Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00125

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02216 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 50 462 151 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

101 597 594 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч З.Галаанямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх,

Хариуцагчийн төлөөлөгч З.Галааням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сард хуучин ашиглаж байсан модон гүүр нурж, баруун аймгуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсантай холбогдуулан тухайн үеийн Зам Тээврийн яамнаас ажлын хэсэг томилогдон газар дээр нь ажиллаж, уг замын чиглэлд ажил гүйцэтгэж байсан манай компаниар шинээр баригдаж буй гүүрийн ажлыг яаралтай дуусгуулах үүрэг өгсөн. Үүний дагуу гүүрний ажлыг дуусгахад шаардлагатай үлдэгдэл төсвийг 314 079 799 төгрөгөөр тооцон гаргаж, үүнээс улсын төсвийн үлдэгдэл 205 462 151 төгрөгийг “Т” ХХК-тай туслан гүйцэтгэгч гэрээ байгуулж олгох, төсөвт тусгагдаагүй 108 617 648 төгрөгийг яамны онцгой ажлын зардлаас санхүүжүүлэх шийдвэр гарсны дагуу Зам тээврийн яамтай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 111 тоот гэрээ, “Т” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15-06 тоот гэрээг тус тус байгуулсан.

Манай компани уг гэрээний үүргээ биелүүлж 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06/08/2015 тоот улсын комиссын актаар гүүрний ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу олгогдох 108 617 648 төгрөгийн санхүүжилт бүрэн хийгдсэн бөгөөд, харин “Т” ХХК-тай байгуулсан гэрээний 205 462 151 төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаас Зам тээврийн яамны дансанд орж ирмэгц “Х” ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч уг ажил гэрээний дагуу явагдалгүй “Т” ХХК-ийн данс руу шилжиж байсан. Энэ үед “Т” ХХК нь өөрийн дансанд орсон мөнгийг “Х” ХХК руу бүрэн гүйцэт шилжүүлэхгүй байснаас үүдэн уг гэрээний үлдэгдэл төлбөр 50 462 151 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй 2 жил болсон байна. Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын төмөр бетон гүүрийн ажлыг дуусгасан “Х” ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15-06 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 50 462 151 төгрөгийг нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 101 597 594 төгрөгийг манай компани хариуцах ямарч үндэслэлгүй юм. Учир нь, зам барилгын ажлыг гүйцэтгэгч ямар ч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төв хянаж баталгаажуулж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг эрх бүхий байгууллага юм. Манай компани нь “Т” ХХК-тай яг адилхан гүйцэтгэгч компани учраас нөгөө компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хянах, хийсэн гүйцэтгэлийн үнийн дүнг хасах бууруулах зэрэг ямар ч боломж байхгүй юм.

“Т” ХХК-ийн шүүхэд бүрдүүлж өгсөн баримт болох Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Идэрийн голын 169.08у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын №11 гүйцэтгэлээс суутгах ажлын актад дурдсанаар №11 гүйцэтгэл дээр илүү бичигдэж орсон сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 101 597 594 төгрөгийг суутгах тухай шийдэж, Зам, тээврийн хөгжлийн яамны эрх бүхий албан тушаалтнууд болон “Т” ХХК-ийн захирал З.Галааням нар зөвшөөрөн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна. Уг актыг үйлдэх ажилд манай компанийн оролцоо огт байхгүй бөгөөд оролцох эрх зүйн үндэс байхгүй болно.

Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаа эхлүүлсэн тухайд “Т” ХХК-аас орж ирэх мөнгийг хүлээсэн биш, уг ажлыг гүйцэтгэхээр Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан онцгой ажлын гэрээ нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсонтой холбоотой юм. “Т” ХХК нь 2011 онд уг гүүрийн ажлаа эхлүүлсэн боловч дуусгаж чадалгүй ажил нь зогссон үед 2015 оны 04 дүгээр сард хуучин модон гүүр нурж унаснаас шалтгаалан Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр дуусаагүй ажлыг нь манай компани барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн.

Аль компани энэ ажлыг дуусгасан талаар 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №01 тоот комиссын хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлд дурдсан шаардлагыг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч “Т” ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа ажлын хэсгийн хурал, үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдэх зэрэг бүх үйл ажиллагаанд оролцож гарын үсэг зурж, тамга дарж байсан бөгөөд хэрэв өөрсдийг нь хууль бусаар дарамталсан бол энэ талаар зохих байгууллагад гомдол санал гаргах бүх эрх нь нээлттэй байсан байхад одоо 2 жилийн дараа ийнхүү хариуцагчаа андуурсан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа асуудал нь гэрээний үүргээ биелүүлэхээс хойш сууж, цаг хожин хугацааг сунжруулах гэсэн санаатай үйлдэл гэж манай компанийн зүгээс үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч З.Галааням шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 168.09 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерт оролцон ялж 2011 онд Зам тээврийн яамтай гэрээ байгуулж, 2012 онд барилгын ажлыг эхлүүлж, 2015 оны 07 дугаар сард гэрээний дагуу ажлаа хугацаандаа дуусгаж, Улсын комисс ажиллан гүүрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ.

2014 оны 10 дугаар сард тухайн гүүрийн ажил дээр зохих журмын дагуу гарган өгч баталгаажсан манай гүйцэтгэлийн санхүүжилт төсөвт мөнгөгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлогдсон байна. Манай компанийн барьж буй гүүрийн хажууд байрлах хуучин модон гүүр 2015 оны 04 дүгээр сард нурж унаснаас болж шинэ гүүрийн ажлыг яаралтай дуусгах шаардлагатай байгааг Зам тээврийн яамнаас манай компанид мэдэгдсэн болно. Ингээд “Х” ХХК-тай гэрээ хийх болтол манай компанийн дээр дурдсан 2014 онд гүйцэтгэсэн ажлын тухайн үед олгогдоогүй байсан 275,52 сая төгрөгийн гүйцэтгэлээс 101,6 сая төгрөгийг зориудаар илүү гүйцэтгэлтэй гэж хассан. “Х” ХХК-д олгохоор болж, нийт 205 400 000 төгрөгөөр гэрээ байгуулах байсан боловч магадлашгүй ажлыг манай компани өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн тул энэ ажлын 36 700 000 төгрөгийг хасаж, 169 200 000 төгрөгийн үнийн дүнгээр үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан болно.

“Х” ХХК нь Зам тээврийн яамнаас онцгой ажлын зардал нэрээр дахин 108 600 000 төгрөгийг нэмж авахаар ажлын гүйцэтгэлийг гаргасан байдаг. Манай компанийн зүгээс өгөх боломжгүй гэсэн боловч мэргэжилтэн н.Минжбадам нь тэгвэл танай санхүүжилтийг гацаана, гэрээг цуцална гэж дахин дарамталж манай компани гүйцэтгэлээсээ 115 000 000 төгрөгийг өгч ажлаа эхлүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 50 400 000 төгрөг төлөгдөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай 2 компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани 2 удаагийн шилжүүлгээр 115 000 000 төгрөг болон 40 000 000 төгрөг, нийт 155 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээний үлдэгдэл нь 14 282 339 төгрөг байх болно.

“Х” ХХК нь Зам тээврийн яамнаас онцгой ажлын зардал нэрээр дахин 108 600 000 төгрөгийг нэмж авсан. Гэтэл онцгой байдал гэж баахан сүржигнэж нэн даруй ажлаа эхлүүлнэ гэсэн “Х” ХХК нь манай компанийн гүйцэтгэлийг орж иртэл ямар ч ажил хийгээгүй бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай гүйцэтгэлээс ахлах мэргэжилтэн н.Минжбадамаар дахин дарамтлуулж ажил эхлүүлэх мөнгө байхгүй тул 150 000 000 төгрөг өгөхийг шаардсан болно. “Х” ХХК нь талбайд хэзээ ажлаа эхэлсэн болохыг хяналтын инженер Д.Наранхүүгийн тодорхойлолтоос харагдана.

Ажлын гүйцэтгэлээс суутгах акт гэдэгт манай компанийг 95 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа сүүлийн хэсэгт ямар ч баримт нотолгоогүйгээр илүү гүйцэтгэл 101 500 000 төгрөгийг суутгана гэж оруулсан нь энэхүү акт баримт нь ямар ч хууль эрх зүйн акт болж чадахгүй гэдгийг харуулж байна. Энэ нь зөвхөн “Х” ХХК-тай хийсэн 314 000 000 төгрөгийн үнийн дүнд тааруулан манай компанийн санхүүжилтээс хууль бусаар намайг дарамтлан гарын үсэг зуруулж гаргасан баримт болно. Хэрэв илүү гүйцэтгэл гэж үзсэн бол Зам тээврийн яам болон тухайн ажлын гүйцэтгэл чанарыг хянадаг Авто замын хяналт эрдэм шинжилгээний төвөөс томилогдсон хяналтын инженер Д.Наранхүүг байлцуулан газар дээр нь ажлын комисс гарч илүү гүйцэтгэлийг баталгаажуулан хурлын протокол болон акт гарах ёстой билээ. Иймд ажлын №11 тоот гүйцэтгэлээс суутгах акт гэсэн хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэн Зам тээврийн яамны танил тал, эрх бүхий албан тушаалтны дарамт, шахалтаар манай компанийн гүйцэтгэлээс суутгаж авсан 101 597 594 төгрөгийг “Х” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 50 462 151 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, “Х” ХХК-иас 101 597 594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 408 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, “Т” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 665 938 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05494, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08984 дугаартай захирамжуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Хариуцагч “Т” ХХК-иас шүүхийн шийдвэрээр гаргах мөнгөн дүнг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Галааням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхэд 2 гэрээг нотлох баримтаар өгсөн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь асуулт хариултын үед 169.2 сая төгрөгөөр гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч байхад энэ талаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч уг тэмдэглэлтэй танилцуулахгүй байгаа.

Анхан шатны шүүх 2 гэрээний нэгийг нь үнэлж, нөгөө гэрээг нь ямар учраас нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу нотлох баримт үнэлсэн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч, үндсэн нэхэмжлэлийн 50 462 151 төгрөгөөс 14 282 339 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 36 179 812 төгрөгт холбогдох хэсгийг төлөх үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 50 462 151 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 101 597 594 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 169.09 м төмөр бетон гүүрийн дутуу ажлыг гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчээр “Х” ХХК-ийг ажиллуулах шийдвэрийг Зам тээврийн яамны тухайн ажлыг хариуцсан ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу тус компани 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр захиалагч “Т” ХХК-тай ажил туслан гүйцэтгүүлэх 15-06 дугаартай гэрээг байгуулсан /хх-10,11/, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ахалсан ажлын хэсэг гүүрийн барилгын ажлыг ашиглалтад хүлээн авсан /хх-14-20/ нь ашиглалтад хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

            Ажлын хэсэг “Х” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэхдээ нэмэлт ажлын төсвийг нийт 314 079 799 төгрөг гэж, үүнээс 205 462 151 төгрөгийг “Т” ХХК-ийн гүүрийн ажлын төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэхээр, үлдэх 108 617 648 төгрөгийг өөр эх үүсвэрээс удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэхээр  хурлын тэмдэглэлд тусгагдсан, захиалагч “Т” ХХК нь 205 462 151 төгрөгийн гэрээний үнэ бүхий ажил туслан гүйцэтгүүлэх гэрээг зөвшөөрч гарын үсэг зуран, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд оролцож, гарын үсгээр баталгаажуулсан, улмаар ажлын хөлсөнд 155 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг 50 462 151 төгрөгөөр баталгаажуулсан санхүүгийн баримт хэрэгт авагдсан байна. /хх-22-24/

            Дээрх баримтуудаас үзвэл талуудад Иргэний хуулийн 343  дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг эрх бүхий комисс хүлээн авсан  тул  хариуцагч тал Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар  ажлын хөлсийг даруй төлөх үүрэгтэй.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасанд болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний “гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч хөлсийг саадгүй төлөх тухай” “Дөрөв” дэх хэсгийн заалтад нийцсэн байна.

            Хариуцагч талаас ажлын хөлсийг өөрөөр буюу 173 975 282 төгрөгөөр тодорхойлсон 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ажил туслан гүйцэтгүүлэх 15-06 дугаартай гэрээг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ болгож, шүүхэд баримтаар гаргасан  ба энэ нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар няцаагдаж байхаас гадна магадлашгүй ажлын 36 742 379 төгрөгийн зардал “Т” ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн задаргаанд /хх-47/ тусгагдсан боловч уг зардлыг “Х” ХХК-д шилжүүлэх зардлаас хасах талаар гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр эрх бүхий этгээдээс шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй  байна.

            Иймд хариуцагчийн татгалзал, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг  хангах боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ