Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/705

 




 

 

  

 

    2022            09          20                                            2022/ШЦТ/705

 

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн, 

улсын яллагч Т.Баянмөнх, 

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Гын Гт холбогдох эрүүгийн 2205000001519 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оюутолгой компанид гагнуурчин хийдэг, ам бүл 1, одоо ганцаараа .... тоотод амьдардаг, урьд

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 2 жил, 6 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан бөгөөд ял хойшлуулсан хяналтын хугацаа дууссан байна, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Б овогт Гын Г, РД:.....

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь “...согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед .... бусдын гэрт “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар иргэн Б.Аг гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед .... бусдын гэрт “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар иргэн Б.Аг гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. 

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2205004761323 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.А 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-ныг шилжих шөнө ажлаа тараад 00 цагийн үед ... тоотод ирэхэд Н найз залуу Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг хэл амаар доромжилж, дээрэнгүй харьцсан. Тэгээд баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Г.Г нь зүүн гараа атгаж 1-2 удаа цохиж гэмтээсэн. Өөр нэмж зодоогүй. М цагдаа дуусан байсан бөгөөд Г.Гийг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Ямар шалтгааны улмаас гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Урьд өмнө нь бид маргалдаж байгаагүй. 2022 оны 4 дүгээр сараас эхэлж бие биенээ мэддэг болсон ба анх Н найз Утай уулзахдаа танилцсан. Намайг цохиулж байхыг Г.Гийн найз охин Н сайн харсан гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан учир цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлгүй байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.А гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-ныг шилжих шөнө ажил тараад 00 цаг өнгөрч байхад ... тоотод гэртээ ирэхэд надтай хамт амьдардаг У, М нарыг зүс таних Г нь агсам тавьж, танхайрч байхад нь би гаднаас орж ирсэн. Тэгээд над руу дайрч, намайг доромжилж, нүүрэн тус газар цохиж унагаагаад маш олон удаа нүүр рүү цохиж гэмтээсэн. Одоо миний баруун нүд хавдаж, нүднээс цус тогтохгүй байна. Г гэх хүнтэй хамт байр түрээсэлдэг бөгөөд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Намайг гал түлсэнгүй, гэрт ус авсангүй гэснээс болж зодсон. Би өөдөөс нь ямар нэг эсэргүүцэл үзүүлж, харилцан зодолдоогүй. Намайг зодуулах үед хажууд У, М, Н нар байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Г.Г гэрчээр өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ... тоотод 22 цагийн үед найз Эын хамт Соёрхол 0,5, мөн 0,7 граммын хэмжээтэй архийг худалдаж аваад орсон. Тухайн үед М, У нар байсан бөгөөд М нь бид хоёрыг энд архи уухгүй гэж хөөсөн. Тэгээд 0,5 граммын архийг хувааж уугаад гарсан. Манай найз охин Н 23 цаг 40 минутын үед ирж, мөн манай найз А ажлаасаа эрүүл ирсэн. Би найз охинтойгоо унтаж амрах гээд өрөөндөө ортол хажуу өрөөнд А, У, М нар шивнэж, муулж яриад байсан учир миний уур маш их хүрсэн тул Аий баруун хөмсөг, нүд хэсэгт нь зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон. 20 минутын дараа 2 цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. А миний биед халдаж, цохисон зүйл байхгүй. Би 2022 оны 4 дүгээр сараас Атэй танилцсан. Намайг цохиж байхад найз охин Н, У, М нар харсан. Би хохирлыг бүрэн барагдуулна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ч.Н гэрчээр өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ... тоотод 23 цаг 40 минутад очсон. Намайг очихоос өмнө найз залуу Г нь У эгч байрны гэрээ ярьж хөөгөөд байна, чи ирээд уулзах хэрэгтэй байна гэсэн. Удалгүй манай найз У залгаж, Г согтуу байна, ирж байна уу гэсэн. Намайг очиход А хашааны гадаа зогсож байсан ба дотогшоо ороход Г уйлчихсан байсан. Бид хоёрыг унтах гээд хэвтэж байхад А орж ирээд Гийг үгээр идсэн. Тэгээд улмаар тэд маргалдаж, Г нь Аг нэг удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирж, эрүүлжүүлэх байр руу авч явсан. Г.Гтэй 2021 оны 02 дугаар сараас эхэлж үерхсэн. Г нь хүнтэй түрүүлж муудалцаж, маргалдаж зодолдоод байдаггүй тайван хүн. Агийн баруун нүд хэсэг нь хөхөрсөн харагдсан. Маргааш нь эмчид үзүүлж, 3 оёдол тавиулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6311 дугаартай шинжээчийн “...Б.Агийн биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Г.Гийн яллагдагчаар өгсөн “... Би Б.Аг цохиж зодсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм зүйл хийхгүй. Учирсан хохирлыг барагдуулсан тул хялбаршуулж шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/

 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Г.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 56 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь “...согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед .... бусдын гэрт “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар иргэн Б.Аг гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүгдэгч Г.Г нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 6311 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гийн “...согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 26- 27-нд шилжих шөнө 01 цагийн үед .... бусдын гэрт “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар иргэн Б.Аг  гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.А нь хохирол төлбөр барагдсан болохыг мэдүүлж, шүүгдэгч Г.Г нь хохирол төлбөрийг төлсөн тухайгаа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг тус тус тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчид хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ