Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/03782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.С-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр, 2008 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд танилцсан. 2009 онд бидний дундаас хүү С.Сумъяабазар төрсөн. Ц.С Оюу толгойд ажиллаж байсан. 2013 онд бид Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Ц.С Монголд түр оршин суугч болохоор байнга ирж очдог. Би Улаанбаатар хотод хүнсний захад шинжээч эмчээр 2 жил шахам ажиллаж байгаад өөр газар ажиллах болсон. Ц.С Монголд ажил хийдэггүй, бусдад 10.000.000-20.000.000-аар нь өгдөг, зээлдэг мөртлөө гэр бүлдээ мөнгө зарцуулдаггүй. Намайг хүнд өгсөн мөнгөө аваач гэхээр чамд ямар хамаатай юм бэ гэдэг. Ц.С Өвөр Монголд багшийн ажил хийж байсан. Хятадаас сард 700.000-800.000 төгрөгийн тэтгэлэг авдаг. Тэр мөнгөөрөө сарын 450.000 төгрөгийн байрны түрээс, цахилгааны мөнгөө төлөөд л дуусчихдаг. Хоол, хувцас, өдөр тутмын хэрэглээний мөнгийг Ц.С гаргадаг гэж боддог ч үнэндээ олсон мөнгө нь хүрэлцдэггүй. Би хэрэглээний мөнгөө гаргадаг. Намайг амьдралд идэвх санаачлагагүй, тарган, бүдүүн, муухай царайтай гэж доромжилж, гоочилдог. 2-3 удаа надад гар хүрч байсан. Хэцүү хүмүүстэй найзалж нөхөрлөдөг. Ц.С амьдралын зорилго, сэтгэлгүй. Хамтран амьдрагч юм уу эсвэл бие биенийхээ хэрэгцээг хангадаг хүмүүс юм уу ойлгохгүй байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байдаггүй учраас салахаар шийдсэн. Ц.Саас гэрлэлтээ цуцлуулж, хүү С.Сумъяабазарыг өвөө, эмээгийн асрамжид өсгөж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр хүү С.Сумъяабазарыг 18 нас хүртэлх хугацаатай хадгаламжид Ц.С жилд 2.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Бидэнд гэр бүлийн дундын хөрөнгө байхгүй гэв.

            Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид хоёр 2008 онд Гов-Алтай аймгийн Төгрөг суманд танилцсан. 2009 онд бидний дундаас хүү С.Сумъяабазар төрсөн. Б.Ц надтай амьдаръя гэсэн хүсэлгүй учраас шалтаг тоочиж байна. Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж болохгүй. Надад олон Хятад ажилчид Монголд оруулж, ажил хийх боломж байдаг. Том ажил хийе гэж явсаар гэр бүлийн амьдрал хоцрогддог. Би гаднаа юманд сэтгэлгүй харагддаг байх. Гэхдээ тийм биш. Б.Цаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү С.Сумъяабазарыг Б.Цын эцэг, эхийн асрамжид өсгөж хүмүүжүүлэхээр нэхэмжлэгчтэй тохирсон. Би хүүгээ Б.Ц болон түүний сүүлд гэр бүл болсон хүнтэй хамт амьдруулмааргүй байна. Би байнга гадагшаа явдаг болохоор сар бүр хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй учраас хүү С.Сумъяабазарын нэр дээрх 18 нас хүртэлх хугацаатай дансанд жилдээ 2.000000 төгрөг төлж байхаар тохирсон. Бидэнд гэр бүлийн дундын хөрөнгө байхгүй. Хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзаж  баймаар байна. Мөн хүүхдийн талаар шийдвэр гаргахдаа надтай зөвшилцөж, асуудаг баймаар байна. Шанхай, Бээжинд амьдардаг дундаж амьдралтай хүмүүс хүүхдүүдээ олон газраар явуулж, юм үзүүлж таниулдаг. Хэрэв намайг хүүхдээ юм үзүүлнэ гэж авч явбал Б.Ц хүүхдийг минь надаас салгаад аваад явчихлаа гэж ярина. Би хүнд буруу санаж байгаагүй, зөв санаж ирсэн гэв.

           

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ц.Ст  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Ц.С нар нь 2008 онд танилцаж, улмаар гэр бүл болсноо 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 287 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү С.Сумъяабазар нь 2009  оны 2 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь 0000972054 Г-12 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Зохигчид 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, бие биедээ итгэх итгэл, харилцан ойлголцол, хүндлэл, хайр сэтгэл байхгүй болсон нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

   Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эмээ өвөөгийнх нь хамт эх нь асрамжлахаар харилцан тохиролцсон, тусдаа амьдарсан цагаас эхлэн хүү С.Сумъяабазар нь эхийн асрамжид байсан, хүү Сумъяабазарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан хүү С.Сумъяабазарыг эх Б.Цын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болно.

   Зохигч хүүхдийн тэтгэлгийн талаар хүү С.Сумъяабазар нь 18 нас хүрээд ганцаар захиран зарцуулах эрхтэй харилцах дансанд жил бүр 2.000.000 төгрөгийг хариуцагч нь шилжүүлж байхаар тохиролцсон байх тул эвлэрлийг баталгаажуулж, зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч  Ц.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү С.Сумъяабазарыг эмээ, өвөөгийнх нь хамт өсгөхөөр тохиролцсон тул эх Б.Цын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан хүү С.Сумъяабазар нь 18 нас хүрээд ганцаар захиран зарцуулах эрхтэй харилцах дансанд түүнийг 18 нас хүртэл жил бүр 2.000.000 төгрөгийг хариуцагч шилжүүлж байхаар тохиролцсон зохигчдын эвлэрлийн баталсугай.

 

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ