хэрүүл хийж байгаад гараад явсан бөгөөд араас нь би нээх удалгүй гэртээ харихаар гарсан юм. Тэгээд маргааш нь өдөр 12 цаг өнгөрч байхад над руу залгаад миний гар хугарсан байна гээд хэлсэн бөгөөд би тухайн үед нь чи зүгээр гараад явсан биз дээ гээд хэлсэн чинь ахин залгаагүй чимээгүй болсон юм. Тэр өдрөөс хойш 14 орчим хоноод байж байхад над руу цагдаагаас залгаад дуудахаар нь ирсэн чинь надад гомдол гаргасан байсан. Тэгээд Тухайн үед би ирж мэдүүлэг өгөөд Отай уулзсан чинь О надад хандаад 5,000,000 төгрөг өг гэж хэлсэн би тэр үед нь юу яриад байгаа юм бэ яг би хугалсан гэх юм хаана байна гээд хэлсэн тэндээсээ ярилцаад тохиролгүй бөгөөд Миний зүгээс 1,000,000 төгрөг өгч бол болно гэж хэлээд салсан юм. Тэгээд нэлээд хэд хоноод байж байж байхад над руу О залгаад чи нэг сая төгрөг өгчих би гээд гомдол санал энэ тэр зүйлээ буцаагаад авна гээд хэлсэн. Би тухайн үед нь надад тэгэх бодол байхгүй байна хоёулаа хуулиар шийднэ гэж хэлсэн юм. Дараа нь цагдаагаас надад шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаж мэдүүлэг өг гэсэн тул өөрийн болон О дүгнэлттэй танилцаад мэдүүлэг өгсөн юм. Бид нар тоглоом тоглож байхдаа цагийн төлбөр ундаа ус зэргийг бооцоо тавиад тоглож байсан бөгөөд тэрний нийлбэр дээрээ маргаан гарсан юм. Зодоон гэх зүйл болоогүй намайг нэг удаа өшиглөхөөр нь би нэг удаа өшиглөсөн тэгээд хүмүүс бид нарыг салгасан юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан бөгөөд хариуг хүлээн зөвшөөрч байна. Би О гэх хүний баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг гаргаж өгөөгүй бөгөөд өгнө. Харин жолооч хөлсөлсөн эсэх талаар мэдэхгүй байгаа бөгөөд энэ талаар хөдөлмөрийн хуулиар шийдэх асуудал дээр надаас нэхэмжлээд байгаад нь гайхаж байна. Би бусад зардал мөнгийг явцын дунд шийднэ гэж бодож байна. Надад ямар нэг хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа бөгөөд надад баримтаар 68.000 төгрөгийн хохирол байгаа бөгөөд би энэ зардал мөнгөө О гэх хүнд өгөх хохиролдоо өгөх бодолтой байна. Надад ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй хөнгөн шийтгэл оноож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Хгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-87 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 69 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 тал/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-85 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Миний бие 2017 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн 4 давхрын биллиярд тоглоомын газар үйлчлүүлж байгаа бөгөөд Х гэх залууг мөн үеэс зүс мэдэх болсон юм. Би нар заримдаа хамт тоглодог бөгөөд тоглоомоо хөгжилтэй байлгах зорилгоор цагийн мөнгө хэн төлөх бэ гэх мэтээр бооцоо маягийн зүйл тавьж тоглодог юм. Тухайн хэрэг гарсан өдөр миний бие тус биллиард тоглоомын газар очиж үйлчлүүлэхээр очсон бөгөөд намайг очиход Х болон зүс таних Боо гээд залуу нар тоглож байсан юм. Би ганцаараа байсан тул тэр хоёрыг хамт тоглох санал тавиад хамт тоглодог юм. Би Хтэй өмнө нь мөн ингэж тоглоод нийлбэр нь 170,000 төгрөг болсон байсан бөгөөд сүүлд хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 04 сарын 25-нд би хожигдоод мөнгө нь нийлсээр байгаад 70,000 төгрөг болсон юм. Тухайн үед би Хд хандаад би одоо энэ мөнгөө өмнө нь авах байсан мөнгөө хасмаар байна дараа үлдсэн дээрээ хоёулаа хамт тоглоод шийдчихмээр байна гээд хэлсэн чинь би чамд 170,000 төгрөг биш 150,000 өгөх байсан биз дээ гэж надад хэлсэн юм. Би тухайн үед нь за чи тэгж бодож байгаа бол тэгье гээд хэлсэн чинь чи ямар их мөнгө нэмж нэхээд байдаг хулгайч бэ гээд хэлсэн. Тэгэхээр нь би Хд хоёулаа 20,000 төгрөгийн зөрүүнээс Боод нэгнээ муугаар дуудаад яах вэ дээ чи тооцоо хийчхээрэй гэж хэлээд хувцсаа өмсөөд зогсож байсан чинь Х уурлаж босож ирээд чамайг шаачхий пизда минь гэж хэлээд хүрээд ирээд гараараа цохих үед хойш болоод нэг удаа баруун хөлөөрөө нэг өшиглөх үед зүүн гарын шуу тохой орчим нь хүрсэн гэтэл Х намайг зөрүүлээд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн нь миний зүүн гарын тохой хэсэгт хүрсэн юм энэ үед хажууд байсан тухайн газрын бармен эмэгтэй найз нар гэх хоёр эрэгтэй бид хоёрыг салгаад хоёр тийшээ болгосон. Би тухайн үед нь нээх маргаан хийгээгүй бөгөөд гартаа гэмтэл авсан эсэхийг мэдэхгүй байсан жаахан хөндүүрлээд байсан ч нээх зүйл болоогүй тул гайгүй гэж бодсон Тэгээд тухайн биллиярд тоглоомын газар нэг гэрлийн шил авснаа мартаад гарсан байсан тул буцаж ороод аваад гарах гэтэл гар юм атгаж болохоо байсан байсан. Намайг буцаад орох үед Х байгаагүй тул би шууд буцаад гарсан гар маань нэлээд өвчин ороод янгинаад байсан тул гэртээ хариад өвчин намдаах эм уугаад хоносон. Би маргааш нь өглөө нь гэмтэл орж vзvvлээд гар гэмтсэн хугарсан байгаа талаар мэдсэн бөгөөд Хд  тухай хэлсэн чинь Х надад хандаад ямар зодуур даадаггүй пизда ба нээх юм болоогүй ш дээ жаахан зодсон бол чи үхэх байсан юм байна л даа гээд хэлээд гар утсаа авахгүй байсан тул дахин хэд хоног хүлээгээд ирэхгүй байхаар нь арга буюу цагдаагийн байгууллагад ирж мэдэгдээд шүүх эмнэлэгт үзүүлэх шинжээч томилуулаад шүүх шинжилгээний хүрээлэнд үзүүлсэн. Бид нарт тоглоом дээрээ жаахан маргаан хийх энэ тэр зүйл байдаг байсан ч өс хонзон гэх зүйл бол байхгүй. Өр авлага гээд байх зүйл ч байдаггүй гэж боддог. Надад нэг дүгнэлттэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй хариуг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг маргааны талаар өөрт учирсан ямар нэг санал гомдол байхгүй хариуг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг маргааны талаар өөр ч учирсан гэмтэл бэртэлд эмчилгээ хийлгэсэн зардал мөнгө болон ажлаас чөлөө олгоогүй тул хүнээр авто машин бариулж ажил үүргээ гүйцэтгүүлсэн тул энэ үед гарсан жолооч хөлслөх гэрээний зардал мөнгөө барагдуулмаар байна өөр гомдол гээд байхаар зүйл байхгүй байна. Надад ямар нэг хохирол барагдуулсан зүйлгүй байгаа. Надад одоо баримтаар 515.000 төгрөг эмчилгээнд гаргасан байгаа ба жолооч өөрийн өмнөөс ажилд хөлсөөр гаргасан зардал болох байгаа бөгөөд энэ зардал мөнгөө гаргуулмаар байна. Надад зардал мөнгө нэхэмжлэх баримтаа өгөөгүй байгаа бөгөөд би баримтаар гаргасан хохирлыг нөхөн төлнө гэж бодож байна. Маргаан дунд өөр ямар нэг хүн оролцоогүй. Тухайн газрын бармен охин болон найз нар нь гээд хоёр залуу байсан бид нарыг салгасан юм. Надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй хөнгөн шийтгэл оноож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /96-98 тал/, 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 101 тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 102 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 103 тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 105 тал/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106 тал /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 107-108 тал/, “Үйлчлэх удирдлага зүйн төв”- ажлын газрын болон цалингийн тодорхойлолт /хх-ийн 119-120 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 121-140 тал/, дансны хуулга /141-143 тал/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Я.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, 

Шүүгдэгч Б.Отгонтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, 

Шүүгдэгч Я.Х нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Шүүгдэгч Б.О нь “....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг тус тус шаардана.

 

Шүүгдэгч Я.Х нь хохирогч Б.О биед зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь хавтаст хэргийн 41-44 дүгээр талд авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6452 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр,

 

 Шүүгдэгч Б.О нь хохирогч Я.Хгийн биед зүүн тохойн үе, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хавтаст хэргийн 49-50 дугаар талд авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6775 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6452 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч  Я.Хг хохирогч Б.Од дээрх гэмтлийг учруулсан гэж, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6775 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч Б.Оыг хохирогч Я.Хд дээрх гэмтлийг учруулсан гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Я.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн төвийн доторх биллиардын клубт урьд тоглосон бооцооны мөнгөнөөс болж хоорондоо маргалдан улмаар хохирогч Б.О биед зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж,

шүүгдэгч Б.О нь 2022 оны 4 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбилэг төвийн төвийн доторх биллиардын клубт урьд тоглосон бооцооны мөнгөнөөс болж хоорондоо маргалдан улмаар хохирогч Я.Хгийн биед зүүн тохойн үе, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 430.300 / дөрвөн зуун гучин  мянга гурван зуу/-н төгрөгийн баримтыг /хх-ийн 45-46 тал/ гарган өгч,

Хохирогч Я.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 68.000 /жаран найман мянга/-н төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Б.О, Я.Х нар нь “...Б.О миний бие баримтаар баталгаажсан эмний үнэ болох 498.300 төгрөгөөс Я.Х нь эмнэлэгт үзүүлсэн 68.000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг шилжүүлж тооцоо хийсэн нь үнэн болно. Ийнхүү бид 2 эмчилгээний зардлаа төлж барагдуулсан болно...” гэх төлбөр барагдуулсан тухай хүсэлтийг  хэрэгт хавсаргажээ.

 

Талуудын нэхэмжилсэн хохирол төлбөрүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч Я.Хг хохирогч Б.Од, шүүгдэгч Б.Оыг хохирогч Я.Хд гэмт хэргийн улмаас төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Х нь гэмт хэргийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Оас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн ба хохирогчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд тооцоо хийх шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О  нь гэмт хэргийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй байсан тул түүний ажилдаг байгууллага нь  жолооч хөлсөлж орон нутагт ажиллуулж жолоочийн ажлын хөлсийг хохирогчийн цалин хөлснөөс суутгасан тул энэ хохирлыг буюу 1.621.000 / нэг сая зургаан зуун хорин нэгэн мянга / төгрөгийг шүүгдэгч Я.Хгээс нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хохирогч Б.О нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцоолол хийх, дүгнэлт хийх хангалттай нотлох баримт  хэрэгт авагдаагүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Я.Х нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох, шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр шүүгдэгч Я.Х, Б.О нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгч Я.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Я.Х, Б.О нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нар нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Я.Х, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Ягийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Хг 900/ есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/ есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Я.Хд оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд, шүүгдэгч Б.Од оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Я.Х, Б.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Я.Х, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  Б.Од гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 430.300 /дөрвөн зуун гучин мянга гурван зуу/-н төгрөг төлсөн, хохирогч Я.Хд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 68.000 /жаран найман мянга/-н төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Я.Х, Б.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол  хүчин төгөлдөр болтол Я.Х, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ