Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Н.С,

 

   Хариуцагч: Л.Б нарт холбогдох,

 

   Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан хохиролд 1.454.900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Л.Б, хариуцагч Н.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Л.Бгийн өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 57 дугаар байрны 12 тоотод амьдардаг. Манай дээд давхрын айл 16 тоотоос олон удаа, бараг байнга ус алддаг, тэр болгонд бид дуудлага өгдөг байсан. Сүүлд ус алдахад хариуцагч тал бохирын хоолойгоо засуулахгүйгээр олон хоносон. Бохирын хоолойн эвдрэлээс болж 10 хоногийн хугацаанд 3 удаа ус алдсан. 10 хоногийн дараа манайхаас дээд айлаас ус алдаад байна гэж Орон сууцны газар хандаж, шахаж шаардаж байж янзуулсан. Манайд 1.454.900 төгрөгийн хохирол учирсан гэж “Итгэлт эстимэйт” ХХК үнэлгээ гаргасан. Хариуцагч Н.Ст холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л.Бгээс үнэлгээгээр гарсан 1.454.900 төгрөгийн хохирлыг шаардаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байтлаа 8 хуудас гэрэл зураг, худалдаж авсан падаан, утсаар дуудлага өгсөн билл зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримт өгсөн байна. Хариуцагч, өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт татгалзлаа тайлбарласан хар зураг яг аль тоот хаалганы юуны зураг болох нь тодорхойгүй, хаанаас юуны зураг авчирсан нь мэдэгдэхгүй, хэн юуны сэлбэг, запас худалдаж авсан болох нь тодорхойгүй байна. Хариуцагч тал ус алдсан талаар дуудлага өгсөн гэсэн тайлбар хэлж байгаа боловч 70047004 нь орон сууцны дуудлага авах утас мөн юм уу гэдэг нь тодорхойгүй. Уг байрны 12, 4 тоот шүүхэд нэхэмжлэл гаргасан. 10 хэд хоногийн өмнө шийдсэн хэрэгт ванны сифоны илүүдэл мултарснаас ус алдаж, хохирол учирсан болохыг тогтоож 4 тоотын хохирол төлбөрийн асуудал шийдэгдсэн. 16 тоотын ариун цэврийн өрөөнөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ванны өрөөний бохирын далд босоо шугамын ирмэг хагарсан, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ванны сифоны илүүдлийн холбоос мултарснаас ус алдсан ба 4, 12 тоотын айлууд 16 тоот айл руу орж дуудлага өгч, засварласан. 1, 3 давхар руу ус алдаж, гэм хорын хохирол учирснаас 4, 12 тоотын айлууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 011746 дугаартай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдож, шинжээчийн дүгнэлтэд ванны сифоны илүүдлийн холбоос мултарснаас ус алдсан гэх ХҮТ-14-ийн инженерийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж гарсан. Бохирын далд босоо шугам хагарснаас ус алдаж доод давхрын айлуудад ийм хэмжээний хохирол учраагүй, ванны өрөөнөөс байнга ус алддаг. 4, 12 тоотоос хариуцагч талд энэ талаар хэлдэг. Тухайн үед нь дуудлага өгч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 16 тоот айлын өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Л.Бгээс 1.454.900 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч  Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ус алдсан. Би тухайн үед Шанхайд сурч байсан болохоор энэ талаар сүүлд мэдсэн. Манайхаас болон нэхэмжлэгч талаас Хэрэглэгчдэд үйлчлэх 14 дүгээр төвд хэд хэдэн удаа ус алдлаа гэж дуудлага өгч байсан. Ус алдаж байгаа шалтгаан, хаанаас ус гарч байгаа нь тогтоогдохгүй байсан. Хананы цаад пильтанаас ус гоожиж байсан. Сантехникийн инженер ус алдсан шалтгааныг тогтоож, засвар хийхийн тулд хана нурааж, резин сольсон. Манай байр 2005 онд ашиглалтад орсон манай дээд айлаас ус алддаг. Манайхаас ч доошоо ус алддаг. Ус алддаг байр. Манайх ч гэсэн хохирсон айл. Хаанаас ус алдсаныг нь мэдэхгүй болохоор дээрээс ус алдсан гэж үзэж байсан. Бохирын шугамаас ус алдсан байсан. Тухайн үед акт гарсан байсан. Манайх ус алдуулж суугаагүй, учир нь олдохгүй ус алдсан. Доод айлаас манайх руу хэд хэдэн удаа шаардлага тавьж байсан. Намайг эзгүйд охиныг ганцаараа байхад доод айлаас хүн орж ирээд ус алдаад байна гэж айлгасан байсан. Охин над руу уйлж утасдсан. Тухайн үед хэрүүл маргаан гарч, цагдаа дуудаж салсан гэсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтээр далд бохирын босоо шугамын материалын элэгдлээс ус алдсан гэсэн дүгнэлт гарсан. Л.Бгийн 00-ын өрөөний босоо шугамын хана цоолж, далд бохирын босоо шугам засаж сольсон. Түүнээс хойш ус алдахдаа больсон. Хавтаст хэрэгт н.Магиза, н.Зангар, н.Гансүх нарын гаргасан Орон сууц нийтийн аж ахуйн газрын орлогч дарга гэсэн тамга тэмдэгтэй, хэзээ хэний зөвшөөрлөөр яаж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт  гарсан. 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд гэмтэл тодорхойлох боломжгүй гэж гарсан. Гэтэл илүүдлийн холбоос мултарсны улмаас ус алдсан гэж дахин өөр дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, яагаад гэвэл дүгнэлтийг хэн, хэзээ гаргасан нь тодорхойгүй. Байрны далд шугам элэгдэж, ус алдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас харагдана. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-д зааснаар далд шугамыг дундын өмчлөлд тооцно. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.3-д зааснаар дундын өмчлөлийн хөрөнгийг СӨХ хариуцна. Н.С, Л.Б нар гэр бүлийн хүмүүс. Нэхэмжлэгч талын гаргасан хариуцагч Н.Ст холбогдох шаардлагаасаа татгалзаж, Л.Бд холбогдуулж гаргасан шаардлагад тайлбаргүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.С, Л.Б нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохиролд 1.454.900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ст холбогдох шаардлагаас татгалзаж, Л.Бгээс хохирол гаргуулахаар шаарджээ.

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

   Хариуцагч Л.Б нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгч мөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түүний өмчлөлийн орон сууцны ариун цэврийн өрөөний далд бохирын босоо шугамын Ф100 ревиз элэгдлийн улмаас цоорч мөн ванны сифоны илүүдлийн холбоос мултарсны улмаас ус алдаж, нэхэмжлэгч Б.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 12 тоот орон сууцны том өрөө, жижиг өрөө, ванны өрөөний хана, таазны замака, эмульс норж, обой хуурсан, жижиг өрөөний цахилгааны монтаж гэмтсэн, паркетан шал норж зааг гарч гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нь Орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

   Хариуцагч Л.Б нь ванны сифоны илүүдлийн холбоос мултраагүй, харин далд шугам элэгдлийн улмаас цоорч, ус алдсан ба далд босоо шугам нь дундын өмчлөлийн зүйлд хамаарах тул СӨХ хариуцна гэж маргаж байна.

   Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн зориулалттай орон сууцны байшин”-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар, орон сууцны бохирын босоо шугам нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.

   Гэвч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар  эд зүйлийг өмчилж буй этгээд нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүйгээс гадна бусдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байдаг. Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч буюу өмчлөгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байна.

   Хариуцагч буюу орон сууц өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ ашиглахдаа анхаарал болгоомжтой хандаж, эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийлгэх, сольж сайжруулах, эвдрэл гэмтэл гарсан даруйд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээ авах зэргээр өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан талаараа нотолж чадвал түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжтой. Гэвч хариуцагч гэм буруугүйгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй, ус алдах бүрт эрх бүхий байгууллагад дуудлага өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, ямар байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн, ямар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлснээ нотолж чадахгүй байх тул орон сууцны өмчлөгч буюу хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Б.Сийн өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй байна.

   Хэрэгт “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 150/08 дугаартай хохирол үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг 1.454.900 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргаагүй, нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийгээгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1.454.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба зохигчдоос гаргасан хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Ст холбогдох шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Л.Бгээс 1.454.900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сэд олгосугай. 

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ст холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38.228 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                              Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                 Н.ХАНГАЛ