Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/671

 






 

   2022           09            05                                          2022/ШЦТ/671


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд  хөтлөн, 

улсын яллагч Б.Чинзориг /тээврийн прокурор/, 

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч И.Хонгор /ҮД:2456/,

хохирогч Б.Мын өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0102/

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогт Бы Аод холбогдох 2203002650335 дугаартай эрүүгийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт /0-4 настай/ ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

Х овогт Бы А /РД:..../, 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь “2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороон, Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын замд “Киа Бонго” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч .../... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мыг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А нь “2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороон, Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын замд “Киа Бонго” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч .../... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мыг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “....гэм буруутай...” гэх  мэдүүлэг,

 

Эрүүгийн 2203002650335 дугаартай хэргээс

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5 тал/,

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, 

 

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/, 

 

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ослын үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор өгсөн “... Манай гэр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байдаг ба Зурагтын хуучин эцсийн автобусны ертөнцийн зүгээр замын зүүн талд 100 орчим метрийн зайд байдаг юм. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 16-ны оройн 19 цаг 40 минутын хот руугаа хойноос урд зүгийг чиглэн явдаг автобусны буудлын гарцгүй хэсгээр баруунаас зүүн зүгийг чиглээд 2 тал руугаа зам руугаа сайн хараад л алхаж явсан чинь миний өөдөөс нэг том Киа бонго маркийн машин шууд гарч ирээд үргэлжилсэн цагаан зураас давж ирээд машины урд хэсгээрээ яах ийхийн зуургүй мөргөж би толгой хэсгээрээ мөргүүлээд газарт унахдаа толгойгоороо савж унаж ухаан алдсан. Ингээд нэг сэрсэн чинь замын хажууд гарсан байсан ба дахин толгой эргээд нэг мэдсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байсан ба эмнэлэгт үзүүлсэн чинь толгойдоо гэмтэл авсан байна гээд гавал тархины тасагт хэвтэн эмчлэгдсэн. Ийм л хэрэг болсон. Миний бие сайжирсан зүйлгүй байна. Намайг анх харахад миний өөдөөс гарч ирсэн гудамжны үзүүр дээр л зогс ч байгаа харагдсан. Тэгсэн яах ийхийн зуургүй орж ирээд л намайг мөргөөд унагаасан. Би схем зурагтай танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би архи уугаагүй, харин дэлгүүрээс квас авч уусан, түүнээс л согтууруулах ундааны зүйл илэрсэн. Гэхдээ миний зүгээс ухаан санаа хэвийн байсан. би тэр үед ганцаараа явж байсан. Манай тэр хавийн хүмүүс явган хүний гарцгүй, доошоо уруудаад байдаг учраас тэр явган хүний гарцгүй газраар зам хөндөн гардаг юм. Тухайн үед цаг агаар сайхан цэлмэг, үзэгдэх орчин сайн, цас ороогүй, гулгаа байхгүй байсан. гадаа гэгээ тасраагүй байсан. Миний хувьд маш их гомдолтой байсан. Би эмчилгээний болон бусад гарсан зардлын баримтуудаа цуглуулж байгаа дараа ирэхдээ өгнө. Өөр нэмж ярих зүйл алган...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Бгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Энэ машин манай “Б”  ХХК-ийн эзэмшлийнх ба би өөрөө тухайн байгууллагын ажилтан, харин намайг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохыг манай захирал надад албан бичгээр үүрэг олгосны дагуу оролцож байна. Манай байгууллагын эзэмшлийн дээрх машинд ямар нэгэн эвдрэл гэмт учраагүй, тиймээс үнэлгээ хийлгэж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7297 дугаартай “...Б.Мын биед зүүн зулай, чамархай,  зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 40-41 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 280456 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49 тал/,

 

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 687 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 50-51 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Аын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн “... Би өөрөө “Б” ХХК-д нярав ажилтай хүн байгаа юм. Ингээд тухайн өдөр байгууллагын эзэмшлийн ... улсын дугаартай К.Бонго маркийн машиныг жолоодоод зурагтын хуучин эцэс орчимд завсрын газар очоод тосолыг нь солиулсан. Ингээд 19 цаг 47 минутад замын зүүн тал буюу Чингэлтэй талаасаа гудамжнаас шууд чигээрээ баруун зүгийг чиглээд зурагтын хуучин эцсийн автобусны буудал руу урдаас хойд зүгийг чиглэн явах урсгалыг нэвт гарч улмаар хойноос урд зүгийг чиглэн явах урсгал руу нэвтрэх гээд замын голын үргэлжилсэн цагаан зураасан дээр очоод хойноос урд зүгийг чиглэн явж байсан баруун гар талын машинуудыг хараад зүүн гар тийш урд зүгийг чиглэн эргэх үйлдэл хийтэл миний урдаас буюу замын баруун талаас зүүн зүгийг чиглээд нэг эрэгтэй явган хүн газарт хэвтэж байсан ба би өөрөө 102, 103-д дуудлага өгсөн юм. Ингээд нөгөө хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн чинь тархиндаа гэмтэлтэй гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн би өөрөө зааж өгч ослын хэмжилтийг хийлгэсэн баруун гар тийш машин ирж байгаа эсэхийг хараад буцаад зүүн гар тийш хөдлөөд эргэх үйлдэл хийх үед өөдөөс шууд гарч ирсэн. Уг нь тийм их хүчтэй мөргөсөн зүйлгүй, унахдаа толгойгоороо уначихсан юм шиг байна лээ. Би 2007 онд жолооч болсон юм. Би 5 км цагийн хурдтай явж байгаад осол гаргасан. Гадаа цаг агаар цэлмэг, үзэгдэх орчин хэвийн, халтиргаа гулгаа үүсээгүй байсан. Энэ машин “Б” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй машин байгаа юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний хувьд үргэлжилсэн цагаан зураасыг давж орсон, мөн явган зорчигч архи уусан, гарцгүй газраар гарч ирсний улмаас энэ осол хэрэг болох болсон. Миний зүгээс өөрийн буруутайгаа ойлгож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Аын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Миний хувьд өмнө нь гэрчээр хууль сануулж мэдүүлэг авахад хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөвөөр хэлж өгсөн. Надад анх өгсөн гэрчийн мэдүүлгээсээ өөр хэлээд байх зүйл байхгүй тухайн өдөр би байгууллагын эзэмшлийн ... улсын дугаартай К.Бонго маркийн машиныг жолоодоод Зурагтын хуучин эцсийн засварын газрын газарт унаж очоод тосолыг нь солиулсан. Ингээд 19 цаг 40 минутын орчимд замын зүүн талд буюу Чингэлтэй талаасаа гудамжнаас шууд чигээрээ баруун зүгийг чиглээд зурагтын хуучин эцсийн автобусны буудал руу урдаас хойд зүгийг чиглэн явах урсгалыг нэвт гарч улмаар хойноос урд зүгийг чиглэн явах урсгал руу нэвтрэх гээд замын голын үргэлжилсэн цагаан зураасан дээр машинтайгаа очоод хойноос урд зүгийг чиглэн явж байсан баруун гар талын машинуудыг харж зогсож байгаад зүүн гар тийш урд зүгийг чиглэн эргэх үйлдэл хийтэл миний урдаас замын баруун талаас зүүн зүгийг чиглээд нэг эрэгтэй хүний гарцгүй хэсгээр гэнэт гарч ирсэн ба би машины зүүн урд хэсгээрээ тухай хүнийг уг нь бол хүчтэй биш, гэхдээ мөргөж газарт унагаасан. Ингээд машинаа зогсоогоод буугаад ирсэн тэр хүн газарт хэвтэж байсан ба би өөрөө 102, 103 дугаарт дуудлага өгсөн юм. Ингээд нөгөө хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн чинь тархиндаа гэмтэлтэй гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн би өөрөө зааж өгч, ослын хэмжилтийг хийлгэсэн юм. Би баруун гар тийш машин ирж байгаа эсэхийг хараад зүүн гар тийш хөдлөөд эргэх үйлдэл хийх үед өөдөөс гэнэт л гараад ирсэн. Уг нь тийм их хүчтэй мөргөсөн зүйлгүй, унахдаа толгойгоороо уначихсан юм. Тухайн үед гадаа цаг агаар цэлмэг байсан. үзэгдэх орчин хэвийн, халтиргаа гулгаа үүсээгүй байсан. Би ганцаараа явж байсан. Миний хувьд үргэлжилсэн цагаан зураасыг давж эргэсэн, мөн явган зорчигч архи уусан, гарцгүй газраар гарч ирсний улмаас энэ осол хэрэг болох болсон. Миний зүгээс өөрийн буруутайгаа ойлгож байна. Миний хувьд осол хэрэг гарсны дараа өөрийн чадах боломжоороо явган зорчигч ахад тусалж байсан. Харин сүүлдээ өөрөө утсаа авахгүй, мөн гэр лүү нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй, мөн утсаар нь залгахаар утсаа авахгүй байсан. миний зүгээс өөрийн боломжоороо эмчилгээний гарсан бодит хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 тал/,

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн тодорхойлолт /хх-

ийн 103 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 104 тал/,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 105-105 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 107 тал/, “Б” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, холбогдох баримтууд /хх-ийн 108, 109-112 тал/, нийслэлийн түргэн тусламжийн төвийн түргэн тусламжийн хуудас /ххи-ийн 116 тал/, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 118 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 119 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 121 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 122 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 123 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 124 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Аод холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.А нь “2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороон, Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын замд “Киа Бонго” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч .../... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мыг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Б.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Мын мэдүүлгүүд, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5 тал/, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6 тал/, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/,  2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ослын үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7297 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, /хх-ийн 40-41 тал/, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 280456 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49 тал/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 687 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 50-51 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.А нь “Киа Бонго” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, жолооч чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мыг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь  эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 13.283.183 төгрөг нэхэмжилсэн байна. /хх-ийн 89-96 тал/

 

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.355.487 төгрөгийн хохирол /хх-ийн 98-102 тал/,, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1.000.000 төгрөгийн  төлбөрийг хохирогчид төлсөн, мөн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1.402.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Хохирогч Б.М нь эмчилгээний зардалд баримтаар 18,255 /арван найман мянга хоёр зуун тавин таван мянга / төгрөг гэмт хэргийн улмаас үүссэн бусад зардалд 13,264,745 /арван гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөг нийт 13,283,000 /арван гурван сая хоёр зуун наян гурван мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Б.Мт эмчилгээний зардалд нийт 2,355,487 / хоёр сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөг, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1,402,000 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Аыг энэ шийтгэх тогтоол гарах үед  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин  гэмт хэргийн улмаас үүссэн бусад зардалд нэхэмжилсэн  13,264,745 /арван гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоол гарах үед тооцоолон шийдвэрлэхэд хангалттай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж Иргэний хуулийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч                Б ХХК-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр  зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйгэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйгэж тус тус заасан байх тул иргэний хариуцагч Б ХХК-с гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч  1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хугацаагаар хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг,  мөн ... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын Бүртгэл Хяналтын Төвд хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Бы Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч  1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.

 

3. Шүүгдэгч Б.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол ялтын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.М нь эмчилгээний зардалд баримтаар 18,255 /арван найман мянга хоёр зуун тавин таван мянга / төгрөг гэмт хэргийн улмаас үүссэн бусад зардалд 13,264,745 /арван гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөг нийт 13,283,000 /арван гурван сая хоёр зуун наян гурван мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Б.Мт эмчилгээний зардалд нийт 2,355,487 / хоёр сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөг, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1,402,000 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг тус тус төлж барагдуулсан болохыг дурдаад, гэмт хэргийн улмаас үүссэн бусад зардалд нэхэмжилсэн  13,264,745 /арван гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисугай.

 

6. Иргэний хуулийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Б ХХК-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, ... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын Бүртгэл Хяналтын Төвд хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч,  түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.


 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ