Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03712

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Ч.Э-ийн нэхэмжлэлтэй,

  

   Хариуцагч: Д.Э-т холбогдох,

  

   Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнчимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Эбид хоёр, 2003 онд танилцаж, 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр бидний дундаас хүү н.Тэргэл төрсөн. Бид 2011 он хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан суманд хамт амьдарсан. 2011 онд Д.Энь “Оюу толгой” руу ажил хийхээр явсан. Түүнээс хойш холбогдохгүй, сураггүй арга болсон. 2015 онд би П.Батпүрэвтэй танилцаж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Эрхэм, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Энэрэл нар төрсөн. Одоо миний бие Хөвсгөл аймгийн Тариалан суманд нөхөр П.Батпүрэв 3 хүүхдийн хамт амьдарч байна. Хүү Э.Т 5 дугаар ангийн сурагч, Хөвсгөл аймагт надтай хамт амьдардаг. Д.Эбид хоёр олон жил тусдаа амьдарч,  хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон учраас цаашид эвлэрч хамтран амьдрах ямар ч боломжгүй. Иймд Д.Эаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Тийг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Д.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор 500.000 төгрөг бэлнээр авахаар болсон. Дундын өмчлөлийн хашаа байшингаа харилцан тохирч нэгнийхээ өмчлөлд шилжүүлсэн. Иймд бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд Д.Э, Ч.Э нар гэр бүл болсон. Тэдний дундаас 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Т төрсөн. Гэрлэгчид 2011 оноос тусдаа амьдарсан. 2016 онд Д.ЭСолонгос явж, өөр хүнтэй гэр бүл болсон. Ч.Э 2015 онд өөр хүнтэй гэр бүл 2 хүүхэдтэй болсон. Гэрчлэгчид эд хөрөнгийн асуудлаа харилцан тохиролцож шийдсэн. Д.Энь хүү Э.Тийг эх Ч.Эийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Мөн хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөхгүйгээр жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 500.000 төгрөг өгч, хүүхдийнхээ хэрэгцээнд нэмэр болж байхаар тохирсон гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Д.Эт  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Д.Энар нь 2003 онд танилцаж, улмаар гэр бүл болсноо 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 31 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Э.Т нь 2008  оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь 0104136 №69 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Зохигчид 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, 2 хүүхэд төрүүлсэн, хариуцагч нь БНСУ-д өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

   Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, хариуцагч нь гадаад улсад амьдардаг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан цагаас эхлэн хүү Э.Т нь эхийн асрамжид байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан хүү Э.Тийг эх Ч.Эийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болно.

   Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хариуцагч нь жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг хүүдээ өгч байхаар тохиролцсон байх тул эвлэрлийг баталгаажуулж, зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч  Д.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Тийг эх Ч.Эийн асрамжид үлдээсүгэй.   

 

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хариуцагч жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор 500.000 төгрөгийг хүү Э.Тд төлж байхаар тохиролцсон зохигчдын эвлэрлийн баталсугай.

 

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ