Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03702

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: БГДТХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “НХ” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өр төлбөрт 9.940.777 төгрөг 07 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НХ” ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5671213 тоот регистрийн дугаартай, хязгаарлагдмал хариуцлагатай комданийн үйл ажиллагаа явуулж ирсэн. “НХ” ХХК нь 2017 оны жилийн эцсийн тайлангаар үүссэн төлбөр, 2016, 2017 оны татварын өр төлбөрийг төлж барагдуулаагүй. Татварын Ерөнхий хуульд зааснаар үл маргах журмаар төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх битүүмжлэхээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулахад “НХ” ХХК-ийн нэр дээр ямар ч үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байсан. Иймд барьцаалах, битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй. “НХ” ХХК-ийн банк  дахь харилцах дансыг Татварын албаны мэдэгдлээр хаасан. Татварын Ерөнхий хуульд зааснаар аж ахуй нэгжийн орлогын албан татвар, бусдад цалин хөлс олгосноос улсад төлөх ёстой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 9.940.777.07 мөнгө гаргуулахаар шүүхэд хандсан. 2018 оны 3 дугаар сард Татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл хариуцагч компанийн захирлыг дуудаж уулзан төлбөрийн мэдэгдэх хуудсыг гардуулсан. 10 хоногийн хугацаанд төлбөрөө төлөхгүй бол арилжааны банк дахь данс хаана, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ажиллагаа хийхийг мэдэгдсэн ярилцлагын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд шинжлэн  судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БГДТХнь хариуцагч “НХ” ХХК-иас албан татварын өр төлбөрт 9.940.777 төгрөг 07 мөнгө гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

Хариуцагч “НХ” ХХК-ийн захирал Г.Батдэлгэр нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан 2017 оны жилийн эцсийн тайлангаар хариуцагч “НХ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар дутуу төлсөн 2.707.002 төгрөг 70 мөнгө, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар дутуу төлсөн 4.737.665 төгрөг 60 мөнгө,  Цалин, хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангаар дутуу төлсөн 2.496.109 төгрөг 40 мөнгө, нийт 9.940.777 төгрөг 70 мөнгөний татварын өр төлбөртэй гарчээ.

Татварын баталгаажсан тайлан, татварын албаны мэдэгдэх хуудас, татварын улсын байцаагчийн тэмдэглэл, татварын өрийн тооцоолол зэрэг баримтаар дээрх өр төлбөртэй болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Татварын Ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн болох нь татвар төлөгчийн харилцах банк дахь дансыг хаасан мэдэгдлээр нотлогдож, өр төлбөр барагдаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан татварыг тогтоосон хугацаанд төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагаас 2017 оны жилийн эцсийн тайлангаар гарсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар дутуу төлсөн 2.707.002 төгрөг 70 мөнгө, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар дутуу төлсөн 4.737.665 төгрөг 60 мөнгө,  Цалин, хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангаар дутуу төлсөн 2.496.109 төгрөг 40 мөнгө, нийт 9.940.777 төгрөг 07 мөнгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн, 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НХ” ХХК-иас татварын өр төлбөрт 9.940.777 төгрөг 07 мөнгийг гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174.002 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ