Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 119

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч Ж.Төмөрболд нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саруул овогт Жамсрандоржийн Төмөрболдод холбогдох эрүүгийн 201611000351 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 1-3 тоотод оршин суух, Дорнод аймгийн "Нийтийн аж ахуй" ХХК-д сантехникч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ЖЯ81030716 регистрийн дугаартай, Саруул овогт Жамсрандоржийн Төмөрболд.

Шүүгдэгч Ж.Төмөрболд нь согтуугаар 2016 оны 07 сарын 31-ний өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Адуунчулуун" уурхайн засмал зам дээр Соната-2 маркийн 61-48 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…", мөн дүрмийн 2.7.а-д заасан "согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9.2-т заасан "…жолооч саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…", мөн дүрмийн 12.9-т заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 25-52 ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж зорчигч Г.Дамбацэрэнгийн биед суурь яс болон дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархины няцрал бүхий хүнд гэмтэл, дагзны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн 1 дүгээр хурууны шарх бүхий хөнгөн гэмтэл, мотоциклын жолооч Ө.Батбаярын биед оочны шарх,  дух,  хамрын  нуруу,  цээж  зүүн  тохой,  зүүн  шуу, 5  дугаар хуруу,  зүүн  гуяны зулгаралтууд, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт 234500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ж.Төмөрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргийнхээ бурууг ойлгож байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирлын мөнгийг төлсөн гэв.

Хохирогч Г.Дамбацэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "…Ө.Батбаяр мотоциклтой ирээд "манай ах ирээгүй биз" гэж асуугаад надаас авгайгийнх нь эгчийн гэрийг заагаад өгөөч гэхээр нь би …очсон. Тэгээд Ө.Батбаяр бид хоёр Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын хороололд очиж ахынх нь эхнэртэй уулзахад 3 дугаар байшингийн гадаа үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уурхайн засмал зам руу ороод урагшаа явж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна …" гэжээ. /хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 590 тоот дүгнэлтэд: 1. Г.Дамбацэрэнгийн биед суурь яс болон дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархины няцрал, тархины хаван, дагзны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн 1-р хурууны өнгөц шарх, баруун болон зүүн тохойн зулгаралт, зүүн шагайн зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шагай, зүүн хөлийн тавхайн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх суурь яс болон дагз ясны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины хатуу хальсан доорх цус хуралт болон тархины няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал болон баруун хөлийн 1-р хурууны өнгөц шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун болон зүүн тохойн зулгаралт, зүүн шагайн зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шагай, зүүн хөлийн тавхайн цус хуралт бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид гэмтэл нь эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх 65-66/

-    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/

-    Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

-    Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осолд тогтоосон акт /хх-ийн 14-15/

-    Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/

-    Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/

-    Хохирогч Г.Дамбацэрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 32-33/

-    Гэрч Б.Мөнхтуяаг байцаасан тэмдэглэл /хх-ийн 47-48/

-    Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66/

-    Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/

-    Г.Дамбацэрэнгийн гаргасан өргөдөл /хх-ийн 110/

- Шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Төмөрболд нь согтуугаар 2016 оны 07 сарын 31-ний өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Адуунчулуун" уурхайн засмал зам дээр Соната-2 маркийн 61-48 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…", мөн дүрмийн 2.7.а-д заасан "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9.2-т заасан "…жолооч саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…", мөн дүрмийн 12.9-т заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 25-52 ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж зорчигч Г.Дамбацэрэнгийн биед суурь яс болон дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархины няцрал бүхий хүнд гэмтэл, дагзны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн 1 дүгээр хурууны шарх бүхий хөнгөн гэмтэл, мотоциклын жолооч Ө.Батбаярын биед оочны шарх,  дух,  хамрын  нуруу,  цээж  зүүн  тохой,  зүүн  шуу, 5  дугаар хуруу,  зүүн  гуяны зулгаралтууд, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт 234500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Г.Дамбацэрэн, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг, гэрч Б.Мөнхтуяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 590 тоот, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 25 тоот дүгнэлтүүд зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                 Шүүгдэгч Ж.Төмөрболдын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдан мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

     Иймд шүүгдэгч Ж.Төмөрболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Ж.Төмөрболд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн

улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч Г.Дамбацэрэнд 1534500  төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт 234500 төгрөг тус тус төлсөн, одоо төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүйг харгалзан шүүгдэгч Ж.Төмөрболдын эзэмшлээс 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай эсгий гэр битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн Ж.Төмөрболдын 377869 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, АЯ0291844 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гэрч Б.Жамсрандоржид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Саруул овогт Жамсрандоржийн Төмөрболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуугаар, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Төмөрболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан  Ж.Төмөрболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Ж.Төмөрболд нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд хохирогч Г.Дамбацэрэнд 1534500 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгчид 234500 /хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг тус тус төлсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь "нэхэмжлэх зүйлгүй" гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ж.Төмөрболдын эзэмшлээс 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ж.Төмөрболдын 377869 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, АЯ0291844 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гэрч Б.Жамсрандоржид буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Ж.Төмөрболдод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн  тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                    Ж.ДОЛГОРМАА