Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/674

 

 

 

 

 

 

 

 

   2022           09            06                                          2022/ШЦТ/674

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн, 

улсын яллагч Б.Чинзориг, 

шүүгдэгч Н.А,

хохирогч Б.Ц нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Нийн Аод холбогдох 2105022890147 дугаартай эрүүгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ Ү” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 605 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Б овогт Нийн А, /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.А нь “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим “Хьюндай аэро сити” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Б.Цыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Ц унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Н.А нь “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим “Хьюндай аэро сити” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Б.Цыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Ц унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цын “...гомдолтой...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Аын “…гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2105022890147 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-76 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сиди бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Цын хохирогчоор өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Их Засаг их сургуулийн автобусны буудлаас автобусанд суугаад Гандантэгчлэн хийдийн автобусны буудал дээр буух гээд автобусны хойд хаалгаар буухдаа зүүн хөлөө газарт гишгээд баруун хөлөө автобусны шатнаас буулгаж амжаагүй байхад автобус хөдөлсөн. Тэгээд би зүүн талаараа газарт унасан. Гэтэл жолооч автобусаа зогсоогоод над руу ирсэн. Тухайн үед миний хөл, гуя, өгзөг хэсэг хавдсан бөгөөд би хүүхдүүд рүүгээ залгаж тэр даруй түргэн дуудаж ГССҮТ-өөс ирж намайг эмнэлэг авч явсан. Надад учирсан гэмтлийг автобусны жолооч учруулсан бөгөөд би маш их гомдолтой байна. Жолооч надад эмчилгээний зардал гэж 800.000 төгрөг, хонины гуя авч ирж өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мийн  иргэний хариуцагчаар өгсөн “...Болсон ослын талаар мэдэх зүйл байхгүй...иймээс манай компанийн зүгээс ослын улмаас бусдад учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлж барагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 174 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүүгээр сарын 01-ний өдрийн 10562 дугаартай “...Б.Цын биед зүүн дунд чөмгийн төвгөр дайрсан далд хугарал, бүсэлхийн 4-р нугалмын их биеийн ар доод гадаргуугийн сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ц нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх  /хх-ийн 24-26 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 221 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 95-96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Аын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр ... улсын дугаартай автобустай Гандангийн арын автобусны буудал дээр очоод зорчигчдыг буулгаж суулгасан. Тухайн үед 10 орчим хүн бууж, хүн суугаагүй. Ковидын үе байсан болохоор гялгар уутан хаалттай байсан. Би ар талын хаалгаа хаалгүйгээр хөдөлсөн бөгөөд тэр настай хүнийг бууж байгааг хараагүй. Хүн буугаад дууссан гэж үзсэн учир хөдөлсөн. Тэр настай эмэгтэйд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. 500.000 төгрөгөөр 1 удаа, 300.000 төгрөгөөр 1 удаа эмчилгээний мөнгө өгсөн бөгөөд нэг удаа эргэж очсон. Осол болсноос хойш 2 сарын дараа би ажлаасаа гарсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд мод хийж байгаа. Би 6-16 насны 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр ажил хийдэггүй, би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Одоо модны ажил дуусвал тухайн эмэгтэйд мөнгө өгнө...”  /хх-ийн 106 тал/,

 

Хохирогч Б.Цын эмчилгээний зардал болох 621.575 төгрөгийн баримтууд /хх-ийн 40-44 тал/, 450.000 төгрөгийн баримтууд /хх-128-141 тал/ 789.710 төгрөгийн баримтууд /хх-н 189-204 тал/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 474.979 төгрөгийн баримтууд /хх 222-225 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Аын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 91 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 47 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, “Ү” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 50 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 52-60 тал/, Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 85-86 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Аод холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Н.А нь “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим “Хьюндай аэро сити” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Б.Цыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Ц унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Н.Аын мэдүүлгүүд, хохирогч Б.Цын мэдүүлгүүд, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-76 тал/, сиди бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүүгээр сарын 01-ний өдрийн 10562 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-31 тал/, 221 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 95-96 тал/, хохирогч Б.Ц нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх  /хх-ийн 24-26 тал/, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын мэдүүлэг /хх-ийн 79 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц “...дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэж мэдүүлж тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Н.А нь “Хьюндай аэро сити” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд эмчилгээний зардалд нийт  2,285,789 /хоёр сая хоёр зуун наян таван мянга долоон зуун наян ёс/ төгрөгийн эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч Н.А нь 1,350,000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөгийн хохирлыг  төлж барагдуулсан  байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр  зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хохирогч Б.Цын нэхэмжилсэн нийт 2,285,789 /хоёр сая хоёр зуун наян таван мянга долоон зуун наян ёс/ төгрөгийн  нэхэмжлэлээс үлдсэн 935,879 /есөн зуун гучин таван мянга найман зуун далан ёс/ төгрөгийг иргэний хариуцагч Ү ХХК-с гаргуулж хохирогч Б.Цад олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Цын гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын зардалд нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоол гарах үед тооцоолон шийдвэрлэхэд хангалттай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж Иргэний хуулийн 499.1 дэх хэсэг, 499.4 дэх хэсэг,  505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч  “Ү” ХХК-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.А нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Аод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол ялтын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Н.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

   

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол ялтын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд эмчилгээний зардалд нийт 2,285,789 /хоёр сая хоёр зуун наян таван мянга долоон зуун наян ёс/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.А нь 1,350,000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдаад үлдэгдэл 935,879 /есөн зуун гучин таван мянга найман зуун далан ёс/ төгрөгийг иргэний хариуцагч Ү ХХК-с гаргуулж хохирогч Б.Цад олгосугай.

 

6. Хохирогч Б.Цын гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын зардалд нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг зардлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Ү ХХК-с журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Н.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ