Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/667

 

 





 

   2022           08            30                                          2022/ШЦТ/667


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн, 

улсын яллагч Ж.Энхжаргал /тээврийн прокурор/, 

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч О.О /ҮД:2561/

хохирогч Ё.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О овогт Гийн Нд холбогдох 2203002700349 дугаартай эрүүгийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо “В” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, ээж, нөхөр, 3 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

О овогт Гийн Н /РД:..../, 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь “2022 оны 5 дугаар сарын 20-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талд “Toyota Camry” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Н нь “2022 оны 5 дугаар сарын 20-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талд “Toyota Camry” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Эрүүгийн 2203002700349 дугаартай хэргээс

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 20-ний өдөр, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 тал/, 

 

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 тал/, 

 

2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ё.Оын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явган алхаж 3,4 дүгээр хорооллын Номин их дэлгүүрийн хойд хэсэгт байрлах Вип центр орсон.Тэндээс Бүгд Найрамдах Солонгос улс руу виз мэдүүлэхэд юу хэрэгтэй талаар асууж лавлаад буцаад гарсан. Гараад Өргөө кино театрын зүүн замын зүүн талаас нь ирээд баруун зүгт зам хөндлөн гарахдаа Жүр үр нарийн боовны газрын зүүн талаар харалдаа зүүнээс баруун зүгт зам хөндлөн  гарсан. Энэ үед цагийн баримжаа 10 цагийн орчим болж байсан байх. Ингээд гарахдаа урдаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг харахад урдаас машин байхгүй болохоор нь зам хөндлөн гарч яваад замын дунд хэсэгт очоод хашлага дээр гарч зогсоод хойноос ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг харахад машингүй болохоор нь цааш зам хөндлөн гарсан. Ингэж гарах үед замыг баруун талд шахаж зогссон 2 автомашины хойд хэсгээр нь нэг бараан өнгийн суудлын машин гарч ирж байгаа харагдсан. Тэр автомашин дөнгөж хөдөлгөөн эхлэх гэж байсан болохоор нь би амжина гэж бодоод зам хөндлөн гарч явах үед миний хойд хэсэгт шаржигнасан дуу гарч яс хугарч байгаа нь мэдэгдсэн. Тэгээд нэг мэдсэн газарт унасан байсан. Гэтэл нэг эмэгтэй яана аа би хүн дайраад алчихлаа би харсангүй гээд орилж байгаа сонсогдсон. Тэгээд тэр хүмүүс түргэн тусламж цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Тэр үед миний толгой хэсгээс маш их цус гарч байсан. Ингээд нэг мэдсэн түргэн тусламжийн эмч О аа гээд нэрээр дуудах үед би сэрсэн. Миний зам хөндлөн гарсан газраас урд зүгт ойрхон явган хүний гэрэл дохиотой гарц байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ё.Оын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл гэвэл миний хувьд шүүх эмнэлэг, мөрдөгчийн магадалгаа, авто оношилгооны дүгнэлт зэрэгтэй танилцсан, зөвшөөрч байгаа. Мөн хэргийн тал дээр жолооч бид хоёрын аль аль нь маргаан байхгүй. Харин хохирлын хувьд би осол болсон цагаас хойш жолооч талаас 2.406.000 төгрөг авсан нь үнэн. Мөн миний эмчилгээний зардалд гаргасан баримтууд нь тухайн жолооч эмэгтэйн гаргаж өгсөн мөнгөөр хийгдсэн. Миний зүгээс одоо жолооч талаас цаашид эмчилгээний зардалдаа болон ажил төрөл хийгээгүй байх хугацааны зардалдаа 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ энэ мөнгийг өгч барагдуулсан тохиолдолд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралд оролцмооргүй байна. Тэр жолооч эмэгтэй өөрөө бас жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа болохоор өрөвдөөд байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн “...энэ асуудалд холбогдсон Г овогтой Н гэдэг хүн миний эхнэр байгаа юм. Би энэ хүнтэй 2014 онд гэр бүл болсон, гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 3 хүүхэдтэй. Одоо манай эхнэр 9 сартай жирэмсэн ба удахгүй төрөх гэж байгаа. Эхнэр маань 50 дугаар сургуулийг 2007 онд төгссөн. Дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, одоо хувиараа эгчтэйгээ ажилладаг юм. Манай эхнэр зан байдлын хувьд тайван, зөөлөн, дөлгөөн, архи тамхи хэрэглэдэг дуу муутай, сайн эмэгтэй, ямар нэгэн муу зуршилгүй хүн байгаа юм. Хүнд их тусархуу хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7542 дугаартай “...Ё.Оын биед зүүн шагайн дотор хавчаарын далд хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, зүүн тохойд зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 703 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 40-41 тал/

 

2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 999300 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгино хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-51 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Г.Нн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн, тухайн үед хууль сануулан гэрчээр мэдүүлэг өгөхдөө ослын талаар мэдэх зүйл ээ бүгдийг нь хэлж өгсөн, одоо надад тухайн өгсөн мэдүүлгээсээ зөрөөд байх зүйл байхгүй. Би 2022 оны 5 дугаар 20-ний өглөө 10 цаг 15 минутын орчимд Өргөө кино театрын хойд талд байрлах Дако бизнес центрийн авто зогсоолоос хөдөлсөн. Зогсоолоос хөдлөөд Өргөө 1 кино театрын зүүн талын урагшаа чиглэн явсан зам руу нийлээд баруун гар тийш эргэж орсон. Эргэж орох үед уг гарцны урд нэг шар өнгөтэй байсан санагдаж байна жийп автомашин зогсож байсан. Тэр машины хойд хэсгээр нь тойроод баруун гар тийш дараад эгнээ баруун гар талдаа шилжих үед нэг чимээ гарахаар нь зогсоод хартал миний жолооч талын хаалганы хажууд зам дээр нэг хүн унасан байсан. Хойд суудал дээр сууж байсан манай эгч хүн мөргөчих шиг боллоо гээд машинаас буусан. Би машинаас буух гэсэн боловч нөгөө газарт байсан эмэгтэй тулсан байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгаар бууж очсон. Намайг очиход жижиг биетэй эмэгтэй хүн толгой орчмоос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би тухайн үед 5-10 км цагийн хурдтай явж байсан. Би тэр эмэгтэйг хараагүй, тэр зам дээр зогсож байсан тойрч байх явцад явган зорчигч давхардсан байх. Гэнэт чимээ гарсан тэгээд зогсоод харсан чинь хүн мөргөсөн байсан. Эхлээд дуу гарахаар нь ойр орчмоо харсан юу ч харагдаагүй, тэгэхлээр нь цааш бага зэрэг хөдөлгөөн эхлэх үед нэг юман дээгүүр машин маань гарах шиг болохоор нь зогсоод хартал хүн байсан. Миний зүгээс би энэ ослын талаарх гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан хийхгүй би тухайн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан гэдгээ сайн ухамсарлаж ойлгож байгаа, харин хохирогчийн зүгээс нэхэмжлээд байгаа мөнгөтэй холбоотойгоор хоорондоо жаахан маргах асуудал гарсан. Би тэр эгчийг огт хараагүй, мөргөснийхөө дараа машинаас бууж ирээд л хүн мөргөсөн гэдгээ харсан. Би туслах замаас төв зам руу баруун гар тийш эргэж орох үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайн хангаж явах ёстой байсан юм байна лээ. Би энэ осол хэрэг болсон цагаас хойш хохирогч эгч Ё.Од нийт 2.406.000 төгрөг зарцуулаад байгаа. Яг өнөөдрийн байдлаар надаас яг тэдэн төгрөг өг гэж нэхэмжлээгүй байгаа, хэрвээ нэхэмжилсэн тохиолдолд би өөрийн боломжоороо бодит гарсан эмчилгээний зардлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй байна. Энэ машин уг нь миний эзэмшлийн машин юм харин саяхан мөнгөний хэрэг гараад дээрх байгууллагад барьцаанд тавьсан байгаа. Ослын улмаас миний машинд ямар нэгэн гэмтэл учраагүй, үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Хохирогч Ё.Оын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 69-78 тал/,

 

Хохирогч Ё.Оын эмчилгээний зардал болох баримтууд /хх-ийн 80-90 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 92 тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 93 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 96 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 98 тал/,  тээврийн хэрэгслийн лавлагаа машинаар /хх-ийн 99 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 103 тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 100-102 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103 тал/, бусад баримтууд /хх-ийн 113-114 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Нд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Г.Н нь “2022 оны 5 дугаар сарын 20-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талд “Toyota Camry” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Г.Нн мэдүүлгүүд, хохирогч Ё.Оын мэдүүлгүүд, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/, 2022 оны 5 дугаар сарын 20-ний өдөр, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 тал/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 тал/, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 18 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7542 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39тал/, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 703 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 40-41 тал/, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 999300 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-51 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 5 дугаар сарын 20-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талд “Toyota Camry” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Н нь өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 703 дугаартай мөрдөгчийн магадалгааг  /хх-ийн 40-41 тал/ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэргэжлийн бус хүн ослын талаар магадалгаа гаргасан тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилох шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж хуульчилсан байх ба 703 дугаартай мөрдөгчийн магадалгаа нь энэ хуулийн шаардлагад нийцсэн байх тул өмгөөлөгчийн хүсэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.О эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 2.796.210 /хоёр сая долоон зуун ерэн зургаан мянга хоёр зуун арав / төгрөг нэхэмжилсэн байх ба /хх-ийн 105-111 тал/ 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...хохирлын хувьд би осол болсон цагаас хойш жолооч талаас 2.406.000 төгрөг авсан нь үнэн. Мөн миний эмчилгээний зардалд гаргасан баримтууд нь тухайн жолооч эмэгтэйн гаргаж өгсөн мөнгөөр хийгдсэн. Миний зүгээс одоо жолооч талаас цаашид гарах эмчилгээний зардалдаа болон ажил төрөл хийгээгүй байх хугацааны зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс нийт 2.406.000  /хоёр сая дөрвөн зуун зургаан мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан болохыг хохирогч хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.

 

Хохирогч Ё.О зүгээс хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол гэх зарим баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй, гэмт хэргийн хор уршигтай шууд холбогдох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас  1.486.740 /нэг сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун дөч / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1.309.500 /нэг сая гурван зуун есөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан 870,000 төгрөгийн эмчилгээний төлбөр нь тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол төлбөр гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байх тул шүүх хэрэгсэхгүй болгож, 88 дугаар талд авагдсан Дуб ХХК-ийн 30,000 төгрөгийн баримт нь давхардсан тул хэрэгсэхгүй болгож,  83,84,88,89 дүгээр талуудад авагдсан шатахууны баримтууд нь гэмт хэргийн нөхцөл байдалтай шууд хамааралгүй гэж шүүх дүгнэсэн тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 2.406.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлбөл зохих төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч Ё.О нь “…цаашид гарах эмчилгээний зардалдаа болон ажилгүй байх хугацааны орлогод  2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн зүгээс шийдвэрлэхэд  тооцоо хийх хангалттай баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч Ё.О нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Н нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Нд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нг 800 / найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч Г.Нд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогч Ё.О нь гэм хэргийн улмаас учирсан хохиролд 2.796.210 /хоёр сая долоон зуун ерэн зургаан мянга хоёр зуун арав / төгрөг нэхэмжилснээс 1.486.740 /нэг сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун дөч / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1.309.500 /нэг сая гурван зуун есөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Ё.Од эмчилгээний зардалд нийт 2.406.000 /хоёр сая дөрвөн зуун зургаан мянга/-н төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь хохирогчид төлбөл зохих төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Ё.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Г.Нгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч,  түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ