Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/718

 






 

    2022           09           27                                          2022/ШЦТ/718


 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил,

Шүүгдэгч И.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Игийн Шт холбогдох эрүүгийн 2205019861969 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа Американ бааранд зөөгч ажилтай, мэргэжилгүй, ам бүл-2, найзын хамт амьдардаг, ... тоот оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, 

С овогт Иийн Ш /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч И.Ш нь “2022 оны 5 дугаар сарын 29-с 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “файр” гэх бааранд иргэн Г.Гыг найз охин руу чат бичсэн, залгасан гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөж, мөн цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, дух, хоёр нүдний доод зовхи, хамрын угийн цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч  И.Ш нь “2022 оны 5 дугаар сарын 29-с 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “файр” гэх бааранд иргэн Г.Гыг найз охин руу чат бичсэн, залгасан гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөж, мөн цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, дух, хоёр нүдний доод зовхи, хамрын угийн цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г.Гын хохирогчоор өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 29-ний орой найз Дгийн хамт гадуур явж байгаад баар руу түр орсон. Би үүдэнд зогсож байтал зүс таньдаг байсан Ш ирээд хоёулаа уулзъя гээд нэг өрөө рүү орсон. Тэгээд Ш өмсөж байсан футболкоо тайлаад, эргэж харангуутаа намайг мөргөж, нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Хэн нэгэн миний араас гар барьчихсан байсан болохоор би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Миний хамар амнаас цус гараад, хойноос хөөгөөд гарч ирэхээр нь зугтаагаад цагдаа дуудсан. Би чамайг хутгалаагүйд баярлаарай гэж хэлээд орилоод байсан, тэгээд цагдаа нар ирсэн. Ш бид хоёр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нэг сургуульд суралцаж байсан зүс таних хүмүүс юм. Ш бид хоёрт ямар ч өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Бараг бие биенийгээ танихгүй, харьцдаггүй. Юунаас болж намайг зодсоныг мэдэхгүй байна. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн өдрөө ГССҮТ-д үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Нөгөөдөр нь Мед травама эмнэлэгт үзүүлж, мөн МЖЖ эмнэлэгт үзүүлж хагалгаанд орохоор болсон. Эмчилгээний зардал болон ажилдаа явж чадаагүй тул ажлын хөлсөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Г.Гын дахин хохирогчоор өгсөн “...Нийт хохирлын баримтуудаар 1.000.000 төгрөг орчим болж байгаа. Тухайн зодоон болсон өрөөнд хяналтын камер байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

                                                                                       

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г.Гын гэрчээр өгсөн “...Миний хамар, шүд гэмтсэн, мөн толгой өвдөж байна. Шын өмнө нь үерхээд салсан найз охинтой нэг удаа уулзаж, чат бичсэнээс болж буруугаар ойлгосон юм шиг байна. Би гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  И.Шын гэрчээр өгсөн “...Г бид хоёр гадаа барилцаж авахдаа намайг боож, хүзүү улайлгасан, өөр ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би Гын нүүр рүү нэг удаа цохиход хамраас нь цус гарч, мөн гэдэс рүү нэг цохисон, өөрөөр цохиж зодоогүй. Г нь манай найз охин руу чат бичсэн, мөн нэг орой хороололд таарчхаад найзуудаа дуудчих, цуг явъя гээд байсан гэсэн. Тэгээд өнөөдөр таараад ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд И.Шын гэрчээр өгсөн “... Тухайн  үед Г уучихсан байх шиг байсан, би ажлаа хийж байсан болохоор уугаагүй байсан... гэх мэдүүлэг /хх- ийн 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б.Мийн гэрчээр өгсөн “... 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би хамгаалагчаар гарч байсан. Тэгээд хувцасны өрөө рүү ортол манай баарны зөөгч Ш үл таних залуутай маргалдаж, хоорондоо барьцалдсан байдалтай байхаар нь 2 тийшээ салгаад гадагшаа гарсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Үл таних залуугийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байсныг би анзаараагүй. Ажилтай байсан тул салгачхаад л гарсан. Тэр эрэгтэй бага зэргийн согтолттой байх шиг байсан. Ш харин эрүүл байсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.Цын гэрчээр өгсөн “... Ш бид хоёр 2014 оноос хойш бие биеэ мэддэг болсон. Ш нь 2000 оны 10 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, айлын бага хүүхэд, дээрээ 3 эгч, 1 ахтай. Бид хоёр анх Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хөл бөмбөг тоглож байгаад танилцсан. Ш нь их дээд сургуульд элсэн суралцаагүй бөгөөд Улаанбаатар хотод шилжин ирж, ганцаараа байр түрээслэн цагийн ажил хийж эхэлсэн бөгөөд ихэвчлэн бааранд зөөгч хийдэг. Шын гэрийнхэн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж амьдардаг. Ш нь зан байдлын хувьд даруу төлөв, уур уцаар багатай, дөлгөөн зантай, архи согтууруулах ундаанаас харшилтай болохоор хэрэглээд байдаггүй, архи уусан ч агсам зангүй, тамхи татдаггүй, бусадтай нийтэч, байнга инээж явдаг, сайхан сэтгэлтэй, хэлэх зүйлээ шууд хэлчихдэг шударга, хүн өдөхгүй л бол түрүүлж уурлаж, хүмүүстэй маргалдаж, хэл үг гаргаж байгаагүй, мөн өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7919 дугаартай “...Г.Гын биед хамар ясны хугарал, дух, хоёр нүдний доод зовхи, хамрын угийн цус хуралт, хамрын нурууд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр И.Шын яллагдагчаар өгсөн “... Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, зөвшөөрч байна. Би өөр газарт ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаагүй. Манай файр баарны хувцас солих өрөө рүү  харсан хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/ тал, 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Шын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 50 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 51 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 52 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагааны хуулбар /хх-ийн 53 тал/, Голомт банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 54-57 тал/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 58 тал/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 59 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч И.Ш нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 80 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч И.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч И.Ш нь хохирогч Г.Гын биед “хамар ясны хугарал, дух, хоёр нүдний доод зовхи, хамрын угийн цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүний зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 28-29 дэх талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7919 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7919 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 7919 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч И.Шын “2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “файр” гэх бааранд иргэн Г.Гыг найз охин руу чат бичсэн, залгасан гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөж, мөн цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, дух, хоёр нүдний доод зовхи, хамрын угийн цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Г.Гын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “Миний хамар, шүд гэмтсэн, мөн толгой өвдөж байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг хавтаст хэргийн  дугаар талд авагдсан байх ба хавтаст хэргийн 45 дугаар талд  165.000 төгрөгийн эмчийн үзлэгийн болон дүрс оношилгооны үйлчилгээний баримт, “Таманука Мед” эмнэлгийн 4.860.000 төгрөгийн нэхэмжлэх, ЭМЖЖ ХХК-ийн 4.078.332 төгрөгийн нэхэмжлэх нийт 9.103.332 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгт хавсарган өгсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Ш нь 165.000 /нэг зуун жаран таван мянга/-н төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн байх тул түүнийг хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 165.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж дүгнэв.

 

Харин үлдэгдэл 8,938,332 төгрөгийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Г нь нэхэмжилсэн 8.938.332 төгрөгийн нэхэмжлэлийг болон гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч И.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч И.Шт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч И.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх  ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хаана ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, хэдэн төгрөгийн орлоготой талаарх хангалттай  баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй болохыг тэмдэглэж байна.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялын  биелүүлээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч И.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Игийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Шыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар И.Ш нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Г.Г нь нийт 9.103.332 /есөн сая нэг зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч нь 165.000 /нэг зуун жаран таван мянга/-н төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үлдэгдэл 8.938.332 /найман сая есөн зуун гучин найман мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Г нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 

6. И.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ