Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/731

 

 

 

 

 

 

     2022           10            03                                          2022/ШЦТ/731

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх

Шүүгдэгч: М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Өийн Мт холбогдох 2205014462093 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М их сургуулийн 3 дугаар курсын оюутан гэх, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

Х овогт Өийн М, /РД:..../.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь “2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” нэртэй баарны гадна хаалга хүчтэй савсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 2-р шүдний хугарал, баруун дээд үүдэн 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М нь “2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” нэртэй баарны гадна хаалга хүчтэй савсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 2-р шүдний хугарал, баруун дээд үүдэн 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мын “...маргахгүй..” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205014462093 дугаартай хэргээс:

 

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Г.Нгийн хохирогчоор өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хорооллын Сеа бааранд 00 цагийн орчимд орж 1 шил виски уугаад, тамхи татах гээд тамхины өрөөнд орохдоо хаалгыг нь хүчтэй онгойлгоод орсон. Тухайн баарны зөөгч Ман нь “Яагаад хаалга саваад байгаа юм” гэж надтай маргалдсан. Тэгээд намайг тамхины өрөөний үүдэнд боож унагаагаад хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй, болсон үйл явдлын талаар тодорхой санахгүй байна. Нэг мэдэхэд гадаа гараад ирчихсэн Мтай маргалдаж байсан. Хамгаалагч нь миний гарыг өчөөд доош нь дарж байх үед М миний нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Би ухаан алдаж унаад нэлээн удаан газар хэвтсэн. Нэг сэртэл би ганцаараа баарны гадаа хэвтэж байсан. Миний үүдэн 1 шүд хугарсан, 2 шүд эмтэрсэн. Тухайн газар хяналтын камер байгаа. М тухайн үед хар өмд, хар футболктой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр С.Угийн гэрчээр өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 00 цагийн орчимд Сеа бааранд пиво уугаад бүжиглэж байхад “Танай найзыг зодоод байх шиг байна” гээд нэг танихгүй хүн хэлсэн. Гараад хартал манай найз газар унаад босож байсан. Юу болсныг асуухад хамгаалагч М гэх залуу намайг өчиж, доошоо дарж байх хооронд М гэх зөөгч залуу миний нүүрэн тус газар, шүд рүү өшиглөчихлөө, өвдөөд байна гэсэн. Тэгээд амыг нь ангайлгаад хартал урд талын 1 шүд нь байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Мөн Нгийн амнаас цус гарч байсан. Манай найзыг цохисон газар руу зүүн дээд булангаас чиглэсэн тусгалтай хяналтын камер байсан. Тухайн үед би хэн нэгнийг цохиж зодсон асуудал байхгүй, хэн нэгэн хүнд зодуулсан зүйл байхгүй. Манай найз Н л зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б.Мийн гэрчээр өгсөн “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сеа нэртэй бааранд зохион байгуулагч хийдэг. 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн үед нэг үйлчлүүлэгч ирээд танай зөөгчийг тамхины өрөөнд хүн зодоод байна гэж хэлсэн. Яваад очтол туранхай өндөр залуу манай зөөгч Мыг үсдчихсэн доош нь дарчихсан байсан. Мөн найз нь гэх махлагдуу залуу хажууд нь зогсож байсан. Тэр залуу намайг очиход “Манай найзыг яаж байгаа юм” гээд дайраад байхаар нь түлхээд өөрөөсөө холдуулсан. Дахиж дайраад гар далайхаар нь манай зөөгч Б ардаас нь барьж авсан. Би Бийг тавиулаад тэр залуутай барилцаж авсан. Тэгээд газар унагаагаад дээр нь гараад тайвшир гэж хэлсэн. Нөгөө туранхай залуу цаана хүмүүстэй маргалдаад бужигнаад байсан. Тэгээд бүгдийг нь салгаад явуулсан. Баар тарах үел нөгөө туранхай залуу миний шүдийг хугалаад хаячихсан байна. Би гомдолтой байна гээд цагдаа дуудсан байсан. Сеа баарны хяналтын камер ажиллаж байгаа. Махлагдуу залуу нь миний нүдэн дээр нэг хүнийг цохисон. Харин тэр туранхай залуу, махлагдуу залуу хоёрыг цохисон хүн байхгүй. Хэний биед ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Миний нүдэн дээр гэмтэл учирсан хүн байхгүй. Өндөрдүү гэх залууг цохисон эсэхийг хараагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрч Мын өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сеа нэртэй бааранд зөөгчийн ажлаа хийж, тамхины өрөөнд сууж байсан. Гаднаас 2 үл таних залуу орж ирэхдээ тус өрөөний хаалгыг хүчтэй савж, савахдаа тухайн өрөөнд байсан 3 эмэгтэйн нэгийг хаалгаараа цохисон. Тухайн эмэгтэй “Чи хаалгаа зөөлөн онгойлгооч” гэхэд хараалын үгээр хоёроос гурван удаа хэлэхээр нь би тухайн бааранд ажиллаж байгаа хүн болохоор “Адилхан үйлчлүүлж байж ингэж болохгүй” гэж хэлсэн. Улмаар надтай маргалдаж, миний цээжин тус газар өшиглөхөд нь би зөрүүлээд хөлийг нь барьж аваад, газарт унагасан. Тухайн залуу хоолойноос зуураад байхаар нь би тавиулах гээд сэгсчээд дээш нь өргөсөн. Манай баарны хамгаалагч М ирээд тухайн залууг найзынх нь хамт дагуулаад баарны гадаа гарсан. Хэсэг хугацааны дараа баарны үүдэнд хүмүүс маргалдаад байхаар нь гарахад нөгөө залуу миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тухайн залуугийн найз ногоон малгайтай цамцтай залууг би өргөж газарт унагаасан. Надтай маргалддаг залууг манай хамгаалагч бариад доош нь тонгойлгосон байхад ардаас нь бөгс рүү өшиглөсөн. Намайг эргэж харахад нөгөө залуу газарт унасан байхаар нь үнэртэй ус үнэртүүлж удалгүй сэргэсэн. М бид хоёр 2022 оны 3 дугаар сараас хамт ажиллаж байна. Тухайн үед надтай маргалддаг залуу болон түүний хоёр найз эрэгтэй дунд зэргийн согтолттой байсан. Би ажил дээрээ байсан учир архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрч Мын дахин өгсөн “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Г.Нтай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн. Г.Н гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлмээр байна. Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Дахин шинжээч томилуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Г.Зийн өгсөн “... Би Мын авга эгч байгаа юм. 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод Ц гэх хүний том хүүхэд болж төрсөн, эхээс хоёулаа, нэг эрэгтэй дүүтэй. Ээжийг нь Ө гэдэг, аав Ц нь 2013 онд өвчний улмаас нас барсан. Ээж Ө нь өвчний улмаас ажилгүй гэртээ байдаг. Мын дүү Ц нь .. ангид сурдаг. М нь 2008-2020 онд ...сургуулийг онц дүнтэй төгсөж, 2020.09.01-ний өдөр М их сургуулийн Банкны менежментийн ангид суралцаж байгаа, одоо 3-р курс. Манай дүү зан байдлын хувьд төлөв даруу, нийтэч, тусархуу, элдэв муу зуршилгүй. Уурлахаараа дуугаа хураачихдаг. Суралцахын хажуугаар ажил хийж, ээждээ тусалж, ар гэрээ ганцаараа авч явдаг. Ээж нь өвчний улмаас ажил хийх чадваргүй, дүү нь 10 жилийн сурагч юм. Манай дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5750 дугаартай “...Г.Нгийн биед баруун доод үүдэн 2-р шүдний хугарал, баруун дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа /хх-ийн 58-60 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 тал/, М их сургуулийн суралцагчийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Мт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч М нь “2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” нэртэй баарны гадна хаалга хүчтэй савсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 2-р шүдний хугарал, баруун дээд үүдэн 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Мын мэдүүлгүүд, хохирогч Г.Нгийн мэдүүлгүүд, гэрч С.У, Б.М нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5750 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 тал/, бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Мын “2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” нэртэй баарны гадна хаалга хүчтэй савсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 2-р шүдний хугарал, баруун дээд үүдэн 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч М нь хохирогч Г.Нгийн эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч  Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь “2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” нэртэй баарны гадна хаалга хүчтэй савсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 2-р шүдний хугарал, баруун дээд үүдэн 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 42 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Мт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Өийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ