Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/03763

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Д.М-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Майзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Намайг Б.М гэдэг би ээж, охины хамт амьдардаг. Миний охин 1 ой 9 сартай. Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Ээж төрийн байгууллагад үйлчлэгч хийдэг. Ээжийн цалингаар бид гурав амьдардаг. Нэг хүний цалингаар гурвуулаа амьдарч хүүхэд өсгөхөд хэцүү байгаа учраас Д.Маас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эцгийн үүргийг нь биелүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Д.М миний хүүхдийн эцэг мөнөөс мөн. Би түүнийг хүүхдийн эцэг гэдгийг баттай хэлж чадна. Д.М хүүхдээ 5 сартай байхад хаяж явсан. Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх үүргийг би ганцаараа хүлээмээргүй байна гэв.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дэмбэрмэд овогтой Мандав миний бие 2016 онд Бадамхандын Майзултай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин М.Номин-Эрдэнэ төрсөн. Бид зан харилцаа, амьдралын таарамжгүй байдлаас болж хамт амьдрах боломжгүй болж, 2017 оноос салж тусдаа амьдрах болсон. Хүүхдийн тэтгэлэг төлөх тул миний эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Мт холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Номин-Эрдэнэд  хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.М нь охиныг өөрийн хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид 2016 онд танилцаж, үерхсэн ба тэдний дундаас 2017  оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин М.Номин-Эрдэнэ төрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч охиныг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Хариуцагч нь М.Номин-Эрдэнийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Мандавын Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Хотгойд овогт Дэмбэрмэдийн Мандаваар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 33.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37.052 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2018 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 198.600:2х12/ 1.191.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Мандавын Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Д.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 33.148 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 37.052 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцааж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

          

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ