Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2018/02708/И |
Дугаар | 102/ШШ2018/03562 |
Огноо | 2018-11-28 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2018/03562
|
|
|
2018 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2018/03562 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 67/5а байрны 10 тоотод оршин суух, эрэгтэй, 80 настай, ХД380701997 дугаарын регистртэй, Хошууд овогт Б.Ин нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр сургуулийн баруун талд, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Б цэцэрлэг,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БХН 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, эмэгтэй, 48 настай, ЧН69121908 дугаарын регистртэй, Чонос овогт Л.А нарт холбогдох,
Хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Б цэцэрлэгийн баруун хойно байрлах, амины орон сууцны зориулалттай 84 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, цаашид дахин саад учруулахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч цэцэрлэгийн төлөөлөгч Л.Батхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Иийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжин нэхэмжлэгч Б.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Бургастайн Идэш би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Б цэцэрлэгийн баруун хойно байрлах газрыг 2008 оноос тасралтгүй ашиглалтын журмаар ашиглаж байгаад, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/812 дугаар захирамжаар 84 м.кв газраа амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Уг газраа бусдаар барилгын ажил гүйцэтгүүлэхээр хөлслөн, машин техник, тоног төхөөрөмжөөр барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ирэхэд Б цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг, түүний төрсөн дүү Л.А нар хэрүүл шуугиан гаргаж, намайг хэл амаар доромжлон, барилга бариулахгүй гэж, авч очсон машин техникийн урд нь газар дээр хэвтэх зэргээр миний газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, үйл ажиллагаа явуулахгүй саад учруулсан.
Түүгээр зогсохгүй Б цэцэрлэгийн албан хаагчид нь эрхлэгч Л.Батхуягийн тушаалаар манай газрын хашааг дур мэдэн нурааж буулгах зэргээр зүй бус аашилж, хариуцагч нар хоорондоо үгсэн нийлж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, миний газраа зүй ёсоор, зохистойгоор зориулалтын дагуу эзэмших боломжийг хааж хязгаарласан. Энэ тухай Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албанд хандсан боловч хариуцагч нар нь үл хайхарч миний эрхийг зөрчсөөр байгаа тул шүүхэд хандаж байна. Би Л.Ат хуулийн дагуу уг газрыг эзэмших эрхээ авсан гэж хэлсэн. Удалгүй цэцэрлэгийн эрхлэгч манаач нартайгаа ирээд хашааг буулгаж, хашаагаа нэмж барьсан. Хэрвээ тухайн үед би өөрийн дүү нарыг дуудсан бол зодоон нүдээн болох байсан. Б цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг нь дур мэдэн хууль бусаар манай 14 м.кв газрыг авсанд гомдолтой байгаа.
Иймд Б.И миний Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Б цэцэрлэгийн баруун хойно байрлах, амины орон сууцны зориулалттай 84 м.кв газраа эзэмших эрхийг зөрчиж саад учруулж байгаа Б цэцэрлэг, мөн иргэн Л.А нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож давхцаж байгаа газрыг чөлөөлүүлж, цаашид дахин саад учруулахгүй байхаар даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.И нь өөрт олгогдсон эзэмших эрхийн газраа иргэн Л.А болон Б цэцэрлэгээс шаардах эрхтэй. Иргэн Б.И тус 84 м.кв газрыг шударгаар олж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний газрын гэрчилгээний хугацаа дууссан. Хугацаа сэргээхээр Баянгол дүүргийн газрын албанд хүсэлт гаргахад тус газартай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байгаа учраас асуудал шийдвэрлэгдсэний дараа газрыг сунгана гэсэн хариу өгсөн. Шинжээч болон бусад холбогдох нотлох баримтуудаар иргэн Б.Иийн эзэмшиж байгаа 84 м.кв газартай Б цэцэрлэг 14,25 м.кв-аар, иргэн Л.А нь 68,57 м.кв газар давхцаж байгаа нь тогтоогдож байгаа учраас давхцаж байгаа хэсгээр нь чөлөөлүүлэхийг шүүхээс даалгаж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагч Б цэцэрлэгийг төлөөлж, цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Иийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Иийн газар гээд байгаа тэр газар нь түүнийх биш болно. Анх Б.И нь Л.Аийн хашаалсан газарт төмөр авна гэж буусан. Сарын 30,000 төгрөг төлнө гэсэн зүйл ярьсан байдаг. Баянгол дүүргийн газрын албанаас Л.Ат хашаалсан газрыг нь өгөхгүй байсан. Учир нь маргаан бүхий газрын доогуур дулааны шугам явж байгаа учраас газрын эзэмших эрх олгодоггүй. Тус газраас 14 м.кв газрыг бид хууль бусаар татсан нь үнэн. Үүнийг жинхэнэ эзэмшигчид нь өгнө гэсэн байр суурьтай байгаа. Б.И гуайн нэр дээр авсан газрын гэрчилгээ нь хууль бус. Б.И гуай цэцэрлэгийн хаалга хүртэл модон хашаа барьсан. Тэр хашааг бид буулгасан. Гэтэл “танай цэцэрлэгийн хашааг зүүн хойш нь гаргалаа, бид яамтай ярьсан” гэдэг. Стандартын дагуу хүүхдийн цэцэрлэгийн хашааг зүүн хойш гаргах ямар ч боломжгүй. Жижиг нарийн замаар гарч явдаг замтай. Гэтэл тэр хэсэгт нь хашаа хатгах гэж байсан. Би хүүхдийн цэцэрлэгийн хашааны 14,25 м.кв газрыг хамгаалах гэсэн юм гэв.
Хариуцагч Л.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Л.А нь 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-ийн 1-9 тоотод амьдарч байна. Би энэ амьдарч байгаа 338,5 м.кв газраа хувьчлан авах хүсэлтэй байгаагаа 2005 оноос эхлэн холбогдох албан тушаалтанд гаргаж ирсэн. Энэ нэхэмжлэл бичиж байгаа Б.И гэдэг хүнийг би сайн мэдэхгүй. Би 2012 оны 5 дугаар сарын 11-нд 338,5 м.кв талбайд кадастрын зураг гаргуулж, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1099 тоот шийдвэрээр 237 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болсон ба хасагдсан талбайн талаар тодруулахад Баянгол дүүргийн 20 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч н.Мөнхбаатар дулааны шугам явж байгаа газрыг хассан гэж хэлсэн боловч Баянгол дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/812 тоот шийдвэрээр анх манай эзэмшихийг хүсч байсан газраас тасдаж 84 м.кв газрыг Б.И гэдэг хүнд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эзэмшүүлэхээр өгсөн байсныг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байшин барихаар хүмүүс ирэхэд би мэдсэн. Ингээд би 2016 оны 9 дүгээр сарын 26-нд С.Батболд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өргөдөл гаргасан. 9 дүгээр сарын 27-нд Баянгол дүүргийн өмч газрын харилцааны дарга С.Бямбадорж нарт өргөдөл гаргасан. Үүний дагуу Баянгол дүүргийн газрын албаны дарга Мөнхбаатарт миний өргөдлүүдийг эхнээс нь танилцаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг үүрэг болгосны дагуу би Баянгол дүүргийн газрын албан дээр очсон. Газрын албаны дарга Мөнхбаатар нь газрын албаны 20 дугаар хороог хариуцсан мэргэжилтэн н.Хатанбаатар гэдэг хүнд миний асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн. Би түүнтэй нь уулзахад “за та түр хүлээчих, 2017 оны 11 дүгээр сарын 04-нд иргэн Б.Иийн эзэмших эрхийн хугацаа дуусна. Би Б.И гэдэг иргэнтэй холбоо барьж чадахгүй байна. Холбоо барьвал таны газар эзэмших эрхийг сунгах боломжгүй гэдгийг нь хэлээд гэрчилгээг нь сунгахгүй, та санаа зоволтгүй” гэж хэлсэн гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б цэцэрлэг, Л.А нарын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн 84 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б цэцэрлэгийн төлөөлөгч Л.Батхуягийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа тус цэцэрлэгийн эзэмшлийн газар дээр маргаан бүхий 84 м.кв талбайгаас 14,25 м.кв талбайг илүү сунгасан болохоо хүлээн зөвшөөрөх боловч, “нэхэмжлэгч Б.И уг 84 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргаж, харин хариуцагч Л.Аийн зүгээс “тухайн 84 м.кв талбай бүхий газрыг хамруулан нийт 338,5 м.кв талбайтай газрыг зэмшиж, ашиглаж байсан бөгөөд, 2005 оноос эхлэн хувьчлан авах хүсэлт удаа дараа гаргасны дагуу 237 м.кв талбай газрыг эзэмших эрх олгож, үлдэх хэсгийн газар доогуур дулааны шугам байгаа гэх үндэслэлээр эзэмших эрх олголгүй хассан гэх хариуг газрын албанаас өгсөн боловч, нэхэмжлэгч Б.Ит уг газрыг олгосонд гомдолтой” гэх агуулга бүхий тайлбар гаргаж, Б.Иийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Б цэцэрлэгийн баруун хойно байрлах, нэгж талбарын 18633309867706 дугаартай 84 м.кв талбай бүхий газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 111 дүгээр сарын 04-ний өдрийн А/812 тоот захирамжийг үндэслэн 000601034 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч Б.Ит амины орон сууцны зориулалтаар олгож, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулжээ. /хх 5-8/
Тийнхүү олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний 2 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.И нь өөрийн эзэмших дээрх газарт барилгын ажил гүйцэтгүүлэхээр очиход хариуцагч Б цэцэрлэгийн ажилтнууд болон хариуцагч Л.А нарын зүгээс саад учруулсан гэх нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Газар эзэмших эрхтэй холбоотой үүссэн хоорондын зөрчилдөөний улмаас нэхэмжлэгч Б.И болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу уг маргаанаа шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт хандан гомдол гаргаснаар Баянгол дүүргийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Л.Ат хандан “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг хэрэгжүүлж, зөвшөөрөгдсөн хэмжээнд эргэлтийн цэгийн дагуу хашаагаа барихыг мэдэгдсэн байх боловч уг мэдэгдлийн дагуу хариуцагч нар түүний эзэмшил газрыг чөлөөлөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт нийцсэн байна. /хх 168/
Хариуцагч Л.Аийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэлээ уг газрыг өөрийнх нь эзэмшлийнх бөгөөд, Баянгол дүүргийн газрын албанаас түүнд 2008 оноос хойш иргэдийн эзэмшилд олгох боломжгүй гэх хариу өгч олгогдоогүй байхад тухайн газрыг нь нэхэмжлэгч Б.Ит олгогдсон байгаа нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
Харин хариуцагч Б цэцэрлэгийн хувьд нэхэмжлэгч Б.Иийн эзэмшлийн 84 м.кв талбай бүхий газраас 14,25 м.кв хэмжээгээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн тус цэцэрлэгийн эзэмшлийн газраа давхцуулан хашааг сунгасан гэдгээ хүлээн зөвшөөрөх боловч, Б.И уг газрыг үндэслэлгүйгээр, хууль бусаар олж авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч Б.И нь дээрх газрыг эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу олж авсан байх бөгөөд, хууль ёсны эзэмшигч нь мөн байх тул уг газрын талаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргийг газар эзэмшигч хүлээх бөгөөд, хариуцагч нар нь хуулиар хүлээсэн энэ үүргээ зөрчиж, дур мэдэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч Б.Иийн эзэмшлийн 84 м.кв талбай бүхий газартай өөрсдийн газрыг давхцуулан сунгасан болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/23 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал: “хариуцагч Б цэцэрлэгийн хашаалан эзэмшиж буй газар нь 3,781.63 м.кв талбайтай ба Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн 3,392.53 м.кв талбайгаас хэтрүүлэн хашаалж, нэхэмжлэгч Б.Иийн эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн 84 м.кв газартай 14,25 м.кв талбайгаар давхцалтай байна. Харин хариуцагч Л.Аийн хашаалан эзэмшиж буй газар нь 406,75 м.кв талбайтай ба, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэхэмжлэгчийн эзэмшлийн 84 м.кв газартай байршлын хувьд 68,57 м.кв талбайгаар давхцалтай байна” гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.И Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/182 дугаар захирамжид заасан 84 м.кв талбайтай газрыг бодитоор эзэмшээгүй байгааг дурджээ. /хх 131-133/
Хэдийгээр хариуцагч нарын зүгээс өөр өөрийн эзэмшлийн газрыг сунгаж, нэхэмжлэгч Б.Иийн эзэмшлийн газартай давхцуулсан талаар маргахгүй боловч түүнийг маргаан бүхий 84 м.кв талбай бүхий газрыг хууль бусаар авсан гэх агуулга бүхий тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагыг татгалдахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэрэгт заасны дагуу шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.И хариуцагч Б цэцэрлэг болон Л.А нарын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн 84 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Иийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Б цэцэрлэгийн баруун хойно байрлах 84 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Б цэцэрлэг, Л.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Б.Иийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б цэцэрлэгээс 35,100 төгрөг, хариуцагч Л.Ааас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА