Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/03634

 

018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/03634

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 28 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, эрэгтэй, 33 настай, ВА85010114 регистртэй, Тайжууд овогт Ж.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах У /цаашид У ХНН гэх/-д холбогдох,

Ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 27,228,329 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь Ж.Өаас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.Ө нэхэмжлэлтэй, У ХНН-т холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Өыг урьд эрхэлж байсан У ХНН-ийн Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч У ХНН-ээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,588,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,228,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2485 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, мөн хяналтын шатанд гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаас 2018 оны 001/ХТ2018/00551 дугаартай тогтоолоор хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулсан хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

Гэсэн ч У ХНН Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш цалин хөлсөө авч чадаагүй хохирсоор, эрх нь зөрчигдсөн хэвээр байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч удаа дараа ажилдаа орох хүсэлт гаргаж, У ХНН-ийн удирдлагууд, хүний нөөц хариуцсан албан тушаалтнуудад хандаж байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандах хэрэггүй, орон тоо гарахыг хүлээж бай, гарахаар нь дуудна гэсээр өнөөдрийг хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах ба мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор, 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нь ажлаас хууль бусаар халснаас хойш ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацаа нь дээрх хугацаанд хамаарах тул энэ хариуцлагыг хүлээж, хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 2,378,021 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 118,901 төгрөг болохыг шүүхээс тогтоосноос тооцоолоход ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүрэтлх 229 ажлын өдрөөр тооцон 27,228,329 төгрөг болж байна. Иймд дээрх хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ж.Өын 1 өдрийн дундаж цалин хөлсийг анхан шатны шүүх зөв тооцоолсон бөгөөд, хариуцагчийн зүгээс буруу тооцоолсон гэх үндэслэлээр дээд шатны шүүхэд гомдол гаргасны дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хянаад тооцооллыг зөв болохыг тогтоосон. Түүнчлэн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан журмын 2 дугаар зүйлд дундаж цалинг тооцоолохдоо үндсэн цалин, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг нь нэмэгдэж тооцогдоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг гаргасан. Түүнчлэн, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэлээс Ж.Өд олгогдсон ажлаас халагдсаны тэтгэмж 4,014,692 төгрөгийг өмнөх шүүхийн шийдвэрээр хасч, уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон учраас хариуцагчийн тайлбарт дурдсанаар дахин хасах үндэслэлгүй юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.Өыг ажлаас үндэслэлгүй халсан тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-наас анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажлын 106 хоног буюу 12,603,506, үүнээс ажлаас халагдсаны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээр авсан 4,014,692 төгрөгийг хасч 8,588,814 төгрөгийн олговор олгохыг хариуцагч У ХНН-т үүрэг болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, 69.1 дэх заалт тус бүрд хариуцагч талаас маргах зүйлгүй.

Харин нэхэмжлэгч Ж.Өын цалингийн дунджыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалинг тодорхойлох журмын дагуу бодохдоо цалингийн картыг зөв үнэлж тооцоолоогүй байна. Цалингийн картаас харахад өмнөх 1 жилийн ажлын үр дүнгийн шагналыг тооцсон байх бөгөөд, У ХНН-ийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А-14 тоот тушаалын нэгдүгээр хавсралт дахь Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрэм-ийн 11 дэх заалтад ... жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын тухай нажилтны дундаж цалин хөлсөнд тооцохдоо: Тайлант жилийн нийт шагналын дүнг 11 сард хувааж, нэг сарын ногдол дүнг дундаж хөлс тооцох сарын дүнгээр үржүүлж, нийт дундаж цалин хөлсөн дээр нэмж гаргана. Гэхдээ жилийн ажлын үр дүнгийн шагнал олгосон тухайн сарын дундаж цалин хөлснөөс нийт жилийн ажлын үр дүнгийн шагналыг хасч тооцно гэж заасан ба, нэхэмжлэгч Ж.Өын жилийн ажлын үр дүнгийн шагнал болох 2,407,696 төгрөгийг 1, 2 дугаар сард хуваан олгосон болно. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу сүүлийн 3 сарын цалингийн дунджаас 1 сарын цалин болон 1 өдрийн цалинг тодорхойлохдоо дээрх жилийн ажлын үр дүнгийн шагналыг бусад саруудад хуваалгүйгээр бүтнээр нь оруулан буруу тооцоолсон гэж үзэж байна.

Цалингийн картаас харахад 2 дугаар сард жилийн ажлын үр дүнгийн шагнал 1,203,849 төгрөгийг 12 сард хуваан 1 сард ногдох үр дүнгийн шагнал нь 100,320 төгрөг болох ба, 2 дугаар сарын цалин 2,136,670 төгрөг, 3 дугаар сарын цалин 1,915,960 төгрөг, 4 дүгээр сарын цалин 1,977,905 төгрөг болно. Эдгээрийг нэмэхэд 6,030,535 төгрөг, үүнийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалин 2,010,178 төгрөг болно. Үүнийг 21,5 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин 93,496 төгрөг болж, ажилгүй байсан 229 хоногт тооцоход 21,410,584 төгрөг болно. Үүнээс 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4,014,692 төгрөгийг хасч тооцоход 17,395,892 төгрөг болно. Энэ олговрыг нэхэмжлэгч талд олгоход татгалзах зүйлгүй. Иймд Ж.Өын цалинг зөвөөр тооцоолж өгнө үү. Өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр энэ шаардлагаас өөр буюу, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага байсан учир тухайн асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч У ХНН-т холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 27,228,329 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч У ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ж.Өын ажилгүй байсан дээрх хугацааны цалин олговрыг олгоход татгалзахгүй гэх боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо дундаж цалин олговрыг буруу тооцсон зөрүүг болон Ж.Өд олгосон 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4,014,692 төгрөгийг хасч 17,395,892 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх дараахь үндэслэлээр Ж.Өын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ж.Ө нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн У ХНН-ийн Барилга угсралт ашиглалтын хэлтсийн даргаар томилогдон ажилласан ба, ажил олгогчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б1.156 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, уг тушаалыг эс зөвшөөрөн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргасан байна.

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрээр Ж.Өыг У ХНН-ийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 160 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,588,814 төгрөгийг олгон, илүү шаардсан 4,228,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 7-11/

Дээрх шүүхийн шийдвэр нь хариуцагч талын гаргасан гомдлын дагуу хянагдаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00551 тоот тогтоолоор хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн дүнд өөрчлөлт оруулан, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисноор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 12-18/

Тухайн хэрэг маргаанд оролцож байсан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын нэг үндэслэл нь Ж.Өын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг анхан шатны шүүхээс буруу тооцоолсон гэх бөгөөд, давж заалдах шатны шүүхээс түүний гомдлыг хангах үндэслэлгүй буюу шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаас 1 сарын цалинг тооцож, түүнээс 1 өдрийн цалинг тодорхойлон тогтоосон нь зөв болжээ гэж дүгнэсэн байна. /хх 17/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч У ХНН нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан Ж.Өыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч У ХНН нь нэхэмжлэгч Ж.Өыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Ө нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн, тус шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны буюу 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 229 ажлын өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч У ХНН-ээс шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...шүүх Ж.Өын цалингийн дунджыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалинг тодорхойлох журмын дагуу бодохдоо цалингийн картыг зөв үнэлж, тооцоолоогүй, ажилтны өмнөх 1 жилийн ажлын үр дүнгийн шагналыг жилийн 12 сард хуваан, 1 сард ногдох үр дүнгийн шагнал гаргаагүй... гэх агуулга бүхий тайлбар гарган, У ХНН-ийн даргын 2015 оны А-14 тоот тушаалын нэгдүгээр хавсралт дахь Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрэм гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган үндэслэл болгож маргасан.

Дээрх дүрмийн 11 дэх заалтад: ...жилийн ажлын үр дүнгээр олгох шагналыг тухайн ажилтны дундаж цалин хөлсөнд тооцохдоо: Тайлант жилийн нийт шагналын дүнг 11 сард хувааж нэг сарын ногдол дүнг дундаж хөлс тооцох сарын дүнгээр үржүүлж нийт дундаж цалин хөлсөн дээр нэмж гаргана. Гэхдээ жилийн ажлын үр дүнгийн шагнал олгосон тухайн сарын дундаж цалин хөлснөөс нийт жилийн ажлын үр дүнгийн шагналыг хасч тооцно гэж заасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндэслэл болгон маргаж, ...ажлын үр дүнгийн шагнал 2,407,698 төгрөгийг Ж.Өнөржагалын нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 1 болон 2 дугаар сард хуваан олгосны, 2 дугаар сарын цалинд нэмэгдсэн үр дүнгийн шагнал 1,203,849 төгрөгийг 12 сард хувааж, 1 сард ногдох үр дүнгийн шагнал 100,320 төгрөг болно хэмээн тайлбарлана.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 118,901 төгрөгөөр тооцсон, уг тооцооллыг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан нь хангагдаагүй, анхан шатны шүүхээс цалингийн тооцооллыг ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас тооцоолсон нь зөв болсон хэмээн дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн цалингийн хэмжээг дахин нотлох шаардлагагүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 229 хоногийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,228,329 төгрөг /229 хоног*118,901 төгрөг/-ийг хариуцагч У ХНН-ээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Өд олгож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүлмэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас Ж.Өыг ажлаас чөлөөлөгдөх үед ажил олгогчоос түүнд олгогдсон 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4,014,692 төгрөгийг хасч тооцогдоно гэх тайлбарыг гаргасан байна.

Гэтэл Ж.Өын ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлыг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02569 тоот дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийг тэрхүү тэтгэмжийг илүү шаардсан гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,095 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 294,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХНН-ээс 27,228,329 /хорин долоон сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун хорин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Өд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Өын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч У ХНН-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,095 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 294,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА