Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/710

 

 

 

 

 

 

 

  2022           09            21                                        2022/ШЦТ/710

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

            улсын яллагч Г.Ууганбаатар /Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор/

   шүүгдэгч Э.Б, Э.Э тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа /ҮД:0583/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Эын Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эийн Э нарт холбогдох эрүүгийн 2202004230263 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ю ХХК-д холбооны техникч ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин сууж байгаа,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1394 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар 5 сар 29 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,

Н овогт Эын Б, /РД:..../.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт  .... тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Б овогт Эийн Э, /РД:...../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э, Э.Б нар нь бүлэглэн “2022 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 885,4 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Э.Э, Э.Б нар нь бүлэглэн “2022 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 885,4 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн “...Э.Бы гэрт нь пиво ууж байгаад пиво авахаар гарсан боловч дэлгүүр хаасан байсан. Тэгээд Э.Бы байрны хажуу талын сааданд цүнх байхаар нь эзнийг нь олж өгье гэж бодоод, гэр рүү нь аваад орсон. Гэрт нь ортол Э.Б утсаар ярьж байх хооронд цүнхийг онгойлгож үзсэн. Цүнхэнд хөнжилд ороосон баахан юм, тамхи байсан. Тамхинаас нь татах гээд байж байтал Э.Б орж ирээд татаж үзтэл наадах чинь болохгүй, хууль бус юм байна гэсэн. Тэгээд цонхоор гаргаж хаяад байж байтал цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчдэгч Э.Бы өгсөн “...Тэр орой би Э.Эыг “Хүрээд ир, нэг ажил амжуулъя” гэж дуудсан. Тэр өдрийн орой 5-6 цагийн үед манайд ирсэн. Амжуулах гэж байсан ажил оройтоод бүтэхээ байсан. Өнөөдөр угаасаа амарч байгаа юм чинь пиво ууя гээд 12 лааз пиво дэлгүүрээс авсан. Тэрийгээ уугаад хоол хийж идчихээд орой 12 цагийн үед би өмнөх найз охинтойгоо утсаар маш удаан ярьсан. Э.Э тэр хооронд пиво аваад ирье гээд гарсан. Би утсаар ярьж байгаад өрөөндөө ортол Э.Э ороод ирсэн байсан. Тамхи байна уу, юу болсон бэ гэж асуутал Э.Э тамхи татаад сууж байсан. Тамхинаасаа гаргаад ир гэтэл “Тамхи байхгүй. 1 ширхэг тамхи байна” гэж хэлсэн. Тэр тамхийг нь таттал өвс, мансууруулах төрлийн бодис гэдгийг нь мэдсэн. Энийг хаанаас олсон бэ, болохгүй гэж Э.Эт хэлсэн. Гадаа сааданд байхаар нь аваад ороод ирлээ гэж хэлсэн. Энийг хэрэглэж болохгүй, чи наадахаа гаргаад хаячих гэж хэлсэн. Тэгээд тэр цүнхэн доторх зүйлсийг гаргаж үзэхэд баахан сав, мөнгөн дэвсгэрт гарч ирсэн. Тэрийг сорж үзсэнийхээ дараа доторх зүйлсийг нь харсан. Э.Э гараад явах гэж байхад цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2202004230263 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 2 тал/,

 

2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Э.Бы гэрчээр өгсөн “... ... тоот 2 өрөө байрны нэг өрөөг нь би 2022 оны 5 дугаар сараас эхэлж ганцаараа түрээсэлж байгаа. Нөгөө өрөөг нь Д гэх залуу төрсөн дүү, найз охины хамт түрээсэлж амьдардаг. 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Э найзыгаа пиво уухаар дуудсан. Бид 2 хоол хийж идчихээд 10 лааз пиво, чихэр, жимс дэлгүүрээс авсан. Манай найз Чингүүн ирээд 1 лааз пиво уучихаад явсан. Бид хоёр нэлээн согтоод эхлэхэд хуучин найз охин залгаж, энэ үед Э дахин пивонд явчихаар ирье гээд гарсан. Э сааднаас оллоо гээд цүнхтэй орж ирсэн. Дотроос нь цавуутай ургамал, ууттай ургамал, хуйлсан мөнгө, хүслийн ундааны сав гэх мэт зүйлүүд байсан ба Э тамхи татаад сууж байсан. Би Эын татаж байсан тамхинаас авч сороод өвс гэдгийг нь мэдээд “явахдаа буцаагаад гаргаад хаячих” гэж Эт хэлсэн. Үлдсэн пивоо уугаад кино үзээд сууж байхад 2 цагдаа орж ирээд Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цүнхэнд байсан эд зүйлсийг ч хураан авсан. Э бид хоёр 2021 онд Шангрилад хамт ажил хийж байхдаа танилцсан. Өвс гэдгийг нь Э тухайн үед надад хэлсэн. Би өмнө нь өвс хэрэглэж байсан, харин Эыг мэдэхгүй байна. Тухайн байрны нэг өрөөнд Э бид 2, нөгөө өрөөнд Д гэх залуу найз охинтойгоо байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Э.Эын гэрчээр өгсөн “... 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз Б пиво ууя гэж залгасан. Бид 2 хоол хийж идчихээд дэлгүүрээс 10 ширхэг пиво, чипс, ундаа зэргийг авсан. Бы утас нь дуугараад тагт руу гарсан. Би нэмж пиво авахаар гартал 00 цаг болж дэлгүүрүүд хаасан байсан. Бы байрны хойд талын саравчинд цэнхэр өнгөтэй үүргэвчтэй цүнх байсан. Цүнхийг авч ороод ямар нэгэн бичиг баримт байвал эзэнд нь олж өгье гээд онгойлготол даавуунд боосон ургамал шиг зүйл, ууттай ургамал, ундааны сав, хуйлсан мөнгө, нэг ширхэг тамхи байсан. Тамхийг нь асаагаад сорж үзэхэд хоолой гашуун оргиод ханиалгасан. Б миний татаж байсан тамхийг сорж үзээд “Өвс байна, хууль бус болохгүй” гэж хэлээд унтраагаад цонхоор шидсэн. Би гарахдаа бүр хол аваачаад хаячихъя гэж хэлээд сууж байтал хэсэг хугацааны дараа цагдаа нар орж ирсэн. Ойролцоогоор 06 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийг шилжих шөнийн 00-01 цагийн хооронд байх, сайн санахгүй байна. Өмнө нь өвс гэх ургамлыг хэрэглэж, харж үзээгүй, яаж хэрэглэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрч Б.Ц өгсөн “... 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж .... тоотод хажуу өрөөг өөрийн найз Д, түүний төрсөн дүүгийн хамт түрээсэлж амьдарсан. Хажуу өрөөг Б гэх залуу ганцаараа түрээсэлж амьдардаг. Байр түрээсэлж эхлээд удаагүй байхад Б, Д бид гурав пиво ууж сууж байхад Б нь өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байснаа хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө Бы өрөөнөөс сонин жихүүн үнэр үнэртээд, хүмүүс инээлдээд байхаар нь хар тамхи хэрэглээд байгаа юм байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь тийм үнэр үнэртэж байгаагүй. Өрөөнд 2-3 хүний дуу чимээ сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл” /хх-ийн 22-25 тал/

 

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Г-6726 дугаартай гомдолд 220200423 дугаартай эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 40-41 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3376 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-49 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3377 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 716 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 59-60 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 717 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-65 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Бы 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би Эын татаж байсан тамхийг авч сорсон ба халамцуу байсан учир хэд сорсноо мэдээгүй. Энгийн тамхинаас өөр амт, үнэртэй байсанБи өвс гэх зүйл мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисны төрөлд ордог гэдгийг мэднэ. Би урд өмнө нь огт хэрэглэж байгаагүй. ..”  гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 150 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрч Э.Эн өгсөн “...Э нь миний төрсөн дүү бөгөөд 2001 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 2018 онд дунд сургуулиа төгссөн ба сагсан бөмбөг, воллейболын спортоор хичээллэдэг төдийгүй сургуулийн шигшээ багийн тамирчин байсан. Их шаргуу, тууштай, зөөлөн чихтэй хүүхэд юм. 2018 онд ... ангид элсэж, энэ намар төгсөх ёстой. Зан чанарын хувьд их дөлгөөн, асуудалд тайван хүлээцтэй ханддаг, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, завгүй байлгахад цагаа зарцуулдаг. Архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, харин тамхи татдаг байсан талаар 2021 онд мэдсэн. Гэмт хэрэгт орооцолдож, хүнтэй зодоон ч хийж байгаагүй. Би дүүгээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг талаар мэдэхгүй. Цагдаад шалгагдаж байгаа талаар мэдээд цочирдсон. Энэ төрлийн асуудалд холбогдсон талаар надад ерөөсөө төсөөлөгдөхгүй байна. Өөрөө ч их гэмшсэн байдалтай, гэр бүлийнхнээсээ айгаад хэлж чадахгүй, хэсэг хугацаанд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 152 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Э.Эын дахин яллагдагчаар өгсөн “...Тамхийг бэлэн бэлдсэн байсан. Би тухайн үед өвс нь хууль бус гэдгийг мэдээгүй. Сүртэй татаж сороогүй болохоор ямар нэгэн мэдрэмж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Э.Б, Э.Э нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч” буюу өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 99 дүгээр байрны 10 тоот өрөөнд хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  шүүгдэгч нарын эдгээр үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Э.Э нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх, шүүгдэгч Э.Б, Э.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч Э.Бы  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, энэ төрлийн гэмт хэргийг  дахин үйлдэж байгаа  зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар  хорих ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Э.Бд  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Э.Эын анх удаагаа гэмт хэрэгт холбогдож буй нөхцөл байдал, тэрээр  ... төгсөх ангийн оюутан болох тухай тодорхойлолт хэрэгт авагдсан /хх-131 тал/   зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 /хоёр/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг оногдуулж уг  ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч  нарын ар гэрийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг гаргасан ба өмгөөлөгчийн энэ саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч нь тэдний  үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ хэрэглэх өмгөөллийн саналыг шүүхэд гаргасан ба шүүхээс, шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж болон шүүгдэгч Э.Бы энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож буй нөхцөл байдалд дүгнэлт хийгээд  өмгөөлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Э.Эын .... төгсөх ангийн оюутан болох тухай баримтад тулгуурлан түүний сурч боловсрох эрхийг хязгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 /хоёр/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг оногдуулж уг  ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна..

 

Шүүгдэгч Э.Б, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр хэрэглэхээр шийдвэрлэлээ.

  

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н овогт Эын Быг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт Эийн Эыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н овогт Эын Быг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар  хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б овогт Эийн Эыг 2 /хоёр/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Э.Бд  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Э.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Э нь  шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Э.Б, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 26 бичигтэй цэнхэр өнгийн гялгар ууттай, түүн дотор 8 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай, цэвэр жин нь 285,5 грамм, В гэж дугаарласан өнгөгүй зиплок ууттай өвс мэт зүйл, цэвэр жин нь 56,5 грамм, 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн даавуутай хар ууттай өвч мэт зүйл, цэвэр жин нь 509 грамм, С гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, цэвэр жин нь 33,2 грамм, Кока кола ундааны сав 1 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас гэх зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ