Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/687

 

 

 

 

 

 

     2022           09           12                                       2022/ШЦТ/687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Ж.Энхжаргал /тээврийн прокурор/

Шүүгдэгч: Л.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И овогт Л Зт холбогдох 2203003700386 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 01-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, “Э” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

И овогт Лын З, /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.З нь “2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 08 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Барс” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедад зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.З нь “2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 08 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Барс” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедад зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Зын “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2203003700386 дугаартай хэргээс:

2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Л.Бын хохирогчоор өгсөн “...Би явган хүний гарцаар урдаас хойш чигт явж байтал машин гэнэт ухасхийгээд намайг мөргөсөн. Би машины урд талд зүүн талаараа газар унасан. Хар хөх өнгийн машин харагдсан бөгөөд дугаарыг нь хараагүй. Жолооч нь махлаг залуу намайг өргөөд, машины хойд талын суудал дээр суулгаж, цагдаа эмнэлэг дуудсан байх. Удахгүй эмнэлэг болон манай охин н.А нар ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан бөгөөд нуруунд хугарал, зүүн хөлд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Би элэгний хавдартай, 2021 оны 8 дугаар сарын 02-нд хагалгаанд орсон. Эход үзүүлэхэд хавдар дахисан байж магадгүй, нээж үзэж хагалгаа хийнэ гэсэн. Хавдар нь зам тээврийн ослын гэмтэлтэй ямар ч холбоо байхгүй, осолд орохоос өмнө зураг авхуулж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Л.Бын дахин хохирогчоор өгсөн “...Жолоочоос миний эмчилгээнд гарсан хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Нийт хэчнээн төгрөг гарсныг жолооч өөрөө мэдэж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би ГССҮТ-д хэвтэж мэс засалд орсон, эмнэлгээс гараад Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт боолт хийлгэсэн. Хавдар судлалын үндэсний төвд энэ гэмтлээрээ биш, өөр өвчний учир эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Л.Зын гэрчээр өгсөн “... Би 2022 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Барс захын хойд талын байран дундаас баруун эргэх үед явган хүний гарцаар гарч явсан 2 явган зорчигчийг зогсож өнгөрөөгөөд зүүн гар тийш хөдөлтөл машины урд талд эмэгтэй хүн харагдсан. Хаанаас гарч ирснийг мэдээгүй, машины урд хэсгээрээ мөргөөд зогссон. Машинаас бууж харахад настай эмэгтэй хүн машины урд талд дээшээ харсан байрлалтай хэвтэж байгаа харагдсан. Эмээг машины арын суудалд суулгаж, цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Охиныхоо дугаарыг өгөхөөр нь болсон явдлыг хэлсэн. Удалгүй эмээг гэмтлийн эмнэлэг аваад явсан ба цагдаа хэмжилт хийж, машинаа ачуулсан. Томографын зураг авахуулж эмээ эмнэлэгт хэвтсэн. Машины урд салхины шилний багана хэсгээр харагдаагүй байх. Би 6 км цагийн хурдтай явсан байх. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр оношилгоонд орж тэнцсэн. Би В, С, Е, D ангилалтай бөгөөд 1990 оноос хойш машин жолоодож байна. Би одоогоор нийт 1.500.000 төгрөг өгсөн ба хагалгаанд орсон. Тухайн үед замын нөхцөл байдал бороо орсон, түгжрэлгүй, цаг агаар хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрч Л.Мын өгсөн “... Л.З ах бид 2 сүүлийн 2 жил Э ХХК-д хамт ажиллаж байна. Энэ ажилд орохоосоо өмнө нь ч гэсэн таньдаг байсан. Надад ослын талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. Одоогоос 10 гаран жилийн өмнө Л.З ахтай танилцаж, мэддэг болсон. Зан аашны хувьд даруу төлөв, ахын ёсоор зөвлөгөө өгч, тусалж дэмжиж явдаг. Л.З ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Эхнэр охиныхоо хамтаар өөрийн орон сууцанд амьдардаг. Өөрийн гэсэн приус 20 маркийн автомашинтай, орон сууцтай. Гэр бүлийн орлогыг нь сайн мэдэхгүй байна. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрч Т.Тийн өгсөн “... Л.З бид 2 багийн найзууд бөгөөд надад ослын талаар мэдэх зүйл алга. Бид хоёр бүр багаасаа өдий хүртэл найзалж байгаа бөгөөд Л.З нь одоо эхнэр, хүүхдийнхээ хамт өөрийн хувийн сууцанд амьдардаг. Л.З нь Нийслэлийн 31 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2 жил цэргийн алба хааж, жолооны курсийн багшаар ажиллаж байгаад Байгаль орчны эко ази гэх сургуульд экологич мэргэжлээр төгссөн. Хувиараа бизнес эрхэлж байгаад 2020 оноос одоогийн ажиллаж байгаа ажилд орсон. Багаасаа нийгмийн идэвх сайтай, хариуцлагатай, ямар нэгэн ажлын үр дүнг үзэж салдаг, удирдах чадвартай хүн юм. Зан аашны хувьд төлөв даруу, найзын хувьд бусдад их тусархуу. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, автомашиныг 1990 оноос хойш жолоодож байгаа, осол аваар гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний нэхэмжлэгч Н.Уийн өгсөн “... Хохирогч Л.Б нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 445 000 төгрөг гарсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04/3860 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Заас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9194 дугаартай “...Л.Бын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хоёр бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун дал, бүсэлхий, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1138719061 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт ” /хх-ийн 56-60 тал/,

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 765 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 63 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Зын яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед машинд ганцаараа явж байсан. Би эргэх үйлдэл хийж байсан учраас ойролцоогоор 5-6 орчим км цагийн хурдтай явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртсэн зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Э гэх нэртэй хувийн компанид бараа түгээгчээр ажилладаг. Сарын цалин 800.000 төгрөг. Эхнэр ажилгүй болохоор миний цалингаар л амьдардаг. Л.Б гуайн эмчилгээний төлбөрт нийт 2.047.000 төгрөг нөхөн төлсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 тал/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 89 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 80 тал/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 66, 69 тал/, Хаан банкны дипозет дансны хуулга /хх-ийн 86-87 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 81 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Зт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Л.З нь “2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 08 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Барс” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедад зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь шүүгдэгч Л.Зын мэдүүлгүүд, хохирогч Л.Бын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-14 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9194 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 тал/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-59 тал/, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 765 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 63 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Л.З гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.Зын  “2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 08 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Барс” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедад зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Л.Зыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Л.З нь хохирогч  Л.Бын эмчилгээний зардалд 2,027,000 /хоёр сая хорин долоо мянга / төгрөг, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд  учирсан хохиролд 3,445,000 /гурван сая дөрвөн зуун дөчин таван мянга / төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Зыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч  Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...Намайг мөргөсөн жолооч эмчилгээний зардал бүрэн төлсөн. Иймд миний бие жолоочид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан  болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.З нь “2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 08 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Барс” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедад зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Л.Зт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Л.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 97 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Л.Зт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Л.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Л Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Л.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ