| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0317/З |
| Дугаар | 128/ШШ2021/0461 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.С
Нэхэмжлэгч: П.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Гуравдагч этгээд: Г ЕБС
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар Г дунд сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хэсэгт хамаатай талбайг хамарсан 577.2 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч П.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Я.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С, П.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие Н.С найз П.Б-ны хамт 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжээч-21 Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийн барилгын зүүн жигүүр, төв хэсгийн 365,7 м.кв талбай бүхий хэсэг болон 281,3 м.кв газрыг эзэмших эрхийн хамтаар иргэн С.Д-аас худалдан авсан.
2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандаж 2205011552 дугаарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан бөгөөд хуулийн дагуу өмчилсөн. Үл хөдлөх хөрөнгийг 2003 онд худалдан авч, өмчилж эхэлснээс хойш хөрөнгө оруулалт хийж, засаж сайжруулан тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Гэтэл бид хоёрын ижил тэнцүү хувиар хамтран өмчилж авсан үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг тус барилгын нэгдүгээр давхарт зэргэлдээ байрладаг “Г" дунд сургуульд эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын 86 тоот захирамж 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гарсан байна.
Нийслэлийн засаг даргаас “Г" дунд сургуульд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэсэн шаардлагыг зөрчиж, бидний үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн байна. Энэ талаар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Н.С, П.Б нарт огт мэдэгдэлгүй шийдвэр гаргаж, бидний өмчлөх эрхийг шууд зөрчсөн байх тул уг шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 1.6 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.Сайнбаяр болон П.Б нар нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “Шинжээч 21” дээд сургуулийн зүүн жигүүрийн 365.7 м.квадрат үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа. Энэ барилгын суурийг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар “Г” дунд сургууль гэдэг зэргэлдээ нэг үл хөдлөх объектод байдаг сургууль эзэмшдэг болохыг 2020 онд мэдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг нь өмчилсөн газрын суурийг эзэмшүүлж байгаа нь буруу юм. Газрын тухай хуульд заасан давхцал үүссэн байхад газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан байгаа нь буруу байна. Манайх өөрийнхөө барилгын суурийг эзэмшье гэдэг хүсэлтийг гаргасан. Засаг даргын зүгээс татгалзсан хариу өгч, материал бүрдүүлэлт шаардсан. Шаардаж байгаа материал нь бидний зүгээс бүрдүүлэх боломжгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засаг даргын төлөөлөгч та бүхэн тэр материал бүрдүүлээд ирвэл энэ асуудлыг хэлэлцэх боломжтой гэж хэлсэн ч бидэнд тийм боломж байхгүй. “Г” дунд сургуульд газар эзэмшүүлж болно. Эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан үндэслэл журам тодорхой шалгууруудыг харгалзан үзэж эзэмшүүлэх, шилжүүлэх шийдвэр гаргах ёстой байсан. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Н.С, Г.Б нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчжээ. Газрын тухай хуульд зааснаар хэрвээ газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хэн нэгний үл хөдлөх хөрөнгө ямар нэгэн зүйлтэй давхцаж байгаа эсэхийг зайлшгүй шалгах ёстой. Шинээр газар олгож байгаа хүнд ямар ч шалгалт, дүгнэлтгүй шууд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол газраас салгавал зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно. Нэхэмжлэл гаргаснаас хойш газар чөлөөлөхтэй холбоотой хүсэлтүүдийг дүүрэг болон холбогдох мэргэжлийн хяналтын газарт явуулсан байна. Манайх тухайн газрыг эзэмшээд өмчилж эхэлснээс хойш түрээсийн зориулалтаар ашиглаж байгаа. Түрээсэлж байгаа зориулалтыг сургуулийн орчинд явуулах боломжгүй үйл ажиллагаа гэж тайлбарласан байна. Газрыг эзэмшигч тусдаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч тусдаа байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болж байна. “Г” дунд сургууль тухайн үедээ хүсэлт өгөөд авсан нь зөв байх гэхдээ Газрын тухай хууль 2002 онд батлагдсан. 2006 онд шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д: Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна. 34.6.8: газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоог зайлшгүй хийж байж тухайн газар эзэмшигчийн гэрчилгээний зориулалтын өөрчлөх ёстой. Тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаа. Зөвхөн нэхэмжлэгч Н.С, П.Б нар биш өөр хүмүүс байгаа. Тэр хүмүүс байж тухайн барилга доор газрыг эзэмшүүлж бусдад шилжүүлж гэрчилгээг шинэчилж өөрчилж байгаа тохиолдолд тухайн барилга өөр хүний нэр дээр байвал яаж газар эзэмших эрх дуусгавар болсон Тэр нөхцөлийг ямар байдлаар зохицуулах вэ гэдгийг хоорондоо тохиролцсон байж өөрчлөлтийг холбогдох захиргааны байгууллагууд хийх ёстой байсан. Зүгээр хоосон газар олгож байгаа мэт шилжүүлсэн. Бусдын газар дээр хязгаарлалттайгаар өмчлөх, ашиглуулах тохиролцоог хоорондоо хийж чадсан бол өнөөдөр маргахгүй байсан. Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын 2008 оны газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээ олгохтой холбоотой журам гарсан байдаг. Газрын тухай хуульд гарснаас хойш газар эзэмших ашиглах, гэрчилгээ олгох, гэрээ байгуулахтай холбоотой нарийвчилсан зохицуулалт байгаагүй тул өнөөдрийн эрх зүйн маргаанууд үүсжээ. ... Бидний зүгээс газар өмчлөх, ашиглах, Газрын тухай хууль, Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа тохиолдолд түүний суурьтай холбоотой газрыг хэн нэгэнд өмчлүүлж, ашиглуулж , эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд төрийн байгууллага албан тушаалтан өмчлөгчийн эрх ашгийг харгалзан үзэх ёстой. Тэгэлгүйгээр шийдвэр гаргаснаар өнөөдрийн маргаан үүссэн. Бид нар “Г” дунд сургуулийг буруутгаагүй. Гол нь төрийн байгууллага шийдвэр гаргахдаа яагаад нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж үзээгүй вэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид судалгаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ч нотлох баримт байхгүй. Хэрвээ тийм бол Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.8-д заасан тохиролцоо хийгдсэн байхыг шаардах ёстой. Тохиролцоо хийгдсэн бол гэрээнд тусгагдах ёстой. Зохих ёсны шаардлага тавиагүй байгаа болохоор зөрчилдөөн үүссэн. Энэ харилцааг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар бүрэн зохицуулж чадахгүй байна. Зохих ёсны шаардлага тавиагүйгээс шалтгаалж иргэдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар БГД, 17 дугаар хороо, “Г" дунд сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хамаатай талбайг хамарсан дээрх захирамжийн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 17-р хорооны нутаг дэвсгэрт 1738 м.кв газрыг дунд сургуулийн зориулалтаар “Г" дунд сургуульд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч нар нь урьдчилсан журмаар газрын асуудлыг шийдвэрлүүлэхдээ бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй тул бичиг баримтын бүрдлийг ханган дахин хандах шаардлагатай болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасны дагуу гомдлоо урьдчилсан журмаар шийдвэрлүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. ... “Шинжээч 21” дээд сургуульд анх 2003 оны 395 дугаар захирамжаар 1738 м.квадрат хэмжээтэй газрыг сургуулийн зориулалтаар олгосон. Газар дээр байсан барилгаа гурван хэсэгт хуваагаад зүүн жигүүрийг нь Н.С, П.Б нарт шилжүүлсэн. Шилжүүлэхдээ барилгын доод газрыг шилжүүлнэ гэдэг агуулгыг гэрээндээ оруулаагүй. Баримт бичгийг үндэслэн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Манайд албан бичгээр хандсаны дагуу холбогдох материал бусад зүйлийг бүрдүүлж өгсөн зүйл байхгүй. Газрын хувийн хэрэгт холбогдох материалын шаардлага бүрдүүлж өгсөн зүйл байхгүй.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Г дунд сургууль 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 411.6 м.квадрат сургуулийн зориулалттай байрыг худалдаж авахдаа 1738 м.квадрат талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлж авсан. Хоёр сургуулийн албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газрын хэргийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар орж Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 86 дугаар захирамжаар “Шинжээч 21” дээд сургуулийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож “Г“ Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 1730 м.квадрат сургуулийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон. “Г” дунд сургууль нь “Шинжээч 21” дээд сургуулийн хууль ёсны захиргаатай хамтарч Газрын тухай хуулийн 32, 34, 35 дугаар заалтад заасан газар эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж хууль ёсны газар эзэмшигч болсон. Өнөөдрийг хүртэл сургуулийн зориулалтаар ашиглаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дугаар захиргааны акт илт хууль болох талаар хуульчилсан байдаг юм байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгож маргаж байгаа Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.7-д заасан аль нөхцөл бүрдсэн нь тодорхой бус байгаа. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшдэг болон Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх үүссэн гэх шийдвэр гарсан талаар баримт байхгүй. Баримт байхгүй гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн материал дотор хурлаар хэлэлцэх боломжгүй, холбогдох баримтын бүрдлийг дахин хангах шаардлагатай гэсэн хариугаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан учраас түүний дор байгаа газрын талаар маргадаг. Нийтийн орон сууц, оффисын зориулалт бүхий газруудад тухайн талбайг эзэмшиж байгаа этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгодог ч түүний үндсэн газрын эрх баталгаажуулсан гэрчилгээний хамт тухайн барилгыг барьсан эсхүл газрыг анх эзэмшиж байсан этгээдэд харьяалагдана. Үүнд хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах ойлголтыг хэлж болно. Нэхэмжлэгч нар нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэхэмжлэл гаргасан. Маргаж буй захирамж нь гараад 15 жил болж байгаа энэ хугацаанд бидний дунд маргаан үүсэж байгаагүй. Иргэн Н.С, П.Б нар нь зориулалтын бус үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгө болон түүний дээр байрлах “ДБ” ХХК ийн үл хөдлөх хөрөнгө эзэмших үйл ажиллагаанд төрийн байгууллага болон “Г” дунд сургууль 15 жилийн турш нэг ч хохирол учруулж байгаагүй. Нэхэмжлэгч Н.С болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд “Г” дунд сургууль бидний үл хөдлөх хөрөнгийг нураалгахаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан гэж удаа дараа дурдсан. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад нөлөөлсөн гэж үздэг. Иргэн Н.С, П.Б нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа нийтийн эзэмшлийн талбай болон манай газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж эхэлсэн. Бид 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр албан бичгээр Мэргэжлийн хяналтын газарт хандахдаа зөвхөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн тухай гомдол гаргаж байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 0203/4812 тоот албан бичгээр манай байгууллагад хариу өгсөн байдаг. Н.Сайнбаяр нарын үл хөдлөх эд хөрөнгийн дээд давхарт “Долоон болдог” ХХК байрладаг. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгийг нураавал дээд давхрын барилгыг барилга хэрхэх вэ, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй. Нийслэлийн Засаг даргын 86 дугаар захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаагүй. 47.1.2-д заасан захиргааны актыг гаргасан албан тушаалтан тодорхой. 47.1.3-д зааснаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Манай газрын 681 м.квадрат газар нь нийтийн эзэмшлийн явган хүний зам, авто замын трасст орсон байдаг гэж нэхэмжлэлд дурдсан нь худал бөгөөд үүнийг шүүхийн үзлэгээр баталсан. Геодези, зураг зүйн газрын илгээсэн давхцал байхгүй гэсэн хариунаас харагдана. Нэхэмжлэгч нар өөрийн байрандаа зугаа цэнгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь үзлэгийн үеэр тогтоогдсон Караоке гэсэн хаягтаа тохижилтын үйл ажиллагаа явуулж байсан. Сургуулийн ойр орчимд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Энэ талаар сурагчдын эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу манай сургуулийн захиргаанаас явуулсан албан бичгийн хариуд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг болон Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгүүдээр нотлогдоно. Өргөтгөл барьж зугаа цэнгэлийн газрыг өргөтгөх гэж байгаа. Маргаж буй газрыг авч энэ үйл ажиллагаагаа явуулах гэж байна. Энэхүү үйлдэл нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4, 7.1.7 дах заалтуудыг зөрчиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...“Г” дунд сургууль “Шинжээч 21” дээд сургуулиас газар шилжүүлж авахдаа Газрын тухай хуульд эрхээ бүрэн хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн шүүхэд 16 жилийн дараа хандсан. Засаг даргыг захирамж гаргах үндэслэлгүй гэж маргаж байна. 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Шинжээч 21” дээд сургуулиас объект худалдах авах гэрээнд тодорхой тусгасан. “Шинжээч 21” дээд сургуультай маргах үндэслэл байгаа. Гэрээний 4.2-т эцсийн тооцоо хийж гэрээ байгуулж баталгаажуулах гэж заасан. Маргааны явцад гэрээгээр 365,8 м.квадрат гэж байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдэж байна. Хуулийн дагуу төрийн байгууллага хувийн аж ахуйн нэгжийн байгууллагуудын хийсэн гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхийг манай сургуульд шилжүүлсэн. Маргаан үргэлжилбэл 1738 м.квадрат газрыг манайхаас нэхэмжлэх гэж байна уу, засаг даргаас нэхэмжлэх гэж байна уу, Манайх ямар ч хохирол амсах ёсгүй. Бид хуулийн дагуу эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч нарын ажилд саад болж байгаагүй. Зориулалтын бус газар эзэмшиж байхад бид шаардлага тавихгүй байсандаа харамсаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ сургуулийн зориулалтаар авсан байгаа. Үзлэгийн явцад хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Захиргааны акт илт хууль бус байх үндэслэл тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тайлбарлаж байна. Эрхгүй хүн шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д зааснаар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээ буюу Нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй этгээд мөн. Маргааны үндэслэл тайлбар, нэхэмжлэлийн агуулга тайлбарлахдаа бүрдүүлэх материал дутуу, газрын эрх дуусгавар болсны дараа хэрхэх асуудлыг өмчлөгч нартай тохиролцоогүй гэдэг асуудал ярьж байна. Газар нь давхцалтай байхад олгогдсон гэдэг асуудал ярьж багаа бол илт хууль бус биш актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудал яригдана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ асуудлыг хууль тогтоомжоор зохицуулаагүй учраас маргаан гарч байна гэж хэлж байна. Монгол улс Газар өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой маш сайн хууль тогтоомжтой улс орнуудын нэг. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Аль шүүх шийдвэрлэх вэ гэхээр иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ. Иргэний шүүх хувийн эрх зүйн харилцаа буюу магадгүй Н.С өнөөдөр газраа, үл хөдлөх эд хөрөнгө ашиглаад орц гарцын асуудал ярихад газар эзэмшигч “Г” дунд сургуулиас саад учруулбал “Г” дунд сургуулийг хариуцагчаар тодорхойлж иргэний хэргийн шүүхэд хандаж эрхээ хамгаалах зохицуулалттай. Зохицуулаагүй харилцаа байхгүй маргааныхаа үндэслэл шаардлагыг зөв тодорхойлох ёстой. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч этгээд өөрийнхөө өмчийг ашиглахын тулд бусдын өмчлөх эрхийг хязгаарлах зохицуулалтыг Иргэний хуулийн 150 дугаар зүйлээр зохицуулсан. Өнөөдөр байгаа барилга давхар бүртээ өмчлөгчтэй. Газрын эрх, өмчлөх эрх тусдаа. 2006 онд гаргасан газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоох боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Сайнбаяр, П.Б нар “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар “Г” сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хэсэгт хамаатай талбайг хамарсан 577.2 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үйл баримтын хувьд,
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “2003 онд нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл хийх, хувьчлах байгууллагуудын жагсаалт батлах тухай” 34 дүгээр тогтоолын[1] дагуу нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт, хувьчлал хийх үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн өмчийн 8 дугаар байр /хуучнаар Барилгын техник мэргэжлийн сургуулийн хичээлийн 1 байр/-ыг “Шинжээч-21 дээд сургуульд хувьчлан олгохоор үнийн саналыг Төрийн өмчийн хорооны 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2/1075 дугаар албан бичгийг[2] илгээснээр Шинжээч-21 дээд сургууль нь тус хичээлийн байрыг хувьчлан авсан байна.
“Ш-21” дээд сургууль нь 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Газрын албанд хандаж газрын баталгаажуулалт хийхийг хүссэн ба баталгаат хэмжээг тогтоож, улмаар 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 0001781 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр[3] Ш-21 дээд сургуульд 1738 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний[4] дагуу “Шинжээч 21” дээд сургуулийн захирал С.Д нь Нийслэлийн Газрын албаны даргатай гэрээ байгуулсан. Энэ тохиолдолд маргаан бүхий 1738 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байна.
Нэхэмжлэгч нарын тухайд, нэхэмжлэгч П.Б, Н.С нар нь 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Д өмчийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Y-2205011538 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай барилгын нийт 9 өрөө, заал бүхий 365.7 м.кв талбай бүхий хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээ[5] болон 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ[6]-ний дагуу шилжүүлэн авч, улмаар бүртгэлийн байгууллагад 2,500 төгрөг болон 55,000 төгрөг төлснөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Y-2205011552 дугаарт бүртгүүлж, гэрчилгээг[7] солиулж, 365.7 м.кв объектын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч[8] болсон.
Гуравдагч этгээд “Г” сургуулийн тухайд, “Шинжээч 21” дээд сургууль болон “ерөнхий боловсролын “Г” сургууль нь 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 8,500,000.00 төгрөгийг урьдчилгаанд төлж, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1742 м.кв талбайтай газар бүхий 411.6 м.кв сургуулийн зориулалтын байрыг худалдах худалдан авах гэрээ[9] хийгдэж төлбөрийг төлснөөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205011538 дугаарт бүртгүүлсэн байна.
Улмаар 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ш-21 дээд сургуулийн зүгээс Нийслэлийн Газрын албанд хандаж газар эзэмшүүлэх гэрчилгээг шилжүүлэхийг хүссэн өргөдөл, ерөнхий боловсролын “Г” сургуулийн 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх гэрчилгээг шилжүүлэхийг хүссэн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албанаас 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 060031 дугаар гэрчилгээ[10] олгож, 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу “Г” сургуулийн захирал Г. нь Нийслэлийн Газрын албаны даргатай гэрээ[11] байгуулснаар газар эзэмших эрхтэй болсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 86 дугаар захирамж[12] нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх, газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг тус тус үндэслэн гарсан, тус захирамжийн хавсралтад зааснаар газар эзэмших нэр шилжиж “Г” дунд сургуулийн нэр дээр баталгаажиж, “Ш-21” дээд сургуульд хамаарах заалтыг хүчингүйд тооцжээ.
Энэ үйл баримтын хүрээнд маргаан бүхий 1738 м.кв газрын эзэмших эрх Ш-21 дээд сургуулиас “Г” сургуульд шилжсэн нь тогтоогдож байна.
Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зэрэг олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад олгосон, энэ утгаараа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас тайлбарласан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д: “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх хуульд заасан үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр дээрх 86 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 36.6.8: “газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо” гэж заасныг зөрчсөн хэмээн илт хууль бус болох үндэслэл нь: “тохиролцоог зайлшгүй хийж байж тухайн газар эзэмшигчийн гэрчилгээний зориулалтын өөрчлөх байсан, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч нар болон бусад хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө байсан, тухайн барилга доорх газрыг эзэмшүүлж бусдад шилжүүлж гэрчилгээг шинэчилж өөрчилж байгаа тохиолдолд тухайн барилга өөр хүний нэр дээр байвал яаж газар эзэмших эрх дуусгавар болох, тэр нөхцөлийг ямар байдлаар зохицуулах вэ гэдгийг хоорондоо тохиролцсон байж холбогдох өөрчлөлтийг захиргааны байгууллага хийх ёстой байсан, хоосон газар олгож байгаа мэт шилжүүлсэн, бусдын газар дээр хязгаарлалттайгаар өмчлөх, ашиглуулах тохиролцоог хоорондоо хийж чадсан бол өнөөдөр маргахгүй байсан” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3/1140 дүгээр албан бичигт:
“...2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18641310294920 дугаар бүхий 1680 м.кв талбайтай газар нь Ш-21 НЭДСургууль /РД:96005/-ийн нэр дээр бүртгэгдсэн;
2008 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын талбайн хэмжээнд өөрчлөлт орж нэгж талбарын 18641310294920 дугаар бүхий 1782 м.кв талбайтай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн;
2010 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж нэгж талбарын 18641310294920 дугаар бүхий 1782 м.кв талбайтай газар нь “Г бага сургууль” /РД:2006059/-ийн нэр дээр бүртгэлтэй байна;
2021 оны 06 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаарт өөрчлөлт орж 1680200275 дугаар бүхий 1782 м.кв талбайтай газар нь “Г” бага сургуулийн нэр дээр бүртгэлтэй байна...” гэжээ.
Мөн “Ш 21” дээд сургуулийн захирал С.Д, Нийслэлийн Газрын албатай 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан ба үүнээс хойш 20 хоногийн дараа газар эзэмших эрхтэй байсан үл хөдлөх хөрөнгөөс 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэг агуулгатай, бэлэглэлийн гэрээнд газрын эрхтэй холбоотой заалт байхгүй, зөвхөн үл хөдлөх хөрөнгө болох сургуулийн 9 өрөө бэлэглэхээр, харин худалдах худалдан авах гэрээнд эзэмшлийн 281.3 м.кв газрын эрхийн хамтаар 9 өрөө худалдахаар хийсэн үйл баримт байгаа нь нэхэмжлэгч нар зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр өмчлөлдөө авах тухай асуудал ба харин газар эзэмших эрхийн талаар дурдагдаагүй байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12/3146 дугаар албан бичигт: “...иргэн П.Б, Н.С нарын нэр дээр 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн Засаг даргын захирамжтай газар эзэмшүүлэх эрх бүртгэгдээгүй”, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/4269 дүгээр албан бичигт: “...иргэн П.Б, Н.С нарт газар эзэмших эрх үүсээгүй” гэх баримтууд хэрэгт авагдсан.
Ийнхүү нэхэмжлэгч талаас маргасан үндэслэлийг хэрэгт цугласан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллагаас сургуулийн зориулалттай эзэмшүүлсэн маргаан бүхий 1738 м.кв газар эзэмших эрх нэгж талбарын болон зориулалтын хувьд өөрчлөгдөхгүйгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу “Ш-21” сургуулиас гуравдагч этгээд “Г” сургуульд шилжиж баталгаажсан нь нотлогдож, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль зөрчигдөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С, Н.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар “Г” дунд сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хэсэгт хамаатай талбайг хамарсан 577.2 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б
[1] 1-р хавтаст хэргийн 246-р хуудас
[2] 1-р хавтаст хэргийн 245-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 138-р хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 140-р хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 172-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 14-р хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 171-р хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 176-р хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 104-р хуудас
[10] 1-р хавтаст хэргийн 147-р хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 119-р хуудас
[12] 1-р хавтаст хэргийн 159-162-р хуудас