Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/672

 





 


 

 

     2022          09          05                                          2022/ШЦТ/672


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Эрдэнэбулган  хөтлөн,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Өд холбогдох эрүүгийн 2203002950334 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Х” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 2: хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, .... урьд эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Б овогт Цын Ө /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Ө нь “2022 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт,Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийнх дэд ахлагч Г.Бын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Быг хазсаны улмаас биед зүүн шуунд цус хуралт, гүн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Ө нь “...2022 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт,Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийнх дэд ахлагч Г.Бын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Быг хазсаны улмаас биед зүүн шуунд цус хуралт, гүн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бын “...гомдолтой ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өгийн “... хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, 

 

 

Эрүүгийн 2203002950334 дугаартай хэргээс:

2022 оны 6 дугаар сарын 13-ны Төмөр зам дахь цагдаагийн газрын Эрүүлжүүлэн саатуулах байрны хяналтын камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-74 тал/,                                                                                                                                                    

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Бын өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт Төмөр зам дахь цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэхээр ажил хүлээн авсан бөгөөд ажил үүргийнх хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутын орчим иргэн Ө гэдэг эмэгтэй нь эрүүлжүүлэх байранд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээр Баянгол дүүрэг дэх цаглаагийн нэгдүгээр хэлтсээс хүргэгдэн ирсэн буюу тухайн иргэн орж ирэхдээ орилсон агсан согтуу тавьсан байдалтай ирсэн. Тус Эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б манх хүлээж авсан. Эрүүлжүүлэх байрны эмч Б нь таны даралт болон согтолтын зэргийг шалгах шаардлагатай байна гээд эрүүл мэндийг нь үзэх гэтэл Ө нь өөрийгөө үзүүлэхгүй гэх мэтээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан болно. Тэгж байх үедээ эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Эий хэвлий тус газар нэг удаа өшиглөж танхайрсан. Ө гэдэг эмэгтэй Эрүүлжүүлэн саатуулах байранд танхайраад, мөн цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байхаар нь тухайн үед Өгийн хөдөлгөөний хязгаарлах зорилгоор албаны тусгай мэх хэрэглэсэн. Энэ үед үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Бгийн баруун гарын шуун орчим нэг удаа хазсан мөн миний зүүн гарт талын зүүн шуун дээрээс  хазсан болно. Тэгээд тэр эмэгтэйг эрүүлжүүлэх байрны 1 дүгээр камер дотор танхайраад мөн өөрийн биеэ гэмтээх гээд байхаар нь бугуйн гавыг хэрэглэсэн болно. Тухайн өдөр би хуваарийн дагуу эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан бөгөөд ажил үүргийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэж байсан. Өг эрүүлжүүлэх байранд ирсэн үеэс эхлэн энгэрийн камерыг тасралтгүй ажиллуулж тухайн үеийн үйл явцыг бэхжүүлсэн. Тухайн эмэгтэйг драгер багажаар шалгаж согтолтын зэргийг шалгах гэсэн боловч уг эмэгтэй драгер багажаар шалгуулахаас татгалзаад байсан ба мөн агсан согтуу тавиад тавьсан шаардлага биелүүлэхгүй шалгуулахгүй байсан. Тухайн эмэгтэйгээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд согтолтын зэргээ шалгуулахгүй байсан учраас хэр хэмжээний согтолттой байсан гэдгийг мэдэхгүй байна. Ө нь миний зүүн гарын 2 удаа, эмч Бгийн баруун гарын шууг нэг удаа хазсан. Эрүүлжүүлэх байрны цагдаа Эий хэлийн тус газарт нэг удаа өшиглөж танхайрсан. Уг үйлдэл нь эрүүлжүүлэх байрны хяналтын камер болон үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ашиглаж байсан энгэрийн камер зэрэгт бичигдсэн болно. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн чиглэлийн автомашинаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагаар ирсэн иргэн Ө нь миний зүүн гарын шуун дээрээс 2 удаа хазаж, уг гэмтлийг учруулсан. Гомдолтой байна, надад гэмтэл учруулсан бөгөөд намайг хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Г.Бын хохирогчоор дахин өгсөн “...Би өөрийн зүүн гарын хазуулсан хэсэгт 25.000 төгрөгөөр сорви арилгах тосон түрхлэг авч түрхсэн, гэхдээ баримт аваагүй. Өөр учирсан хохирол байхгүй. Уг эмэгтэй нь намайг үүрэг гүйцэтгэж байх үед хүргэгдэн ирээд тавьсан шаардлага биелүүлэхгүй, орилж хахираад миний зүүн гарын шуун хэсгээс хазаж гэмтэл учруулж бие болон сэтгэл санааны хохирол учруулсан, би уг хохирлыг шүүхийн шатанд нэхэмжилнэ. Эрүүлжүүлэх байранд саатуулсны дараа шөнийн 03-04 цагийн үед байх, цагдаа Эд миний биеийн юм ирсэн байгаа, надад ариун цэврийн хэрэглэл өгөөч гэж хэлсэн санагдаж байна, тэгээд бие засах газарт аваачихад өөрөө орохгүй гээд ороогүй, өөрөөр сарын тэмдэг, ариун цэврийн хэрэглэл асуугаагүй. Тухайн шөнийн 03 цагийн үед байх Ц.Ө 1 удаа бие засах газар орж бие засмаар байна гэхээр нь бие засах газар оруулах гэхэд бие засах газрын үүдэнд оччихоод би бие засах газар орохгүй гээд буцаад тусгаарлах өрөөнд орсон, өөрөөр бие засах өрөө оръё гэж хэлээгүй. Бие засах өрөөнд 2 удаа оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 сарын 21-ний өдөр Б.Эий гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би ТЗЦГ-ийн Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан ба 2022 оны 6 дугаар сарын 13-ны 00 цаг 20 минутын үед Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Ц.Ө нь согтуугаар танхайрсан зөрчилтэйгөөр хүргэгдэн ирсэн. Уг эмэгтэй нь илт их хэмжээний согтолттой байсан ба  бүх хүмүүс хүү орилоод тайлбар сонсохгүй, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн. Ойртох үед гар, хөлөөрөө цохиж савчаад биед болон эд зүйлд нь үзлэг хийхэд эсэргүүцээд байсан, тэгээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь биеийн хүч хэрэглэж эд зүйлийг авах үед өөдөөс эсэргүүцэж, урдаас нь хараад зогсож байх үед над руу өшиглөсөн. Тухайн үед эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б уг эмэгтэй нь баруун гараас, цагдаагийн дэд ахлагч Г.Б уг эмэгтэйн зүүн гараас бариад авч хөдөлгөөнийг нь хязгаарлах үед Ц.Б, Г.Б нарын гараас хазсан, тэгээд хөдөлгөөнийг нь хязгаарлахын тулд албадлагын арга хэмжээ хэрэглэж бие болон эд зүйлд нь үзлэг хийж эрүүлжүүлэх байрны тусгаарлах өрөөнд оруулсан. Уг иргэн Ө нь илт согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн нь мэдэгдэж байсан ба өөрөөс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг асууж тодруулахад пиво уусан гэж хэлсэн, анх орж ирээд шаардлага тавьж биелүүлэхгүй байсан болохоор 5-10 минутын хугацаанд яриаг нь сонсож шаардлага тавьж байгаад албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэртэж илт мэдэгдэж байсан болон шаардлага тавихад биелүүлээгүй эсэргүүцэж байсан тул согтуурлын зэрэг шалгаагүй. Анх орж ирэхдээ орилж чарласан, намайг яахаараа энд авч ирдэг юм, манай нөхөр зодуулсан, та нар яахаараа намайг энд авч ирдэг юм, гэх мэтээр орилоод байсан. Бид нар та тайван бай эд зүйлээ бүртгүүлээрэй гэх шаардлага тавих үед би ийшээ орохгүй гэж орилж чарлаад байсан ба энэ үед энгэрийн камерыг ажиллуулж бүх үйл явцыг баталгаажуулж авсан. Тухайн үед эмэгтэй биеэ үзүүлэхгүй, ойртуулахгүй байсан ба би биеийн хэсгийг хальт харахад ил харагдах гэмтэл, бэртэл, шарх байгаагүй. Мөн өөрийгөө гэмтээж бэртээх гээд байсан тул өмссөн цамц, өмдтэй нь гарыг нь гавлаж 1 цагийн хугацаанд албадлагын арга хэмжээ авч тайвшруулсан ба уг эмэгтэй нь их догшин авиртай гав хэрэглэсэн үед ч тайвшрахгүй орилж, чарлаад авирласан хэвээрээ байсан. Надад учирсан гэмтэл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дахь тал/,

 

Мөрдөн шалгаж ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 07-ний өдөр Б.Эий гэрчээр дахин өгсөн “...Ц.Өг Эрүүлжүүлэх байрны тусгаарлах өрөөнд оруулснаас нэг цагийн дараа Ц.Өгийн гавыг шалгах гээд очоод гавийг нь шалгахад, би та нарыг ажилгүй болгоно, та нар намайг хараарай, миний биеийн юм ирчихлээ, дамскаа сольё гэж хэлсэн тэгэхээр нь та тайван бай ариун цэврийн өрөөнд оруулъя гэхэд өөдөөс орилоод харааж, зүхсэн байдалтай байсан, жаахан тайвшрахаар нь ариун цэврийн өрөө оруулъя гээд ариун цэврийн өрөө рүү авч очсон боловч замдаа орилж хашхираад, үүдэнд нь очоод орилж, хашхираад дайрч давшлаад ариун цэврийн өрөө рүү ороогүй. Ц.Өгийн гавыг тайлах гэсэн боловч өөрийн болон бусдын эд зүйлд гэмтэл учруулж болзошгүй үйлдэл гаргаж байсан, бид нар биеэр очиж шалгах болон тогтмол хяналтын камерын хяналт тавьж байсан. Би цагийг яг сайн санахгүй байна, 04-05 цагийн үед байх манай нөхөрт ариун цэврийн хэрэглэл авчраад өг гээд хэлсэн, би тэгээд гарч хэлэх гэсэн боловч нөхөр нь яваад өгсөн байхгүй байсан, өглөө 07 цагийн үед нөхөр нь ирсэн байхаар нь нөхөрт нь хэлж ариун цэврийн хэрэглэл авчруулсан. Ө нь шөнийн турш бид нарыг янз бүрийн үгээр хэлж орилсон, ойртохын эцэсгүй догшин харааж ерөөсөн байдалтай байсан, миний юм нэвтрээд хамаг юмыг чинь цус болгоод байна гэхээр нь харахад ямар ч цус болсон зүйл байгаагүй, би үнэхээр нэвтэрсэн юм болов уу гээд харахад өмд нь цус болсон зүйл байгаагүй, суудал мөн цус болсон зүйл байгаагүй. Тухайн шөнө 2-3 удаа ариун цэврийн өрөө орсон бөгөөд та тайван байж чадах уу гэхэд үгүй, би та нарыг бүгдийг нь ажилгүй болгоно гэж орилсоор байсан. Ц.Ө нь өөдөөс орилоод тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан учир хувцсыг нь тайлаагүй. 04-05 цагийн үед гутал, дотуур хувцас буюу левчкийг нь тайлсан, өөр ямар нэгэн хувцас тайлаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 сарын 21-ний өдөр Ц.Бгийн гэрчээр өгсөн “...тухайн өдөр би ТЗЦГ-ийн Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан ба 2022 оны 6 дугаар сарын 13-ны 00 цаг 20 минутын үед Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Ц.Ө нь согтуугаар танхайрсан зөрчилтэйгөөр хүргэгдэн ирсэн. Уг эмэгтэй нь илт их хэмжээний согтолттой байсан ба бүх хүмүүс рүү орилоод тайлбар сонсохгүй, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн. Ойртох үед гар, хөлөөрөө цохиж савчаад биед болон эд зүйлд үзлэг хийхэд эсэргүүцээд байсан, тэгээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь биеийн хүч хэрэглэж эд зүйлийг нь авах үед өөдөөс эсэргүүцэж миний баруун гарын шуун хэсгийн дотор талаас нэг удаа хазаж танхайрсан, мөн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бын зүүн гарын шуу хэсгээс нэг удаа хазаж гэмтээсэн. Тэгээд байхаар нь хөдөлгөөнийг нь хязгаарлаж суулгасан болно. Иргэн Ө нь драгер багаж үлээх боломжгүй орж учир нь драгер багаж багажаар согтолтын зэргийг тогтоох гэсэн боловч, орилж, чарлаад мөн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд би яахаараа үлээдэг юм гэх мэтээр эсэргүүцэж, драгер багаж үлээгээгүй болно. Эрүүлжүүлэх байранд орилж, чарласан байдалтай орж ирсэн бөгөөд биед нь л харагдах шарх, бэртэл, гэмтэл ажиглагдаагүй. Тухайн үеийн камерын бичлэгийг цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б албаны энгэрийн камераар бичлэг хийж баталгаажуулсан ба эрүүлжүүлэх байрны хяналтын камерт ч мөн бичигдсэн. Ө нь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бын зүүн гарын шууны дотор хэсгээс нэг удаа хазаж танхайрсан. Надад учирсан гэмтэл байхгүй, би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/,

 

            Мөрдөн шалгаж ажиллагааны шатанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрч Ц.Тын өгсөн “...Би дэд ахлагч Т.Оын хамт хүргэж ирсэн. Харахад илт согтуу байсан, шалгагч багаж бидэнд байгаагүй, эрүүлжүүлэх байранд очоод тандагч багажаар үлээлгэх гэтэл эсэргүүцээд согтолтоо шалгуулаагүй. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй. БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт  зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиход манаачтай хэрүүл маргаан хийсэн, манаачийн хүүхэдтэй маргалдаж байсан. Иргэн Ө нь илт харагдах гэмтэл шархгүй байсан. Сарын тэмдгийн тухай зүйл яриагүй. Эрүүлжүүлэх байр руу ороход тандагч багаж үлээлгэх гэтэл үлээхгүй, цагдаагийн алба хаагчдыг ойртуулахгүй, тавьсан шаардлага биелүүлэхгүй, орилж, хэл амаар доромжлоод байсан. Та нар миний татварын мөнгөөр цалинждаг, би та нарыг ажилгүй болгоно, та нарын хүүхдүүд үхнэ гэх мэт үгээр хэл амар доромжлоод орилоод, жолоочийг замын хөдөлгөөнд оролцож байхад хойноос нь татаж замын хөдөлгөөнд саад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8568 дугаартай “...Г.Бын биед зүүн шуунд цус хуралт, гүн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68 тал/,

 

            Мөрдөн шалгаж ажиллагааны шатанд иргэн хохирогчид гэмтэл учруулсан байдлын гэрэл зураг, Г.Бын ажлын үнэмлэх /хх-ийн 77-78 тал/, 

 

            Төмөр замын цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны алба хаагчдын 2022 оны 6 дугаар сарын ээлжийн хуваарь, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-ийн 79-80 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Өгийн гэрчээр өгсөн “...Би 2013 онд Сан дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Х ХХК-д ажиллаж байгаа. Тухайн өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд гэрийн гадаа байдаг хийдийн зогсоолын манаачтай маргалдсан, би тус зогсоол дээр урьд нь машинаа тавьдаг байсан бөгөөд тухайн өдөр тавих гэхэд наашаа, цаашаа, энд тэнд гээд байхаар нь маргалдсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор манаач цагдаа дуудсан байсан. Удалгүй алаг тэрэгтэй цагдаа нар ирээд намайг Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байр руу авч явсан. Эрүүлжүүлэх байранд намайг хамгийн цаад талын өрөөнд оруулсан бөгөөд өрөөнд байсан сандал нь шалтайгаа гагнаатай, хөдөлдөггүй сандал байсан. Эхэндээ 1 эмэгтэй, 2 эрэгтэй цагдаа намайг хийсэн. Тэр өдөр миний биеийн юм ирсэн бөгөөд 2 эрэгтэй цагдаад хэлж чадахгүй байсан. Харин эмэгтэй цагдаад нь хэлэх боломжгүй байгаад байсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны өрөөнд эндээс гармаар байна гэж их орилсон. Орилоод байсан чинь 1 эмэгтэй, 1 эрэгтэй цагдаа ирээд эрүүлжүүлэх өрөөний сандалтай намайг гавласан. Шөнөжин орилсон бөгөөд 1 эмэгтэй, 1 эрэгтэй цагдаа ирээд намайг 00 өрөө оруулсан. 00 өрөө ороход миний ариун цэврийн хэрэглэл дүүрээд өмдний хажуу талаар урссан байсан, ариун цэврийн хэрэглэлээ дахин хэрэглэх боломжгүй болчихсон байсан болохоор би 00 цаас авч хийгээд гарсан. Гарахдаа эмэгтэй цагдаад нь манай нөхөр гадаа байгаа ариун цэврийн хэрэглэл авч ирээд өгчих гээд хэлээд өгөөч гэхэд цагдаа “би чиний цус нөжийг арчлах ёстой юм уу” гэж хэлээд намайг өрөөнд буцаагаад хийсэн. 00 цаас дүүрсэн тул би ариун цэврийн хэрэглэлээ солимоор байна, би цус алдаад байна гэж дахин орилсон чинь 3 цагдаа ирсэн. Тэгэхээр нь би намайг 00 өрөө оруулах гэж байгаа юм байна гэж бодсон чинь миний хувцсыг тайлаад буцаагаад гар сандалтай гавласан. Тэгээд 7 цагийн үед цагдаа дуудаад миний гар утсыг өгсөн бөгөөд надаас “архи чинь гарсан уу” гэж асуусан. Би гарын үсэг зурж байхдаа “та нар миний гарыг хар хөхөрсөн байна” гэж хэлэхэд намайг гаргахгүй гээд буцаагаад нөгөө өрөөнд хийчихсэн. Тэгээд намайг хорооны цагдаа ирж авсан. Тухайн өдөр манай нөхөр Өийн өмчлөлийн ... ланд-200 маркийн авто машинтай явж байсан ба манай найз О тус машиныг барьж явсан. О, Ө бид нар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-н гармын тэнд очиж газар үзчихээд буцаж ирэхдээ Орбитод Э гэдэг найзынхаа ажил дээр хоол идэхээр очсон байж байтал манай найз У ирсэн. У охинтой болсон гээд бид нар баяр хүргээд 1 шил архи авч өгсөн ба тэр архийг нь У, Э, Ө бид нар уусан. Тэгээд гэрийн зүг явсан. Тухайн үед эрүүлжүүлэх байранд оруулахад миний хувцсыг тайлсан ба миний биед хүрсэн. Тэгээд миний нуруу хэсэгт өшиглөсөн үү, өвдөглөсөн үү тэгэхээр нь би биеэ хамгаалсан. Тэр үед цагдаагийн алба хаагч нарыг тэнд байсан хүмүүс шиг П, Я гэж хэл амаар доромжлоогүй. Та нар ажлаа хийж чадахгүй байна гэж хэлсэн, түүнийг доромжилсон гэж үзэхгүй биз дээ, би шаардлага тавьж байгаа гэж бодож байна. Би өмнө нь ийм асуудалд орж байгаагүй. Тэр өдөр аймар тасарсан зүйл ч байгаагүй, би өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гэмтлийг хэн учруулсан талаар би мэдэхгүй байна. Би гомдолтой байна, учир нь тухайн өдөр надтай зүй бус харьцсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, юу ч нэхэмжлэх вэ дээ /инээв/. Миний биед тухайн үед байсан гэмтэл алга болсон, шүүх эмнэлэгт үзүүлээд цагийн гарз биз дээ үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ц.Өгийн яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15-16, 111 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16 тал/, Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 339 дугаартай “Ц.Өгийн нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-ийн 105 тал/, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 877 дугаартай “Ц.Өгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-ийн 107 тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн даатгалын хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаартай “Ц.Ө нь 2013 оны 10 дугаар сараас 12 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар дуустал нийт 46 сар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлсөн” гэх албан бичиг /хх-ийн 109 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112 тал/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын “Ц.Ө нь “тус хорооны 23а байрны 12 тоотод ам бүл 2, түр оршин суудаг нь үнэн” гэх тодорхойлолт /хх-ийн 117 тал/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 118 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 17-21 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ө  нь 2022 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт,Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийнх дэд ахлагч Г.Бын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Быг хазсаны улмаас биед зүүн шуунд цус хуралт, гүн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 31-33,5 тал/,  гэрч Б.Эий мэдүүлэг /хх-ийн 47-48 дахь тал, 50-51 тал/, гэрч Ц.Бгийн мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/, гэрч Ц.Тын мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би согтолттой байсан....учир би эсэргүүцсэн, харин би гарыг нь хазаагүй...” гэх мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8568 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 тал/, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-74 тал/, хэрэгт авагдсан бичлэг бүхий СД болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Тодруулбал, камерын бичлэгт бичигдсэн байдлаар шүүгдэгч Ц.Өгийн согтуурсан байдал, чанга дуугаар хэлж ярьж тухайн орчинд хэвийн бус харилцаа үүсгэж байгаа нь илт харагдах ба хохирогч болон тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын зүгээс шүүгдэгч Ц.Өд хандаж тавьж буй албан шаардлага харагдах ба  энэ харилцаа нь  шүүгдэгч Ц.Ө  болон алба хаагч нарын хооронд үүссэн, шүүгдэгч Ц.Ө нь алба хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, эсэргүүцэхдээ хохирогч Г.Бд  хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Хэрэг учрал нь  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт,Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд болсон, уг орой  буюу 2022 оны 06 дугаар сарын 13-ны 00 цагт хохирогч Г.Б нь ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болох мөрдөн шалгаж ажиллагааны шатанд иргэн хохирогчид гэмтэл учруулсан байдлын гэрэл зураг, Г.Бын ажлын үнэмлэх /хх-ийн 77-78 тал/,  Төмөр замын цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны алба хаагчдын 2022 оны 6 дугаар сарын ээлжийн хуваарь, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-ийн 79-80 тал/ болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ц.Ө нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирогч Г.Б нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч мөн болох нь хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан цагдаагийн үнэмлэхээр тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Ө нь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу түүний зүүн гарын шууг хазаж эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 8568 дугаар дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Ц.Өгийн  Г.Бын зүүн гарын шууг хазаж гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Ө болон түүний өмгөөлөгч “хохирогчийн гарыг хазаагүй” гэж мэтгэлцсэн бөгөөд түүний энэ тайлбар мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар дэмжигдээгүй, нотлогдон тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Өгийн  “2022 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт,Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийнх дэд ахлагч Г.Бын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Быг хазсаны улмаас биед зүүн шуунд цус хуралт, гүн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч Г.Б нь сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, өөрийн зүүн гарын хазуулсан хэсэгт 25.000 төгрөгөөр сорви арилгах тосон түрхлэг авч түрхсэн тул 25,000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Шүүх хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Өг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн, улмаар эсэргүүцэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Өд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Ц.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/ гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Өд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3500/ гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000/ гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоолоо.

 

 

Шүүгдэгч Ц.Өд оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид  тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Өг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулах хүч хэрэглэн   эсэргүүцсэн  гэмт хэргийг,

улмаар хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/ гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Өд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3500/ гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000/ гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өд шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд 25,000 /хорин таван мянга / төгрөг болон сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ