Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0388

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0388

Улаанбаатар хот

 

 

Э ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга болон гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Э ХХК

Хариуцагч АМГТГКХ

Гуравдагч этгээд : Т ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, Э.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахимаар/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э, Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

 

Хэргийн индекс: 128/2023/0275/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/02 тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/** дугаарт албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын геологийн уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсэг, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр шийдвэр хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б давж заалдах гомдолдоо:

2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, уг... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлсэн хэмээн хэлбэрийн шийдвэр гаргаж байгааг зөвтгөх боломжгүй юм хэмээн илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон шийдвэрийн 1 дэх заалтаараа Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 06 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдсугай хэмээн шийдвэрлэсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар болон дээр дурдсан шүүхийн шийдвэрээр олгосон эрх хэмжээний хүрээнд сонголтоо хийн чиг үүргээ хэрэгжүүлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр буруутган заавал шинээр захиргааны акт гаргах үүрэгтэй мэтээр дүгнэсэн нь уг шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг нотолж байна.

2.2. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамж, өмгөөлөгч Д.Б******, Ө.Э нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал геологи, уул уурхайн газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох түүний 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг 6 сарын хугацаанд түдгэлзүүлж, улмаар Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдож эхлэх бөгөөд Ашигт малтмал газрын тосны геологи уул уурхайн кадастрын хэлтсээс тус хугацаа дотор буюу 2021 оны 07 дугаар сарын 25-ны дотор ямар нэгэн шинэ акт гараагүй. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчингүй болсон.

3.2 Шүүхээс тогтоосон хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч Талын гал ХК-иас гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1** тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж тус өдрийн 0*** тоот гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Тус гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулснаар Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр шийдвэр гарч Ашигт малтмал геологи, уул уурхайн газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүний үр дүн захиргааны үйл ажиллагаа биш тул захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй. Гэтэл захиргааны хэргийн шүүх өөрийн шийдвэрийн 2 дахь заалт буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасан үр дагаврын бодит биеллийг олуулах зорилгоор 2020 оны 1995 тоот захирамж тус өдрийн 0*** тоот гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн тус газар шүүхийн шийдвэр гүйцэтгэж ажиллагаа дуусгавар болгосныг өөрөө дахин хүлээн авч өөрийн бичсэн гүйцэтгэх хуудас, албадан биелүүлэх захирамжийг биелүүлсэн шийдвэрийг дахин түдгэлзүүлж байгаа нь энгийн ухамсрын түвшинд ч огт утга учиргүй үйлдэл үйл ажиллагаа юм. Нэгэнт тогтоосон хугацаа өнгөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасан үр дагавар үүссэн бол энэ нь шүүхийн шийдвэрээр үүссэн хууль зүйн үйл баримт бөгөөд аливаа этгээд нэхэмжлэл гаргах гомдол гаргах эрхгүй.

2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШШ2024/0142 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.12 дахь хэсэг нь илт үндэслэлгүй, урьд өмнө нь шийдвэрлэгдсэн анхан шатны шүүхийн 2020 оны 0**** дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчид шинэ акт гаргахыг даалгасан шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүхээс 0**** дугаар шийдвэрээр шинэ акт гаргахыг даалгасан мэтээр өмнөх шийдвэрийг гүтгэж гуйвуулж тайлбарласан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны **** дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2021 оны 32 дугаар тогтоол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу гарсан байхад тус хуулийн 106.3.4-д зааснаар гарсан мэтээр гуйвуулан тайлбарласан. Үүнийг нэг шаардлага мэт тайлбарлан дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөд байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-д заасныг үндэслэж хэлбэрийн шийдвэр гаргасныг зөвтгөх боломжгүй гэж шийдвэрлэж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.13 дахь хэсгээс үзвэл хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан **** дүгээр шийдвэрийн дараагаар сонсох ажиллагаа хийх нь үндэслэлгүй, түүнчлэн уг шийдвэрийг гаргахад сонсох ажиллагааг хийх шаардлагагүй юм. Мөн шүүхийн шийдвэрийн 4.15 дахь хэсэг ойлгомжгүй, шүүх хариуцагч байгууллагыг шалган тогтоох ажиллагааг заавал хийх шаардлагатай гэж даалгасан агуулга бүхий нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасан шүүхээс гарах шийдвэрийн төрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7-д байсан бөгөөд тус заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 20 дахь хэсэгт Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан ... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд тус маргаанд хариуцагчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр шийдвэр шүүхийн шийдвэр биелүүлж гарсан тул хууль ёсны гэж маргадаг болно.

2.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн 50.2-д заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

1.            Нэхэмжлэгч Э ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өрийн 0453 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогоолыг биелүүлж, 2008 оны 1**** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нь анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

3.            Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан дурдан, маргаан бүхий 2022 оны **** дүгээр шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэхдээ Хариуцагч нь ... улсын дээд шүүхийн 2021 оны 32 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан нэмж тодруулах ажиллагааг огт хийгээгүй болох нь шүүхээс ямар ажиллагаа явуулсан талаар шаардсаны дагуу хариуцагчаас баримт, тайлбарыг ирүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн хэмээн хэлбэрийн хувьд шийдвэр гаргаж байгааг зөвтгөх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4.            Хариуцагч давж заалдах гомдолдоо ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 1**** дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, 107.6-д зааснаар шинэ акт гаргаагүй бол хүчингүй болохыг дурдсан, ... уг шийдвэрээр олгосон эрх хэмжээний хүрээнд сонголтоо хийн чиг үүргээ хэрэгжүүлсэнтөрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэлгүйгээр бурутуган заавал шинээр акт гаргах үүрэгтэй мэдээт дүгнэсэн уг шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон гэжээ.

4.1.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар хугацаа тогтоож маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллага нь тухайн шүүхийн шийдвэрт заасан хугацаанд нэмж тодруулах ажиллагааг явуулсны үндсэн дээр шинэ акт гаргаж, тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

4.2.             Хуулийн 107.6-д заасан ... шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан нь захиргааны байгууллагад шүүхийн шийдвэрийг биелүүлэх, эсхүл үл биелүүлэх талаар сонгох боломж олгосон зохицуулалт биш тул энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.            Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтыг хэлэглэлгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэжээ.

5.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2023/0529 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн **** дүгээр захирамжийн мөн хуулийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон 2 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

5.2. Энэ хэргээс өмнө маргаан бүхий 2022 оны **** дүгээр шийдвэрийн талаар гаргасан нэхэмжлэлийг дүгнэж шийдвэрлэсэн, эсхүл хүлээн авахаас татгалзсан шийдвэр байхгүй байх тул 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6.            Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо ... **** дүгээр шийдвэр бол шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны байгууллагын мэдэгдлийн шинжтэй баримт бичиг учир дээрх хуулийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тул хүлээн авахаас татгалзах талаар тайлбар гаргаж байсан. гэжээ.

6.1. Хариуцагчийн гаргасан **** дүгээр шийдвэрээр Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон 2008 оны 1**** дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь тухайн хэргийн гуравдагч этгээд Э ХХК-ийн эрх, ашиг сонирхолд сөрөг үйлчлэлтэй акт байх тул захиргааны акт биш мэдэгдлийн шинжтэй баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй.

7.            Мөн давж заалдах гомдолд ... Шүүхийн шийдвэр биелүүлж гарсан шийдвэрийг дахин дахин шүүхээр маргах үндэслэлийг бий болгож байна ... өмнөх шүүхийн шийдвэрийг гуйвуулж , 106.3.4-д заасан даалгах шийдвэр мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөд байна. ... 106.3.11-д заасан шийдвэр нь өмнөх шийдвэрээ эргэн харах, эрх зүйн зөрчлөө арилган дахин засварлах нэг удаагийн боломжийг тодорхой хугацаатайгаар олгосон шийдэл, энэ боломжийг хариуцагч ашиглаагүй шинэ акт гаргаагүйгээрээ 107.6-д заасан үр дагаварт хүрэхээр чиглэгдсэн. ... 2002 оны хуулийн 70.2.7-г тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж **** дүгээр шийдвэрээ гаргасан, ... 3 шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн, захиргааны байгууллагыг биш шүүх өөрөө өөрийгөө буруутгасан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

7.1.    Анхан шатны шүүх хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаагүй атлаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан гэж дурдсан нь буруу байна.

7.2.    Шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгохыг даалгаагүй тул анхан шатны шүүхийг 3 шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн гэж үзэхгүй, хариуцагч нь шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхдээ заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актыг хүчингүй болгох, эсхүл хэвээр үлдээх талаар шинэ акт гаргах үүрэгтэй. Гэтэл огт ямар ч ажиллагаа явуулалгүй (хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд ямарч ажиллагаа явуулаагүй гэдгээ тайлбарласан) атлаа хүчингүй болгосныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд захиргааны байгууллагын баримтлах ёстой шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцэхгүй тул дээрх гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч АМГТГКХ дарга Д.Б, гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, өмгөөлөгч Д.Б******, Ө.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ